Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0284

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ш****** ХХК /РД:***********/,

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Т********,

Гомдлын шаардлага: хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Х********* хариуцагч Б.Т*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Ш****** ХХК шүүхэд гаргасан гомдлын шаардлага, түүний үндэслэлдээ: “Манай компани нь 2006 оноос хагас бэлэн бүтээгдэхүүн, цайны газрын чиглэлээр үүсгэн байгуулагдаж, Баянгол дүүргийн ** дугаар хороо, * дүгээр хороолол, ** дүгээр байр ** тоотод бууз, баншны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай компанийн үйл ажиллагаа нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа биш юм. Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан орон сууцанд хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаа явуулаагүй, төлөвлөлт, эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын норм зөрчөөгүй болно.

Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Т******** нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсаар манай компанийг 3 сая төгрөгөөр торгож, 2021 оны 12 сарын 28-ны өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгавраар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхгүй байх, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ нүүлгэн шилжүүлэх даалгавар өгснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Орон сууцны тухай хуулийн 16.1, 17.1.7 дахь заалтыг зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж шийтгэлийн хуудас, даалгавар бичсэн. Орон сууцны тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дээрх зохицуулалтууд нь барилга, дэд бүтцийн хүрээнд хамаарах асуудал байхад Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч шалгаж шийдвэрлэсэн нь өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэлийн хуудас, даалгавар гаргасан гэж үзэж байна.

 

Мөн уг асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн**********дугаар шийтгэлийн хуудас, мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавар гарч манай компани нь 3 сая төгрөгөөр торгуулж байсан. Гэвч дахин шийтгэлийн хуудас, даалгавар бичиж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар зөрчлийг хэрэг нээхгүй байх зохицуулалтыг зөрчиж байна.

Эрх бүхий албан тушаалтны даалгавар бичих эрх зүйн үндэслэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д “ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно” гэж заасан байдаг. Гэтэл улсын байцаагч даалгавартаа “зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох” биш “үйлдвэрлэл, үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох” шаардлага гаргаж байгаа нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Иймд эрх бүхий албан тушаалтны даалгаварт “... бууз, баншны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй байж тоног төхөөрөмж багаж хэрэгслийг нүүлгэн шилжүүлж ...” гэж бичигдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, хаана юу хийх, хийхгүйг мэргэжлийн хяналтын байгууллага шийдвэрлэж бусдын эрх хязгаарлахгүй, зөвхөн шүүх тодорхой тохиолдолд эрх хязгаарлаж болно.

Шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсэгт “... Нийтийн зориулалттай орон сууцанд хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн, ШИЙДВЭРЛЭХ нь хэсэгт “...Ш ХХК орон сууцанд хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.4 зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж ...” гэжээ. Гэтэл манай бууз, баншны үйл ажиллагаа нь Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан хориглосон үйл ажиллагаанд хамаарахгүй байгаа болно.

Дээрх нөхцөл байдлыг дүгнээд хэлбэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нь юуг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, өөрийн эрх хэмжээг хэтрүүлэн, түүнчлэн хуулиар эрх олгогдоогүй, эрх хэмжээнд нь хамааралгүй асуудлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчин бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулаад зогсохгүй, үйл ажиллагааг бүр мөсөн хаах үр дагавартай шийтгэлийн хуудас, даалгавар үйлдсэн байна.

Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0035467 дугаартай шийтгэлийн хуудсыг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаварыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч тайлбартаа: “Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан хориглосон үйлдвэрлэл, үйл ажиллагааг эрхлээгүй. Тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т заасан аль хориглосон үйл ажиллагааг явуулсан талаар хариуцагчийн хариу тайлбарт Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасныг зөрчсөн гэж үзээд байх шиг байна. Шийтгэлийн хуудаст тус хуулийн 17.1.7 гэж тодорхой заасан зүйл байхгүй.

Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7-д “...зориулалтын бус байранд нийтийн хоолны газар ажиллуулах...” гэж заасан, тэгэхээр нийтийн хоолны газар биш юм. Хүн орж гарч байнга хөл хөдөлгөөнтэй байдаг газар биш юм. Зөвхөн хүнсний үйлдвэрлэл эрхэлж түгээлт хийдэг компани юм. Мөн тус заалтад “...40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах...” гэж заасан. Тэгэхээр тус заалтад заасан “...саун, нийтийн халуун усны болон угаалгын газар, нийтийн бие засах газар, зориулалтын бус байранд нийтийн хоолны газар ажиллуулах...” тохиолдолд энэ 40 дБА-аас их дуу чимээ гаргах гэсэн зохицуулалт юм. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад нэг компаниар дуу чимээний стандартад тохирох хэмжээний хэмжилтийг хийлгэсэн. Тухайн хэмжилтээс харахад стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй байна.

Дараагийн асуудал нь Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4-т заасан зөрчил гаргасан гэж шийтгэлийн хуудас, даалгавар гаргасан. Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4-т “Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын норм зөрчсөн, эсхүл хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан. Тэгэхээр хариу тайлбар болон бусад баримтуудаас харахад хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн гэж үзсэн юм шиг байна. Тэгэхээр хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээг Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан. Тэгэхээр тус заалтын ямар нэгэн хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээний аль нэгэнд хамаарахгүй байгаа учраас Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4-т заасан зөрчлийг гаргаагүй. Орон сууцанд хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн гэдгийг улсын байцаагч тайлбарлахдаа орон сууц ашиглалтын асуудлыг буюу зөв зохистойгоор, орон сууцны зориулалттай бол орон сууцны зориулалтаар нь ашиглах ёстой, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай бол тухайн зориулалтаар нь ашиглах ёстой гэж тайлбарлаж байна. Энэ өөрөөр хэлбэл барилга, дэд бүтэцтэй холбоотой асуудал болж байна.  Харин хүнсний чанар, аюулгүй байдал гэдэг нь тухайн хүнсэнд хэрэглэж байгаа бодис, орц найрлага, чанар стандарт хангагдаж байгаа эсэхэд хяналт тавих ёстой. Гэтэл барилга, дэд бүтцийн асуудал руу орж байгаа нь хавтаст хэрэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн чиг үүрэг, мөн вэбсайтад байршуулсан чиг үүрэгтэй таарахгүй байгаа учраас хариуцагч нь эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий актуудыг гаргаагүй байна гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч н 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавраар яг ижил арга хэмжээ авч, 3 сая төгрөгөөр торгоод шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа нөхцөл байдал байхад дахин торгосон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5-д заасныг буюу “тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол” зөрчлийн хэрэг нээхгүй гэж заасан. Гэтэл өмнө нь хүчин төгөлдөр болсон ижил асуудлаар дахин шийтгэл ногдуулсан нь энэ хуулийн зүйл заалтыг зөрчсөн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д “...ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох...” гэсэн эрх хэмжээ зааж өгсөн. Гэтэл эрх бүхий албан тушаалтны даалгаварт “...үйл ажиллагаагаа зогсоо, тухайн байрнаас гар...” гэсэн даалгавар өгсөн. Тэгэхээр үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох эрх хэмжээ мэргэжлийн хяналтын улсын байцаагчид байхгүй, бусдын эрхийг бүр мөсөн хязгаарлах эрх зөвхөн шүүхэд байдаг.

Мөн шийтгэлийн хуудсын “олсон нь” гэсэн хэсэгт “...Нийтийн зориулалттай орон сууцанд хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн...” гэсэн байна. Тэгээд “шийдвэрлэх нь” хэсэгт “Ш****** ХХК нь орон сууцанд хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтын дагуу 3,000 нэгжээр...” гэж заасан байна. Тэгэхээр хориглосон үйл ажиллагаа гэдэг нь Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д хамаарахгүй байна, Зөрчлийн тухай хуультай уялдаж зөрчил болохгүй байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж хэлэхэд хариуцагч нь юуг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, өөрийн эрх хэмжээг хэтрүүлсэн, түүнчлэн хуулиар эрх олгогдоогүй эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж манай компанийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулаад зогсохгүй үйл ажиллагааг хаах үр дагавартай шийтгэлийн хуудас бичсэн нь үндэслэлгүй байна.

М.О******** гэдэг хүний эрх ашиг зөрчигдөж, дуу чимээ гаргаад, шавж хорхой цуглуулаад тухайн хүний эрх ашиг зөрчигдөж байгаа юм шиг ойлгогдохоор болчихлоо. Шавж хорхой яагаад цуглараад байдаг гэдгийг улсын байцаагч тогтоогоогүй. Тухайн иргэний эрх ашиг нь хэрхэн зөрчигдсөн талаар тогтоосон зүйл байхгүй. Тухайн иргэн яагаад гомдол гаргаад байдаг гэхээр манай үйлчлүүлэгчийн хэлснээр хувийн ашиг сонирхол байдаг гэж тайлбарладаг. Хамгийн анх энэ асуудлаар маргахаасаа өмнө “...Манайх энд байранд үр хүүхдүүдтэйгээ амьдрах гэсэн юм. Танайх байраа зарчихаач...” гэж хэлэхэд нь зарахгүй гэж хэлснээс болж гомдол гаргаад байгаа юм гэж тайлбарласан. Үүнийг шүүх анхаараасай гэж хүсэж байна. Мөн тухайн иргэд үнэхээр ямар нэгэн байдлаар эрх ашиг нь хөндөгдсөн бол зөв байгууллагадаа хандах ёстой. Иргэний хэргийн шүүхэд хандаад “Ш****** ХХК-ийг тухайн газраас нүүлгэх шийдвэрийг иргэний хэргийн шүүхээр гаргуулж явах ёстой. Энэ олон жилийн хугацаанд иргэний шүүхэд хандалгүйгээр мэргэжлийн хяналтын байгууллагад л ханддаг. Мэргэжлийн хяналтын байцаагч нар нь торгохгүй бол чих амар байхгүй юм байна гэдэг байдлаар хандаж, эрх хэмжээгээ зөрчин шийтгэлийн хуудас оногдуулдаг нөхцөл байдал байна.

Энэ шийтгэлийн хуудас, даалгавар эрх хэмжээндээ нийцэж байгаа эсэхийг захиргааны хэргийн шүүх хянаж байгаа. Мэргэжлийн хяналтын газрын ажлын байрны дүгнэлт нь Ш” ХХК-ийн нэр дээр байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 2-т “.Хуульд заасан стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх шаардлагыг зөрчиж хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн бол...” хариуцлага хүлээнэ гэсэн заалт юм. Энэ зөрчлийн дагуу шалгах боломжтой байсан, харин орон сууцны хориглосон үйл ажиллагаа эрхлэх гэдэг нь дэд бүтэц буюу барилгын асуудал юм. Тухайн заалт нь барилга, дэд бүтцийн газрын чиг үүрэгт хамаарах юм байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “...Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараах үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн дуусгавар болгож, шийдвэр гаргана...” гэж заасан байдаг. Тэгэхээр ахлах шийдвэр гүйцэтгэгчээс тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон шийдвэр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны  баримт бичиг байхгүй байна. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна гэсэн үг юм. О.А****** гэдэг хүний ээж шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад очин, “...Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа хийгээч...” гэж шаарддаг юм байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тодорхой хэмжээнд удаашралтай байгаа боловч бүрэн биелэгдээгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага руу явуулсан албан бичиг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаасан гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тийм учраас шийдэгдэж дуусаагүй байгаа, үр дагавар нь тооцогдоогүй байгаа асуудалд дахин шийтгэл оногдуулж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5-д заасныг зөрчиж байна.” гэв.

3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэст 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11-11 төвөөс ********** дугаартай иргэн Ш.А******* өргөдөл гомдол ирүүлсний дагуу Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 04 тоотод байрлах Ш****** ХХК-ийн хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн боловсруулах бууз баншны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.А******* би тухайн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бууз баншны цехийн борлуулагч О.О******* байлцуулан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хяналт шалгалт хийсэн.

Иргэн Ш.А****** нь гомдолдоо “Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 4 тоотод Ш.Х******* ХХК нь анх 2010 онд орон сууцны гэрчилгээтэй байсан. Тухайн үед орон сууцанд ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодоггүй байсан. Мэргэжлийн хяналтаас шүүхийн байгууллага уруу шилжээд үйл ажиллагааг нь 2021 оны 03 дугаар сард зогсоосон. Гэтэл 2021 оны 05 дугаар сард гэнэт зөвшөөрөлтэй болж үйл ажиллагаа явуулж байна. Иймд холбогдох байгууллагад уламжлан тус байгууллагын зөвшөөрлийг шалгаж өгнө үү. Мөн орон сууцанд мах машиндах, гурил зуурах, 24 цагаар хөргөгчний сэнс чанга дуугаар дуугарах орчны тоос шороо, махны үнэр, ялаа, бясаа, шумуул болон бууз чимхэх хүмүүс цуглуулж ажиллаж байна. Олон удаа орцны оршин суугчид шаардлага тавихад хаалгаа түгжиж зугтааж, хэл ам гаргаж байна, шалгаж өгнө үү” хэмээн дурдсан байна. Уг гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд дараах зөрчил илэрсэн. Үүнд:

Нийтийн зориулалттай орон сууцны байранд оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж дуу чимээ ихээр гаргаж нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Ш****** ХХК-ийн бууз баншны үйлдвэрийн зөрчилд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр**********дугаартай зөрчлийн хэрэг нээсэн.

Дээрх зөрчил нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон.

1/ Нийтийн зориулалттай 3 өрөө орон сууцны зориулалтыг өөрчлөн хаалга гадагш гаргасан, нэг өрөөг бүхэлд нь хөргүүр байрлуулан хөргүүрийн сэнсийг гадагш гаргасан байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх заалт “Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын норм зөрчсөн, эсхүл хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн”,

2/ Хөргүүрийн дуу чимээ нь оршин суугчдын эрх ашиг, амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа нь Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт “нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт болон сууцандаа бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр энэ хуулийн 17.1-д зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж болно”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт “нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дор дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно, 17.1.7 дэх заалт 40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах”,

3/ Шалгалтын явцад Х******************* ХХК-ийн Ш****** ХХК-ийн хөргүүрийн моторт сэнсэнд хийгдсэн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн MNS 6768 Ажлын байран дахь шуугианы өртөлтийн хэмжилт, зөвшөөрөгдөх дээд хэмжээ, ажилтны сонсгол хамгаалахад тавигдах ерөнхий шаардлагаар хийгдсэн сорилтын дүнгээр хөргүүрийн моторт сэнс ажиллаагүй үед 44 дБА, ажиллаж байгаа үедээ 58.2 дБА байгаа нь Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалтад заагдсан 40дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргаж байгаа нь нийтийн зориулалттай орон сууцны байшинд хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн болно,

4/ Баянгол дүүргийн* дугаар хороо, * дүгээр хороолол ** дүгээр байрны ** тоот байр өмчлөгч Б.А***** холбогдох улсын бүртгэлийн ********* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлэх тухай албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт явуулж хариуг авахад тус обьектын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нь орон сууцны зориулалттай байсан болно. 2012 оноос өмнө нийтийн зориулалттай орон сууцны барилгын зориулалтыг өөрчилж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар батлагдан гардаг байсан бөгөөд уг тушаалаар иргэн Б.А****** эзэмшдэг орон сууц нь хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулах Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалгүй байсан болно.

Мөн тус орон сууцанд оршин суугчдаас авсан гэрчийн мэдүүлэгт дүнгэнэсэн дуу чимээ ихтэй, орчны хог хаягдал ихээр үүсгэдэг, зуны улиралд шавж болон мэрэгч ихэсдэг, амар тайван байдал алдагдуулдаг, тус бууз баншны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож үйлдвэрлэлийн бүс рүү шилжүүлж өгнө үү гэж мэдүүлэгт тусгагдсан нь бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Ш****** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З нь ************* дугаартай зөрчлийн хэрэгтэй өөрийн биеэр танилцаж, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурж дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрсөн болно. Зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б********* илэрсэн зөрчилтэй холбоотой холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрмийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан.

Тус компанид хийгдсэн хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь хуулийн дагуу хийгдсэн байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч шүүх хуралдаанд нэмж  хэлсэн тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь босоо удирдлагатай байгууллага юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тушаал нь аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын чиг үүрэг, бүтэц, орон тоог баталж өгдөг. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/71 тушаалын 2 дугаар хавсралтын 5-д “Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн газар болон хэлтсийн албан хаагчид ямар үйл ажиллагаа явуулах, ямар чиг үүрэг хүлээх вэ гэдэгт 1-т Хүнсний чанар стандартын улсын ахлах байцаагч нь мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хяналт хариуцсан байцаагчид нь, 3-т хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн барилга байгууламж болон ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хэрэглэх эд зүйлс болон стандартын шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавина.” гэж тушаалаар батлагдсан. Хүнсний чанар стандартын хяналт нь дотроо Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний үйлдвэр, худалдаа гэж салсан байдаг. Хүнсний үйлдвэрлэл хариуцдаг улсын байцаагч юм. Хүнсний чанар, стандартын улсын байцаагч нь 3 байдаг. Нэг нь хоол үйлдвэрлэл үйлчилгээг хянадаг, хоёр дахь нь хүнсний худалдааг хариуцдаг, гурав дахь нь хүнсний үйлдвэрлэлийг хариуцдаг. Миний гаргаж өгсөн чиг үүрэг батлах тушаалд чиг үүрэг болгон тусдаа байдаг.

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн улсын байцаагч н нээсэн зөрчлийн хэргийн үзлэг хийсэн тэмдэглэлд дуу чимээний хэмжилт хийсэн талаар тусгагдсан байна. CEMDT-8820 багажаар хэмжилт хийхэд тухайн гомдол гаргагчийн буюу цехийн дээд талын айлд чимээ, шуугиан их байдаг эсэхийг үзэхэд 68-74 дБа гэж гарсан, тухайн орон сууцны гал тогооны өрөөнд 68 дБА, унтлагын өрөөнд 64 дБа, зочны өрөөнд 70 дБа, тухайн цех дотор хэвийн үйл ажиллагааг явуулж байхад хэмжихэд 90 дБА байсан.

Хүнсний тухай хуульд “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь стандарт техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламжтай байх” гэж заасан байдаг. Мөн “хүнсний үйлдвэрлэлийн барилгыг эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу гүйцэтгэнэ.” гэж заасан. “Ш****** ХХК нь эрх бүхий байгууллагын зураг төсөл байхгүй, мэдээж үйлдвэрлэлийн зориулалттай биш орон сууцны зориулалттай барилгад үйл ажиллагаа явуулдаг учраас стандарт, техникийн зохицуулалт хийгдсэн барилга биш болж таараад байна.

Тухайн 29 дүгээр байрын 4 тоот буюу “Ш****** ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа барилга нь барилга, байгууламжийн MNS5023:2001 мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн үндсэн шаардлага гэсэн стандартыг хангахгүй байна. Тус стандартын 3.1-д “Үйлдвэр нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.” гэж заасан. Тухайн үйлдвэр нь нийтийн зориулалттай орон сууцанд үйл ажиллагаа явуулж байгаа учраас мэдээж мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдаагүй. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа гэдэг нь маш олон төрлийн өргөн агууламжтай. Хүнсний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл гэх мэтчилэн олон төрөл байдаг. Тухайн мах, махан бүтээгдэхүүн нь эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн гэж үздэг учраас Хүнсний тухай хуульд “стандарт техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл” гэх зэргээр зааж өгсөн байдаг.

Тухайн зөрчлийн хэрэг нь олон талтай байсан. Нийтийн эрх ашиг болон дуу чимээ ихтэй байна гэж үзсэн учраас хуульд заасны дагуу 40 дБА байгаа эсэхийг нь мэргэжлийн байгууллагаар хэмжихэд дуу чимээ нь 40 дБа-аас дээш байсан учраас шийтгэлийн хуудаст тусгасан. Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасныг зөрчсөн буюу “Ш****** ХХК нь 40 дБА-аас дээш дуу чимээ гаргасан.

Хориглосон үйл ажиллагаанд тухайн “Ш****** ХХК-ийн үйл ажиллагаа хамаарч байгаа. Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн даалгаварт тухай компанийн хаяг, байршил болон үндсэн үйл ажиллагааны чиглэл бууз, баншны үйлдвэр, үйлчилгээ эрхлэхгүй байж, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нүүлгэн шилжүүлж, нийтийн зориулалттай орон сууцыг орон сууцны зориулалтаар ашиглах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан болохоос компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоо гэсэн заалт байхгүй. Тухайн арга хэмжээ хуулийн заалт нь нөхөн төлбөр, олсон орлого, эрх хязгаарлах зүйл заалт байхгүй учраас даалгавартаа зориулалтаар нь ашиглах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасан.

“Ш****** ХХК-ийн талаарх гомдол 2019 оноос хойш мэргэжлийн хяналтын байгууллагад 6 удаа ирсэн. Мөн 2021 оны 08 дугаар сард тухайн гомдол надад ирсэн. Гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан Ш.А******* “Ш****** ХХК-ийн захирал н.уулзаж “...Дуу чимээ их гарч байна, тоног төхөөрөмжөө доош нь буулгуулаад ажиллаач ээ...” гэсний дагуу доош нь буулгасан байсан. Тухайн үед тоног төхөөрөмжөө буулгасан зургийг нь авч баталгаажуулаад шийдвэр гаргасан. Тухайн үед гомдол гаргагч болон “Ш****** ХХК-иас миний гаргасан шийдвэрт гомдол гаргаагүй. “Ш****** ХХК-ийн захирал “...манайх удахгүй нүүнэ, одоогоор боломжгүй байна...” гэж хэлж байсан. Тус компани нь арилгаж болох зөрчлөө арилгахгүй, удаа дараа зөрчил гаргаж байсан учраас Зөрчлийн хуульд заасны дагуу зөрчлийн шинжтэй учраас шийтгэлийн арга хэмжээ авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас даалгаврын хэрэгжилт бүрэн хангагдсан гэж үзсэн. Үүний дагуу мэргэжлийн хяналтын байгууллагаас мөн шүүхийн шийдвэр бүрэн биелсэн байна гэж үзсэн. Гэтэл 2021 оны 10 дугаар сард дахин тухайн зөрчил гараад, үйл ажиллагаагаа явуулж, иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт явуулсан.

Гомдол мэдээлэл нь амаар, бичгээр, холбоо харилцаа мэдээллийн хэрэгслээр ирдэг. Тухайн өргөдөл, гомдлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга болон даргын цохолтоор харьяа нэгж, хэлтэс дүүргүүд рүү цохогдоод, өргөдөл гомдолтой холбоотой харьяа чиг үүрэг бүхий улсын байцаагч нар томилогддог. Чиг үүрэгт хамааралгүй гомдол байвал чиг үүрэгт хамааралгүй гомдол байна гэж албан бичгээр хариу мэдэгддэг. Тухайн үйлдвэр нь хүнсний зориулалттай үйлдвэр учраас манай чиг үүрэгт хамаарч байгаа юм.

Тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай холбоотой асуудал нь 2020 онд н улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудастай хамааралтай байсан. Харин би 2021 оны 07 дугаар сард иргэнээс ирсэн гомдлын дагуу тухайн гомдол гаргасан иргэдэд мэдэгдээд, “...хоорондоо учраа ол, заавал ингэх шаардлага байхгүй...” гэж хэлээд тухайн үед тоног төхөөрөмжийг нь буулгуулж ажиллаа гээд тэмдэглэл үйлдэж хаасан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга н “3 сая төгрөгийн торгох арга хэмжээ биелж, зөрчлийн үр дагавар арилгуулах даалгавар биелсэн байна” гэж үзээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаахаар албан бичиг  явуулсан. Тийм учраас шүүхийн шийдвэр бүрэн биелсний дараа дахин зөрчлийн хэрэг нээж шалгасан гэж үзэж байна.

“Ш****** ХХК-тай холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад олсон баримтаасаа дүгнэн хэлэхэд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь үе шат бүртээ өөрсдөө хариуцна гэж Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан байдаг. Тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа учраас хуульд заасан зүйл заалт болон бусад хууль, тогтоомж, дүрэм, журам, тушаалыг дагаж ажиллах нь зүйтэй юм.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Маргаанд хамаарах орон сууцны байрны 8 тоотод оршин суугч иргэн Ш 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 11-11 төвөөр гаргасан “орон сууцанд бууз баншны цех ажиллуулж, тоног төхөөрөмж, хөргөгчний сэнс мотор ажиллуулснаар оршин суугчдын тав тухыг алдагдуулж байна, албадан нүүлгэж өгнө үү” гэх гомдол Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, улмаар Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэст, хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Т******** хуваарилагдан, тэрээр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, зөрчлийн хэрэг үүсгэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн * дугаар хороо, **дүгээр байрны ** тоотод байрлах Ш****** ХХК-ийн хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн боловсруулах бууз баншны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хяналт шалгалт хийж, тус компанийн цех нь нийтийн зориулалттай орон сууцанд эрүүл ахуй аюулгүй байдлын норм зөрчиж, хориглосон үйл ажиллагаа эрхэлж, бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин дуу чимээ гаргаж үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулж, мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгахыг буюу тус орон сууцанд бууз баншны үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй, тоног төхөөрөмж бага хэрэгслийг нүүлгэн шилжүүлж, орон сууцны зориулалтаар ашиглахыг даалгаж шийдвэрлэжээ.

Хоёр. Ш****** ХХК нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулахаар “энэ үйлдвэрлэл нь орон сууцанд хориглосон ажиллагаа биш, өмнө нь энэ зөрчилд арга хэмжээ авсан байхад нэг зөрчилд хариуцлагыг давхардуулсан буюу зөрчлийн хэрэг нээхгүй байх заалтыг зөрчсөн, хуулийн буруу заалтаар шийтгэл ногдуулсан буюу хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн, зөрчлийн үр дагаврыг арилгуулах даалгавраар үйл ажиллагааг бүр зогсоосон нь хууль зөрчсөн улсын байцаагчийн хяналтын чиглэлд хамаарахгүй” гэх үндэслэлүүдээр маргаж, хариуцагч нь “40 бДА-аас дээш дуу чимээ гаргаснаар нийтийн зориулалттай орон сууцанд хориглосон үйл ажиллагаанд хамаарна, зөрчил тогтоогдсон, хяналтын чиглэлд хамаарна, өмнөх зөрчлийг шийдвэрлээд, үйл ажиллагааг зогсоогоод шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, дахин зөрчлийг гаргасан тул нэг зөрчил гэж үзэхгүй” гэж тайлбарлажээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд дараах үйл баримтууд, зөрчил тогтоогдож байх бөгөөд гомдлын шаардлагын үндэслэл бүрээр дүгнэвэл, 

1. Хариуцагчийн үндэслэл болгосон хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл Орон сууцны тухай хуулиар ... орон сууц ашиглахтай холбоотой харилцааг зохицуулсан, уг хуулийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын тухай 5 дугаар бүлгийн нийтийн зориулалттай орон сууцны байшинд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тухай 16 дугаар зүйлийн 16.1-д “нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт болон сууцандаа бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр энэ хуулийн 17.1-д зааснаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж болно”, нийтийн зориулалттай орон сууцны байшинд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглох тухай 17 дугаар зүйлийн 17.1.7-д “... 40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно” гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нийтийн зориулалттай орон сууцны байшингийн  үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт болон орон сууцны зориулалттай хэсэгт бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр 17.1-д хориглосон үйл ажиллагаанаас бусад үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэлж болохоор заасан бол ийнхүү эрхэлж болохгүй хуулиар хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээнд дуу чимээний доод хязгаарыг тогтоож “40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах” үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглохоор зааж өгчээ.    

2. Зөрчилд холбогдогчийн бууз баншны үйлдвэрлэл явуулж буй 4 тоот орон сууц нь тухайн байшинд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдаагүй, энэ талаар талууд маргаагүй бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад уг үйлдвэрлэл явуулж буй үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг эрхийн улсын бүртгэлд хэрхэн бүртгэгдсэн лавлагааг авсан, Баянгол дүүргийн * дугаар хороо, * дүгээр хороолол ** дүгээр байрны * тоот үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2************ дугаарт орон сууцны зориулалтаар бүртгэгдсэн 2002 оны гэрчилгээтэй байсан бөгөөд үүнээс хойш эрхийн улсын бүртгэлд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай болгосноор энэ нь  тухайн орон сууцанд амьдарч буй бусад иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангасан эсэхийг, нийтийн зориулалттай орон сууцны байранд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж болох эсэхийг тодорхойлохгүй.

3. Зөрчилд холбогдогч компанид олгогдсон тухайн ажлын байрны нөхцөлд тавигдах шаардлагыг хангасныг буюу ажиллагсдын ажиллах нөхцөл, эрүүл, аюулгүй байдал хангасан эсэх, ажлын байрны нөхцөл үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүний эрүүл ахуйн чанар стандартыг хангах эсэх ажлын байрны дүгнэлт, мөн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехийн технологийн үйл ажиллагаа, мал эмнэлэг, ариун цэврийн байдалд хянан магадлагаа явуулсан дүгнэлт, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулах батламж, мал эмнэлэг, хүнсний үйлдвэр, технологийн улсын байцаагч нарын “ажлын байр, тоног төхөөрөмж стандартын шаардлага хангасан, эрүүл ахуйн аюулгүй байдлын стандарт шаардлага хангасан” гэх дүгнэлт[1] нь хөрш зэргэлдээ бусад иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангасан эсэхийг буюу нийтийн зориулалттай орон сууцны байранд тухайн үйл ажиллагааг хориглох эсэхийг, зөвшөөрөх эсэхийг мөн тодорхойлохгүй.

4. Ш****** ХХК нь уг орон сууцанд бууз баншны үйлдвэрлэл 2006 оноос  явуулсан гэх бөгөөд 2020 оны 8 дугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт  ирүүлсэн нэр бүхий иргэдийн гомдлоор тус газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч хяналт шалгалт хийж “нийтийн зориулалттай орон сууцанд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, аюулгүй байдлын норм зөрчсөн, нийтийн зориулалттай орон сууцанд хориглосон үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлсэн, ажиллагсад эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, технологийн картгүй, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, нийтийн зориулалттай орон сууцны 1 дүгээр давхарт химийн бодис ашигласан, 40 дБА-аас хэтэрсэн дуу чимээтэй тоног төхөөрөмж ашигласан” зөрчилд 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 006***** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар 3 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар буюу тухайн орон сууцанд хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахыг зогсоох, цаашид уг үйлдвэрлэлийг зориулалтын газар эрхлэх, орон сууцыг орон сууцны зорилалтаар ашиглахыг даалгасан, зөрчилд холбогдогч нь уг шийдвэрүүдтэй маргаагүй.

Улмаар шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 584 дүгээр захирамж гарч, 128/ГХ2021/0019 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, улмаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 3 сая төгрөгийг төлж барагдуулж, тухайн орон сууцанд явуулж байсан хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоосноор хүсэлт гаргагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эрх бүхий албан тушаалтны даалгавар биелсэн талаар мэдэгдсэн байдаг. Гэвч тухайн орон сууцанд хориглосон үйл ажиллагааг дахин явуулснаар иргэдээс гомдол ирж, дахин хяналт шалгалт явуулж, зөрчлийн хэрэг үүсгэн шийдвэрлэсэн байх тул нэг зөрчилд шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэж үзэхгүй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.5-д заасныг зөрчөөгүй байна.

5. ****** дугаартай зөрчлийн хэрэгт улсын байцаагч Б нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тухайн үйлдвэрлэл явагдаж тоног төхөөрөмж ажиллаж байх үед үйлдвэрлэлийн байранд буюу 04 тоот орон сууцанд болон гомдол гаргагчийн оршин суудаг 8 тоот орон сууцанд дуу чимээний хэмжилтийг CEMDT-8820 аппаратаар хийхэд үйлдвэрлэлийн байранд буюу 4 тоот орон сууцанд 90 дбА, 8 тоот орон сууцанд буюу тухайн байшинд оршин суугч бусад иргэдэд мэдрэгдэх дуу чимээний хувьд гал тогооны өрөөнд 68 дБА, унталгын өрөөнд 64 дБА, зочны өрөөнд 70 дБА байсан[2] нь нийтийн зориулалттай орон сууцанд зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарч, Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалтыг зөрчиж орон сууцанд хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогджээ.

Түүнчлэн ***** дугаартай зөрчлийн хэрэгт Х************** ХХК-иар Ш****** ХХК-ийн хөргүүрийн моторт сэнсэнд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “MNS 6768 Ажлын байран дахь шуугианы өртөлтийн хэмжилт, зөвшөөрөгдөх дээд хэмжээ, ажилтны сонсгол хамгаалахад тавигдах ерөнхий шаардлага”-аар хийгдсэн сорилтын дүнгээр хөргүүрийн моторт сэнс ажиллаагүй үед 44 дБА, ажиллаж байгаа үедээ 58.2 дБА байгаа нь тогтоогдсон, энэ нь 40дБА-аас дээш байгаа нь Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь дахь заалтыг мөн л зөрчиж, нийтийн зориулалттай орон сууцны байшинд хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн гэж улсын байцаагч үзсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл 2020, 2021 онд хийгдсэн дээрх 2 хэмжилтээр нийтийн зориулалттай орон сууцны байранд 40 дбА-аас дээш хэмжээний дуу чимээ гаргах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглосон заалтыг зөрчсөн болох нь ийнхүү тогтоогджээ.

6. Улсын байцаагч нь хуулийн хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн буюу буруу заалтаар шийтгэл ногдуулсан гэж үзэхээргүй байна. Учир нь тухайн маргаан бууз баншны үйлдвэрлэлийг эрхлэх ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлагын тухай биш, нийтийн зориулалттай орон сууцанд уг үйлдвэрлэлийг эрхэлснээр дуу чимээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрснээр бусад оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах эрхэд сөргөөр нөлөөлсөн талаарх маргаан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь хуульд заасан стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж /тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх/ -тай байх журам зөрчсөн эсэх зөрчлийг заасан бол 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь илүү нарийвчилсан зохицуулалт  буюу нийтийн зориулалттай орон сууцны байранд хориглосон үйл ажиллагааг явуулсан эсэх зөрчлийг шийдвэрлэхээр байна.

Тиймээс улсын байцаагч нь зөрчлийг шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримталсныг хуулийн буруу заалт хэрэглэсэн гэж үзэхгүй.

7. Үйл ажиллагааны нэг хэсгийг зөрчил гэж үзэж зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар нь тухайн орон сууцанд хориглосон үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг зогсоохыг, орон сууцны зориулалтаар ашиглахыг даалгасан болохоос тухайн компанийн үйл ажиллагааг зогсоогоогүй, нөгөөтэйгүүр тухайн орон сууцыг ашиглахыг хязгаарласан, ашиглахгүй байхыг даалгасан агуулгагүй юм. Тиймээс бүхий л үйл ажиллагааг бүр мөсөн зогсоосон гэх гомдол үндэслэлгүй.

Гурав. Ийнхүү зөрчил нь тогтоогдсон, зөрчлийг шийдвэрлэсэн хуулийн зүйл заалт зөв байх хэдий ч зөрчлийг шалган шийдвэрлэсэн улсын байцаагчийн хяналтын чиглэлд гомдлын агуулга, маргааны үйл баримт хамаарахгүй байх тул шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гаргасан иргэний гомдлын агуулга буюу гаргасан гэх зөрчил нь барилгын техникийн хяналттай илүү хамааралтай, үйлдвэрлэж буй хүнсний чанар стандартын, хүнсний аюулгүй байдалтай хамааралгүй байхад үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүн нь мах махан бүтээгдэхүүн гэх үндэслэлээр хүнсний үйлдвэрлэл чанар, стандарт хариуцсан хяналтын улсын байцаагчид гомдлыг хуваарилж шалган шийдвэрлүүлсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл тухайн үйлдвэрлэгдэж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, стандарт, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлаас үүдэлтэй бусдын эрүүл мэнд, аюулгүй байдал зөрчигдсөн асуудал биш, харин бүтээгдэхүүнийг нийтийн зориулалттай орон сууцны байранд үйлдвэрлэхдээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү дуу чимээ гаргаснаар бусдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, амгалан тайван байдал алдагдсан талаарх гомдлыг орон сууцны барилгын ашиглалт, техникийн хяналт хариуцсан хяналтын улсын байцаагчид хариуцуулан хяналт шалгалт хийлгэх нь хяналтын чиглэлд илүү нийцэхээр байх тул энэ зөрчлийг хүнсний чанар стандартын хяналт хариуцсан улсын байцаагч шалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй буюу хяналтын чиг үүрэгт нь хамаарахгүй байх тул  шийтгэлийн хуудас болон эрх бүхий албан тушаалтны даалгавар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “чиг үүрэгт нь үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан” гэх захиргааны актыг илт хууль бус гэж үзэх шинжийг агуулсан, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй гэж дүгнэхэд хүргэж байна.

Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл хариуцсан хяналтын чиглэлээр улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийх, хууль тогтоомжид заасан чиг үүргийг гүйцэтгэхээр заасан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны А/71 дүгээр тушаалаар газар, хэлтсүүд, улсын байцаагч нарын хяналтын чиг үүргүүдийг баталсан, ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналт, Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналт, Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналт, Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналт, Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналт, Дэд бүтцийн хяналтын газартай байхаар, Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газар нь Үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт, Хөдөө аж ахуйн хяналтын хэлтэстэй, Дэд бүтцийн хяналтын газар нь Барилга байгууламжийн хяналт, Эрчим хүч, хэмжил зүйн хяналт, Зам, тээвэр, холбоо, мэдээллийн хяналтын хэлтэстэй байхаар батлагдсан, хариуцагч нь Үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтэст мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл хариуцсан хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчаар ажилладаг, энэ тушаалаар батлагдсан түүний эрхлэх чиг үүрэгт “мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх үе шат, үйл ажиллагаа, ажлын байр, үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтэд хяналт тавих, стандарт, шаардлагыг мөрдүүлэх, эрсдлийг бууруулах, зөрчлийг шалгаж таслан зогсоох” чиг үүрэг хамаарахаар, харин барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавих чиг үүрэг нь барилгын техникийн хяналт хариуцсан улсын байцаагчийн хяналтын чиглэлд хамаарахаар[3] байна. 

Зөрчлийн талаарх гомдол мэдээллээр хариуцсан хяналтын чиглэлийн улсын байцаагч нь энэ зөрчлийг шалгаж хэвээр үргэлжилж байна гэж үзвэл шийдвэрлэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 4, Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 2.1 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 дахь заалтыг тус тус баримтлан Ш****** ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Б.Т******* 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ****** дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч Ш****** ХХК-д олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ