| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 122/2022/0003/З |
| Дугаар | 221/МА2022/0345 |
| Огноо | 2022-05-19 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2022/0345
“Э” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч С.Б
Гомдол гаргагч “Э” ХХК
Хариуцагч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох
Хэргийн индекс: 122/2022/0003/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Э” ХХК-иас Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан “... Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тхуай” 0043111 дугаар шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б-ын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0043111 дугаар шийтгэлийн хуудсыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч С.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Энэхүү маргааны хувьд онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдсан /дэлгүүрт/ үйл баримттай маргаагүй. Хэрэг авагдсан нотлох баримтуудаар тухайн үйлдэл нь бүрэн нотлогдсон, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь хуулийн дагуу хийгдсэн. Гагцхүү худалдсан, эсхүл борлуулсан гэх хууль хэрэглээний маргаан байхад шүүх маргааны үйл баримтад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
3.2. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан” бол хуулийн этгээдийг .... торгоно гэж заасан нь согтууруулах ундаа, тамхийг онгой албан татварын тэмдэггүй л бол бэлтгэн нийлүүлэх, экспортлох, худалдах, борлуулахыг бүх үе шат, дамжлагад ямар ч тохиолдолд хориглосон зохицуулалт болохыг шүүх анхаараагүй.
3.3. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалт нь хэм хэмжээний бүтэц, дарааллын хувьд таслалаар зааглагдсан “бэлтгэж нийлүүлсэн”, “экспортлосон”, “худалдсан”, “борлуулсан” гэх бүртээ бие даасан зөрчил болохыг хуульчилсан.
3.4. Дээрхээс үзвэл худалдсан гэдэг нь худалдан борлуулагч дэлгүүр, хувь хүн зарж байгаа үйлдлийг, харин борлуулсан гэдэг нь худалдаж байгаа зүйл архи, тамхи нь борлогдож, худалдан авагчид шилжиж, борлуулагч орлого орсон байх үйлдлийг тодорхойлсон болох нь тодорхой байхад худалдсан, борлуулсан үйлдлийн ялгаа заагийг гаргахгүйгээр дахин шалгуулахаар түдгэлзүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.5. Цаашилбал, архи согтууруулах ундааны зүйлийг худалдах, борлуулах эрхийг хуулийн этгээдэд аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар олгосон ба тухайн тусгай зөвшөөрлөөр хуульд хориглоогүй бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах ёстой гэж зааж өгсөн байна. Энэ тохиолдолд хуульд хориглоогүй бараа, бүтээгдэхүүн гэдэгт Онцгой албан татварын тэмдэгтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “тэмдэггүй архи, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно” гэж зааснаас бусад буюу онцгой албан татварын тэмдэгтэй архи, согтууруулах ундааг хуулиар зөвшөөрсөн байна. Харин онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундааны зүйлийг ямар ч тохиолдолд худалдах, борлуулахыг хориглосон байна.
3.6. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Э” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад өөрчлөлт оруулав.
2. Гомдол гаргагч “Э” ХХК-иас шүүхэд хандан “... Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тхуай” 0043111 дугаар шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
3. Анхан шатны шүүхээс маргаан бүхий 0043111 дугаар шийтгэлийн хуудсыг “... хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж үзэн хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр заасан нь нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргаанд өгсөн түр зохицуулалт юм.
5. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын мэдүүлэг, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар, гомдол гаргагч “Э” ХХК-иас “... онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдахаар дэлгүүрт борлуулахаар бэлтгэсэн” талаар маргаагүй байхад анхан шатны шүүхээс “татварын тэмдэггүй архи худалдан борлуулсан талаар нягтлан шалгах ажиллагаа хийгээгүй..” гэсэн үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.
6. Тодруулбал, хууль тогтоогчоос баталсан Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Тэмдэггүй архи, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно” гэж зааснаар гомдол гаргагч нь аливаа байдлаар онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундааг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, борлуулах үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглохоор байх тул шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээргүй юм.
7. Тиймээс хариуцагчаас гаргасан шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасан “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан” гэж зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь хуульд нийцсэн тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
8. Түүнчлэн гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар “... өөр бусад этгээдийн гуйлтаар онцгой албан татварын тэмдэггүй архи согтууруулах ундаа худалдахаар дэлгүүрт болон facebook хаягт байршуулж зар тавьсан, ... онцгой албан татварын акцгүй архи худалдан борлуулж болдог үгүйг би мэдэхгүй” гэж тайлбарладаг боловч энэ нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй бөгөөд гаргасан зөрчлийг зөвтгөж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
9. Иймд шүүхийн шийдвэрт гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 05 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 1 дэх заалтыг “... Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “Э” ХХК-ийн “Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тхуай” 0043111 дугаар шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, хариуцагч улсын байцаагч С.Б-ын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН