Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0363

 

 

 

 

 

 

 

 

 

  “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Б.М

Гомдол гаргагч“Ш” ХХК

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 284 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2022/0123/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “Ш” ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “... Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0035467 дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 284 дүгээр шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4, Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 2.1 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан “Ш” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.М-рийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0035467 дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

3.1. Шүүхийн шийдвэрт барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавих чиг үүрэг нь барилгын хяналт хариуцсан улсын байцаагчийн хяналтын чиглэлд хамаарахаар байна гэж үзэн улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, мөн өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

3.2. Учир нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны А/71 дүгээр тушаалаар газар хэлтсүүд, улсын байцаагч нарын хяналтын чиг үүргүүдийг баталсан. Тус тушаалын хоёрдугаар хавсралтын тав дахь хэсэгт хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газар, ажилтнуудын албан тушаалын чиг үүрэгт хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч /мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл хариуцсан/ хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрийн барилга байгууламж, ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хэрэглэх эд зүйлс стандартын шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавих гэж заасан байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохыг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасангүй. Үүнд:

2.1. Хариуцагчаас Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 4 тоотод оршин байрлах “Ш” ХХК-ийн хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн боловсруулах бууз баншны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хяналт шалгалт хийж, гомдол гаргагчийг нийтийн зориулалттай орон сууцанд эрүүл ахуй аюулгүй байдлын норм зөрчиж, хориглосон үйл ажиллагаа эрхэлж, бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин дуу чимээ гаргаж үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг 0035467 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулж, мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж шийдвэрлэсэн байна.

 

2.2. Давж заалдах гомдолд дурьдсан хариуцагчийн “... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны А/71 дүгээр тушаалаар газар хэлтсүүд, улсын байцаагч нарын хяналтын чиг үүргүүдийг баталсан, ... тус тушаалын хоёрдугаар хавсралтын тав дахь хэсэгт хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газар, ажилтнуудын албан тушаалын чиг үүрэгт хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч /мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл хариуцсан/ хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрийн барилга байгууламж, ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хэрэглэх эд зүйлс стандартын шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавих” гэж заасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар гаргасан гомдлоор шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөвтгөх боломжгүй байна.

 

2.3. Орон сууцны тухай хуулийн зорилт нь “... орон сууцны талаарх төрийн байгууллагуудын бүрэн эрхийг тогтоож, орон сууц төлөвлөх, орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх нийтийн зориулалттай орон сууцны байшингийн зориулалтыг өөрчлөх болон орон сууц ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд энэ хуулийн 17 дугаар зүйлд “Нийтийн зориулалттай орон сууцны байшинд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглох”-ыг зохицуулсан. Харин Орон сууцны тухай хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлээр торгох арга хэмжээ авахаар байна.

 

2.4. Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 4 тоот үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг гаргуулсан байх бөгөөд эрхийн улсын бүртгэлд “Шим дөл” ХХК нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттайгаар “батламж, зөвшөөрөл” эрх бүхий байгууллагаас олгосон нь тогтоогджээ.

 

2.5. Маргаж буй байрны оршин суугч нар “Ш” ХХК-д холбогдуулан бууз баншны үйлдвэрлэлийн барилга, техникийн хяналт, “дуу, чимээ” чиглэлттэй холбоотойгоор гомдол гаргасан, харин үйлдвэрлэж буй бууз, баншны чанар стандартын болон хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор гомдол, өргөдөл, мэдээлэл гаргасан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байна. Гэтэл “Ш” ХХК-иас үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь мах махан бүтээгдэхүүн гэх үндэслэлээр хүнсний үйлдвэрлэл, чанар, стандарт хариуцсан хяналтын улсын байцаагчид гомдлыг хуваарилж шалган шийдвэрлүүлсэн нь “гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага гомдлыг шийдвэрлүүлэхээр бусдад шилжүүлэхийг хориглоно” гэсэн ерөнхий журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Тиймээс анхан шатны шүүхийн “... өөрийн чиг үүрэгт нь үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан” гэх үндэслэлээр маргаан бүхий актуудыг хүчингүй болгосон нь хуульд нийцжээ.

 

2.6. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны А/71 дүгээр тушаалаар газар, хэлтсүүд, улсын байцаагч нарын хяналтын чиг үүргүүдийг баталж, хариуцагч Б.М нь “.. хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч”-ийн ажилтай, энэ тушаалаар ажлын байр, үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтэд хяналт тавих, стандарт, шаардлагыг мөрдүүлэх, эрсдлийг бууруулах, зөрчлийг шалгаж таслан зогсоох” чиг үүрэгтэй, харин барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавих чиг үүрэг нь барилгын техникийн хяналт хариуцсан улсын байцаагчийн хяналтын чиг үүрэгт хамаарах тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

2.7. Тиймээс хариуцагч улсын байцаагч нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар захиргааны актуудыг гаргасан тул хуульд заагаагүй үндэслэлээр “Ш” ХХК-д эрхэд халдсан гэж үзэхээр, өөрөөр хэлбэл “Ш” ХХК-иас нийтийн зориулалттай орон сууцны байранд бууз, банш үйлдвэрлэхдээ Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт болон сууцандаа бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр энэ хуулийн 17.1-д зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж болно” гэж зааснаар үйлдвэрлэлээ эрхэлж болох бөгөөд мөн хуулийн 17.1.7-д заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс “...илүү дуу чимээ гаргасан, бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, амгалан, тайван байдал алдагдсан” гэж үзэх энэ тохиолдолд орон сууцны барилгын ашиглалт, техникийн хяналт хариуцсан хяналтын улсын байцаагч хариуцуулж хяналт шалгалт явуулах нь зүйд нийцэхээр байна.

 

2.8. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлтийг хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 284 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

         ШҮҮГЧ                                                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН