Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 119/2021/0023/З |
Дугаар | 221/МА2022/0323 |
Огноо | 2022-05-12 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2022/0323
2022.05.12-ны өдөр 221/МА2022/0323
“М” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ч
Нэхэмжлэгч “М” ХХК
Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Ч.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 119/2021/0023/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан “... Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хууль /2020 он/-ийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2020 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.5, 14.6, 14.6.2, Зөрчлийн тухай хууль /2017 он/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Мөнх тэнгэрийн ташуур ХХК-ийн гаргасан Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Б.Э, Ч.Ц нарын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №НА-20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 3.2-т Орхон аймгийн БОАЖГазраас төрийн сангаар дамжуулан мөнгийг шилжүүлэхдээ иргэний данс руу шилжүүлж ХАОАТатварт 10% суутган тооцож иргэн компаний данс руу шилжүүлж бид дахин НӨАТ тооцуулснаар нийт 20 хувийн НӨАТ тооцуулсан нь компанийн хувьд алдагдалтай ашиггүй ажиллах татварын НӨАТ-ын өрөнд орох нөхцөл байдал үүссэн бид цаашид үйл ажиллагаа хэвийн авч явах тендерт оролцоход өр төлбөргүй байх зэрэг шаардлагын үүднээс “Хүн долоон од” ХХК-иас 527.272.272,28 төгрөгийн 12 падаан авсан нь татварын шалгалтаар хүчинтэй бус баримт болж таарсан.
3.1.1. Энэхүү ажил үйлчилгээнд татвар ногдуулалт хийхдээ НӨАТ чөлөөлөх ажил үйлчилгээ гэж мэдэж байсан мөртлөө ямар нэг зөвлөмж, зааварчилгаа өгч НӨАТ-ын хасалт хийлгүйгээр татвар ногдуулж тооцсон асуудал нь НӨАТ-ын хууль дүрмийг хэрэгжүүлэхгүй байна гэх үндэслэлтэй. Тагнуулын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газарт хандсаны дагуу 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 05/1772 тоот албан бичгийг ирүүлсэн. Тус хариу албан бичигт Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан заалтын дагуу НӨАТ-өөс чөлөөлөгдөх боломжтой гэж үзсэн. Үүний дагуу татварын маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасан. Тухайн үед бидэнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч төрийн байгууллага, олон улсын төсөл хөтөрбөрийн төслийн ажилтангууд, татварын байцаагч нар ойлголт өгөөгүйгээс болж энэхүү асуудалд хүрсэн. Тиймээс маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн манай компанийн нэхэмжлэлийн шаардлагын гол утгыг дурьдсан хэрнээ хариуцагч нарын тайлбарт ямар учраас 2019-2020 онуудад Орхон аймагт НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдэж буй хөрсний бохирдлыг бууруулах эко ариун цэврийн байгууламж барих 290 айлын төслийн ажлын төсөл хөтөлбөр нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д заасан заалт, Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан заалтын дагуу НӨАТ-оос чөлөөлөгдөхгүй байгаа талаар тодорхой тайлбар нотлох баримтуудыг гаргуулсангүй.
3.2. Татварын улсын байцаагч Б.Э, Ч.Ц нарт энэхүү төсөл хөтөлбөрийн ажил үйлчилгээ нь төр, иргэн, аж ахуйн нэгж гэсэн гурван хуулийн этгээдийн дунд үүссэн 2 дахин НӨАТ бичилт хийгдсэн. Энэ ажил нь анх эко 00-ийн гэрээний үнэ1.997.400 төгрөгөөр хийгдсэн ажлаас давхар суутгагдсан байхад өөрөөр хэлбэл нэг санхүүжилтэй нэг ажлаас татвар авсан мөртлөө хоёр өөр субьектээс суутгасан гэж тайлбарлаж байгаа нь татварын улсын байцаагчийн тавьсан актыг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн жилийн эцсийн тайлан баланс өгч байхад татварын ахлах байцаагч Дэлгэрмаа хаалт хийж тайлангаа хүлээж авахгүй байсан бөгөөд хяналт шалгалт оруулсны дараа хүлээн авсан гэсэн хариу өгсөн нь аж ахуй нэгжүүдийг мухардалд оруулж татварын акт тавьж байсан энэ талаар шүүх хуралдаан дээр дурдсан боловч авч хэлэлцээгүй. Шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.
3.3. Иймд асуудлыг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
4.1. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэдэх зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг дутуу цуглуулж, тэрхүү дутуу баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-т заасан нотлох баримтыг цуглуулах үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
4.2. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримтууд, мөн шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбар зэргээрээ “... Орхон аймагт 2019 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдэж буй хөрсний бохирдлыг бууруулах, эко ариун цэврийн байгууламж барих 290 айлын төслийн ажлын гүйцэтгэгчээр ажилласан ба энэхүү төсөл хөтөлбөр нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл, Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалаар баталсан журмын дагуу НӨАТ-аас чөлөөлөгдөх ажил үйлчилгээнд хамаарч байгаа...” талаар тасралтгүй маргаж, энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг.
4.3. Гэтэл шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй байна. Мөн хэрэгт авагдсан Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчээр нэхэмжлэгчийг сонгон, үнийн саналаа ирүүлэх талаар харилцаж байсан үйл баримт нотлогддог ба маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаар нөхөн татвар ногдуулсан орлогын эх үүсвэр нь дээр дурдсан НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжигдэн хийгдэж байгаа ажлын шугамаар орж ирсэн үү, эсхүл буцалтгүй тусламжаар санхүүжигдэн хийгдэж байгаа ажлын шугамаар орж ирсэн үү, эсхүл бусуд орлогын эх үүсвэр байсан эсэхийг шалгаж, түүний үндсэн дээр НӨАТ-аас чөлөөлөгдөх үндэслэлтэй эсэх асуудлыг дүгнэх шаардлагатай байтал шүүхээс огт баримт нотолгоонд үндэслэлгүйгээр гагцхүү хариуцагчийн амаар гаргасан тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, хуульд нийцэхгүй шийдвэр болсон.
4.4. Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “дараах барааг албан татвараас чөлөөлнө”, 13.1.3-т “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа” 4 дүгээр зүйлийн 4.1.9-т “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа” гэж давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад зориулсан, түүнчлэн Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариу төлбөргүйгээр хүлээн авсан байдаг. Үүнд буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас мөнгөөр өгсөн санхүүжилтээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээ мөн хамаарна” гэж тус тус заасан бөгөөд мөн хуулийн 13.11-т “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт мөнгөн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалаар баталсан “Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 2.1.2-т “Төсөл хэрэгжүүлэгч” гэдэг нь Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-т заасныг гэж тодорхойлсон буюу 4.1.21-т “төсөл хэрэгжүүлэгч” гэж гадаад зээллэгийн хөрөнгөөр санхүүжих төслийн хэрэгжилтийг хариуцах чиг үүрэг бүхий олон улсын гэрээ, төслийн баримт бичиг, гэрээнд оролцогч талуудын хооронд байгуулсан бусад тохиролцлын баримт бичигт заасан эрх бүхий байгууллагыг...” гэж заасны дагуу төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч буюу Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээ байгуулсан эсэх, тэрхүү гэрээнд холбогдох албан татварын хэрхэн шийдвэрлэхээр тусгасан, мөн Тамгын газраас нэхэмжлэгчтэй ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр ажил гүйцэтгүүлсэн болох, албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан эсэх, чөлөөлөгдөх жагсаалтад хамааруулсан эсэх зэрэг зайлшгүй шалгаваол зохих асуудлуудыг огт шалгаж, дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
4.5. Мөн ийнхүү олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдэж байгаа ажилд иргэдтэй холбоотой гэрээний асуудал яагаад үүссэн болох мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбарт дурьдагдсан нэг асуудалд 2 өөр төрлийн татварыг давхардуулан ногдуулж байгаа асуудал бодит байдал дээр үүссэн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулан шалгасны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь төрийн үйл ажиллагааны хуульд үндэслэх, шударга, тэгш байдлын зарчим болон Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан зайлшгүй байх, тодорхой байх, шударга байх, үр ашигтай байх зэрэг зарчмууд хэрхэн хангагдаж байгааг дүгнэлт хийх боломжтой болох байсан.
4.6. Цаашилбал маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаар тавигдсан торгууль болох 30.191.869,24 төгрөг нь 2021 оны Өршөөлийн тухай хуулийн дагуу өршөөлд хамрагдаж боломжтой асуудал байхад уг асуудалд огт дүгнэлт хийгээгүй байна.
4.6.1. Тодруулбал, маргаан бүхий актын тогтоох хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2-т заасныг баримталсан байх ба Өршөөлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3, 8.1, 13.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, 2.1, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ыг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус заасны дагуу маргаан бүхий татварын улсын байцаагчийн акт батлагдсан өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөртэй давхцан Өршөөлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн байх ба Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг шинээр батлагдсан Татварын ерөнхий хууль нь дордуулж байгаа тул өмнөх хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх журмаар шийдвэрлэх, мөн Өршөөлийн тухай хуульд хамрагдах боломжгүй эсэх зэрэг асуудлыг зайлшгүй дүгнэх ёстой байтал шүүхээс энэхүү асуудлыг дүгнэж шийдвэрлээгүй нь нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.7. НӨАТ-ын падаануудыг 12 ширхэг хий бичүүлэн татвараа бууруулсан гэж боловч одоо энэхүү асуудал нь Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа бөгөөд үнэхээр хуурамч баримт байсан эсэх нь тэрхүү хэргийн шийдвэрээр тогтоогдох ба хий бичүүлсэн гэх НӨАТ-ын падаануудыг шүүхээс хэрэгт хавсарган шалгаагүй хэрнээ хэрхэн яаж маргаан бүхий татварын улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь өөрөө эргэлзээтэй бөгөөд хэт нэг талыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
4.7.1. Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу аливаа орлого НӨАТ-аас чөлөөлөгдөх 2 арга зам байдаг ба нэг нь дээр дурдсанчлан олон улсын байгууллагын зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр бараа материал худалдан авах, нөгөө нь НӨАТ-ын падаан бүхий бараа материал худалдан авсан нь бүртгэлтэй НӨАТ-ын падаанаар нотлогдсон тохиолдолд татвар төлөхгүй байхаар хуульчилсан байхад энэхүү 2 нөхцөл аль аль нь байгаа эсэхийг шүүхээс огт шалгалгүй, дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус байна.
4.8. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
5. Хариуцагч Ч.Ц, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар давж заалдах гомдлыг эсэргүүцэж шүүхэд бичгээр тайлбарыг ирүүлсэн байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй. Үүнд:
2.1. Маргаан бүхий “... Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №НА20210000034 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар 100,639,564.1 төгрөгийн нөхөн татвар, 30,191,869.24 төгрөгийн торгууль, 11,848,612.21 төгрөгийн алданги, нийт 142,680,045.55 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.
2.2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас маргаан бүхий акт болон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж “... нэхэмжлэгч нь Орхон аймагт 2019 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдэж буй хөрсний бохирдлыг бууруулах Эко ариун цэврийн байгууламж барих 290 айлийн төслийн ажлын гүйцэтгэгчээр ажилласан, энэ төсөл хөтөлбөр нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11, Сангийн сайдын 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 46 тоот тушаалаар баталсан заалтын дагуу НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой тул нөхөн ногдуулалтын актыг зөвшөөрөхгүй, ... анхан шатны шүүх Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээ байгуулсан эсэх, тэрхүү гэрээнд холбогдох албан татварын хэрхэн шийдвэрлэхээр тусгасан, мөн Тамгын газраас нэхэмжлэгчтэй ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр ажил гүйцэтгүүлсэн болох, албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтийг гаргасан эсэх, чөлөөлөгдөх жагсаалтад хамааруулсан эсэх зэрэг зайлшгүй шалгавал зохих асуудлуудыг огт шалгаж, дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэж маргасныг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх боломжгүй байна.
3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд албан татвараас чөлөөлөх үндэслэлүүдийг зохицуулж өгсөн бөгөөд 13.1.3-д “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа”, 13.11-д “Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-өөр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “М” ХХК нь Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын “Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоод зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам”-ын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтад орсон болох нь тогтоогдоогүй энэ тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэж үзэхээргүй.
3.1. Өөрөөр хэлбэл, тус журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-д “хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн бараа” гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.9-д заасныг ойлгохоор зохицуулсан бөгөөд хуулийн 4.1.9-д “гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа" гэж давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад зориулсан, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариу төлбөргүйгээр хүлээн авсан барааг. Үүнд буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас мөнгөөр өгсөн санхүүжилтээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээ мөн хамаарна” гэж зохицуулснаар “Эко ариун цэврийн байгууламж байгуулах” төсөл нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгдчийн жагсаалтад ороогүй байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... төсөл хэрэгжүүлэгч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээ байгуулсан эсэх, тэрхүү гэрээнд холбогдох албан татварыг хэрхэн шийдвэрлэхээр тусгасан эсэх, албан татвараас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан эсэх талаар шалгах байсан” гэх гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй.
3.2. Тодруулбал, Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын “Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоод зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 2.1.2-д “төсөл хэрэгжүүлэгч” гэдгийг Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-г заасныг гэж тодорхойлсон бөгөөд хуулийн 4.1.21-д “... “төсөл хэрэгжүүлэгч” гэж гадаад зээллэгийн хөрөнгөөр санхүүжих төслийн хэрэгжилтийг хариуцах чиг үүрэг бүхий олон улсын гэрээ, төслийн баримт бичиг, гэрээнд оролцогч талуудын хооронд байгуулсан бусад тохиролцлын баримт бичигт заасан эрх бүхий байгууллагыг” гэж тодорхойлсноор “М” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгч болон туслан гүйцэтгэгч гэж үзэхээргүй, харин эко ариун цэврийн байгууламж бариулах гэрээг иргэнтэй байгуулж, орон нутгийн эрх бүхий байгууллагаас иргэний дансанд төлбөр нь шилжиж, иргэн тухайн ажлыг гүйцэтгүүлсний дараа нэхэмжлэгчид төлбөр шилжүүлж байгаа нь тухайн ариун цэврийн байгууламжийг барьж ашгийн төлөө үйл ажиллагааг явуулсныг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан “албан татвараас чөлөөлөх” үндэслэлд хамаарагдсан гэж үзэн маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.
3.3. Нөгөө талаар Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад заасан журмын 2.1.8-д “туслан гүйцэтгэгч” гэж олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээг гүйцэтгэгч төсөл хэрэгжүүлэгчтэй төслийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ туслан гүйцэтгэхээр гэрээ байгуулсан жагсаалтад хамрагдсан этгээдийг” гэж тодорхойлсон. Нэгэнт нэхэмжлэгч “М” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтад ороогүй энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “... бид нар анх энэ төсөл хөтөлбөрийг манайхаар дамжуулан хэрэгжүүлэх юм байна гэж үндсэндээ ойлгосон, ... явц дундаа иргэн өөрөө ашиглагч болох тул иргэндээ мөнгийг нь шилжүүлье гэж яригдсан тул ... бид ... нар гарцаагүй ажил хийж гүйцэтгэнэ гэж ойлгож байсан..., иргэн рүү шилжүүлэхдээ Хүн амын орлогын албан татвар авч, манайх руу мөнгө нь орж ирсэн, ... мэдээж орж ирсэн орлогоос татвар төлөх нь гарцаагүй, ... тиймээс энэ тал дээр гомдолтой байгаа” гэж тайлбарлаж байх бөгөөд шүүхээс журмын 3 дугаар зүйлд заасан “хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлт гаргах, хүсэлтийн дагуу жагсаалт батлахтай холбоотойгоор” нотлох баримт цуглуулах шаардлагагүй байна.
3.4. Тиймээс нэхэмжлэгч “М” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчтэй төслийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ туслан гүйцэтгэхээр гэрээ байгуулсан жагсаалтад орсон тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжтой тул нэхэмжлэгчийг 2019 онд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдэж буй хөрсний бохирдлыг бууруулах Эко ариун цэврийн байгууламж барих 290 айлийн төслийн ажлын гүйцэтгэгчээр ажилласан гэж үзэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11, Сангийн сайдын 2016 оны 46 тоот тушаалаар баталсан журмын дагуу НӨАТ-аас чөлөөлөх үндэслэлгүй.
4. Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий актын үнийн дүнгийн талаар маргаагүй тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2018 онд 151,450,354.50 төгрөгийн, 2019 онд 194,977,578.88 төгрөгийн үндсэн баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2 дахь хэсэгт, 2020 онд 131,218,160.69 төгрөгийн үндсэн баримтаар нотлогдоогүй зардлыг татвараас хасч тооцсон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2020 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэг, 2019 онд 105,154.55 төгрөгийн, 2020 онд 71,636.00 төгрөгийн хувийн хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа материал, 2019 онд 1,299,729.00 төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэхтэй холбоотой худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган татвар ногдуулах орлогоо бууруулан татвараа багасгасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.6.2 дах хэсэг, НӨАТ-аар “Хүн долоон од” ХХК-аас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нийт 12 падааны 527,272,727.28 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд оруулан тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт тус тус нийцсэн байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
4.1. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН