Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2017/00317

 

 

      2017 оны 02 сарын 01 өдөр

     Дугаар 183/ШШ2017/00317

               Улаанбаатар хот

                                                                                                                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 5 дугаар гудамжны 32 тоотод оршин суух, 56 настай, эрэгтэй,

Их мэргэд овогтой Базаргүрийн Зоригт /РД:УС61040111/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Гэгээнтэн цогцолбор “Хүннү Ресурсес” ХХК /РД5337232/-д холбогдох,

            Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Зоригт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруул, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Монгол,  нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Зоригт шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Миний бие 2010 оны 7 дугаар сарын 19-ны өдөр “Хүннү ресурсес” ХХК-д ажилд орж 5 жил ажиллаж, 2016 оны 3 дугаар сарын 14-ны өдрөөс 4 дүгээр сарын 14 хүртэл Дундговь аймагт сарын хугацаатай томилолтоор ажилласан. Гэтэл нэг өдөр миний машины милл гацсан байна гэж манай ажилтан Соёлбат гэж хүн хэлсэн тэгээд би хамт ажиллаж байсан хүмүүстээ хэлж байсан тэгээд 4 дүгээр сарын 18-ны өглөө машины зураг аваад замын хуудас машины милл хоёр 1000 км зөрсөн байсан, тэгээд намайг ажлаас халсан, бензин түлш илүү хэлж авсан байна гэдэг байсан хөдөө колонк хааяа ажилладаг хүмүүс нь амардаг байсан тул би нөхөж бензин авсан. Одоо би ажилдаа эргэн орж мөн сарын цалин болох 883 887 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд цалингаа авмаар байна.

Хариуцагчийн төлөөлөгч 4 удаа тайлбар мэдүүлэг нь дахин дахин зөрөөд байна гэж хэлж байна. Менежер Батболд надад чи  ингэж хэл үгүй бол ажлаас хална гэж байж надаар хэлүүлсэн, тэгээд нууцаар бичлэг хийсэн байсан, надаар 3 удаа тайлбар бичүүлсэн би болсон үйл баримтыг  бичдэг тэгэхээр та буруу бичсэн байна гэж дахин дахин бичүүлдэг байсан. Ээлжийн амралт 2010 оны 7 дугаар сарын 19-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хүртэл ээлжийн амралт би эдлээгүй түүнийгээ мөнгөөр авсан. Милл гацсан байсан учир би хаанаас хаа хүртэл явсанаа бичсэн тэрнээс нэмж бичсэн зүйл байхгүй. Шатахуун авсан баримт нь дандаа амралтын өдөр таардаг, тэгээд няравыг хүлээхгүйгээр гарын үсэг зураад дараа нь “Е” баримт авдаг байсан. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр  уулзсан. Километр зөрсөн байна аргалах арга байна уу гэхэд байхгүй лацтай учир болохгүй гэсэн би дарамт шахалт үзүүлээгүй гэв.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Зоригтыг хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ноцтой зөрчил гаргасан гэсэн байдлаар ажлаас нь халсан байдаг. Зөрчил дутагдлын асуудлыг нотлоогүй байж шийдвэр гаргасан нь маргаантай байна. Соёлбат гэж хүний шийдвэрээр машинууд явдаг байсан тэгээд Соёлбат таны милл ажиллахгүй байна гэж хэлсэн гэсэн. Мөн Б.Зоригт ажилчиддаа үүнийг яаж засах вэ гэж асууж байсан, яваагүй ажлаа явсан болгож бичсэн гэдэг хамт явсан хүмүүс нь нотолдог. Километрээ нэмж бичсэн гэдэг авсан бензин нь явсан километрээсээ дутах гээд байсан болохоор бензин километр хоёроо тааруулах гээд замын хуудас бичиж өгсөн гэдэг. Мөн Б.Зоригтыг ажлаас халахаас өмнө зар тавьсан, одоо Зоригтын машиныг өөр таньдаг хүнээ авч ажиллуулж байдаг гэдэг нь гэрчийн мэдүүлгээс харагддаг гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Саруул шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Б.Зоригт нь 3 удаа шүүхэд худал мэдүүлэг өгч өөрийнхөө гарын үсгийг миний гарын үсэг биш гэж хэлдэг байсан, шинжээч томилж гарын үсэг нь мөн байна гэсэн дүгнэлт гарч нэг удаа шүүх хуралдаан хойшлогдсон. Тэгээд янз янзын шалтгаан гаргаж хурал хойшлуулдаг байсан.  Гадаадын байгууллагад ажиллаж байгаа гээд хулгай хийж болно гэсэн асуудал биш шүүх хурал 4 удаа хурал хойшлуулсан нь Зоригт нь дандаа үндэслэлгүй юм ярьдаг байсан. Бид ажилчиддаа илүү цагын мөнгө өгдөг мөн байгууллагын хувьд дунджаас дээгүүр цалинтай ажиллуулдаг. Километр нэмж орж ирдэг нь цэвэр шуналын асуудал, тэгээд энийг янзал гэж удирдлага болон ажилчидаа би хөвсгөл нутгийн хүн болгоомжтой яваарай гэж дарамталдаг. Соёлбатын өгсөн мэдүүлэгт сүүлд километр нэмсэн гэдгийг нь баталсан. Сүүлд 3 жолооч ажилд авсан гэж шүүх хурал болгон дээр ярьж байна. Зоригтын оронд нь авсан хүнийг бид сонгон шалгаруулж авсан тэрнээс манай дүү биш. Сая нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт нь замын хуудас нь одоо-метр 2 зөрсөн гэж өөрөө хүлээн зөвшөөрдөг мөн бичгээр хүртэл бичсэн байдаг. Бид хийсэн хурлаа хурлын дараа танилцуулдаг учир бичлэг хийж протокол хөтөлдөг, өөрийнхөө хийсэн үйлдэлийг хийгээгүй мэтээр бусдыг гүтгэдэг, энэ бүгд нь бүгдээрээ баримтаар нотлогдож байдаг. 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баттулгатай хийсэн ярилцлага дээр Зоригт нь Сандагт милний гол болохгүй байна янзлаад өгөөч гэж хэлсэн гэж ярьж өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Одоо хуйвалдаад ажлаас халсан байна гэж яриад байна.

            Мөн Зоригт нь хийсэн үйлдлийнхээ зүйлийг тойрч яриад байна. Манай компанид 140 гаруй хүн ажил эрхэлдэг эдгээр хүмүүс хөдөлмөрийн гэрээгээр харилцаагаа зохицуулдаг байсан одоо хөдөлмөрийн гэрээгээ мэдэхгүй би гарын үсэг зураагүй гэж байна. Манайх 9  жолоочтой илүү цагийн мөнгө, ээлжийн амралтын тухай яриагүй бид тохирсон хөлсийг өгдөг, тухтай байлгадаг, аюулгүй ажиллагааны хангалттай орчин бүрдүүлж байхад, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдсэн нь ноцтой зөрчил, энэ нь илүү шунахай сэдэлтэй гэж бодож байна. Лацтай байсан ч би цээжээрээ бичнэ гэж бичээд тэрийгээ засах гэж байгаа нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргачхаад одоо намайг санаатай халах гэсэн гэж ярьж байгаа нь зохимжгүй байна. Зоригт нь ер нь их дээрэнгүй одоо буцаж ажилдаа ороод дүрэм журмаа мэдэхгүй байж яаж ажиллах талаар гайхаж байна. Бид настай жолооч нараа их дэмждэг тэгтэл замын хуудсыг нэмж хассан гэж яриад байдаг, эрх үүргээ ойлгоод явахыг шаардаж байсан үүнийгээ зөрчсөн учраас ажлаас нь халсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Зоригт нь стометрийн заалт зөрсөн гэж мөн өөрөө гарын үсэг зурсан баримт нь байдаг. Ажилтан бол ажил олгогчийн тогтоосон зүйлийн дагуу ажиллах ёстой байхад энэ хүн өөрийн үүргээ илтэд үгүйсгэж цээжний пангаар бичсэн гэж байна. Мөн нэмж бичсэнээ өөрөө хүлээж гарын үсэг зурсан, милл ажиллахгүй гэдгийг 1  хүн нотолсон, гаргасан зөрчил дээр сахилгын арган хэмжээг цалингийн 20%-иар бууруулах гэж байхад энэ хугацаанд гүтгэх, дарамтлах, нуун дарагдуулах гэсэн зөрчил ар араасаа гарч ирсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлнэ гэдэг өөрөө хууль бус,  мөн байнгын илүү бичдэг байсан нь бас нотлогдож байдаг лац хийсний дараа түүнийг янзалж илүү бичсэн үйлдэл нь энэ хүн өмнөх буруу үлгэр дуурайлалаасаа салаагүй байна. Хөдөлмөрийн чадварын зөрчлийг 2 удаа гаргасан бол тус тусд нь тогтоогоод 1 арга хэмжээ авч болдог. Эхний зөрчилд ажлаас халах санал байсан тэгтэл дахин зөрчил гаргасан нь ажлаас халах үндэслэл болсон. Хөдөлмөрийн гэрээний 16.4.4, 16.4.9-д заасан зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа, “Е” баримт нь 190 литр шатахуун авч байсан нь банканд багтахгүй гэдгээрээ нотлогдож байгаа, энэ хүн дандаа амралтын өдөр таардаг гэж хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хууль бус юм хийлгэх гээд даргадаа хүсэлт хүртэл тавьсан байна. Би бөө энэ тэр гэж бас дарамталсан гэдэг,  хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг давтан гаргасан гэдэг нь ажлаас чөлөөлөх үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Зоригт нь “Хүннү ресурсес” ХХК-д холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 33 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Хүннү Ресурсус ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

.

Нэхэмжлэгч Б.Зоригт нь “Хүннү ресурсес” ХХК-д 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан жолоочоор ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар болон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажилтны нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

“Хүннү ресурсес” ХХК-ийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 33 тоот  тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 16.1.4, 16.4.4, 16.4.9 дахь заалтуудыг баримтлан захиргааны санаачилгаар УНН 49-25 улсын дугаартай Ланд крузер 76 автомашины замын хуудас, томилолтоор явсан үеийн километрийн бүртгэл тооцоог хуурамчаар хөтөлж, шатахуун авсан баримтуудыг бусдаас хууль бусаар цуглуулан авч улмаар тээвэрт ашигласан мэтээр компанийн удирдлага  болон харьяалагдах албан тушаалтандаа худал ярьж, худал мэдээлэл өгч улмаар шууд удирдлагаасаа өөрийн гаргасан хууль бус үйлдлээ нуун дарагдуулж, засаж янзлах талаар бусдад дарамт шахалт үзүүлж, мөн хээрийн ажилд хамт явсан ажилтны хийгээгүй үйлдлийг хийсэн мэтээр гүтгэсэн зэргээр сахилгын ноцтой зөрчил удаа дараа гаргасан үндэслэл зааж Б.Зоригттой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч ажлаас халсан тухай 2016 оны 5 дүгээр сарын 12-ны өдрийн №33 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.

 

 Зохигчид 2016 оны 3 дугаар сарын 07-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хувьд маргаагүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

 

Мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т “ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж оногдуулна”, 131.1.3-т “ажлаас халах” гэсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг удаа дараа сахилгын зөрчил гаргасан, уг зөрчилд заавал сахилгын арга хэмжээ ногдуулсан байхыг шаардахгүй гэж, нэхэмжлэгч нь зөрчил гаргаагүй, хурлаар ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаагүй, ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь тогтоогдоогүй гэж маргасан.

 

Хариуцагч нь зөрчилд заавал сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй гэж маргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, мөн компанийн дотоод журамд “сахилгын шийтгэлийг гүйцэтгэх захирлын тушаалаар ногдуулна” гэж заасан байх бөгөөд хэрвээ сахилгын арга хэмжээ авагдсан бол энэ тухайгаа ажилтанд мэдэгдэж, ямар нэгэн эрхийн акт гаргах нь ажилтан оногдуулсан шийтгэлийг хууль бус хэмээн эрхээ хамгаалахаар гомдол гаргах эрхээ эдлэх нөхцөл бүрдэх юм.

 

Иймд тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 33 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилагаар цуцлахаар заасан бөгөөд ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж, тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч байгууллага нь тушаалын үндэслэлээ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 16.1.4, 16.4.4, 16.4.9 дахь заалтуудыг баримтлан захиргааны санаачилгаар УНН 49-25 улсын дугаартай Ланд крузер 76 автомашины замын хуудас, томилолтоор явсан үеийн километрийн бүртгэл тооцоог хуурамчаар хөтөлж, шатахуун авсан баримтуудыг бусдаас хууль бусаар цуглуулан авч улмаар тээвэрт ашигласан мэтээр компаний удирдлага  болон харьяалагдах албан тушаалтандаа худал ярьж, худал мэдээлэл өгч улмаар шууд удирдлагаасаа өөрийн гаргасан хууль бус үйлдлээ нуун дарагдуулж, засаж янзлах талаар бусдад дарамт шахалт үзүүлж, мөн хээрийн ажилд хамт явсан ажилтны хийгээгүй үйлдлийг хийсэн мэтээр гүтгэсэн зэргээр сахилгын ноцтой зөрчил удаа дараа гаргасан үндэслэл зааж, шүүхэд тайлбарыг гаргаж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, тээврийн хэрэгсэл ашиглах тухай журам, сахилгын шийтгэлийн хуудас /хх-68х, 84х, 227х/  зэргийг нотлох баримтаар гаргажээ.

 

Эдгээр баримтуудад Б.Зоригтын гаргасан гэх зөрчлийн талаарх баримт авагдаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг хариуцагч байгууллага баримтаар нотолж чадаагүй,  удаа дараа, давтан сахилгын шийтгэл хүлээсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан сахилгын шийтгэлийн хуудас гэх баримтанд хариуцагч “Хүннү Ресурсес” ХХК нь Б.Зоригтыг зөрчил гаргасан гэж шийдчихээд дараа нь сахилгын шийтгэл оногдуулсан зүйл биш энэ бол зөрчил тогтоосон баримт гэж шүүх хуралдаан дээр маргаж байгаа, уг баримт дээр ямар арга хэмжээ авсан нь ойлгомжгүй, зөрчлийн талаар ямар арга хэмжээ авсныг Б.Зоригтод танилцуулаагүй, хариуцагчаас гэм буруугаа хүлээгээгүй учраас ажлаас халах шийтгэл оногдуулсан гэж маргаж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй  байна./хх-89, 41х, 227х/

 

Нөгөөтэйгүүр 2016 оны 5 дугаар сарын 12 өдрийн 33 тоот “Хүннү ресурсес” ХХК-ийн захирлын тушаалын үндэслэл болж байгаа хөдөлмөрийн гэрээний 16.4.4-д заасан “...компанийн эд хөрөнгийг санаатай эвдэн сүйтгэсэн, итгэл эвдэж, залилан мэхэлсэн ашиг сонирхолын зөрчлийн улмаас компанид хохирол учруулсан...” 16.4.9-д заасан “...бусад ажилтныг биеийн хүчээр дарамтлах, хууль бус үйлдэл хийлгэх зорилгоор хүсэлт шаардлага тавих, дарамт шахалт үзүүлэх, эсвэл ажилтны нэр хүндийг гутаан доромжлох зэргээр хүний эрх, эрх чөлөөнд халдсан... “  гэсэн заалтуудыг зөрчсөн гэж хариуцагч тайлбарласан боловч нэхэмжлэгчид дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж 2016 оны 4 дүгээр сарын 20-ний хурлаар ямар нэгэн арга хэмжээ авагдсан болох нь нотлогдохгүй, хавтаст хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбар, мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдохгүй, шүүх хуралдаан дээрх тайлбар, мэдүүлэг нь зөрүүтэй байна.

 

Шүүх хөдөлмөрийн гэрээний 16.4.4-д заасан “...компанийн эд хөрөнгийг санаатай эвдэн сүйтгэсэн, итгэл эвдэж, залилан мэхэлсэн ашиг сонирхолын зөрчлийн улмаас компанид хохирол учруулсан...” 16.4.9-д заасан “...бусад ажилтныг биеийн хүчээр дарамтлах, хууль бус үйлдэл хийлгэх зорилгоор хүсэлт шаардлага тавих, дарамт шахалт үзүүлэх, эсвэл ажилтны нэр хүндийг гутаан доромжлох зэргээр хүний эрх, эрх чөлөөнд халдсан гэх  үндэслэл тогтоогдохгүй, дээрх заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл хурлын тэмдэглэлд Б.Зоригтод арга хэмжээ авах талаар ярилцсан боловч түүнд хөдөлмөрийн гэрээний заалт, эд хөрөнгийн хариуцлагын гэрээний холбогдох заалтуудыг уншиж танилцуулах, гуравдагч этгээдээр шалгуулахаар шийдвэрлэсэн, цаашид байгууллагын үйл ажиллагаанд хэвийн оролцож, албан тушаал ажил үүргээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

 Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлдээ 2015 оны 09 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 09 дугаар сарын 25-ны өдрийн хооронд ажилласан 1 жилийн ээлжийн амралтын мөнгө болох 24 хоног буюу 687 700 төгрөг нэхэмжилснийг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч уг ээлжийн амралтын мөнгө олгосон баримтаар олгогдсон байх тул энэ шаардлагаасаа татгалзаж байна гэснийг, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хөдөлгүүр оношлогооны хуудас гэх баримтыг машины милний гол салсан тохиолдолд километрийн буюу хянахын зүү ажилладаггүй юмаа гэдгийг нотлох зорилгоор баримт өгснийг шүүх энэ хэрэгт хамааралгүй, үнэлж дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Б.Зоригтыг ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байх ба нэхэмжлэгч Б.Зоригтын ажилгүй байсан 2016 оны 5 дугаар сарын 12-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдөр хүртэлх 8 сар 19 хоногийн олговор  7 912 893 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Зоригт цалинг нийгмийн даатгал, Монгол улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 883 887 /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар/ төгрөгийн цалин авсан байх ба 188 өдрийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 7 912 893 төгрөгөөр тооцож, өдрийн 42 089*188 хоног= 7 912 893 төгрөг  тогтоосон ба нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т  “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Иймд нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагч “Хүннү ресурсес” ХХК-д үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Их мэргэд овогтой Базаргүрийн Зоригтыг “Хүннү ресурсес” ХХК-д жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 7 912 893 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Зоригтийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Хүннү ресурсес”  ХХК-д үүрэг болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дунаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч   улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  хариуцагч “Хүннү ресурсес”  ХХК-аас 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                                                      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.РЕНЧЕНХОРОЛ