Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2017/00432

 

 

       2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2017/00432

              Улаанбаатар хот

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, баруун тасган А-004 тоотод оршин суух, Жүр овогт Лхасранжавын Нарантуяа /РД:ЧИ64051862/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгелсийн гудамж “Зорчигч Тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазарт холбогдох,

 

Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Баясгалан, Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Түмэнсугар нар оролцов.                                                                                                                  

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Л.Нарантуяа миний бие 1995 оны 07 дугаар сард Автобус нэг ОНӨҮГ-т ажилд орсон бөгөөд 2014 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар шинээр үүсгэн байгуулагдсан Зорчигч Тээврийн Нэгтгэлийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 тоот тушаалаар Зорчигч Тээврийн Нэгтгэлийн тээвэрлэлт үйлчилгээ бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно.                Миний бие 2016 оны 10 дугаар сард манай байгууллагад шинээр томилогдсон дарга Төмөрбаатар нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан намайг ажлаа өгөхийг шаардаж улс төрийн соёлтой байхыг сануулж ажлын байрны дарамт үзүүлж байсан. 2016 оны 12 дугаар сарын 05-нд Б/1227 тоот тушаал гаргаж үндэслэлгүйгээр 3-р баазад ээлжийн инженерийн ажилд томилсон тул ажлаас үндэслэлгүй шилжүүлсэн, Зорчигч Тээврийн Нэгтгэлийн тээвэрлэлт үйлчилгээ бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн гэж үзэж байна.                                              Иймд ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нарантуяа нь 2014 онд Зорчигч тээврийн нэгтгэлд тээвэрлэлт үйлчилгээ бодолт төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан. 2016 оны 10 дугаар сард байгууллагад шинээр ирсэн захирал нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан Нарантуяаг байнга ажлаа өгөхийг шаардаж тодорхой улс төр, намын харьяалал гаргаж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б1227 тоот тушаал гаргаж үндэслэлгүйгээр 3 дугаар баазын ээлжийн инженерээр ажилд томилсон. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулинд албан тушаал шилжүүлэн томилох 3-н үндэслэл байдаг, энэ нь нэг нь сул зогсолт, байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан бол 45 хоног хүртэл хугацаагаар, эрүүл мэндийн шалтгаанаар тус албан тушаалд тэнцэхгүй бол өөр ажилд шилжүүлэх тухай ажилтантай тохиролцох ёстой байдаг. Эдгээр үндэслэлүүдээс аль нь гараагүй байхад албан тушаал шилжүүлэн томилсон нь хууль бус байна. Хариуцагчийн хариу тайлбарт 12 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсанд уг гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан учир хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаас чөлөөлсөн нь ажлаас үндэслэлгүй халсан гэх үндэслэл болж байгаа учир тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга ажилд нь эгүүлэн тогтоолгож өгнө үү. 3 дугаар баазын ээлжийн инженерээр шилжүүлсэн нь албан тушаал бууруулсан бөгөөд цалин хөлс бас давхар буусан иймээс Нарантуяаг ажилд нь эргүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэгч Нарантуяа нь байгууллагын удирдлагуудтай уулзаж харилцан тохиролцож 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 3 дугаар баазын ээлжийн  инженерээр шилжүүлэн ажиллуулж байгаа. Нарантуяа нь 2016 оны 12 сарын 09-ний өдөр ээлжийн инженерийн тодорхойлолтод гарын үсэг зурсан нь дээрх тохиролцоог батална. Мөн үүрэгт ажлаа 4 удаа буюу 2016 оны 12 дугаар сарын 09, 2016 оны 12 дугаар сарын 13, 2016 оны 12 дугаар сарын 17, 2016 оны 12 дугаар сарын 21 өдөр ээлжийн инженерийн ажлыг хийж гүйцэтгэсэн нь шилжүүлэн ажиллуулсан тушаалыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Байгууллага нь хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.5.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгодог. 7.5.1 дэх хэсэгт байгууллагын дотоод зохион байгуулалтын хүрээнд 3-н баазад хуваагдаж үйл ажиллагаа явуулдаг энэ зохион байгуулалтын хүрээнд Нарантуяа нь ээлжийн инженерээр шилжин ажилласан ингэхдээ байгууллагын удирдлагуудтай уулзаж тохиролцоо хийсэн, үүний үндсэн дээр 2016 оны 12 дугаар сарын 09 өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан, мөн ээлжийн инженерээр ажиллах тодорхойлолт дээр бас гарын үсэг зурсан. Шилжүүлсэн тушаал дээр маргаж байна гэж ойлгож байгаа шилжүүлсэн болохоос халаагүй. Цалин хөлсний тухайд бол хэлтсийн даргаар ажиллаж байсан цалин хөдөлмөрийн гэрээнд байгаа цалингийн зөрүүг ямар баримтыг үндэслэж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Нарантуяа нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч  нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ холбогдуулан  2016 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн Б/1227 дугаартай “Л.Нарантуяаг шилжүүлэн ажиллуулах тухай тушаал”-ыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлж дэвтэрт бичилт тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бичгээр тохиролцох ёстой байсан, Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан зүйл байхгүй, өмнөх хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй байхад шууд шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

 

            Хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч, Л.Нарантуяагийн ажиллаж байсан тээвэрлэлт бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаал бүтцийн өөрчлөлтөд орж, түүнийг өөр албан тушаалд буюу гуравдугаар баазад ээлжийн инженер гэх орон тоонд өөртэй нь тохиролцож дотоод журмын хүрээнд томилсон, ажлаас халаагүй, энэ нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь нотолгоо болно. Энэ талаар тэрээр мэдэж байсан, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар Л.Нарантуяа нь тээвэрлэлт үйлчилгээний төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/21 дугаар тушаалаар ажиллаж байсан.

 

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ дарга Г.Төмөрбаатарын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1227 дугаар тушаалаар төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10 дахь хэсэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.5.1 дэхь хэсэг зэргийг үндэслэн Л.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс гуравдугаар баазад ээлжийн инженерээр шилжүүлэн томилж, сарын 830 000 төгрөгөөр тооцохыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон байна.

Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тушаалын үндэслэл болсон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 1.10, хөдөлмөрийн дотоод  журмын 7.5.1 зааснаар зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн буюу 24-42 цаг байсныг 24-72 цаг болгож бүтцийн өөрчлөлт хийсэн гэж тайлбарлажээ.

 

Шүүх дээрх үйл баримтуудаас дүгнэвэл хариуцагч нь Л.Нарантуяагийн ажиллаж байсан албан тушаалыг бүтцийн өөрчлөлт гэх үндэслэлээр цалин хөлс бууруулан, өөр ажилд томилсон нь буруу бөгөөд тухайн үед нэхэмжлэгч ажил хөдөлмөрөө эрхэлж байсан бөгөөд  2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тушаал гарч,  2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зурсан боловч 2017 оны 01 дүгээр сарын 05-нд шүүхэд гомдол гаргаж байгаа, мөн ямар нэг хэлбэрээр амаар болон бичгээр шилжүүлэн ажиллуулах тухай тохиролцсон баримт байхгүй, бүтцийн өөрчлөлт хийсэн талаарх байгууллагын захирлын тушаал хавтаст хэрэгт авагдаагүй, баримтаар нотлоогүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх тул тэднийг тохиролцож шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлд заасан нөхцөл байдал шүүх хуралдааны явцад тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй байх бөгөөд тээвэрлэлт үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд тогтоох нь зүйтэй гэж дүгнэв. 

 Шүүх ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаатай холбогдуулан Л.Нарантуяаг өөр ажил албан тушаалд шилжүүлсэн хугацааны буюу 2016 оны 12 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 2017 оны 1 дүгээр сарын 05 хүртэл хугацааны 30 өдрийн цалинтай тэнцэх олговрыг хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэр, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1227 тоот Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ захирлын тушаал зэрэг баримтыг үндэслэн 608 057 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 18 892 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод нөхөн оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Лхасранжавын Нарантуяаг ‘Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ Тээвэрлэлт үйлчилгээний бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Нарантуяагийн ажлаас буруу шилжүүлсэн үеийн олговорт  608 057  /зургаан зуун найман мянга тавин долоо/ төгрөгийг хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлд зохих өөрчлөлт оруулж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас  улсын тэмдэгтийн хураамжид 18 892 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.РЕНЧЕНХОРОЛ