Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 873

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00317 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Д-ийн, хариуцагч “ВК” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзан, гэрээгээр шилжүүлсэн 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

                                                           

   Нэхэмжлэгч Б.Д-ь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Солонгос Улсад суралцахаар “ВК” ХХК-иар зуучлуулахаар 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж 500 000 төгрөгийг төлсөн. Тус компани надад гэрээний нэг хувь болон мөнгө төлсөн баримтыг өгөөгүй тул маргааш нь очиж танайхаар зуучлуулахаа болилоо, мөнгөө буцааж авъя гэхэд өвлийн элсэлт байгаа тэнд бүртгүүлж болно гэж хэлсэн. Дараа нь ээж Н.Эрдэнэцоож маань очиж мөнгөө буцааж авъя гэхэд өгөөгүй. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ээж Н.Эрдэнэцоож, итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюунсүрэн нар очиж “ВК” ХХК-иас надтай хийсэн гэрээ, мөнгө тушаасан баримтыг авсан. Надад уг гэрээг уншуулж танилцуулаагүй, гэрээ болон мөнгө тушаасан баримтыг өгөөгүй тул энэ байгууллагад итгэх итгэл алдарсан. Миний бие үйлчилгээ аваагүй. Иймд хариуцагч “ВК” ХХК-иас зуучлалын хөлсөнд төлсөн 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч “ВК” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. “ВК” ХХК нь иргэн Б.Д-ьтай 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр БНСУ-д суралцуулахаар үйлчилгээний зардал төлөлтийн гэрээ байгуулсан. Тус гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар талууд гарын үсэг зурж тамга дарсан хүчин төгөлдөр хэлцэл. Уг гэрээний 4.2-т төлбөр төлөгч нь үйлчилгээний зардал төлсний дараа өөрийн хүсэлтээр суралцахаа больсон тухайгаа 5 хоногийн хугацаанд “ВК” ХХК-ийн захиргаанд бичгээр мэдэгдсэн тохиолдолд үйлчилгээний зардлыг буцаан олгохгүй.

   Үйлчлүүлэгч Б.Д-ь үйлчилгээний хөлсийг 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өгч, гэрээ байгуулагдсаны дараа 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ирж суралцахаа больсон тухайгаа хэлэхэд бид өргөдлөө бичиж өгөөрэй гэж хэлсэн боловч өргөдөл бичилгүй гэрээний өөртөө үлдэх нэг хувийг орхин явсан. Үүний дараагаар 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирж төлбөрөө нэхсэн ба манай байгууллага гэрээний дагуу төлбөрийг буцаан олгоогүй. Б.Д-ь нь нэхэмжлэлдээ үйлчилгээний зардал төлөлтийн гэрээ болон төлбөр төлсөн баримтын нэг хувийг өгөөгүй би уншиж танилцаагүй гэж огт үндэслэлгүй зүйл дурдсан. Бид гэрээ байгуулахдаа гэрээний заалт бүрийг танилцуулж, Б.Д-ьд нэг хувийг өгч бүртгүүлэхээ болих тохиолдолд гэрээний дагуу шийдвэрлэхийг маш сайн тайлбарлаж өгч гарын үсэг зуруулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.3-т зааснаар хариуцагч ВК ХХК-иас 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-ьд олгож, үлдэх 100 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ВК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 12 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-ьд олгохоор шийдвэрлэжээ.

       

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинзаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, үйл явдалд буруу дүгнэлт хийж, нотлох баримтыг үнэлээгүй хууль бус шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох үйлчилгээний хөлс төлөлтийн гэрээ, сургууль руу явуулсан эссэ төлөвлөгөөний орчуулга, боловсролын бичиг баримтын орчуулга зэрэг нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Шүүхийн зүгээс талуудын хооронд үүссэн гэрээний зохицуулалтыг буруу тодорхойлсон.

Учир нь талуудын хооронд байгуулсан зуучлалын гэрээний үүргийн харилцаа нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээний заалт хуульд харшлах нөхцөлгүй тул үйлчилгээний хөлс төлөлтийн гэрээний 4.2 дахь хэсэг хүчин төгөлдөр.

  Талуудын хооронд байгуулсан үйлчилгээний хөлс төлөлтийн гэрээний 4-р зүйлд үйлчилгээний хөлс төлөлтийг буцаан олгох тухай зохицуулсан бөгөөд 4.2 "төлбөр төлөгч нь үйлчилгээний зардал төлсний дараа өөрийн хүсэлтээр суралцахаа больсон тухайгаа 5 хоногийн дараах хугацаанд "ВК" ХХК-ийн захиргаанд бичгээр мэдэгдэнэ" гэж заасан бөгөөд хариуцагч Б.Д-ь нь энэ тухайгаа гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр утсаар мэдэгдсэн нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлснээс гадна зохих журмын дагуу мэдэгдээгүй тул нэхэмжлэгч нь хөлс буцаан шаардах эрхээ алдсан.

  Б.Д-ийн бүрэн дунд боловсролын үнэмлэх, сурлагын дүнгийн хуулбар, түүний баталгаат орчуулга зэрэг баримтаас үзэхэд "ВК" ХХК нь гэрээний 5-р зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасан зарим үйлчилгээг үзүүлсэн нь тогтоогдоно. Мөн
“...солонгос хэл дээр үйлдэгдсэн бичгийн нотлох баримтыг үнэлэх, улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байхаас гадна ойлгомжгүй, тодорхойгүй байна. Талуудын хооронд байгуулсан үйлчилгээний хөлс төлөлтийн гэрээний 5 дугаар зүйлд зуучлуулагч талын хүлээх үүргийг тодорхойлсон бөгөөд "ВК" ХХК нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-5.4 дэх хэсэгт заасан үйлчилгээнүүдийг гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байхад шүүх 5.1 дэх хэсэгт заасан үйлчилгээг үзүүлсэн гэж дүгнэн үндэслэлгүй 100 000 төгрөгөөр үнэлсэн үндэслэл нь тодорхойгүй. Учир нь “ВК” ХХК нь гэрээнд заасан 5 үйлчилгээнээс 4 үйлчилгээг үзүүлсэн нь нотлох баримтаар нотлогдох бөгөөд хийж гүйцэтгээгүй үйлчилгээ нь нэхэмжлэгч Б.Д-иас шалтгаалсан.

  Мөн “...Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3 дахь хэсэгт зааснаар гэрээг хэдийд ч дуусгавар болгох эрхтэй" гэсэн нь үнлэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3 дахь хэсгийг гэрээний хугацааг тодорхойлоогүй тохиолдолд хэрэглэнэ. Харин "ВК" ХХК болон Б.Д-ь нарын хооронд байгуулагдсан үйлчилгээний хөлс төлөлтийн гэрээний 4.1-т хугацааг тодорхой заасан. Тиймээс энэ хуулийн заалтыг хэрэглэх нөхцөл үүсээгүй. Талууд гэрээг цуцлах талаар гэрээнд заасан нөхцөл журмын дагуу мэдэгдэх ёстой.

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн ээж н.Эрдэнэцоожийг гэрчээр асууж байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь гэрчид хариулт зааж өгч нөлөөлсөн үйлдэл гаргаснаар шүүх хурал хууль ёсны болоогүй.

  Иймд анхан шатны шүүх хуулийн ямар заалтыг үндэслэж талуудын хоорондох гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагаас 400 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Нэхэмжлэгч Б.Д-ь шүүхэд хандан, хариуцагч “ВК” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн төлбөрт 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

            Талууд 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 17/150 дугаартай “үйлчилгээний зардал төлөлтийн гэрээ” нэртэй гэрээ байгуулсан, уг гэрээгээр хариуцагч “ВК” ХХК нь БНСУ-ын их сургуулиудын талаар мэдээлэл өгөх, тухайн элсэгчийн сонирхож буй сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөх, сургуульд элсэн ороход шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж элсэлт хийх,  суралцагчийг БНСУ-ын элчин сайдын яамнаас сургалтын шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт, орчуулгын ажлуудыг цогцоор нь гүйцэтгэх, их дээд сургуульд суралцахад нь шаардлагатай бүх төрлийн хэлцлүүдийг хийж гүйцэтгэх зэрэг үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээж, нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсоны дагуу үйлчилгээний хөлсөнд 500 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, гэрээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-5-6, 26-27 дахь тал/

            Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан гэрээний шинжийг агуулж байх тул талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх энэ харилцааг зөв тодорхойлсон байна.

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаангүй, харин гэрээнээс татгалзах эрх болон хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн эсэх талаар марган, мэтгэлцсэн.

            Талууд гэрээний 4 дэх заалтаар үйлчилгээний зардал буцаан олгох үндэслэл, нөхцлийн талаар тохирсноос зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацааг тохиролцоогүй байна. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3 дахь хэсэгт “Хугацааг харилцан тохиролцоогүй бол зуучлалын гэрээг хэдийд ч дуусгавар болгож болох”-оор зохицуулсан тул нэхэмжлэгч гэрээг дуусгавар болгож, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан авахаар шаардах эрхтэй. Шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн учир хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Хариуцагч “ВК” ХХК, нэхэмжлэгч Б.Д-ийг гэрээний 4.1-д заасан хугацаанд гэрээ дуусгавар болгох тухай бичгээр мэдэгдээгүй учир ажлын хөлсийг шаардах эрхгүй, мөн гэрээгээр тохирсон үйлчилгээг үзүүлсэн гэж мэтгэлцэн, шүүхэд нэхэмжлэгчийн гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, бүрэн дунд боловсролын үнэмлэхний орчуулга, солонгос хэл дээр бичигдсэн анкет, эссэ гэх бичгийн баримтыг гарган өгчээ. /хх 17-23 дахь тал/

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах саналаа хариуцагч “Ворлд кореа” ХХК-д гэрээ байгуулсны маргааш буюу 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр утсаар мэдэгдсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. /хх 30 дахь тал/ Хариуцагч тал “... элсэлт хийх үйлчилгээ үзүүлсэн, анкетыг сургуулийн цахим хаягаар явуулсан, бүх үйлчилгээг үзүүлсэн учир үйлчилгээний хөлсийг буцаан төлөх боломжгүй ...” гэж маргах боловч энэ үндэслэлээ баримтаар нотлоогүйн гадна тус компани нь бичиг баримтын орчуулгын үнийг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гадаад хэл дээр бичигдсэн нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болголгүй, нэхэмжлэгчийн гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, бүрэн дунд боловсролын үнэмлэхний орчуулга,  гэрээ болон зохигчдын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагчийг гэрээгээр тохирсон 5 цогц үйлчилгээний зарим хэсгийг буюу мэдээлэл зөвлөгөө өгсөн, үзүүлсэн гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 400 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.МӨНХЗУЛ

 

                 ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                       Ч.ЦЭНД