Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
Хэргийн индекс | 183/2017/00030/И |
Дугаар | 183/ШШ2017/00460 |
Огноо | 2017-02-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2017/00460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу-1, 73-2/6 тоот оршин суух, 36 настай, эмэгтэй,
Дарьтан овогтой Батаагийн Баярмаа /РД:81090101/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 9-р хороо Буянт-Ухаа 13 гудамж 499 тоот оршин суух, 36 настай, эрэгтэй,
Нагал овогтой Баатахуягын Хүрэлбаатар /РД:ШЕ81021812/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргил, хариуцагч Б.Хүрэлбаатар, нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б.Хүрэлбаатарт өөрийн эзэмшлийн 90 000 000 төгрөгийн үнэтэй ландкрузер 200 маркийн автомашиныг шилжүүлэн өгч, 20 хоногийн дараа 90 000 000 төгрөгийг авахаар болон уг мөнгөний дүнгээр зээлийн гэрээг хийсэн болно. Б Хүрэлбаатар нь хүнд ландкрузер 200 маркийн машин өгөх болоод байна гээд чиний машиныг авч өгье гэхээр нь манай нөхрийн оюутны найз учир найдвартай хэмээн бодож зээлээр өөрийн машинаа өгөн (авах мөнгөөр) машины үнэ 90 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Гэтэл Б.Хүрэлбаатар гэрээнд заасан хугацаанд машины үнийг төлөөгүй мөртлөө нь нэг сарын дараа машиныг маань Б.Ганбаатар гэдэг хүнд шилжүүлсэн байсан ба 2014 оны 6 сарын сүүлээс 7 сарын эхэн хүртэл хугацаанд 25 000 000 төгрөгийг 2-3 хувааж өгсөн. Энэ үед машины эвдрэлтэй талаар огт юм яриагүй байтлаа 2014 оны 08 дугаар сарын 27-нд 45 000 000 төгрөг авахад машин чинь эвдрэлтэй байсан гэж үндэслэлгүй зүйлийг хэлээд үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөөгүй өдийг хүрч хохироож байна. Миний машин ямар ч эвдрэл гэмтэлгүй байсан ба Тоёота
компанийн 60 жилийн ойгоор үйлдвэрлэсэн “60 жилтэй хар өнгийн ландкрузер 200” тул үнэ ханш ч өндөртэй 90 000 000 төгрөг болж, энэ нь уг машины тухайн үеийн зах зээлийн дундаж ханш юм. Б.Хүрэлбаатар нь машиныг өөрөө үзэж шалгаж авчихаад зуны 2-3 сар хэрэглэж, бусдад шилжүүлсний дараа үлдэгдэл мөнгөө өгөхгүй арга хайж, эвдрэлтэй байсан мэтээр ярьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Б.Хүрэлбаатараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
2014 оны 5 дугаар сарын сүүлээр Б.Хүрэлбаатар намайг ажил дээрээ дуудаж Дөлгөөн нуурын зүүн талд компани ажиллуулж байгаа гэж түүнийгээ надад танилцуулсан бөгөөд Б.Хүрэлбаатар нь тэр компанийнхаа барилгыг давхарлаж барих талаар мөн зээл хөөцөлдөж байгаа уг зээлтэй холбогдуулаад надад машин тэрэгний хэрэг байна Монгол банкны хүнд ажил бүтээхийн тулд өгөх ёстой болсон учраа хэлсэн. Надад тэр үед ланд крузер 200 маркийн авто машин байсан тэгээд Хүрэлбаатар намайг машинаа зарах уу гэж асуухаар нь би тухайн үед эхнэртэйгээ зөвшилцөөд хэлье гэсэн тэгээд эхнэртэйгээ уулзаж Хүрэлбаатарын уг барилгыг давхарлаж барих боломж байгаа юу гэж санал тавьж очсон тэгээд Хүрэлбаатар нь тухайн үед чиний машиныг дахиад үзье гээд 90 000 000 төгрөгөөр бодож худалдаж авъя гээд бид зээлийн гэрээ байгуулсан. 2014 оны 6 дугаар 02-ны өдөр бид уг гэрээг хийж 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хүрэлбаатар нь миний мөнгийг өгөхөөр тохиролцсон. Түүнээс хойш Хүрэлбаатар нь 25 000 000 төгрөгийг 2 хувааж өгсөн үүний дараагаар мөнгө орж ирэхгүй байна жаахан удах байх гэж надад хэлсэн бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 45 000 000 төгрөгийг би эхнэрийнхээ дансаар шилжүүлж авсан. Шилжүүлсэн баримт дээр Хүрэлбаатар нь тооцоо дуусав гэж дур мэдэн шилжүүлсэн байсан. Үлдэгдэл 20 000 000 төгрөг өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй 3 жил болж байна. Хүрэлбаатар нь хариу тайлбартаа 2017 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр миний машины талаар “Таван богд” ХХК-иас үнийн санал авсан байгаа мөн үнэлгээ хийхдээ харьцуулсан үнэлгээ хийсэн байсан. Уг машин нь 2011 оны машин гэтэл 2007, 2008 оны авто машинтай харьцуулж үнэлгээ гаргасан байсан би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүрэлбаатар бид 2 Оросын Холбооны Улсын Эрхүү хотод хамт сурч байсан тэгээд би машинаа итгэж өгсөн, хэзээ мөнгөө өгөх вэ гэхэд, удахгүй өгнө гэж хэлдэг байсан. Сая 2016 оны хавар утсаар нь залгахад хариу өгөхгүй байсан тэгээд би шүүхэд хандсан. Одоо би Хүрэлбаатараас үлдэгдэл 20 000 000 төгрөгөө нэхэмжилж байна.
Би хариу тайлбар дээрээ үнэн бичсэн Хүрэлбаатар нь өөрөө худлаа зүйл бичсэн байсан. Манай эхнэр 2014 оны зун Хүрэлбаатартай уулзаж ярьсан гэж байна тийм зүйл бол байхгүй. Баярмаа нь 2014 оны зун хотод байгаагүй Хөвсгөлд байсан. Машинаа авчих гэж байна, одоо энэ хүн уг машиныг их удаан эдэлсэн байгаа тиймээс дахиж авах боломжгүй тиймээс анх тохирсон үнийн дүнгийн үлдэгдэл 20 000 000 төгрөгөө авмаар байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Б. Хүрэлбаатар нь 2014 оны 06 сарын 02-ны өдөр иргэн Б. Баярмаатай зээлийн гэрээ хийсэн боловч иргэн Баярмаагаас ямар нэгэн хэлбэрээр бэлэн болон бэлэн бус мөнгө аваагүй болно. Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4-т “...мөнгө зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно..." гэж заасан бөгөөд иргэн Б. Баярмаатай байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.
Миний бие өөрийн аждын байр болох СБД-н 9-р хороо Алтайн 428 тоотод байрлах өөрийн оффисийн байранд 2014 оны 05 сарын 26-ны өдөр буюу лхагва гаригт иргэн Б.Баярмаа, Б.Оргил нарын хамт байсан бөгөөд миний бие Хүрэлбаатар найз Мөнхбаатараас Ланд крузер 200 / v8- евро стандарт/ машиныг 95 саяар хэлцэл хийн авч өөр хүнд зарах талаар утсаар ярилцахыг сонсоод өөрсдийн Ландкрузер 200 / v6 араб стандарт 60 жилтэй/ автомашиныг 90 саяар дамжуулан өгөх талаар санал тавьсан. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан бөгөөд үүнээс илүү борлуулах боломж байсан болохоор хэн хэндээ хэрэгтэй байдлаар машиныг үзэхээр хэлэлцэн тохиролцсон. Мөн худалдан авах хүн шууд авахгүй тул хэсэг хугацааны дараа борлуулахаар хэлэлцэн автомашиныг бусдад борлуулах итгэмжлэл хийлгэн өөрийн граж болох Хан-Уул дүүргийн 15-р хороо Хурд хороолол 6а байрны доод гражд борлуулах хүртэл хадгалсан. Энэ талаар тэд мэдэж байсан. Энэ хугацаанд нөхөр Б.Оргилд 25 саяыг / 10 сая, 15 сая/ 2 хувааж өгсөн. Ингээд худалдан авахаар тохирсон хүнд 7 сарын эхээр машиныг үзүүлэн мөн 3 долоо хоногийн дараа мөнгийг авахаар тохироод машиныг шилжүүлэн өгсөн. Гэвч 7 хоногийн дараа хийсэн хэлцлийг цуцлахаар ирсэн бөгөөд машин зүүн урд талаараа мөргөлдсөн мөн жалганд унасан байж магадгүй, урд жолоочийн болон панилын ослын бүх дэр задарсан, зүүн урд лонжром тахийсан, өөрийн биш чанар муутай хятад, урд копуд, 2 крыло, гупер засвартайг үзүүлэн буцааж өгсөн. Б.Оргилтой 2014 оны 07 сарын 28-ны өдөр ХУД-н 11-р хороо Оргил худалдааны урд байрлах машин угаалгын газар уулзаж машиныг дээр дооргүй угаалган машины хамгийн гол болох ослын дэрүүд задарсан Б. Оргилын санал болгосон үнээр борлуулах боломжгүйг хэлээд 25 сая төгрөгөө авч буцааж өгье гэдгийг хэлсэн. Харин Б.Оргил менгийг буцааж өгөх боломжгүй талаар хэлсэн. Б.Оргилийг өөрөө машинаа зар харин 25 сая төгрөг өгтлөө манай гражд хадгалагдаж байг хүнд үзүүлбэл нээлттэй би ч мөн зар мэдээ болон сайтуудад мэдээлэл оруулъя, зарагдвал би 25 сая гаргаад авъя, чи өөрөө үнээ тавиад өөрөө ярилцаад зар гэдэг талаар хэлж ярьж байсан бөгөөд Б.Оргил эвдрэлийг харин жаахан засвартай би ч зарна гэж юу байх вэ юутай ч яръя гээд 7 хоног таг чиг болсон бөгөөд энэ хугацаанд машиныг би өөрийн ажлын байрны дор гражд хадгалж байсан.
Тэгээд 7 хоногийн дараа Б.Оргилын эхнэр Б.Баярмаа ирээд чи 45 000 000 төгрөг нэмээд өгчих 70 000 000 төгрөгөөр тооцоогоо дуусгая, бид байрны лизингтэй байгаа гэсэн тэгээд би эхнэртэйгээ зөвлөлдөөд би зээл аваад мөнгө бэлэн болчихлоо гэж Баярмааруу ярьсан Баярмаа нь хөдөө явж байна миний данс руу хийчих найз нь буцаж очоод гарын үсэг зурна гэсэн тэгээд сүүлд Б.Оргил над руу халамцуу залгаад 2014 оны 9 дүгээр сарын эхний 7 хоногт залгасан тэгээд үлдэгдэл 20 000 000 төгрөгөө өг гэсэн, би юу яриад байна Оргилоо гээд Баярмаатай ярихад Оргил юу яриад байгаа юм наад чинь согтуу байна уу тийм зүйл байхгүй Оргил андуурсан байна гэж хэлсэн, тэгээд чимээгүй болсон сүүлд Оргил халамцуу залгаад байхаар би машиныг нь үнэлгээнд оруулсан байгаа, би өмнө машинаа авчих миний мөнгийг өгчих гэж олон удаа хэлсэн би тухайн үед хэдэн цаасны ашиг гаргах гэж уг машиныг нь авсан одоо энэ машин нь зарагдахгүй байгаа учир би одоо болтол унаад явж байгаа тиймээс машинаа буцааж аваад миний 70 000 000 төгрөгийг буцааж өгч болох уу гэж Оргилоос асуумаар байна.
Баярмаа нь машин үзүүлэхэд хүртэл Оргилтой хамт ирсэн. Би уг машиныг хэлцэл хийж авсан, одоо хүртэл хэрэглээд явж байна, Одоо бол би Баярмаатай аман хэлцэл хийгдсэн гэж үзэж байна, Баярмаа Оргил хоёроос би огт мөнгө аваагүй Баярмаа зовлонгоо тоочоод байхаар нь би 45 000 000 төгрөг өгөөд бүх асуудал болчихлоо гэж бодож байсан гэв. Баярмаатай аман хэлцэл хийгдсэн гэдэг нь мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Баярмаа нь хариуцагч Б.Хүрэлбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Хүрэлбаатар энэ бол мөнгө зээлсэн асуудал биш Ланд крузер 200 автомашиныг 90 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод эхлээд 25 000 000 төгрөг төлсөн, дараа нь 45 000 000 төгрөг шилжүүлсэн нийлээд 70 000 000 сая төгрөг төлсөн сүүлд Баярмаатай 70 00 000 төгрөгөөр тохиролцож хэлцэл хийж тооцоо дууссан учраас одоо нэхэмжилж буй 20 000 000 төгрөгийг төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч Б.Баярмаа нь зээлдэгч Б.Хүрэлбаатарт 2014 оны 06 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 90 000 000 төгрөгийг, хүүгүй зээлүүлэхээр тохирсон байна.
Гэвч зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар дээрх гэрээгээр талууд 90 000 000 төгрөгийг бодитойгоор өгч авалцаагүй, харин Ланд Крузер 200 маркын автомашиныг 90 000 000 төгрөгөөр худалдан авахаар зээлийн гэрээгээр тохиролцон зээлийн гэрээ байгуулан тухайн зээлийн төлбөртэй байдлаа баталгаажуулсан болох нь тогтоогдов.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно гэж зааснаар зохигчдын хооронд мөнгийг шилжүүлсэн тухай нотлогдохгүй, мөн зээлийн гэрээ биш учраас үүнийг шүүхээс автомашин худалдах худалдан авах гэрээг баталгаажуулах зорилгоор байгуулсан баримт гэж дүгнэлээ. Ийм учраас хүү, алданги тооцох боломжгүй, уг гэрээнд хүүгүй зээлдүүлсэн, нэхэмжлэгч алданги тооцохгүй гэж шүүх хуралдаан дээр тайлбартаа гаргасан байна.
Тодруулбал нэхэмжлэгчийн тайлбарласнаар зээлийн гэрээний дагуу л баталгаажуулаад зөрүү мөнгө 20 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа, үлдэгдэл мөнгөө өгнө гэсээр байгаад 3 жил болсон гэв.
Хариуцагчийн тайлбарласнаар бол Б.Баярмаагаас тухайн өдөр автомашин худалдан авах гэрээ хийсэн, Ланд крузер 200 маркын автомашиныг 90 000 000 төгрөгөөр тохиролцож урьдчилгаа 25 000 000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдэл төлбөрийг Премьерпойнт банк бус санхүүгийн байгууллагаас 25 000 ам долларыг уг автомашиныг барьцаалаад зээл авч /тухайн үеийн 47 000 000 / төгрөг аваад эхнэр Б.Баярмаагийн дансаар шилжүүлсэн. Нийтдээ 70 000 000 төгрөг төлж, тооцоо дууссан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 41.1-т хэлцлийг... амаар буюу бичгээр хийж болно...гэж заасны дагуу Ланд крузер маркийн автомашиныг 70 000 000 төгрөгөөр худалдан худалдан авахаар эхнэр Б.Баярмаатай тохиролцож хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Үүнийхээ дагуу Хаан банкаар 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 45 000 000 төгрөг шилжүүлж, төлбөр төлж дуусгав гэж хаасан байгаа гэжээ.
Энэ мөнгийг бэлнээр аваагүй, харин Б.Баярмаагаас Ланд крузер 200 маркын автомашин авах үлдэгдэлд гарын үсэг зуруулсан гээд нийт 70 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Баярмаад өгсөн нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.Тиймээс 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 90 000 000 төгрөг дээр нөхөн гэрээ хийсэн. Зохигчид нөхөн гэрээ хийсэн талаар болоод хариуцагчаас 70 000 000 сая төгрөг төлснийг нэхэмжлэгч үгүйсгэдэггүй тул төлбөрийг төлсөн байна гэж үзэж боломжтой байна.
Иймд шүүх 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзээд, нэхэмжлэгчээс зээлийн хэмжээг тодорхойлсон 20 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Баярмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Хүрэлбаатарт холбогдох 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ