Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2022/0302

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Нэхэмжлэгч “М” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2021/0528/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаар шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрт “М” ХХК нь 2011 оноос хойш тус газрыг ашиглаж эхэлсэн хугацаанд холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг хугацаандаа төлж ирсэн. Энэ нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн нийслэлийн Газрын албаны газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нотлогдож байна. Мөн 2021 оны хувьд татварын албанаас газрын төлбөртэй холбоотой нэхэмжлэл үүсмэгц газрын төлбөрөө төлсөн байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэжээ.

3.1.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт нь мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “... газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна” гэж заасан, үүний дагуу Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16/2310 дугаартай албан бичгээр газрын төлбөрийн тооцоо нийлсэн №820150036 дугаар акт ирүүлсэн ба мэдээллээр төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нь нотлогдож байна.

4. Шүүхийн шийдвэрт “... Газар дээрээ үйл ажиллагаа явуулж, мод тарьж хашаа барилга байгууламж, зам талбай барьсан байхад бодит байдлыг судлалгүйгээр Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраас 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй гэж дүгнэжээ.

4.1. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон холбогдох төрийн байгууллага хамтран Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжид шалгалт хийсэн.

4.1.1. Үүний дагуу Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11u-3/5988 тоот албан бичгээр ирүүлснэ газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр газрын ашиглаагүй нь нотлогдож байна.

4.2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг хангах, тайлагнах, уг тусгай хамгаалттай газар нутагт газар ашиглах боломжтой болон боломжгүй, мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлсэн.

4.2.1. Хариуцагч захиргааны байгууллага нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаар зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.

4.2.2. Гэтэл нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А/232, 2017 оны А/253 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний амны хязгаарлалтын бүсэд 2.0 га талбай бүхий газрын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан. Мөн хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож, хуулийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газар аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.

4.3. Иймд шийдвэр дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай маргаан бүхий тушаалыг хууль тогтоомжид нийцүүлээгүй байна гэж шүүгч хэт нэг талыг барьж, хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлаж дүгнэсэн нь хуульд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчиж байна.

5. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

3. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Түргэний ам, 2га бүхий талбай бүхий газрын ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анх нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/232 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Түргэний аманд аялал жуулчлалын зориулалтаар 2.0га газрыг 5 жилийн хугацаатайгаар олгож, газар ашиглах эрхийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А-253 дугаар тушаалаар 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл сунгасан байх бөгөөд нэхэмжлэгчээс 2011 оноос хойш газрыг ашиглаж эхэлсэн хугацаанд холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасны дагуу газрын төлбөр болон тухайн газар дээрээ барилга, байгууламж, зам талбай барьж, мод тарьсан болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл, нийслэлийн Газрын албаны 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нотлогджээ.

 

5. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгчээс газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй, ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, ... шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр гаргасан гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

5.1. Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “...газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргийг газар эзэмшигч, ашиглагчид оногдуулсан, хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан зааж, маргаан бүхий А/79 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус үндэслэж, “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь дээрх хуулийн заалтуудтай нийцээгүй, нэхэмжлэгч “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, анхан шатны шүүх маргааны үйл баримтад дээрх хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн.

5.1.1. Нэхэмжлэгч “М” ХХК нь газрын төлбөр төлөгчийн хувьд 2011 оноос хойш тус газрын ашиглаж эхэлсэн хугацаандаа аливаа байдлаар гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг орхигдуулсан зүйлгүй, хууль тогтоомжийн хүрээнд газрын төлбөр төлөгчийн үүргээ бүрэн биелүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.6-д “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”-ийг нэхэмжлэгчээс зөрчөөгүй энэ тохиолдолд хариуцагч үүнийг тодруулж шалгалгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт нийцсэн гэж үзэхээргүй байна.

 

6. Түүнчлэн “М” ХХК-ийн газар дээр анхан шатны шүүхээс үзлэг хийсэн байх бөгөөд маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 тоот тушаалаар газар ашиглах эрхийг цуцлах хүртэлх хугацаанд уг газрыг “зориулалтын дагуу” ашигласан, үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож, нэхэмжлэгчээс тухайн газарт үйл ажиллагаа явуулж, мод тарьж хашаа, барилга байгууламж, зам талбай барьсан байхад хариуцагчаас бодит байдлыг шинжлэн судлалгүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг дурьдаж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар ашиглах эрхийг цуцалсан нь буруу байна.

6.1. Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан, уг тогтоол хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/232 дугаар тушаалаар олгосон газар ашиглах эрхийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А-253 дугаар тушаалаар 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл сунгасан хугацаанд нэхэмжлэгчээс газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх бодит нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг зөрчсөн” гэх гомдол нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр үгүйсгэгдэж байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

7. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй, харин ч дээр дурдсанчлан газрын зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7/-д нийцсэн байхад уг хуулийн 12 дугаар зүйлийн 5/-д дархан цаазат газарт энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барихыг хориглосон, өөрөөр хэлбэл уг газарт зөвхөн аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах боломжтой. Гэтэл хариуцагчаас тусгай хамгаалалттай газар нутагт хуульд зааснаас өөр зориулалтаар барилга байгуулж барьсан тохиолдлыг хуульд зөрчсөн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

7.1. Тодруулбал, нэхэмжлэгч “М” ХХК-д анх олгосон зориулалтыг өөрчлөөгүй, хязгаарлалтын бүсийн дэглэмийг зөрчиж барилга байгууламж барьсан нь тогтоогдохгүй байгаа нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж дүгнэх, цаашлаад газар ашиглах эрхийг нь цуцлах нөхцөлийг үүсгэх учиргүй байна.

7.2. Тиймээс тушаалын үндэслэл болсон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд хязгаарлалтын бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр явуулж болох үйл ажиллагаануудыг тодорхойлсны үндсэн дээр зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах үйл ажиллагаа явуулах эрхтэй. Гэтэл хариуцагчаас аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон атлаа зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж нэхэмжлэгчийн буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах тохиолдолд заавал барилга байгууламж бариагүй байхыг шаардаж байгаа нь зүйд нийцсэнгүй.

 

8. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг нөхцөл бүрдсэн тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг хариуцагчид хуулиар олгосон, энэ тохиолдолд, Газрын тухай хуулийн 40 үгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй болох нь тогтоогдсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай” А/79 тоот тушаалын “М” ХХК-д холбогдох хэсэг хуульд нийцээгүй, тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 93 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН