Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01216

 

Б ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00317 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 873 дугаар магадлалтай                                                                                                     

            Б ийн нэхэмжлэлтэй,

            “В ” ХХК-д холбогдох

             500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюунсүрэн, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяа, нарийн бичгийн дарга  Г.Наранхүү  нар оролцов.

Нэхэмжлэгч Б ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Би Солонгос Улсад суралцахаар “В ” ХХК-иар зуучлуулахаар 2017 оны 07 сарын 07-ны өдөр гэрээ байгуулж 500,000 төгрөгийг төлсөн. Тус компани надад гэрээний нэг хувь болон мөнгө төлсөн баримтыг өгөөгүй тул маргааш нь очиж “танайхаар зуучлуулахаа болилоо, мөнгөө буцааж авъя” гэхэд “өвлийн элсэлт байгаа тэнд бүртгүүлж болно” гэж хэлсэн. Дараа нь ээж Н.Эрдэнэцоож маань очиж мөнгөө буцааж авъя гэхэд өгөөгүй. 2017 оны 12 сарын 25-ны өдөр ээж Н.Эрдэнэцоож, итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюунсүрэн нар очиж “В ” ХХК-иас надтай хийсэн гэрээ, мөнгө тушаасан баримтыг авсан. Надад уг гэрээг уншуулж танилцуулаагүй, гэрээ болон мөнгө тушаасан баримтыг өгөөгүй тул энэ байгууллагад итгэх итгэл алдарсан. Миний бие үйлчилгээ аваагүй. Иймд хариуцагч “В ” ХХК-иас зуучлалын хөлсөнд төлсөн 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “В ” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. “В ” ХХК нь иргэн Б ьтай 2017 оны 07 сарын 07-ны өдөр БНСУ-д суралцуулахаар үйлчилгээний зардал төлөлтийн гэрээ байгуулсан. Тус гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар талууд гарын үсэг зурж тамга дарсан хүчин төгөлдөр хэлцэл. Уг гэрээний 4.2-т төлбөр төлөгч нь үйлчилгээний зардал төлсний дараа өөрийн хүсэлтээр суралцахаа больсон тухайгаа 5 хоногийн хугацаанд “В ” ХХК-ийн захиргаанд бичгээр мэдэгдсэн тохиолдолд үйлчилгээний зардлыг буцаан олгохгүй. Үйлчлүүлэгч Б ь үйлчилгээний хөлсийг 2017 оны 07 сарын 07-ны өдөр өгч, гэрээ байгуулагдсаны дараа 2017 оны 07 сарын 22-ны өдөр ирж суралцахаа больсон тухайгаа хэлэхэд бид өргөдлөө бичиж өгөөрэй гэж хэлсэн боловч өргөдөл бичилгүй гэрээний өөртөө үлдэх нэг хувийг орхин явсан. Үүний дараагаар 2017 оны 12 сарын 22-ны өдөр ирж төлбөрөө нэхсэн ба манай байгууллага гэрээний дагуу төлбөрийг буцаан олгоогүй. Б ь нь нэхэмжлэлдээ үйлчилгээний зардал төлөлтийн гэрээ болон төлбөр төлсөн баримтын нэг хувийг өгөөгүй би уншиж танилцаагүй гэж огт үндэслэлгүй зүйл дурдсан. Бид гэрээ байгуулахдаа гэрээний заалт бүрийг танилцуулж, Б ьд нэг хувийг өгч бүртгүүлэхээ болих тохиолдолд гэрээний дагуу шийдвэрлэхийг маш сайн тайлбарлаж өгч гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00317 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.3-т зааснаар хариуцагч “В ” ХХК-иас 400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ьд олгож, үлдэх 100,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “В ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 12,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ьд олгохоор шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 873 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох үйлчилгээний хөлс төлөлтийн гэрээ, сургууль руу явуулсан эссэ төлөвлөгөөний орчуулга, боловсролын бичиг баримтын орчуулга зэрэг нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Магадлалын Хянавал хэсэгт “...Хугацааг харилцан тохиролцоогүй бол зуучлалын гэрээг хэдийд ч дуусгавар болгож болохоор зохицуулсан тул нэхэмжлэгч гэрээг дуусгавар болгож мөн хуулийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь Иргэний хуулийн 410.3 т “хугацааг харилцан тохиролцоогүй бол гэрээг хэдийд ч дуусгавар болгох эрхтэй” гэж заасан байдаг. Энэ заалт нь талууд гэрээний хугацааг тодорхойлоогүй тохиолдолд хэрэглэгдэх заалт. Харин “В " ХХК болон Б ь нарын хооронд байгуулагдсан үйлчилгээний хөлс төлөлтийн гэрээний 4.1 болон 6-р зүйлд хугацааг тодорхой заасан байна. Тиймээс энэ хуулийн заалтыг хэрэглэх нөхцөл үүсээгүй гэж үзэж байна. Мөн талууд гэрээг цуцлах талаар гэрээнд заасан нөхцөл журмын дагуу мэдэгдэх үүрэгтэй байсан. Талуудын хооронд байгуулсан үйлчилгээний хөлс төлөлтийн гэрээний 4-р зүйлд үйлчилгээний хөлс төлөлтийг буцаан олгох тухай зохицуулсан байх бөгөөд 4.2 “төлбөр төлөгч нь үйлчилгээний зардал төлсний дараа өөрийн хүсэлтээр суралцахаа больсон тухайгаа 5 хоногийн дараах хугацаанд “В ” ХХК-ийн захиргаанд бичгээр мэдэгдэнэ.” гэж заасан бөгөөд хариуцагч Б ь нь энэ тухайгаа гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2017 оны 07 сарын 22-ны өдөр утсаар мэдэгдсэн нь гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлснээс гадна гэрээнд заасан зохих журмын дагуу мэдэгдээгүй тул нэхэмжлэгч Б ь нь хөлсөө буцаан шаардах эрхээ алдсан байна.

Магадлалын Хянавал хэсэгт "... хариуцагч тал элсэлт хийх бүх үйлчилгээ үзүүлсэн гэх боловч .... энэ үндэслэлээ баримтаар нотлоогүй..." гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан үйлчилгээний хөлс төлөлтийн гэрээний 5-р зүйлд зуучлуулагч талын хүлээх үүргийг тодорхойлсон байдаг бөгөөд энэ үйлчилгээний хөлс төлөлтийн гэрээнд заасан үйлчилгээнээс дор дурдсан үйлчилгээнүүд Үүнд:

-БНСУ-ын их дээд сургуулиудын талаар мэдээлэл өгөх, тухайн элсэгчийн сонирхсон сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх үйлчилгээ

-Төлбөр төлөгч буюу суралцагчийг БНСУ-ын их дээд сургуульд элсэн ороход шаардлагатай бичиг баримтын бүрдэлтийг хийж гүйцэтгэн элсэлт хийх үйлчилгээ.

-БНСУ-ын ЭСЯ-нд сургалтын виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэн авах

-ЭСЯ-ны бичиг баримтын орчуулга

-Анкет, Эссэ төлөвлөгөө бичих

“В ” ХХК нь гэрээнд заасан дээрхи үйлчилгээнүүдийг хийж гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байхад шүүх 5.1-т заасан үйлчилгээг үзүүлсэн гэж дүгнэн өөрийн үзэмжээр үндэслэлгүй 100,000 төгрөгөөр үнэлсэн үндэслэл нь тодорхойгүй байна. Учир нь “В ” ХХК нь гэрээнд заасан 5 үйлчилгээнээс 4 үйлчилгээ үзүүлсэн нь нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд хийж гүйцэтгээгүй үйлчилгээ нь нэхэмжлэгч Б иас шалтгаалсан асуудлаар гүйцэтгэх боломжгүй болсон болно. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн  00317 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 873 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн зуучлалын гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б ь нь хариуцагч “В ” ХХК-д холбогдуулан зуучлалын хөлсөнд төлсөн 500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчид гэрээний заалт бүрийг танилцуулсан, гэрээнд заасан хугацаанд суралцахаа болих тухайгаа бичгээр мэдэгдээгүй тул төлбөрийг буцааж олгох үндэслэлгүй гэжээ.

2017 оны 07 сарын 07-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан 17 тоот “Үйлчилгээний зардал төлөлтийн гэрээ”-нд “В ” ХХК нь БНСУ-ын их дээд сургуульд элсэн суралцах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, орчуулах, виз авахад туслалцаа үзүүлэх, улмаар БНСУ-ын холбогдох их дээд сургуультай гэрээ байгуулахад холбож өгөх, Б ь нь 500,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож, мөн өдрөө уг төлбөрийг хариуцагчид төлсөн баримт хэрэгт авагдсан, зохигчид дээрх үйл баримтын талаар маргасангүй. 

Харин нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах эрх болон хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн эсэх талаар мэтгэлцжээ. 

Зохигчдын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх тодорхойлсон нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д нийцсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний 4.1-д заасан хугацаанд гэрээ дуусгавар болгох тухай бичгээр мэдэгдээгүй учир ажлын хөлсийг шаардах эрхгүй, мөн гэрээгээр тохирсон үйлчилгээг үзүүлсэн гэж мэтгэлцэн, шүүхэд нэхэмжлэгчийн гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, бүрэн дунд боловсролын үнэмлэхний орчуулга, солонгос хэл дээр бичигдсэн анкет, эссэ гэх бичгийн баримтыг гарган өгсөн боловч тэрээр гэрээ дуусгавар болох хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний зардал хэдэн төгрөг болсон талаарх баримт өгөөгүй, талууд гэрээний 4 дэх заалтаар үйлчилгээний зардал буцаан олгох үндэслэл, нөхцлийн талаар тохирсноос зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацааг тохиролцоогүй байна. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3 дахь хэсэгт Хугацааг харилцан тохиролцоогүй бол зуучлалын гэрээг хэдийд ч дуусгавар болгож болохоор зохицуулсан тул нэхэмжлэгч гэрээг дуусгавар болгож, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан авахаар шаардах эрхтэй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

Талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд заасан ажил, үйлчилгээг мэдээлэл зөвлөгөө өгөх, шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт, орчуулгыг хийх, виз авахад туслалцаа үзүүлэх, БНСУ-ын их дээд сургуультай холбож, улмаар сургалтын гэрээ байгуулах гэх 5 багцад хувааж, хэрэгт авагдсан Б ийн бүрэн дунд боловсролын үнэмлэх, сурлагын дүнгийн хуулбар, түүний баталгаат орчуулга зэрэг баримтаар “В ” ХХК нь гэрээний 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасан зарим үйлчилгээг үзүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэж, 100,000 төгрөгийг хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний зардалд үлдээж, үлдэх 400,000 төгрөгийг хариуцагч “В ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэглэх ёстой хуулийн зөв хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00317 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 873 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч “В ” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 12,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН