Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
Хэргийн индекс | 183/2017/00083/И |
Дугаар | 183/ШШ2017/00299 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2017/00299
2017 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 183/ШШ2017/00299 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Буянт-Ухаа наадамчдын зам гудамж, 709-р байрны 4 тоотод оршин суух, эрэгтэй, /РД-ЗЮ85122819/, Харчин овогт Эрдэнэболдын Ууганбаатарт холбогдох,
Үйлчилгээний төлбөр 118 392 төгрөг, нотариатын зардалд 8 000 төгрөг, нийт 126 392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 26 өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 02 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Э.Ууганбаатараас 90071018, 90081018 дугааруудын үйлчилгээний төлбөрт 118 392 төгрөг, нотариатын зардалд 8 000 төгрөг, нийт 126 392 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Э.Ууганбаатар нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 10 сарын 02 өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган, гэрээ байгуулж дараа төлбөрт ВС30К үйлчилгээний 90071018, 90081018 дугаарын эзэмшигч болсон. Э.Ууганбаатар нь гэрээний үүргээ үл биелүүлэн 2014 оны 12 сарын байдлаар 90071018 дугаарын үйлчилгээний төлбөр 107 078 төгрөг, 90081018 дугаарын үйлчилгээний төлбөрт 111 314 төгрөг, нийт 218 392 төгрөгийг төлөхгүй байгаа тул үйлчилгээг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.7-д заасны дагуу хаасан. Бид төлбөрөө төлөхийг сануулан мэдэгдэл өгч байсан боловч төлөөгүй. Иймд Э.Ууганбаатараас үйлчилгээний төлбөр 218 392 төгрөг үүнээс гэрээний 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу хоёр дугаарын нийт 100 000 төгрөгний барьцааг хасч үлдэгдэл 118 392 төгрөг, нотариатын зардалд 8 000 төгрөг, нийт 126 392 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Ууганбаатар миний бие нь “Скайтел” ХХК-аас нэхэмжилсэн 126 392 төгрөгийг 2017 оны 01 сарын 30 өдөр төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн дараа төлбөрт үйлчилгээний төлбөр болон нотариатын зардалд нийт 126 392 төгрөгийг хариуцагч Э.Ууганбаатар 2017 оны 01 сарын 30 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг улсын орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349тоот данснаас 2275 төгрөгийг, хариуцагчаас 2275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Үүрэн холбооны 90071018, 90081018 дугаарын үйлчилгээний төлбөр болон нотариатын зардал 8 000 төгрөг, нийт 126 392 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Ууганбаатар 2017 оны 01 сарын 30 өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг улсын орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 2275 төгрөгийг, хариуцагчаас 2275 төгрөгийгтус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ