Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 09

 

   Г.Лхагвасүрэн, О.Сарантуяа нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

          Цагаатгагдсан этгээд О.Сарантуяа

          Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Шүүгдэгч Г.Лхагвасүрэн

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдлоор Г.Лхагвасүрэн, О.Сарантуяа нарт холбогдох 1728000990089, 1728000990089 /а/ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол Улсын иргэн, Өмнөговь аймаг, Номгон суманд 1987 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ерөнхий боловсролын 5-р сургуульд багш ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, Гурван сайханы 17-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Шарга овгийн Гэлэгжамцын Лхагвасүрэн, регистрийн дугаар ГА87072460,

          Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1983 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, дуучин мэргэжилтэй, Түвшин оюу үсчний газар үсчин ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, Төгөлийн 4-5 тоотод оршин суух, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ял шийтгэлгүй гэх, Сайхан овгийн Оюунчимэгийн Сарантуяа, регистрийн дугаар КК83012006

          Шүүгдэгч Г.Лхагвасүрэн нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг, Төгөлийн 3б-8 тоотод О.Сарантуяагийн бие эрх чөлөөнд нь халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

          Шүүгдэгч О.Сарантуяа нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг, Төгөлийн 3б-8 тоотод Г.Лхагвасүрэнгийн бие эрх чөлөөнд нь халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг журамлан Өмнөговь аймгийн Прокурорын газраас О.Сарантуяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Сарантуяаг цагаатгаж, Г.Лхагвасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Лхагвасүрэнг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Лхагвасүрэнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 75000 /далан таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Лхагвасүрэн нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч О.Сарантуяагийн компьютер томографикийн зураг 1 ширхэг, 2 минут 15 секундын бичлэг бүхий CD 1 ширхэгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, гялгар ууттай үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар Г.Лхагвасүрэн, О.Сарантуяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар Г.Лхагвасүрэн, О.Сарантуяа нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Прокурор Ц.Ариунжаргал эсэргүүцэлдээ: “...Хавтаст хэрэгт цугларсан хохирогч О.Сарантуяа /хх-ийн 16-17-р хуудас/ , Г.Лхагвасүрэн /хх-ийн 13-14-р хуудас/, гэрч Ш.Одончимэг /хх-ийн 19-р хуудас/, Ц.Мөнхтуул /хх-ийн 20-р хуудас/, Б.Батмөнх /хх-ийн 24-р хуудас/, Х.Даваасүрэн /хх-ийн 26-р хуудас/, Г.Пүрэвбаатар /хх-ийн 28-р хуудас/ нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар Г.Лхагвасүрэн, О.Сарантуяа нар нь айлын найранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байх үедээ О.Сарантуяа нь өөрт хамааралгүй гэр бүлийн эхнэр нөхөр 2-т амьдралыг чинь мэднэ, жирэмсэн эхнэрээ хайрла, нөхрөө битгий давраа гэх зэргээр согтуурхаж ярьснаас болж Бат-Эрдэнэ, Ш.Одончимэг, Г.Лхагвасүрэн нарын дургүйцлийг төрүүлж, таагүй байдлыг бий болгосон байдаг.

          Мөн О.Сарантуяа нь Г.Лхагвасүрэнг заавал зөрүүлж үсдэж зодолдохгүйгээр бусад аргаар салах боломжтой байхад харилцан зодолдсон санаатай үйлдэл хийсэн нь гэрчүүдийн ...Г.Лхагвасүрэн, О.Сарантуяа 2 тас үсдэлцсэн байсан, салгах гэхэд үгэнд орохгүй байсан, дундуур нь орж салгасан гэсэн мэдүүлгүүдээр нотлогддог.

          Хэдийгээр хуулинд “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж заасан боловч довтлогч этгээдтэй урьд үүсгэсэн таарамжгүй харьцаанаас үүдэж түүний үйлдлийг далимдуулан хариу зодолдож байгааг аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй юм.

          Шүүх О.Сарантуяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамруулан тооцсон атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж О.Сарантуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж хуулийг буруу хэрэглэсэн байна.

          Иймд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Г.Лхагвасүрэн, О.Сарантуяа нарт холбогдох Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          Шүүгдэгч Г.Лхагвасүрэн давж заалдсан гомдолдоо: Миний бие эрүүгийн хэрэг үүсгэсэн цагаас эхлэн өөрт холбогдсон хэргийнхээ талаар хүлээн мэдүүлж, хэргийнхээ талаар маргах зүйл байгаагүй.

           Харин О.Сарантуяа нь айлын найран дээр согтуу байх үедээ Бат-Эрдэнэ,Одончимэг нарын амьдралыг зааж, хүмүүсийн дунд ичгэвтэр байдалд оруулж, эцэст нь ямар ч шалтгаангүйгээр миний араас цохиж гэрт байсан хүмүүсийн дунд эвгүй уур амьсгалыг бүрдүүлж энэ шалтгааны улмаас О.Сарантуяатай хувийн таарамжгүй харьцаа үүсгэж гэрийн гадаа бие биенээ үсдэлцэн хариу зодолдож хэн хэндээ гэмтэл учруулсан бөгөөд миний биед О.Сарантуяагийн үсдэж, зодсон үйлдлээс болж тархины доргилт гэмтэл үүссэн.

          О.Сарантуяагийн хувьд аргагүй хамгаалалт хийсэн юм бол хүмүүс салгах гээд байхад яагаад салахгүй зууралдаад байсан, ямар хүчний үйлчлэлээр үснээс зулгааж татсан болохоор хумс нь угаараа хуурч ойчих нь хэнд ч ойлгомжтой байхад шүүх хурал дээр надруу мэлзэж бүх болсон зүйлийг надад тохож дайрч байгаад гомдолтой байна.

           Мөн надтай урд нь үүсгэсэн таарамжгүй харьцаанаас болж миний хийсэн үйлдийн эсрэг О.Сарантуяа нь хариу зодолдож байгааг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй гэж бичсэн улсын яллагчийн 5/03 дугаартай эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

          Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Энэ гэмт хэрэг гаргахад айлын найран дээр хэсэг бүлэг хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж маргаан гарах болсон шалтгааныг О.Сарантуяагийн зүгээс бүрдүүлж өгсөн. Зодоон эхлэх болсон шалтгаан бол О.Сарантуяа өөрийнхөө биеийг зөв авч явалгүй Одончимэг, Бат-Эрдэнэ нартай таарамжгүй харилцаа үүсгэж, найран дээр байсан хүмүүсийн дунд таарамжгүй үг хэллэг хэлж, үйлдэл гаргаснаас болж уг гэмт хэрэг гарсан. Г.Лхагвасүрэн хэдийгээр цохиж зодох асуудлыг эхлүүлсэн боловч О.Сарантуяа эргүүлж үсдэж зодож харилцан зодоон үүссэн байдаг. Мөн О.Сарантуяа нь Г.Лхагвасүрэнг заавал зөрүүлж үсдэж зодолдохгүйгээр бусад аргаар салах боломжтой байсан. Шүүх О.Сарантуяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамруулан тооцсон атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж, О.Сарантуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж хуулийг буруу хэрэглэсэн байна. Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Г.Лхагвасүрэн, О.Сарантуяа нарт холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн байгаа. Прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

          Цагаатгагдсан этгээд О.Сарантуяагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Г.Лхагвасүрэнтэй санаатай маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Тухайн үед эхнэр нөхөр хоёрын нөхөрт нь хэдэн үг хэлснээс болоод би буруутан болсон. Намайг гэрээс гарахад Г.Лхагвасүрэн араас гарч ирээд үсдэж дээр гарч суугаад зодсон гэв.

          Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Баярмаагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Г.Лхагвасүрэн бол найран дээр гэрийн хишиг уугаад тухайн болж байгаа нөхцөл байдлыг юу ч санахгүй байгаа  талаараа хавтас хэргийн 13-14 хуудсанд авагдсан хохирогчоор авсан мэдүүлэгтээ өгсөн. О.Сарантуяа тухайн найран дээр хажууд нь байсан эхнэр нөхөр хоёр маргалдаад нөхөр нь жирэмсэн эхнэрээ дарамтлаад байхаар нөхөрт нь яагаад жирэмсэн эхнэрээ зовоогоод байгаа юм ингэж болохгүй гэж хэлсний төлөө Г.Лхагвасүрэн хүний амьдрал чамд ямар хамаатай юм гэж  хэрүүлийг эхлүүлсэн. Хэрүүл эхлээд нөхцөл байдал бишдээд ирэхэд О.Сарантуяаг гэрээс хүн авч гарахад араас нь Г.Лхагвасүрэн гарч ирээд зодоон хийсэн. Гэрийн хажууд байсан машины цаана миний үйлчлүүлэгчийг Г.Лхагвасүрэн газар хэвтүүлээд гэдсэн дээр нь дарж суугаад үсдэж зодсон байхад тусламж авах ямарч боломж байхгүй байсан. Миний үйлчлүүлэгч аргагүй хамгаалалт хийж үснээс нь татсан. Хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарласан гэсэн гурван үндсэн нөхцөлийг хуулинд дурдаж өгсөн. Прокурор эдгээр гурван нөхцөлийн алийг нь анхан шатны шүүх буруу хэрэглэсэн талаар тодорхой тайлбар хэлсэнгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

         Шүүгдэгч, хохирогч Г.Лхагвасүрэнгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхээс надад оногдуулсан ялд гомдож байгаа зүйл бол байхгүй. Хамгийн гол нь энэ хүн айлын найран дээр эвгүй байдал гаргаж, зүгээр байхад араас цохиж хэрүүл маргаан үүсгэчхээд, аргагүй хамгаалалт хийсэн гэж тайлбарлаж байгаа. Өөрийнхөө хоёр хумсыг унатал намайг цохиж гэмтээсэн байхад шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна гэв.

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацралаас шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. О.Сарантуяа айлын найран дээр зүй бус харилцаа үүсгэсний улмаас гэмт хэрэг гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэрч нарын мэдүүлгээс харахад Г.Лхагвасүрэн бол гэрээс гарч ороод гадаа хорхог хийж байсан хүмүүс дээр очиж туслаад явсан байдаг. Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байгаа тул дэмжиж байна. Давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын бичсэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/03 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

          Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Төгөлийн 3б-8 тоотод 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Т.Ганхуягийн шинэ гэрийн найранд О.Сарантуяа нь Бат-Эрдэнэд ...жирэмсэн эхнэрээ хайрла гэж, Ш.Одончимэгт ...танай нөхөр арай дэндүү даварсан байна гэж хэлэхэд Г.Лхагвасүрэн, Ш.Одончимэг нар ...айлын амьдрал чамд хамаагүй гэхэд Г.Лхагвасүрэнгийн баруун талын шанаа руу цохиж, Г.Лхагвасүрэн нь О.Сарантуяагийн зүй бус харилцаанаас үүссэн маргаанд бухимдан түүнийг гэрээс гарах үед дагаж гарч бие эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж,  

          Мөн О.Сарантуяа нь хохирогч Г.Лхагвасүрэнгийн эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсэн гэх хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч, О.Сарантуяагийн үйлдлийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

           Г.Лхагвасүрэн, О.Сарантуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж гаргасан Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэлд бичигдсэн үндэслэл тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

          2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

           3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА