Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0093

 

 

 

 

 

 

      2022         03          02                                  128/ШШ2022/0093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:  Б.Б,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М нарыг оролцуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 000 дугаар тушаалаар М ХХК-д Б уулын дархан цаазат газрын Т аманд аялал зориулалтаар 2 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгож, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/253 тоот тушаалаар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар сунгасан.

Мөн сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А тоот тушаалаар...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 , 40.1.6 заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр М ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгожээ.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хүлээн аваагүй гэж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“М ХХК нь Б уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт байрлах Т аманд 2 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 7-р сарын 6-ны өдрийн 000 дугаар тушаалаар ашиглах болсон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А-253 тоот тушаалыг үндэслэн 000 дугаар гэрчилгээний хугацааг 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл сунгасан.

2020 оны 2-р сарын 10-ны өдөр 2020/ 066 дугаар Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг Х дүүргийн Засаг дарга, Б уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай байгуулсан.

Уг гэрээг батлуулах хүсэлтийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, төслийн хамт 2020 оны 8-р сарын 07-ны өдрийн 07/1 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны Үнэлгээ, Аудитын хэлтэст хүргүүлсэн боловч одоог болтол огт хариу ирүүлээгүй байна.

Гэтэл 2021 оны 5-р сарын 18-ны өдөр манай байгууллагаас илгээсэн албан бичгийн хариуд Байгаль орчин , аялал жуулчлалын яамны Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 6 дугаар сарын18-ны өдрийн 883 тоотоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А тоот тушаалаар танай газар ашиглах эрх цуцлагдаж хүчингүй болсныг мэдэгдсэн.

Манай компанийн газар ашиглах эрхийг цуцлах гэж байгаа, эсхүл цуцалсан талаар өмнө нь ямар ч төрийн байгууллага, албан тушаалтнаас мэдэгдэж, мэдээлэл өгч байгаагүй. Харин, газар ашиглах эрх цуцалсан талаар гурвалсан гэрээг батлуулах явцад, Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээг батлуулахаар гаргасан хүсэлтүүдийнхээ хариуг тодруулахаар холбогдох төрийн байгууллагуудад хандаж байх явцдаа олж мэдлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна" гэж 43.2-д "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж тус тус заажээ.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 46-р зүйлийн 46.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно" гэж заасан бөгөөд дээрх А тоот тушаалыг манай компанид хуульд заасан аль ч хэлбэрээр мэдэгдээгүй тул уг захиргааны актыг хүчин төгөлдөр бус захиргааны акт гэж үзэх үндэслэл бүрдлээ.

М ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан хуулийн үндэслэлийн талаар судлан үзвэл Монгол улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, "40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэжээ. Гэтэл манай компани 2011 оноос хойш тус газрыг ашиглаж эхэлсэн хугацаанд холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг хугацаандаа төлж ирсэн.

Энэ нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн газрын албаны Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нотлогдож байгаа бөгөөд 2021 оны хувьд татварын албанаас газрын төлбөртэй холбоотой нэхэмжлэл үүсмэгц газрын төлбөрийг төлсөн.

Мөн 2011 оны 7-р сарын 06-ны өдрийн 000 дугаар тушаалаар Б уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах явцдаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн газраа ашигласаар ирсэн учраас Байгаль орчин аялал, жуулчлалын сайд 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А-253 тоот тушаалаар газар ашиглах хугацааг 5 жил сунгаж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2020/066 дугаар гурвалсан гэрээг байгуулсан.

Гэтэл Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд хасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь хуулийн болоод бодит үндэслэлгүй. Иймд хууль тогтоомж зөрчсөн, бодит үндэслэлгүй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А тоот тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“... Бид газар ашиглах эрх цуцлагдсан талаар огт мэдээгүй, анх удаа сонсоод шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа юм. А тоот тушаалыг бид нар өнөөдрийг хүртэл албан ёсоор гардаж аваагүй, шүүхийн журмаар гаргуулж авсан. А тоот тушаалтай танилцахад Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу газар ашиглах эрхийг цуцалсан байна гэдгийг олж мэдсэн. Үүнийг бид нар үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Газрын тухай хуулийн 40.1.5-д газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол газар ашиглах эрхийг цуцлах зохицуулалттай. Бид нарын зүгээс газрын төлбөрийг хугацаандаа төлж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан газрын төлбөр, тооцоо нийлсэн актаар нотлогдож байна.

Гурвалсан гэрээний 2.3-т тухайн жилийн газрын төлбөрийг тэнцүү дөрөв хувааж улирал тутам эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх ёстой гэж заасан. Манай компанийн зүгээс 2021 оны төлбөрийг хугацаа нь болоогүй байгаа хэдий ч төлсөн. Тийм байхад нэхэмжлэгчийн гзар ашиглах эрхийг цуцалж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт манайхыг газар ашиглаагүй гэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, мөн шүүгч газар дээр үзлэг хийхэд одоогийн байдлаар 5000 мод тарьсан, барилга байгууламж, зам талбай, хашаа гэх мэтчилэн зүйлүүдийг барьчихсан. Үүн дээр өмнөх шүүх хуралдаанд хариуцагч талаас Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газраас ашиглаагүй байна гэж албан бичиг ирүүлсэн гэдэг.

Гэрчээр тухайн мэдэгдлийг ирүүлж байсан байцаагчийг асуухад тухайн газар дээр очиж үзээгүй, ашигласан эсэх талаар мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгвэл очиж үзээгүй байж газар ашигласан эсэхийг тодруулахгүйгээр шууд цуцалж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар тухайн актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийсэн байх ёстой. Нэхэмжлэгч компанид огт сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдлийг хүргүүлээгүй. Харин хариуцагч талаас үүнийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдлийг хүргүүлж байсан гэдэг зүйлийг хэлдэг.

Гэтэл энэ албан бичгийг бид нар хүлээж аваагүй. Үүнээс хойш 5, 6 сарын дараа газар ашиглах эрхийг цуцалсан. Илрүүлснээс хойш 30 хоногийн дотор арга хэмжээ авах зохицуулалттай. Энэ хуулийн заалтыг зөрчсөн, сонсох ажиллагаа хийгээгүй. Хуулийн болон бодит үндэслэлгүй тушаал, шийдвэр гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.“ гэв. 

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалыг бид нар хуулийн бодит үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Газрын тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасантай холбоотой асуудал дээр төлбөр төлөгдсөн баримт хэрэгт авагдсан байгаа.

 Захиргааны актыг гаргахаас өмнө шалгах ажиллагаа хийгдэх ёстой. Захиргааны байгууллага гаргах гэж байгаа актынхаа бодит үндэслэлийг тодруулсан байхыг Захиргааны ерөнхий хуулиар шаарддаг.

Тэгэхээр ийм ажиллагаа хийхгүй 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн буюу 6 сарын өмнө мөрдөн байцаагчийн мэдэгдэл, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, хэрэг бүртгэлтийн хэрэг явагдаж байгаа. Эрүүгийн хэрэг үүсээгүй, яллагдагчаар татаагүй. Ийм мөрдөн байцаагчийн мэдэгдлийг үндэслэсэн байна. Энэ нь үндэслэлгүй. Мөрдөн байцаагч нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгадаг этгээд, түүнтэй холбоотой асуудал эцэслэн тогтоогдоогүй. Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль нь бие даасан субьектүүдийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлдэг асуудал юм.

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас ирсэн албан бичиг нь хяналт шалгалт хийсэн баримт, бодит үндэслэлээ тусгаагүй. Тухайн үед хэдэн газруудыг хүчингүй болгоно гээд зурагтаар ярьж байгаад сошиалаар явж байсан зүйл биелэгдсэн юм болов уу гэж бодож байна. Бодитоор М ХХК тэнд хөрөнгө оруулалт хийсэн үү, газрыг зориулалтын дагуу ашигласан уу гэдгийг шалгасан баримт байхгүй. 3 дугаар сарын 12-ны өдрийн албан бичиг төлөвлөгдөөд тоотоор ирэхээр тэр өдөр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаал гарсан байгаа нь эргэлзээтэй.

Нэг өдрийн дотор ирэнгүүт нь захиргааны актыг гаргахаас өмнө ямар ч шалгалт хийхгүйгээр бүгдийг нь хүчингүй болгосон нь үндэслэл муутай гэж харж байна. Захиргааны ерөнхий хуулийн оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах гэсэн тодорхой процедурын дагуу явдаг. Бид нарын хувьд аваагүй, хүргүүлсэн гэсэн шуудангийн бичиг байхгүй. Шууданд хийсэн тамга, тэмдэгтэй бичиг байхгүй. Шууданч түүнийг цааш нь хийсэн үү, манай ямар хаягаар явуулсан бэ, манай хаягийг шууданч мэдэж байгаа юм уу.

Манай гурвалсан гэрээг баталгаажуулж өгнө үү гэсэн 2021 онд явуулж байсан бичгүүд байгаа. Ингээд явж байхад манайхыг хүчингүй болгох гэж байгаа талаар бичгээ өгч байх ёстой. Бид нар мэдээгүй байсан гэдэг нь манай албан бичгүүдээс тодорхой харагддаг. Захиргааны ерөнхий хуулийн 27.4-т сонсох ажиллагааг дараах хэлбэрээр явуулна гээд 27.5-д сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар гаргах боломжийг хангасан байна гэж заасан. Ингэж хангасан зүйл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27.6-д сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.

Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй. Зүгээр мэдэгдсэн гэж хэлээд аж ахуйн нэгжийн эрх цаана нь хохироод үлдэж болохгүй.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 46.1-т заасан захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэснийг зөрчиж байна, бидэнд огт мэдэгдээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн журмаар актыг гаргуулж авсан. 2019 онд төлбөрийн үлдэгдэлгүй. 2020 онд төлбөрийн үлдэгдэлгүй, төлбөрөө төлсөн. Өмнөх жилүүдэд болсон юмыг яагаад одоо хүчингүй болгох үндэслэлээ болгож ашиглаж байгаа вэ.

Өмнө нь ямар нэгэн байдлаар төлбөрөө хоцроосон байгааг нь ашиглаад тэр газрыг авч өөр хүнд өгөх ч юм уу ашиг сонирхол цаана нь явагдвал яах вэ. Алдангийн зохицуулалт гэрээн дээр байгаа, дөрөв хуваагаад төлөх ёстой гэсэн байна. 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр жилээр нь мөнгөө нэхсэн байх жишээтэй.

Тэр үед Монгол Улс ковидын нөхцөл байдалд байсан. Тэгэхээр 3 дугаар сарын 04-ний өдөр яагаад жилээр нь нэхэмжлэл үүсгэж байгаа вэ. Гэрээнд 4 хуваагаад улирал бүрт нэхэмжилж төлнө гэсэн. Үүнийг 3 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжилчхээд 3 дугаар сарын 12-ны өдөр яагаад захирамж гаргасан бэ. Захиргааны актын хүрээнд эрх, ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн эрхийг огт хангаагүй явсан нөхцөл байдлуудыг шүүх харгалзаж үзэх байх гэж бодож байна.

          Хэрэгт авагдсан баримтуудаар М ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь 2017 онд сунгаад, түүнээс хойш гурвалсан гэрээг байгуулах гэж хөөцөлдөж явсан. Дараа нь түүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу батлуулах гэсэн. Дараа нь нарийвчилсан үнэлгээг дахиж хийлгэсэн бичиг баримтууд авагдсан, тодорхой хэмжээний зардал, хөрөнгө мөнгө зарцуулсан нөхцөл байдлууд байгаа гэдгийг шүүх харгалзаж үзнэ үү.

Б уулын хамгаалалтын захиргаанд байгаа газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй гэдэг дээр хангалттай хяналт шалгалт хийж, үндэслэл бүхий захиргааны акт гаргаж чадаагүй гэдэг нь нотлогдож байгаа. Түүнийг бид нар сүүлд нь нөхөж бид нар ингэж гэж байсан, тэгэх гэж байсан гэдэг байдлаар тайлбарлах боломжгүй.

Хэрвээ одоо хяналт шалгалтаа явуулаад үнэхээр зөрчил үйлдсэн байна, зориулалтын бусаар ашигласан байна гэдгээ шалгалт хийсэн баримттай зүйлээр хүчингүй болгосон бол бид нар өөр асуудал үүсэх байх. Тэгэхгүй албан бичгийг үндэслээд юм хийгээгүй гэж байна гэдэг байдлаар явах юм бол бид нарын эрх ашиг, мэтгэлцэх зарчим алдагдаж байна. Юу зөрчсөнийг мэдэхгүй албан бичиг байна. Үйл баримт байхгүй зүйлээр эрхийг нь хөндөж байгаа нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.“ гэв.

7. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:

        “Байгаль  орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А-232 дугаар тушаалаар М ХХК-д Б уулын дархан цаазат газрын Т аманд аялал зориулалтаар 2 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгож сайдын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/253 тоот тушаалыг үндэслэн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар сунгасан байдаг.

 Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д аялагч, зөвшеерел бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах ... мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35 3.1-т газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх ... 35.3.3-т ... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "... эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй ... 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно",

Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бутэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11/5988 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна.

Хариуцагч нь тусгай хамгаалалттай Дархан цаазат газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д "аялагч, зевшеерел бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах ... " гэж заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.

Гэтэл М ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 000, 2017 оны А/253 дугаар тушаалаар Б уулын дархан цаазат газрын Т амны хязгаарлалтын бүсэд 2.0 га талбай бүхий газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/253 дугаар тушаалаар сунгасан байдаг. Гэтэл гурвалсан гэрээгээ 2020 оны 02 сард байгуулсан нь дээрх журмыг зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг яам болон Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“...Үйл ажиллагаа явуулаагүйтэй холбоотой асуудлаар Эрүүгийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтарсан ажлын хэсэг гараад тухайн аж ахуйн нэгж байгууллагын газар дээр шалгалт хийсэн байгаа.

Б уулын хамгаалалтын захиргаанаас барилга байгууламж бариагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд албан бичиг ирсэн. Нэхэмжлэгчийн хувьд мэдсэнээс хойш сарын дотор акт гаргах ёстой гэсэн байдлаар тайлбар гаргаж байна. Б уулын хамгаалалтын захиргаа үйл ажиллагаа явуулахтай холбоотой асуудлаар дахин нягтлан шалга гэсэн байдлаар албан бичиг явуулаад буцааж Б уулын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 386 дугаар албан тоотоор аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг ирүүлсэн. Үүнийг тулгуурлан дээрх тушаал гарсан.

Б уулын дархан цаазат газрын захиргаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиараа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, тухайн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хянан шалгах нь байгаль хамгаалагчид олгогдсон эрх, үүрэг юм. Газрын тухай хуулийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан.

Хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг нь хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд тооцоо нийлсэн баримт авагдсан байгаа. Үүн дээр 2012 онд 1.200.000 төгрөг төлөхөөс нэг ч төгрөг төлөөгүй, үлдэгдэл 1.200.000 төгрөг гэсэн байгаа. 2013 онд 2.400.000 төгрөг төлөхөөс төлөөгүй, 2014 онд 2.400.000 төгрөг төлөхөөс төлөөгүй, 2015 онд 1.800.000 төгрөг төлөхөөс 2.400.000 төгрөг төлсөн, 600.000 төгрөг илүү төлсөн. 2015 онд хагас жилийн сүүлээр 660.000 төгрөг төлсөн, 6.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан байгаа. 2016 онд 2.400.000 төгрөгөөс 2.400.000 төгрөгийг төлсөн. 2017 онд 2.400.000 төгрөг төлөхөөс нэг ч төгрөг төлөөгүй. 2018 онд хугацаанд нь төлсөн байсан. 2019 онд 28.200.000 төгрөг төлөхөөс нэг ч төгрөг төлөөгүй. 37.000.000 төгрөгийг төлсөн.

Үүнд хугацаанд нь бүрэн төлсөн, төлөөгүй асуудал яригдаж байгаа. Газрын төлбөрийг урьдчилж төлж болно, түүнээс биш дараа нь нөхөж төлөх асуудал яригдаагүй. Хугацаанд нь гэрээнд заасны дагуу төлсөн үү, төлөөгүй юу. Гэрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар журмын хавсралтаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т газар ашиглагч нь тухайн сарын дотор гурвалсан гэрээгээ байгуулах үүрэгтэй гэж газар ашиглагчид үүрэг болгосон.

Тэгэхээр энэ журмын 2 дугаар хавсралтаар газар ашиглах гэрээний загварыг гэрээнд юу юу агуулагдахыг тодорхой нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актаар Хууль зүйн яаманд бүртгүүлээд баталсан. Гэрээний загварыг жил бүр тооцоо нийлсэн акт үйлдсэн байна, жил бүр гэрээний дүгнэлтийг Богд хан уулын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн байна.

Мөн газрын төлбөрөө улирал бүр дараа улирлын эхэнд төлсөн байна. Газрын төлбөрийг улирал бүр төлөхөөр гэрээнд зохицуулсан байгаа. Энд хугацаанд нь бүрэн төлөөгүй асуудал байгаа. Мөн газраа хоёр жил дараалан ашиглаагүй гэсэн асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэгч 2011 онд газар ашиглах эрх авсан. 2011 оноос хойш газраа ашиглаагүй байж байгаад сая энэ газарт үзлэг хийхэд нэг байшин барьсан байна, уг байшинг анх авсан төсөл, байгаль орчны үнэлгээтэй нь тулгаж үзэхэд аялал жуулчлалын зориулалтаар биш амьдрах зориулалтаар дүнзэн байшин барьсан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй.          

Түүнээс биш ямар ч хамаарал байхгүй барилга барьсан, баригдаагүй асуудал яригдаагүй. Зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан. Сонсох ажиллагаатай холбоотой асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 143 дугаар албан бичгийг М ХХК-д хүргүүлсэн. Үүнийг 11 дүгээр сарын 06-ны өдөр 11:00 цагт гарын үсэг зураад авсан. Үүнийг Захиргааны ерөнхий хуулиар актыг шууданд хийснээс хойш нийслэлд 3 хоног, хөдөө орон нутагт ажлын 5 хоногт шууданд хийснээс хойш мэдэгдсэнд тооцно гэж Захиргааны ерөнхий хуульд тодорхой заасан. Иймд хууль, журмын дагуу холбогдох сонсох ажиллагааг хийсэн. Иймд дээрх захиргааны акт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.“ гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул тус компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А дүгээр тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А дүгээр тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан.

1/Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна", 43.2-д "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 46-р зүйлийн 46.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно" гэж тус тус заасныг зөрчсөн.

2/2011 оноос хойш тус газрыг ашиглаж эхэлсэн хугацаанд холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг хугацаандаа төлж ирсэн.

Энэ нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн газрын албаны Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нотлогдож байгаа. 2021 оны хувьд татварын албанаас газрын төлбөртэй холбоотой нэхэмжлэл үүсмэгц газрын төлбөрийг төлсөн байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн нь үндэслэлгүй.

3/Газар дээрээ үйл ажиллагаа явуулж, мод тарьж хашаа, барилга байгууламж, зам талбай барьсан байхад бодит байдлыг судлалгүйгээр Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд хасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй.

3. Нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 7-р сарын 6-ны өдрийн 000 дугаар тушаалаар олгосон газар ашиглах эрхийг 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн А-253 дугаар тушаалаар 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл сунгасан байна.

Ийнхүү сунгасан хугацаанд нэхэмжлэгчээс газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн газар дээрээ барилга, байгууламж, зам талбай барьж, мод тарьсан байгаа нь шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогдсон.

4.Нэхэмжлэгчээс Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг Х дүүргийн Засаг дарга, Б уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан.

5.Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-д "Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна.” гэж заасан.

6.Нэхэмжлэгчээс гурвалсан гэрээг батлуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн хүсэлтүүд, Б уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны  2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 2387 дугаар албан бичгээр “... М ХХК нь ... байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэж, төслийн хамт хамгаалалтын захиргаанд ирүүлснийг судлаад байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж ...” Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн санал зэргээр өөрийн зүгээс гэрээг батлуулах талаар хүсэлт гаргаж байсан нь нотлогдож байна.

7.Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11/5988 тоот албан бичгээр Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг үндэслэн Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг ирүүлсэн өдөр нь М ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан А дүгээр тушаалыг гаргасан.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11/5988 тоот албан бичгээр Газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг хүргүүлсэн мөрдөгч Ж.Б-г гэрчээр оролцуулж, М ХХК-ийн судалгаанд орсон шалтгааныг тодруулахад “... М ХХК-ийн ашиглалтын газарт очсон талаар санахгүй байна.” гэсэн мэдүүлгийг өгсөн.

8.Түүнчлэн хариуцагч нь М ХХК-ийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”,  40 дүгээр  зүйлийн 40.1.5. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж буруутгасан.

Нэхэмжлэгчийн Газрын төлбөр тооцоо нийлсэн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 820150036 дугаар акт, банкны шилжүүлгийн баримтуудаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй болох нь тогтоогдож байна.

Мөн газар ашиглах эрхийг цуцалсан А дүгээр тушаал гарахаас 8 хоногийн өмнө 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр татварын албанаас газрын төлбөр нэхэмжилсний дагуу нэхэмжлэгчээс 2021 оны газрын төлбөрийг төлсөн байна.

9.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”,  24.4.Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, 27.5.Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.”, 27.6.Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.” гэж заасан.

10.Хариуцагч нь дээрх хуульд заасны дагуу сонсох ажиллагааг яам болон Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн гэх боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 143 дугаар албан бичгийг М ХХК-д хүргүүлсэн гэх боловч нэхэмжлэгчид хүргүүлсэн баримт байхгүй, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн  шуудангийн ажилтанд хүлээлгэн өгсөн баримтаар нэхэмжлэгчид  хүргүүлсэнд тооцох боломжгүй.

11.Нэхэмжлэгчээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасан /хязгаарлалтын бүсэд/ “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;”,  33 дугаар зүйлийн 1.Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно.” гэж заасны дагуу газар ашиглах журмыг зөрчөөгүй, газрын төлбөрийг бүрэн төлсөн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.1.5. 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

12. Эдгээр хэрэгт авагдсан нотлох баримтууд хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр маргаан бүхий акт бодит нөхцөл байдлыг тогтоолгүй гарсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А дугаар тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.1.5. 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А дүгээр тушаалын М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН