Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 431

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Бдаргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” хоршоо               

Хариуцагч: БОАЖЯ ХБОБНУГД

            Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын “Б” хоршооны барагшун экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Б” хоршооны хууль ёсны дагуу бэлтгэсэн 150 тонн барагшуныг экспортлох зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” хоршоо нь 2016.10.18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргатай Амьтны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу 150 тн амьтны гаралтай түүхий эд болох барагшун түүж бэлтгэх гэрээ хийж, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дүгээр зүйлийн “м”, “н”-д заасны дагуу Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаас тус сумын Уушигтын улаан уулын нутаг дэвсгэрт 150 тн барагшун түүж бэлтгэхийг зөвшөөрсөн 2016.10.18-ны өдрийн А/149 тоот захирамжийн дагуу зохих төлбөрийг төлж хууль ёсны дагуу 150 тн барагшун түүж бэлтгэсэн.

“Б” хоршоо нь хууль ёсны дагуу 150 тн барагшунаа экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдлөө шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэн БОАЖЯ ХБОБНУГДд 2017.03.31-ний өдөр гаргасан.

2017.04.14-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/86 тоот “Барагшун түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай” тушаал гарсан. Уг тушаалын дагуу 2017.04.17-ны өдөр нэр бүхий 10 аж ахуй нэгжид барагшун гадаадад гаргахыг хориглосон шийдвэрийг хүргүүлсэн байдаг ба эдргээр аж ахуй нэгж дунд манай хоршооны нэр байдаггүй. Мэргэжилтнүүдээс асуухад зөвшөөрөл гарсан аж ахуй нэгжийн дунд танай нэр байсан гэдэг.

Ингээд удаа дараа БОАЖЯ ХБОБНУГД Нямдаваатай уулзахад “Судлаад хариу өгье” гээд одоо болтол ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Бид Энэтхэг улсын S.K.TRADING компанитай барагшун нийлүүлэх гэрээ хийсэн байсан ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажилтнуудын хариуцлагагүй байдлын улмаас хууль ёсны дагуу бэлтгэсэн барагшунаа экспортлож чадахгүй өдийг хүрлээ.

Энэ эс үйлдэхүйн улмаас манай хоршооны эргэлтийн 150,000 ам.долларын хөрөнгө бүтэн жилийн хугацаанд гацаад байгаа ба одоогоор манай хоршоо Олон улсын тээвэр зуучлалын төвд барагшун хадгалалтын зардалд 5 сая төгрөг төлөөд байгаа. Хадгалалтын зардалд бид сарын 1,560,000 төгрөг төлж байгаа ба хадгалалтын зардлын төлбөрийн өр 592,000 төгрөг болоод байгаа болно.

Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг гадаадад гаргах зөвшөөрлийг материалыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт олгоно гэсэн журамтай байдаг бөгөөд манай хоршооны зөвшөөрөл 2017.04.14-ны өдөр гаргах ёстой байсан ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/86 тоот “Барагшун түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай” тушаал 2017.04.14-ний өдөр гарсан. Барагшун гадаадад гаргахыг хориглосон албан бичгийг нэр бүхий 10 аж ахуй нэгжид 2017.04.17-ны өдөр хүргүүлсэн. Үүнээс харахад манай хоршооны зөвшөөрөл тэр үедээ гарчихсан байх ёстой байсан нь тодорхой байгаа юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу БОАЖЯ ХБОБНУГДас барагшун экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Б” хоршооны хууль ёсны дагуу бэлтгэсэн 150 тн барагшунг Энэтхэг улсад экспортлох зөвшөөрөл олгохыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар МУИС-ын Биологийн факультет Монгол алтай барагшуны тархац, гарал үүсэл, химийн бүрдлийн судалгааг 2009 онд хийж тайланг захиалагчид хүлээлгэн өгсөн. Дээрх судалгааны тайлангийн 19 дүгээр хуудасны дүгнэлтэд Монгол Алтайн барагшун бол Барагчин төрлийн оготны төрлийн ялгадасны олон жилийн хуримтлалаас биологийн болон орчны хүчин зүйлийн нөлөөгөөр бүрэлдэн тогтсон байгалийн эрдэс хуримтлал, Монгол Алтайн барагшуны нөөц төдийлөн их биш байгаа төдийгүй түүнийг ямар хулгана, оготны баас, өтөг хөрзөн мэтээр ач холбогдлыг бууруулах явдал байгааг таслан зогсоох шаардлагатай. Барагшун үүсэн бүрэлдэх үйл явц нь жарнаас хэдэн мянган жилээр үргэлжлэх учраас байгаа бага нөөцөө цөлмөн гадаадад түүхийгээр худалдаалахыг зогсоох нь зүйтэй. Одоогоор барагшуныг олборлон экспортлохоор мэдүүлж байгаа тоо хэмжээ нь Монгол Алтайн барагшуныг 1-2 жилд нөөцгүйгээр бүрмөсөн ашиглах хэмжээ юм. Иймд байгалийн нөөц баялагийнх нь хувьд ашиглалтын төрийн бодлого шаардлагатай. Барагшун нь байгалийн чанараараа юугаар ч орлогдошгүй байгалийн үнэ цэнэтэй эрдэс баялаг  болохоор түүнийг үндэсний баялагт зүй ёсоор тооцох учиртай зэрэг дүгнэлтийг хийсэн байдаг.
  2. Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Тавин ус, Монос групп, Мон Энзим ХХК, Барагшун Фарм, БЭЦ БАУН ХХК, САУАП ХХК гэх мэт 10 гаруй аж ахуй нэгж байгууллага байгалийн барагшуныг боловсруулж 8 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд тус яаманд дээрх аж ахуй нэгж, байгууллагуудаас Энэтхэг, ОХУ зэрэг орнуудад барагшуны олдоц ихэд барагдаж, манай улсаас экспортлох хүсэлт их ирж байгаатай холбоотойгоор нөөц ихээхэн хэмжээгээр хомсдож байгаа талаарх мэдээлэл ирүүлж, барагшуныг цаашид гадаад улсад гаргахыг хориглох хүсэлтийг ирүүлсэн. Монгол Алтайн барагшуныг судалсан судалгаа, барагшуны нөөцийн хомсдол, дээрх байгууллагуудаас ирүүлсэн хүсэлт зэргийг харгалзан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 2 сарын 25-ны өдрийн А/61 тоот тушаалаар түүхий барагшуныг 5 жилийн хугацаагаар экспортлохыг хориглосон. Энэ тушаалыг 2016 оны 4 сарын 18-ны өдрийн А-121 тоот тушаалаар хүчингүй болгосон. Зөвхөн 2016 онд 2335 тн түүхий барагшуныг гадаадад гаргасан. Энэхүү гадаадад гаргасан 2335 тн түүхий барагшуныг улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнэд улсын төсөвт 3,350,000 төгрөгийн орлого орсон бол дэлхийн зах зээлд 1 кг барагшуны түүхий эдийг 1 ам.доллараар худалдаалдаг, эм эмийн бүтээгдэхүүн, нэмэлт тэжээл үнэ гэхэд 37-250 ам.доллар хүрдэг байна.

Урт хугацааны туршид байгалийн үзэгдлийн хувьсац өөрчлөлтөөр хуримтлагдан бий болдог, удаан нөхөгдөж нөөцлөгддөг байгалийн барагшуны түүхий эдийг боловсруулалт хийхгүйгээр тооцоо судалгаа муутай экспортод гаргаж байгаа нь ашиглах нөөцгүй болгох өндөр эрсдлийг дагуулдаг. Энэ үнэт түүхий эдийг зөвхөн дотоодын хэрэгцээнд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зохистой ашиглах бодлогыг баримтлах нь зүйтэй гэж тус яамнаас үзсэн. Иймээс БОАЖЯ-ны зүгээс боловсруулаагүй түүхий барагшуныг гадаадад экспортлохыг хориглох тал дээр анхаарч ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч, 2017 оны 4 сарын 11-ний өдрийн БОАЖ-ын сайдын зөвлөлийн хурлаар хориглох шийдвэр гарсан. Зөвлөлийн хуралдааны шийдвэрийн дагуу БОАЖ-ын сайдын 2017.04.14-ний өдрийн “Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай” А/86 дугаар тушаал гарсан. Дараагаар нь “Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай” 2017 оны А/86 дугаар тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж 2017 оны 7 сарын 04-ний өдрийн 3752 дугаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн болно.

Харин барагшуныг хориглох тушаал гарахаас өмнө барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсэн 3 байгууллага, шинээр зөвшөөрөл авах хүсэлт ирүүлсэн 10 байгууллагын хүсэлтийг үндэслэн 2017.05.15-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн хуралдааныг хийж 13 аж ахуй нэгж байгууллагын талаарх мэдээлэлтэй танилцан дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:

  1. Өмнө зөвшөөрөл олгогдон хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжийн зөвшөөрлийн хугацааг сунгах
  2. “Барагшуныг түүхийгээр гадаадад гаргахыг түр хугацаагаар хориглох тухай“ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/86 дугаар тушаал гарахаас өмнө барагшуныг түүж бэлтгэн, гадаад улсад гаргах хүсэлт ирүүлсэн нэр бүхий аж ахуй нэгжийн түүж бэлтгээд байгаа барагшуны бодит хэмжээг цагдаагийн байгууллагаар тогтоолгох
  3. Шинээр зөвшөөрөл авах хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгж, байгууллагын бэлтгэсэн барагшуныг тогтоосны дагуу экспортод гаргах зөвшөөрөл олгох хэмжээ нь анх хүсэлт гаргасан нийт хэмжээний 50 хувиас ихгүй байхаар шийдэх зэрэг болно.

                  Дээрх хуралдааны шийдвэрийн дагуу тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын 2017 оны 5 сарын 17-ны өдрийн 06/2924 дүгээр албан бичгээр ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст барагшуныг орон нутагт түүсэн бодит хэмжээг тогтоолгох хүсэлтийг хүргүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны 2017 оны 6 сарын 06-ны өдрийн 11/5-3677 дугаар албан бичгээр орон нутагт түүж бэлтгэсэн барагшуны хэмжээг ирүүлсэн. Тус бичигт “Одоогийн байдлаар ... Б хоршоо”-ийн агуулахад барагшун хадгалагдаагүй байгаа талаар дурдсан байдаг.

  1. Б хоршооноос анх тус яаманд 2017 оны 3 сарын 31-нд албан бичгээр амьтан тэдгээрийн гаралтай эд зүйл гадаад улсад гаргах зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг 1 хуудас, орос хэл дээр бичигдсэн гэрээ 3 хуудас, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын захирамж 1 хуудас, Б хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ 2 хуудас, нийт 7 хуудас материалыг ирүүлсэн.

                   Амьтныг амьдаар нь болон амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах, гадаад улсаас оруулах журмын 2.4-т Амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах, гадаад улсаас оруулах, дамжуулан өнгөрүүлэх иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь төрийн захиргааны төв байгууллагад албан ёсоор хүсэлтээ гаргана, 2.5-д Хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийн холбогдох хэсгийг хамт бүрдүүлнэ. Үүнд: 2.5.1-д иргэний үнэмлэх, аж ахуй нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2.5.3. Үйлдвэрлэлийн зориулалтаар агнаж, барих гэрээний хуулбар, 2.5.4. амьтан, ургамал, тэдгээрийн гарал үүслийн тодорхойлолт, зүүлт, 2.5.5. амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах, гадаад улсаас оруулах талаар хүлээн авагч болон нийлүүлэгч талтай байгуулсан гэрээний хувь, 2.5.6. амьтны түүхий эдийг худалдан авсан бол төлбөрийн баримт, 2.5.7. амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах, гадаад улсаас оруулах талаар хүлээн авагч болон нийлүүлэгч талтай байгуулсан гэрээний хувь, 2.5.8. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2.5.9. зөвшөөрлийн гэрээний үнэ төлсөн баримт зэргийг бүрдүүлэхээр заасан байдаг. Харин Б хоршооны ирүүлсэн материалд дээрх журмын 2.5.3 гэрээ, 2.5.4 тодорхойлолт, 2.5.8 төлбөр төлсөн баримт зэргийг хавсаргаагүй байсан. Тус компанийг мөн бусад 9 компанитай адил бичиг баримтын бүрдлийг хангах замаар компанийг төлөөлөн ирсэн Жанар, Жансери нарт хэлж байсан бөгөөд тус компани дутуу материалыг 2017 оны 11 сард ирүүлсэн байдаг.

                   Тус компаниас 2017 оны 3 сарын 31-ний өдрийн дугаар бүхий албан бичгийг тус яамны бичиг хэрэгт 2017 оны 4 сарын 06-ны өдөр бүртгүүлсэн 2018 оны 2 сарын 21-ний өдрийн 16 дугаар албан тоотоор барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг хүссэн албан бичиг, 2018 оны 5 сарын 02-ны өдрийн 1/27 дугаар албан бичгээр тус тус хүсэлтийг ирүүлсэн болно. Дээрх албан бичгийн хариуд тус яамнаас 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 06/546, 5 сарын 02-ны өдрийн 06/2873 дугаар албан бичгээр зөвшөөрөл олгох боломжгүй талаар тус тус мэдэгдсэн, тус захирал Жансери, Жанар нарт амаар мэдэгдэж байсан болно.

  1. Б хоршооны ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын байгаль хамгаалагч Ж.Е-ын 2017 оны 10 сарын 23-ны өдөр гаргасан албан тодорхойлолтод түүж бэлтгэсэн хэмжээ тодорхойгүй, хэмжээг хоосон үлдээсэн, Б хоршооноос Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын түгээмэл тархацын нөөцийн төлбөрт төлсөн 2017 оны 10 сарын 23-ны өдрийн Хаан банкны төлбөрийн баримтад барагшуны хэмжээг 75 гэж гараар зассан, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга К.Е-тай хийсэн Амьтны гаралтай түүхий эд болох барагшуныг түүж бэлтгэх гэрээ нь дугаар байхгүй, 2016 оны 10 сарын 18-ны өдөр гэсэн байх боловч гэрээний 3.2 дахь хэсэгт “Барагшун түүж бэлтгэсний төлбөрийг Баяннуур сумын орон нутгийн орлогын 100020300948 тоот дансанд гэрээ хүчин төгөлдөр болж барагшуныг бэлтгэсний дараа 14 хоногийн дотор буюу 2017 оны 11 сарын 01-ний дотор төлж барагдуулна” гэж заасан тул гэрээг 2017 оны 10 дугаар сарын 18-нд хийсэн байж болзошгүй зэрэг бичиг баримтын зөрчилтэй байсан болно.

Иймд дээр дурдсан барагшун түүж бэлтгээгүй талаарх цагдаагийн байгууллагын албан бичиг, амьтныг амьдаар нь болон амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах, гадаад улсаас оруулах журмын 2.5.8, 2.5.3, 2.5.4 зэрэг материалын бүрдэл дутуу, тодорхой хугацаагаар материалыг бүрдүүлэхээр боломж олгосон боловч материалын бүрдлийг бүрэн хангаагүй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/86 дугаар тушаал зэрэг үндэслэл, шалтгааны дагуу Б хоршоонд зөвшөөрлийг олгоогүй болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт Б хоршооноос барагшун экспортлох тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд холбогдох ажилтанд уг асуудлыг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээлгэн өгсөн байдаг.

Бид хүсэлт гаргаж байхын хажуугаар олон компани  хүсэлтээ илэрхийлсэн байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/86 тоот тушаал гарч Барагшун түүж бэлтгэж экспортлохыг түр хугацаагаар хориглосон. Энэ тушаалтай холбогдуулан тухайн үед тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдүүдэд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх тайлбар албан бичгээр өгсөн. Манайд хуульд заасан хугацааны дотор ямар нэгэн хариу албан бичиг ирж байгаагүй. Дээрх хүсэлт гаргасан компаниудад 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 06/2163 гэсэн албан бичгээр хариу өгсөн.

Амьтныг амьдаар нь болон амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах болон гадаад улсад оруулах тухай журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “...амьтныг амьдаар нь болон амьтны гаралтай түүхий эд судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах болон гадаад улсаас оруулах иргэн, аж ахуйн нэгж мэргэжлийн болон судалгааны байгууллагын үндэслэлийг хүлээн авсан албан тушаалтанд ажлын 10 хоногт багтаан хүсэлтийг шийдвэрлэж, зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж асуудлаа шийдвэрлүүлнэ” гэсэн байдаг. Гэтэл хариуцагч байгууллагын шийдвэр хамааралтай байгаа боловч удирдлагын газар энэ талаар ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд энэ асуудлаар дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн зүйл байдаггүй. Иймээс хуулийн хугацаандаа зөвшөөрөл олгоогүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйгээс болж нэхэмжлэгч их хэмжээний хохирол амсаж байгаа. Жишээлбэл тухайн компани 150.000 долларын хөрөнгөө барагшун болгож, Олон улсын тээвэр зуучийн газарт сарын 3 сая төгрөгийн түрээстэйгээр хадгалуулж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Мөн хариуцагчаас хэрэгт бичгээр гаргаж өгсөн тайлбараас үзэхэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т барагшуны нөөцийг жил болгон тогтоож, үүнтэйгээ холбоотойгоор уг бүтээгдэхүүнийг түүж бэлтгэх боломжтой эсэхийг хориглох эсэхээ шийдвэрлэдэг. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаал 2009 оны судалгааг үндэслэж гарсан тушаал. Мөн барагшуны нөөц нь багасаж байгаа тул дээрх байгууллагуудаас хүсэлт ирсний дагуу хориг тавьж байна гэсэн тушаал гаргасан байдаг. Гэтэл дээрх аж ахуйн нэгжүүд барагшуныг түүж бэлтгэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулдаг. Иймээс өөрсдийн эрх ашиг сонирхолд тулгуурлан өөрсдийн эрх ашиг тулгуурлан хүсэлтээ гаргаж тайлбар хийсэн байдаг. Энэ нь тушаалын үндэслэл болохгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар хууль бус гарсан шийдвэр нь хууль бус байх учир 2009 оны судалгааг үндэслэж тушаал гаргасан нь үндэслэлгүй.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтоор нэхэмжлэгчийн агуулахад барагшун хадгалагдаагүй байна гэж тайлбарт дурдсан байдаг. Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын тус албан бичиг нь 2017 оны 07 дугаар сарын албан бичиг байсан. Цагдаагийн ерөнхий газраас ямар журмаар шалгаж тогтоосон нь тодорхойгүй бөгөөд манайд ямар нэгэн шалгалт хийгээгүй байж агуулахад барагшун байхгүй гэсэн бичиг явуулсан байдаг. Үүний дагуу Цагдаагийн ерөнхий газарт очиж уулзахад 2018 оны 01 дүгээр сарын 12-нд үзээд ийм бичиг хийж өгсөн гэж тайлбар хийдэг. Гэтэл үүнээс үүдэн манай агуулахад барагшун байгаагүй мэтээр ойлгогдож байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлэх тохиолдол үүсэж шийдвэрлэгдсэн тохиолдолд манайхаас шийдвэрийг биелүүлэх боломжгүй. Учир нь манайд ирүүлсэн материалууд дутуу болон эргэлзээтэй зүйл их байгаа. Мөн Цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор Баян-Өлгий аймагт агуулах байсан юм шиг атлаа Улаанбаатар хотод байгаа гэж тайлбар хийж байгаа нь эргэлзээ үүсгэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нь шүүх хуралдаанд “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын барагшун экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Б” хоршооны хууль ёсны дагуу бэлтгэсэн 150 тонн барагшунг Энэтхэг улсад экспортлох зөвшөөрөл олгохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“Б” хоршооны 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн № 2017/38 дугаартай барагшун экспортлох талаарх хүсэлтэд хариуцагч хуульд заасан хугацаанд хариу өгөлгүй, хугацаа хэтрүүлж хариу өгсөн болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” № 06/546 тоот албан бичгээр нотлогдож байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар “өмнө зөвшөөрөл олгогдон хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжийн зөвшөөрлийн хугацааг сунгах,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/86 дугаар тушаал гарахаас өмнө барагшуныг түүж бэлтгэн, гадаад улсад гаргах хүсэлт ирүүлсэн нэр бүхий аж ахуй нэгжүүдийн түүж бэлтгээд байгаа барагшуны бодит хэмжээг цагдаагийн байгууллагаар тогтоолгох арга хэмжээг авах, хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн бэлтгэсэн барагшуны хэмжээг тогтоосны дараа экспортод гаргах зөвшөөрөл олгох хэмжээ нь анх хүсэлт гаргасан нийт хэмжээний 50 хувиас ихгүй байхаар зэргээр шийдвэрлэсэн байна.

Дээрх сайдын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчид мэдэгдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн үзлэгээс үзэхэд сайдын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас ямар шийдвэр гарсныг хариуцагч нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлсэн нь нотлогдохгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа Амьтныг амьдаар нь болон амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах, гадаад улсаас оруулах журмын холбогдох заалтуудад заасан материалын бүрдэл дутуу, дутуу материалуудыг гүйцээж бүрдүүлэх хугацаа боломж олгосон боловч нэхэмжлэгч материалын бүрдлийг бүрэн хангаагүй гэсэн агуулгаар тайлбарлаж буй боловч ийнхүү материалаа гүйцэд бүрдүүлэх хугацаа, боломж олгож нэхэмжлэгчид мэдэгдэж байснаа хариуцагч нотлохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн дээр дурдсан зохицуулалтуудад захиргааны байгууллага өөрөө захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг хариуцахаар, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах, захиргааны байгууллага мэдэгдсэнээ нотлох үүрэгтэй байх агуулгаар хуульчилсан байна.

Нэхэмжлэгч “Б” хоршоо нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай” дугаар 86 тоот тушаал гарахаас өмнө барагшун экспортлох хүсэлтээ өгсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд “Б” хоршоо нь 180 сая төгрөгийн зардал гаргасан талаар тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа танилцуулж байсан болох нь тус хурлын тэмдэглэлээр[1] нотлогдож байна.

 Мөн “Б” хоршоо нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай” дугаар 86 тоот тушаал гарахаас өмнө барагшун түүж бэлтгэсэн байсан болох нь байгаль хамгаалагч Ж.Е-ын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, мөн байгаль хамгаалагч Ж.Е-ын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн № 36/115 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

“Б” хоршоо нь тодорхой хөрөнгө, зардал гарган барагшун түүж бэлтгэсэн болох нь мөнгөн шилжүүлэг /“Хаан” банк/-ийн баримт, байгаль хамгаалагч Ж.Е-ын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт,  2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Амьтны гаралтай түүхий эд болох барагшуныг түүж бэлтгэх гэрээ, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Барагшун түүж бэлтгэх тухай” дугаар А/149 тоот захирамж, шилжүүлгийн мэдээлэл /“Хаан” банк/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн № н/5-3677 тоот албан бичигт “Б” хоршоо барагшун түүж бэлтгээгүй гэсэн байх боловч уг үйл баримт нь байгаль хамгаалагч Ж.Е-ын шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн № 36/115 тоот албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд “Б” хоршоо нь 180 сая төгрөгийн зардал гаргасан талаар газрын дарга Г.Н танилцуулсан хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Дээр дурдсан хууль зүйн болон үйл баримтын үндэслэлүүдээс дүгнэн үзэхэд “Б” хоршоо нь сайдын 2017 оны дугаар 86 тоот тушаал гарахаас өмнө барагшун экспортлох хүсэлтээ өгсөн, тодорхой хөрөнгө, зардал гаргаж барагшун түүж бэлтгэсэн болох нь болон нэхэмжлэгчийн гаргасан барагшун экспортлох хүсэлтэд хариуцагч хуульд заасан хугацаанд, хуульд заасан журмын дагуу хариу өгөөгүй, хууль бус эс үйлдэхүйг гаргасан болох нь нотлогдож байх тул хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх үзлээ.

Иймд  шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын “Б” хоршооны барагшун экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Б” хоршооны хууль ёсны дагуу бэлтгэсэн 150 тонн барагшуныг экспортлох зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Б” хоршооны барагшун экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Б” хоршооны бэлтгэсэн 150 тонн барагшуныг экспортлох зөвшөөрөл олгохыг БОАЖЯ ХБОБНУГДд даалгасугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.Б


[1] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас