Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 204

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч П.Шижиртуяа, шүүгдэгч Б.Б , шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн

хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б од холбогдох 163/2020/0196/Э индекстэй, эрүүгийн 2015002930204 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Б” амралтын газарт Т.Э тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ын өгсөн: Мөрпөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015002930204 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Т.Э ы өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Б эд байрлах Мэргэн амралтын газар ажлынхаа хүмүүстэй шөнө очоод хоол хийж идээд 2 шил архи, пиво уугаад хоноцгоосон. 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр сэрээд харахад танихгүй нэлээн хэдэн хүн ирчихсэн байсан. Намайг сууж байтал Б  миний хөлөн дээгүүр гишгээд гарахаар нь “яагаад хөлөн дээр гишгэж байгаа юм бэ” гэхэд “би байна” гэж хэлээд Б  намайг даваад цаана гарч суусан. Тэгээд бид нар бүгдээрээ танилцаад хоол идэж, архи уугаад сууцгааж байтал Б  миний хажууд сууж байснаа гэнэт архины шилээр толгой тус газар нэг удаа цохиход толгойноос цус гойжоод ирэхээр нь шууд эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очиж толгойндоо 7 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-11 тал/,

Хохирогч Т.Э ы дахин өгсөн: “Би “Шинэ эрин” нэртэй хувийн эмнэлэгт толгойн оёдол тавиулж, боолт хийлгэсэн нотлох баримт байхгүй. Эмийн сангаас өвчин намдаах тариа, үрэвсэл намдаах дусал авч өдөрт хоёр удаа хийлгэж нийт 5 хоног хийлгэсэн нотлох баримт байхгүй. ...Б.Б од надад 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бэлнээр 1000000 төгрөг өгсөн. Би одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Б  миний хохирлыг барагдуулсан. Бид хоёр хоорондоо эвлэрсэн. Энэ хэргийг хяларшуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-12 тал/,

Гэрч Н.О гийн өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр

Барилгачдын баяр гээд манай ажлынхан болох Ү , М , Ж  зэрэг эмэгтэйчүүд нийлээд амралт явна гээд Б рүү явсан юм. Тэгэхэд би ажлаа хийж дуусаагүй байсан тул араас нь очно гээд орой 19 цаг 30 минутын үед авах гэж тус амралтын газарт очсон юм. Намайг очиход 0.75 литрийн архитай сууцгааж байсан. Тухайн үед манай эмэгтэй 5 найзаас гадна 3 эрэгтэй хамт байсан юм. Тэгээд тэр дунд байсан хоёр эрэгтэй хоорондоо жоохон маргалдаад байсан. Тэр хоёр эрэгтэй нэлээн халсан байдалтай харагдсан. Тэгээд байж байтал жинсэн цамцтай эрэгтэй хүн цэнхэр подволктой эрэгтэй хүнийг архины шилээр толгойн тус газарт нь цохисон. Тэгээд нөгөө эрэгтэйн толгойноос цус алдаад манай найзууд эмнэлэг дуудаад цагдаад хандсан юм” гэх мэдүүлэг /хх13 тал/,

Гэрч Л.Ж ын өгсөн: “2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Барилгачдын баяр тэмдэглээд хамт олноороо агаарт гарч боодог хийж идье гээд Б эд байрлах амралтын газарт очиж гэр авцгаасан. Тэнд 7 эмэгтэй, 5 залуу байсан. Мах шөлөө гаргаж идээд архи дарс ууцгаасан. Би хоол ундыг нь зохицуулаад гадуур явж байсан тул тэр хэдийг хэр их архи уусан талаар сайн мэдэхгүй байна. Орой 22-23 цагт Ч , Б  гэх хоёр залуу хоорондоо муудалцаад байсан. Тэгтэл Ч аг Б  гэх залуу архины шилээр толгой хэсэгт нь цохисон. Тэгээд Ч агийн толгойноос цус гараад байсан юм. Тэгээд би эмнэлэг рүү залгаж түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /хх-14 тал/,

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 652 тоот: “Т.Э ы биед хуйханд 1 тооны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр үүссэн байж болно” гэх дүгнэлт /хх-17-18 тал/,

Яллагдагчаар Б.Б  мэдүүлэхдээ: “Миний ажиллаж байсан барилгын бригадын хүмүүс болох Ж , М  /бүтэн нэрийн мэдэхгүй/ тэр хоёр өөр танихгүй хүмүүсийн хамт 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Б амралтанд очсон. Би барилга дээрээ ажлаа хийж байгаад 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр М  руу 16 цагийн үед залгахад намайг Б амралтын газар луу такси бариад хүрээд ир гэж хэлсэн. Би найз Б ийн хамт Б амралтын газарт очсон. Б амралтын газар 18 цагийн үед очиход Ж , М , Ц  /бүтэн нэрийн мэдэхгүй/, Ц  /бүтэн нэрийн мэдэхгүй/ эгч, Б , Э , Б , Б /бүтэн нэрийн мэдэхгүй/ ах эхнэр хүүхдийнхээ хамт байж байсан. Би дээрх хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хувааж хэрэглэсэн. Би Э тай танилцах гээд танилцъя гэж хэлсэн чинь Э  намайг харсанаа “ямар хачин царай харчихваа, ямар эвгүй юм бэ” гэж хэлэхэд нь би хорхогны мах идээд сууж байсан. Э  намайг “чи наад махаа аятайхан идээч” гэж хэлэхээр нь би за гэж хэлчихээд махаа идэж байгаад санамсаргүйгээр Э ы баруун хөл дээр нь зүүн хөлөөрөө гишгэсэн юм. Тэгэхэд Ж  Э  бид хоёрын голд суусан юм. Ж  надад мах огтолж өгч байхад Э  надад хандан хоёулаа сайхан үзчихүү гэж хэлээд байсан. Ж  хойшоогоо жоохон налахаар нь би ширээн дээр байсан архины шил аваад Э ы толгойн оройн хэсэгт 1 удаа цохисон. Э ы толгойноос цус гарсан. Б  намайг гэрээс авч гараад Б ийн машинд намайг суулгасан. Б  бид хоёр түрүүлээд Орхон аймаг руу ажил руугаа явсан. Замд явж байхад араас Э  залгаад “чи зогсооч хоёулаа сайхан эр хүн шиг зодолдоё” гэж яриад байсан. Тэгэхэд Б, Э ыг тэгж ярихыг нь сонсчихоод “юу гэж чамайг хүнтэй зодолдуулдаг юм, чи аль хэдийн хүн цохичоод” гэж хэлээд намайг ажил дээр буулгачихаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/,

Гэмт хэрийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримт /хх-22-25 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-21 тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Б” амралтын газарт Т.Э тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Т.Э , гэрч Н.О , Л.Ж  нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Т.Э ы биед хуйханд нэг тооны няцарсан шарх бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 652 дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Б ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Т.Э  нь эмчилгээний зардалд мөрдөн шалгах ажиллагааны үед 1.000.000 төгрөг авсан ба шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь маргаагүй, хохирогч Т.Э д шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “би шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б ыг бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б  нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б  нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлөх тухай хүсэлтийг гаргасан ба шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хүлээн авч, торгох ялыг төлөх хугацааг 5 сараар тогтоох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Б.Б ыг “хүний эрүүл мэндэдхөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Б.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Б.Б од оногдуулсан 450.000 төгрөгний торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 90.000 /ерин мянга/ төгрөгөөр төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснааршүүгдэгч Б.Б  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН