Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 406

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Д

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Гуравдагч этгээд: Ш.Ж

Гуравдагч этгээд: Г.Ө

Нэхэмжлэлийн шаардлага: “1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/262 дугаар захирамжийн иргэн Г.Ө, П.Ц нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

2. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХУД-18/12 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар хууль бус байсан болохыг тогтоолгох,

3.  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 250/2012 дугаартай “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоолгох

4.  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ, зориулалт байршил өөрчлөх тухай захирамжийн иргэн Г.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

5.   Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дугаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ зориулалт байршил өөрчлөх тухай захирамжийн иргэн Г.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

6. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2016/12-04 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах,

7.  Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2016/11-10 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах,

8.  Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 228/2016 дугаар “барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, түүний өмгөөлөгч Г.Б, Г.Б, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  бөгөөд өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн болон тодруулсан шаардлагадаа: “Тус шүүхэд хянагдаж байгаа Л.Д-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар зэрэгт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж болон өөрчилж байна.

1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/262 дугаар захирамжийн иргэн Г.Ө, П.Ц нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/262 дугаар захирамжийн иргэн Г.Ө, П.Ц нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

2. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХУД-18/12 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг холбогдох хууль дүрэм, нормыг зөрсөн болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХУД-18/12 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар хууль бус байсан болохыг тогтоолгох,

3.  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 250/2012 дугаартай “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 250/2012 дугаартай “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоолгох

Харин энэхүү 3 шаардлагаас гадна нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд дараах шаардлагуудыг гаргасан бөгөөд ийнхүү тодруулж байна.

4.  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ, зориулалт байршил өөрчлөх тухай захирамжийн иргэн Г.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

5.   Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дугаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ зориулалт байршил өөрчлөх тухай захирамжийн иргэн Г.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

6. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2016/12-04 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах,

7.  Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2016/11-10 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах,

8.  Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 228/2016 дугаар “барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай гэж тус тус тодруулж байна” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нэхэмжлэлийн өөрчилсөн болон тодруулсан шаардлагатай холбогдуулж бичгээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/990, А/551 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ, зориулалт байршил өөрчлөх тухай” захирамжийн иргэн П.Ц, Г.Ө нарт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Уг захирамжуудыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр “Журам батлах тухай” тогтоолоор батлагдсантай нийцэж байсан тул “Газрын зориулалт өөрчлөх” тухай шийдвэрийг хурлаас хэлэлцүүлэн шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.А би иргэн Д-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох хэрэгт , Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлд холбогдох хэрэгт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хариуцагчаар оролцож байсан Б.Б эрх зүйчийн гаргаж байсан тайлбарыг дэмжиж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хууль ёсны өмчлөх эрхийн тухай асуудал яригдаж байна. Цаашлаад нэхэмжлэгч маш их хохирол амсахаар байна. Тухайн бүсэд амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөж байгааг шүүхийн зүгээс анхаарч үзээсэй гэж хүсч байна. Нэгдүгээр цахилгаан станцын газар дээр орон сууцны зориулалттай барилга барих зөвшөөрөл олгосноос болж тухайн газарт амьдарч байгаа иргэдээс сэтэрхий уруултай хүүхэд төрж, жирэмсэн эмэгтэйчүүд нь зулбадаг асуудлууд одоо болтол гарч байна. Учир нь цахилгаан станцын хортой нөхцөл бүтэн жилийн турш арилдаггүй. Үүнтэй адил арьс зумлах ажилд дандаа л химийн бодис ашигладаг. Маргаан бүхий газраас урагш 28 үйлдвэр байгаа. Ийм газарт орон сууцны барилга барих зөвшөөрөл олгож байгаа нь оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөнө. Газрын зориулалтыг өөрчлөснөөс болж ийм зүйл болж байна. Иргэдийн эрх ашгийг давхар хамгаалж өгнө үү. Газар эзэмшлийн тухайд 2007 оноос хойш аж ахуйн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан газрыг шууд олон нийтийн бүс гэх нь боломжгүй байдаг. Хэрвээ Газрын тухай хуулийн дагуу газрын зориулалтыг өөрчилж байгаа бол газар эзэмшигчдэд нөхөн төлбөр олгосны дараа энэ асуудал яригдах ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага болон гуравдагч этгээдээс зургууд ирж байгаа боловч ирж байгаа зургууд нь хоорондоо зөрүүтэй байна. Зөрчилтэй, тэмдэг, тэмдэглэгээгүй, гарын үсэгний баталгаажилт байхгүй баримтууд ирсэн. Гуравдагч этгээдийн эгч П.Ө тухайн байгууллагад ажиллаж байгаа учраас ашиг сонирхлын зөрчил байна гэж үзэж хөндлөнгийн байгууллагаас гаргуулъя гэдэг үндэслэлээр тухайн зургийг боловсруулсан компаниас гаргуулж авах зөвшөөрөл авсан. Тэр зураг нь Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөнөөс гаргаж өгсөн зурагтай зөрүүтэй байгаа. Шүүхийн зүгээс энэ зөрүүтэй байгааг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс Барилгажилтын зөвлөлийн хурлаас шийдвэр гарсан гэж тайлбарлаж байгаа боловч ямар хууль зүйн үндэслэлтэй талаар тайлбарлаагүй. Мөн ямар шалтгаанаар зөвшөөрсөн талаар ч ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага өөрийн гаргасан хууль бус шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа зөвлөлийн хурлаар шийдсэн гэсэн ерөнхий хариу хэлж байна. Яг яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаандаа гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолын барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх дүрэм, магадлал хийх дүрэм, Барилгын тухай хуульд заасан заалтуудыг үндэслэсэн. Сендвичээр барьсан, 3600 мкуб хүрэхгүй гэж байгаа боловч энэ бол үйлдвэр. Үйлдвэр нь холбогдох зөвшөөрлийг авч шаардлага хангасан барилга барих ёстой. Улаанбаатар хотын 70% нь гэр хороолол байна. Жишээ нь ...3600 мкуб хүрэхгүй бол... гэдэг нь 3*6 харьцаатай амины орон сууц барьхад хамаарна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 72 дугаар тогтоол, Улаанбаатар хотыг 2020 оныг хүртэл хөгжүүлэх, 2030 оны чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай, 2016 оны 52 дугаар тогтоол, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, холбогдох дүрэм журамд нийцэж гарсан шийдвэрүүд байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарыг дэмжиж оролцож байна.” гэжээ.

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргаад 2 жил болсон байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэсэн байдаг. Мөн Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөнөөс гаргасан захиргааны үйл ажиллагаа болох захиргааны актууд нь нэхэмжлэгч этгээдийн хууль ёсны ямар эрх ашгийг зөрчсөн тухай ямар ч нотлох баримт байхгүй. 2 жилийн дараа нэхэмжлэгч гэж хэн бэ гэдэг нь тодорхойгүй байна. Ганцхан Л.Д газар эзэмшигч гэж байдаг: Нэхэмжлэлийн үндэслэлийг сонсоход Их эргэлт ХХК-ний тухай яригддаг. Нэхэмжлэгч нт иргэн үү, хуулийн этгээд үү гэдэг нь тодорхойгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байхыг шаардахаас гадна 30 хоногийн хугацааг зааж өгсөн байдаг. Энэ хуулийн хугацааг хангасан эсэхийг шүүхээс анхаарч үзнэ үү. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 500 000 төгрөгийн тухай ярьдаг. Энэ 500 000 төгрөгийн тухайд Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол дээр ... уг зөрчилд 500 000 төгрөгийн торгууль авагджээ. Дээрх баримтаар ч гэсэн хуулийн үндэслэлгүй... гэж дурдсан байдаг. Энэ тогтоол хүчин төгөлдөр байгаа. Анх 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаан товлох шүүгчийн захирамжаас хойш нийт 13 удаагийн шүүгчийн захирамж гарсан байна. Захиргааны актууд хууль ёсны дагуу гарсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Л.Д нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бичгээр тодруулж, өөрчилсөн ба эцсийн байдлаар дараах 8 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Үүнд:

1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/262 дугаар захирамжийн иргэн Г.Ө, П.Ц нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

2. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХУД-18/12 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар хууль бус байсан болохыг тогтоолгох,

3.  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 250/2012 дугаартай “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоолгох

4.  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ, зориулалт байршил өөрчлөх тухай захирамжийн иргэн Г.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

5.   Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дугаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ зориулалт байршил өөрчлөх тухай захирамжийн иргэн Г.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

6. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2016/12-04 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах,

7.  Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2016/11-10 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах,

8.  Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 228/2016 дугаар “барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан ба шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэдэг нь шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд нийцсэн, бодит байдалд хэрэгжих, биелэгдэх боломжтой байх ёстой гэсэн агуулгыг илэрхийлж байна.

            Бодит байдалд маргаан бүхий 2 барилгын П.Цийн барилгыг улсын комисс хүлээж авсан буюу 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 2016/29 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт[1]”-аар байнгын ашиглалтанд оруулсан, уг барилгад худалдаж авсан тодорхой тооны иргэд амьдарч байгаа болох нь, Г.Ө-ын барилга байнгын ашиглалтанд ороогүй байгаа боловч уг барилгыг барьж дуусгасан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, уг шүүхийн үзлэгийн фото зургууд[2], гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар гэх мэт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О шүүх хуралдаанд П.Ц-ийн барилгад цөөхөн айл орсон, 5 айл орсон байх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Б П.Ц-ийн барилгад оршин суугчид байгаа[3] гэсэн агуулгаар тайлбарласан, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд П.Ц-ийн барилгад 20 айл орсон, 100 хувь айлууд нь орсон, амьдарч байгаа[4] гэсэн агуулгаар гэж тайлбарласан ба П.Ц-ийн барилгад бодит байдалд тодорхой тооны өмчлөгч иргэд буюу худалдаж авсан иргэд амьдарч байгаатай талууд маргаагүй болно.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд бодит байдалд маргаан бүхий 2 барилгын 1 барилгыг комисс авч байнгын ашиглалтад орсон, нөгөө барилгыг барьж дуусгасан болох нь, байнгын ашиглалтад орсон барилгад нь тодорхой тооны иргэд амьдарч байгаа болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан заалтын агуулгаас үзэхэд шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд нийцсэн, бодит байдалд хэрэгжих, биелэгдэх боломжтой байх ёстой ба 1 барилгыг комисс авч байнгын ашиглалтад орсон, нөгөө барилгыг барьж дуусгасан, бодит байдалд П.Ц-ийн барилгад нь иргэд амьдарч байгаа болох нь нотлогдож байх бөгөөд хэрвээ нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангавал гуравдагч этгээдүүдийн болон маргаан бүхий барилгад амьдарч буй өмчлөгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжгүй болох нөхцөл байдал үүсэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” дугаар А/262 тоот захирамжаар иргэн Г.Ө, П.Ц нарт Үйлчилгээний орон сууцны барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хан-Уул худалдааны төв”-ийн баруун урд байршуулан 0,023 га талбайтай газрыг эзэмшүүлсэн байна.

Дээрх захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хан-Уул худалдааны төв”-ийн баруун урд байршуулан 0,023 га талбайд Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн № ХУД-18/12 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Г.Ө, П.Ц нарын барилгад № 250/2012 дугаартай Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон байна.

Харин 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 0141873 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээнээс үзэхэд Л.Д-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар аж ахуйн зориулалтаар 248 м.кв хэмжээтэй газрыг  эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчид үйлдвэрлэлийн бүсэд орон сууц барьсан нь хууль зөрчсөн, үйлдвэрлэл давамгайлсан суурьшлын холимог бүс болгож өөрчилсөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлахаас өмнө маргаан бүхий актуудыг гаргасан нь хууль бус гэсэн агуулгаар маргаж байх ба Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” дугаар А/262 тоот захирамж, 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн № ХУД-18/12 тоот “Архитектур төлөвлөлтийн даалгавар” зэрэг захиргааны актуудыг нийслэлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 72 тоот тогтоолоос цаг хугацааны хувьд өмнө батлан гаргасан байгаа нь хууль зөрчсөн байх энэ  үндэслэлээр маргаж буй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчдийн тайлбар үндэслэлтэй байна.

Гэвч шүүх Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар А/262 тоот захирамж, 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн № ХУД-18/12 тоот “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас бусад нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа учир тус 2 нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх зорилготой ба Нийслэлийн Засаг даргын 2012 оны дугаар А/262 тоот захирамж, 2012 оны № ХУД-18/12 тоот “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нөхцөлд ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодит байдалд сэргэхээргүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэдийгээр бодит нөхцөл байдлыг шалгалгүйгээр буюу маргаан бүхий барилгууд байрлах газар үйлдвэрлэлийн бүс эсэх, эсхүл холимог буюу суурьшлын, орон сууцны бүс эсэх, маргаан бүхий барилгууд байрлах газрын залгаа, зэргэлдээ үйлдвэрлэлийн зориулалтаар газар олгогдсон эсэх, үйлдвэр баригдсан эсэх зэрэг бодит нөхцөл байдлуудыг нягтлан шалгалгүйгээр маргаан бүхий захиргааны актуудыг хариуцагчид гаргасан нь хууль бус байх хэдий ч бодит байдалд шүүхээс нэхэмжлэлийг хангах боломжгүй.  

Энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актуудыг хууль ёсны гэж дүгнэсэн шийдвэр биш бөгөөд шүүх зөвхөн шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

Түүнчлэн нэхэмжлэгч Л.Д нь бодит байдалд тодорхой хөрөнгө, зардал, хөдөлмөр гарган үйлдвэр барьж байгуулан ажиллаж буй болох нь шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгээр нотлогдсон болохыг тэмдэглэж байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Л.Д-ын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/262 дугаар захирамжийн иргэн Г.Ө, П.Ц нарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ХУД-18/12 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 250/2012 дугаартай “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ, зориулалт байршил өөрчлөх тухай” захирамжийн иргэн Г.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хэмжээ зориулалт байршил өөрчлөх тухай” захирамжийн иргэн Г.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2016/12-04 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2016/11-10 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 228/2016 дугаар “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Л.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.Б


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 179-181 дүгээр хуудас,

[2] 3 дугаар хавтаст хэргийн 30-44 дүгээр хуудас,

[3] 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 10 дугаар хуудас,

[4] 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 18-19 дүгээр хуудас