Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01717

 

Л.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00936 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1434 дүгээр магадлалтай,

Л.Сын нэхэмжлэлтэй

“Э Э Б М А” ХХК-д холбогдох

Дутуу олгогдсон цалин, ээлжийн амралтын олговор, ажлаас халагдсаны тэтгэмж, хөдөлмөрийн гэрээний дагуу ёстой төлөх төлбөр, нийтээр амрах баярын өдөр болон илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс зэрэгт нийт 16 563 487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Халиуны гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “Э Э Б М А” ХХК-д аудитороор 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилд орж, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн. Гэтэл түүний оронд ажилд орох хүн нь байхгүй гээд түр ажиллаж байхыг хариуцагч компани хүссэн бөгөөд уг хүсэлтийн дагуу тушаал шийдвэргүйгээр үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа гарах хүсэлтээ дахин гаргаж, хүсэлтийг нь шийдвэрлэж өгөөгүйн улмаас 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажлаа орхин явсан. Үргэлжлүүлэн ажиллахдаа өмнөх цалингаараа цалинжиж, ажлын 5 өдөр бус 6 өдөр ажилладаг байсан. Хариуцагч илүү цагийн нэмэгдэл хөлсийг мөн л олгоогүй. Нэхэмжлэгч нь аудиторын ажлын байранд сарын 1 843 209 төгрөгийн цалинтай байсан боловч 2016 оны 7, 8 дугаар саруудад огт цалин аваагүй, 2016 оны 9 дүгээр сард 500 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 1 100 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 350 000 төгрөгийг дутуу авсан. Дутуу авсан нийт цалингаас татвар хураамжийг хасч үлдэх 4 950 000 төгрөг болон 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 26 хоногийн амралтын мөнгө 2 328 264 төгрөгийг хариуцагч олгох ёстойг гаргуулах, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр 1 сарын цалин 1 843 209 төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, түүнчлэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.5 дахь заалтаар Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын гишүүний жилийн хураамж 120 000 төгрөгийг ажил олгогч хариуцан төлөхөөр тохирсон боловч хариуцагч огт төлөөгүй байгааг буюу 2016, 2017 оны хураамж болох 240 000 төгрөгийг, хөдөлмөрийн гэрээний 10.1, 10.2 дахь заалтаар ажилтны хамрагдсан сургалтын төлбөрийг ажил олгогч хариуцахаар тохирсон боловч хариуцагч төлөөгүй байгааг буюу нэхэмжлэгч өөрөөс төлсөн 1 470 000 төгрөгийг, аудиторын сертификат буюу батламж авахад төлсөн 180 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь баярын өдрөөр Оюу толгой ХХК-д томилолтоор ажилласан бөгөөд онгоц 1 өдрөөр саатсаны улмаас 2 хоносон. Гэтэл ажил олгогч нь баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг нь өгөөгүй. Онгоц саатсан явдалд нэхэмжлэгч буруугүй учир 2 хоногийн нэмэгдэл хөлс 179 097 төгрөгийг авахаар нэхэмжилж байна. Түүнчлэн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд нийт 40 бямба гаригт нэхэмжлэгч илүү цагаар ажилласан. Тиймээс 1 өдрийн 89 548.62 төгрөгөөр тооцож нийт 5 372 917 төгрөгийг амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс болгож авах эрхтэй гэж үзэж байна.Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас нийт 16 563 487 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр анх аудиторын туслахаар ажилд орж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлах аудитороор ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүсэлтээ өгч ажлаасаа чөлөөлөгдсөн. Тушаалыг түүний хүссэнээр орон тооны цомхтгол гэж гаргасан. Түүнээс хойш 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажиллаагүй, харин ажлаа хүлээлгэж өгөхгүйгээр явсан асуудал байдаг. Манай компанийн үйл ажиллагаа доголдож, 2016 оны 7 сараас бараг сул зогсолт хийсэн учир нэхэмжлэгчийн тухайн сарын цалинг 9 дүгээр сард, түүнээс хойшхи хугацаанд дутуу олгосон цалин хөлсийг нь 2017 оны эхээр 1-3 саруудад хувааж нөхөж өгөөд дуусгасан. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн учир ажлаас халагдсаны тэтгэмж авах хуулийн зохицуулалт байхгүй. Түүнийг ажлаас халагдах үед ээлжийн амралтынх нь тооцоог бүрэн хийсэн тул тэтгэмж болон ээлжийн амралтын олговор шаардах эрхгүй. Мэргэшсэн нягтлан бодогчийн гишүүний 2016 оны хураамжийг бүхэлд нь нөхөн төлсөн, харин 2017 оныхыг хариуцах үндэслэлгүй. Мөн хөдөлмөрийн гэрээний 10-т заасан сургалтын төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сараас аудитороор ажиллаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш нэхэмжлэгчийг сургалтад хамруулах шаардлага ажил олгогчид үүсээгүй. Өөрөө сайн дураар хамрагдсан сургалтын төлбөрийг хариуцагч төлөх үүрэггүй. Түүнчлэн Оюу толгой ХХК-д томилолтоор ажиллахад 1 хоног онгоц саатсан нь ажил олгогчоос шалтгаалаагүй бөгөөд ажил олгогч илүү цагаар ажиллуулаагүй. Нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тул гомдол үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00936 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчаас 2 948 718 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 614 769 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62 129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1434 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00936дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2 948 718 төгрөг гэснийг 2 298 328 төгрөг гэж, үлдэх 13 614 769 төгрөгт гэснийг үлдэх 14 265 159 төгрөгт гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 62 129 төгрөгийг гэснийг 51 707 төгрөгийг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Халиун хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 161 дүгээр зүйлд заасан эрхийн дагуу Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байна. 1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018.05.28-ны өдөр мөн адил давж заалдах гомдол гаргасныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие мэдээгүй болно. Энэ нь ИХШХШТХ-ийн 163.1-т заасны дагуу нэхэмжлэгч талд танилцуулаагүй, ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйл, 163.2-т гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие 2018.06.20-ны өдөр давж заалдах шатны шүүхийн дарааллаараа 9 дэх хуралдаан нь байсан бөгөөд тухайн өдрийн өглөө 8.30 цагт шүүгчийн туслах Билгүүнтэй уулзаад, хариуцагч талаас ямар нэгэн гомдол, хүсэлт ирүүлсэн эсэхийг тодруулахад ирүүлээгүй гэсэн боловч шууд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дээр илтгэгч шүүгч танилцуулснаар магадлалд хариуцагчийн гомдлоос зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Л.С нь хуульд заасны дагуу өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр М.Саранцацралд, мөн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр Ц.Халиунд шилжүүлсэн болно. Гэтэл өөрийг нь итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх бүрэн эрхтэй нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчид нь хариуцагчийн давах гомдлыг танилцуулаагүй, нэхэмжлэгч Л.Сруу хариуцагчийн давах гомдлын хуулбарыг явуулсан байгаа нь нэхэмжлэгч өөрт нь хуулбар явуулсан гэж ойлгон итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчдөө энэ талаар мэдэгдээгүй болно. 2. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар орон тооны цомхотголоор ажлаас халсан тушаал шийдвэрийг 2017.01.06-ны өдөр гаргаад, ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ингэснээр нэхэмжлэгчид хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-т заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмж авах эрх хуулийн дагуу үүссэн байхад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу цуцалсан бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийхөө дараа нь амаар харилцан тохиролцож түр хугацаанд НДШ-ийг нь төлөлгүйгээр гуйж ажиллуулсан байгаа нь ажлаас халагдсаны дараа яригдах асуудал бөгөөд нэхэмжлэгч 2017.01.06-ны өдрийн 02 тоот тушаалд маргаж тэтгэмж өгөхгүй байна гээд гомдол гаргасныг шат шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Өнөөдөр энэ тушаал шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байгаа учир хүчин төгөлдөр байгаа бөгөөд хариуцагчаас хүчингүй болгосон эсэх тушаал хэргийн материалд байхгүй байхад 2 шатны шүүхээс өөрөө өргөдлөө өгөөд гарсан тул тэтгэмжийн асуудал яригдахгүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халагдсаны дараа өөрөө гуйж ажиллуулчихаад нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, НДШ-ийг нь төлөөгүйгээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөд байхад 2 шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. 3. Шүүхээс "...Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, 2016 оны 11 дүгээр сарыг хүртэлх цалингийн зөрүүг нэхэмжлэх эрхээ алдсан гэж үзэх бөгөөд...” гэж үзсэн байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч ““Э Э Б М А”” ХХК-тай 2015 оны 12 сард хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон цагаасаа эхлэн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансаар дамжуулан цалин хөлсөө тогтмол авдаг байсан. Нэхэмжлэгчийг ажилд орсноос хойш 2015.12-2016.06 сарыг дуустал хугацаанд сар бүр /хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон үндсэн цалин 1 843 209 төгрөгөөс НДШ, ХХОАТ суутгагдаад/ дансаар 1 500 000 төгрөг тогтмол ордог байсан. Гэтэл хариуцагч байгууллага санхүүгийн хүндрэлтэй байгаа тул 9, 10 сараас ажил жигдрээд санхүүгийн эх үүсвэртэй болохоор цалинг нөхөж өгөх нэрийдлээр нэхэмжлэгчид 2016.07, 08 дугаар сард цалин огт өгөөгүй бөгөөд, 2016.09-2016.12 дугаар сарыг дуустал хугацаанд цалинг дутуу олгосон болно. /Хүснэгтээр харуулсан/ Харин 2017.01 сараас 03 сарыг хүртэл нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалинг ажил олгогчоос бүрэн олгож байсан бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаас ажиллаж байх хугацаандаа удаа дараа дутуу олгогдсон цалингаа нэхэж, шаардаж байсан учраас 2017.02.14-нд хариуцагчаас 2016 оны цалингийн өглөг 500 мянган төгрөгийг шилжүүлсэн байгаа нь Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулгаар нотлогдоно. Мөн хариуцагчаас өөрөөс нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж өгсөн “Цалин олгох ажилтнуудын жагсаалт”-аар цалин олгосон дүн нь Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулгатай тохирч байгаа бөгөөд эдгээр баримтаар нэхэмжлэгчид цалинг дутуу олгож байсан нь харагдана. Эндээс харахад нэхэмжлэлийн шаардах эрх хэзээ үүсэх вэ гэдэг нь Иргэний хуулийн 79.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өмнөх өгөөгүй саруудын цалингаа өгөөд явсан нь /бусад хэлбэрээр/ хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шаардах эрх 2017.03.17-ны өдөр үүссэн бөгөөд манай байгууллага дээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан ХМТК байхгүй тул үүнээс хойш ХМШЗСХ-нд 2017.03.28-ны өдөр хандсан бөгөөд энэ хорооноос тус хорооны дүрэмд зааснаар хандахад эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш буюу 10 хоног өнгөрсөн байна гэж гаргасан тул 2017.03.30-ны өдөр тус дүүргийн шүүхэд хандсан болно. Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх ашиг сонирхол нь ажиллаж байх хугацаанд нь зөрчигдсөн бөгөөд ажиллаж байх хугацаандаа ажил олгогчтойгоо дутуу олгогдсон цалингаа нөхөж авахаар амаар харилцан тохиролцож байсан нь дээрх нотлох баримтуудаас харагдах бөгөөд хариуцагчийн зүгээс ч гэсэн нэхэмжлэгч удаа дараа шаардаж байсан тул дараа дараагийн сард нь өмнөх сарынхаа цалинг нь нөхөж олгодог байсан нь харагдаж байна. Тэгээд ч практик дээр аль ч салбарын ямар ч байгууллагад ажиллаж байгаа ажилчдын хувьд ажиллаж байх хугацаанд нь ажил олгогчоос дараа өгөх нэрийдлээр цалинг нь хэд хэдэн сараар саатуулах, нөхөж олгох тохиолдлууд маш их бөгөөд энэ тохиолдолд хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр цалинг нь олгохгүй байх нь үндэслэлгүй бөгөөд эдгээр ажилчдын эрхийг хуулиар хязгаарлаж дордуулж болохгүй юм. Учир нь тухайн ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд, мөн цалинг сүүлд нөхөж олгосон хугацаанаас эрхээ зөрчигдсөнийг мэдсэн, мэдэх ёстой байсан гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг тооцож байж шударга ёсны зарчим хангагдана гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгч ажлаасаа чөлөөлөгдсөн хугацаа эсхүл сүүлд цалинг нөхөж олгосон 2017.02.14-ний өдрөөс эхлэн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг тооцох нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

            Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлд дурьдаагүй асуудлыг шийдвэрлэж,  шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй тул хүчингүй болгоно. Нэхэмжлэгч нь 2016 оны 7-12 саруудад дутуу авсан цалин 4 950 000 төгрөгийг шаардсан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлд заагаагүй 2017 оны 01 сараас 03 сарын 17 хүртэлх хугацааны цалинг гаргуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ээлжийн амралтын олговор дээр цалингийн дутуу 4 950 000 төгрөг, ажлаас гэнэт халагдсны тэтгэмж 1 843 209 төгрөгийн шаардлагыг нэмж хангаж, өгөхийг хүссэн ба гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч “Э Э Б М А” ХХК-аас 2016 оны 7,8, 9, 10, 11, 12 саруудад олгоогүй цалингийн үлдэгдэл нийт 4 950 000 төгрөг, ээлжийн амралтын олговор 2 328 264 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1 843 209 төгрөг, хөдөлмөрийн гэрээний дагуу ажил олгогчийн хариуцах ёстой гишүүний хураамж 240 000 төгрөг, сургалтын төлбөр,сертификатын үнэ 1 650 000 төгрөг, нийтээр амрах баярын 2 өдөр ажилласны нэмэгдэл хөлс 179 097 төгрөг, амралтын өдөр буюу 40 бямба гаригт илүү цагаар ажиллуулсны нэмэгдэл хөлс 5 372 917 төгрөг нийт 16 563 487 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 1, 2 сар бүтэн, 3 сарын 17 хүртэлх ажилласан хугацааны цалинг бүрэн авсан гэж үзэж, 4 950 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 7 сарын цалингийн дутуу 500 000 төгрөг, 8 сарын цалин 1 500 000 төгрөг, 9 сарын цалингийн дутуу 500 000 төгрөг, 10 сарын цалингийн дутуу 1 100 000 төгрөг, 11 сарын цалингийн дутуу 500 000 төгрөг, 12 сарын цалингийн дутуу 850 000 төгрөг гэж тодорхойлжээ. Тэрээр 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 500 000 төгрөгийг 12 сарын цалинд тооцвол 12 сард 350 000 төгрөгийг дутуу авсан гэж тайлбарласан байна.

Л.С нь 2015 оны 12 сарын 01-ний өдөр “Э Э Б М А” ХХК-д ажилд орсон ба ажил олгогч 2016 оны 06 дугаар сарыг дуустал цалингаа бүрэн өгч байсан боловч 2016 оны 7 сараас эхлэн дутуу олгож эхэлсэн гэж зөрчигдсөн эрхээ тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 01 сарын 06-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгсөн боловч ажил олгогч 2017 оны 03 сарын 17 хүртэл ажиллуулсан гэсэн бол хариуцагч нь 2017 оны 01 сарын 06-ны өдөр ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж маргажээ. “Э Э Б М А” ХХК-ийн зүгээс 2017 оны 01 сарын 16-ны өдөр 400 000 төгрөг, 01 сарын 24-ний өдөр 1 100 000 төгрөг, 2017 оны 02 сарын 13-ны өдөр 1 500 000 төгрөг, 2017 оны 03 сарын 17-ны өдөр 750 000 төгрөгийн цалинг ажилтанд шилжүүлснээс үзэхэд ажилласан хугацааны цалинг, үүнээс 3 сарын цалинг ажилласан хоногоор тооцож олгосон нь тогтоогдож байх тул ажлаас чөлөөлөх тушаал 2017 оны 01 сарын 06-ны өдөр гарсан боловч 2017 оны 03 сарын 17-ны өдөр хүртэл ажилласан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн талаар нэхэмжлэлдээ дурдсан, хариуцагч байгууллага энэ талаар маргаагүй нь тогтоогджээ. Иймд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалд “орон тооны цомхотгол” гэсэн үндэслэлийг заасан нь зохигчдын тайлбар, маргааны бодит байдалд нийцээгүй ба нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу ажлаас халагдсны тэтгэмжийг шаардах эрхгүй, энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Харин хяналтын гомдолд дурдсан 4 950 000 төгрөгийн цалинг гаргуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогджээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч Л.Сын сарын дундаж цалин хөлс 1 500 000 төгрөг, 2016 оны 7-12 сарын цалин хөлсөд 9 000 000 төгрөг авахаас ажил олгогч нь 4 050 000 төгрөгийг олгож, 4 950 000 төгрөгийг олгоогүй, 2017 оны 1, 2 сар, 3 сарын 17 хүртэлх цалинг бүрэн олгосон нь тогтоогдсон байна. Ажил олгогчийн зүгээс 2017 оны 02 сарын 14-ний өдөр “2016 оны цалингийн өглөгөөс төлөв” гэсэн утгаар 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байдлаас үзэхэд хариуцагч нь энэ хүртэл хугацаанд үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 3 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааны дотор байжээ.

Иймд нэхэмжлэгч нь цалингийн дутуу 4 950 000 төгрөг, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор 1 611 908 төгрөг нийт 6 561 908 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар шаардах эрхтэй байх тул энэ үндэслэлээр болон хэрэглэх ёсгүй хууль хэрэглэснийг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1434 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2018/00936 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...61 дүгээр зүйлийн 61.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 369 дүгээр зүйлийн 369.3..гэсэн хэсгийг хасч, ...2 948 718...гэснийг ...6 561 908...гэж, ...13 614 769...гэснийг ...10 001 579...гэж, 2 дах заалтад ...62 129 ... гэснийг 119 940...гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. .

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112 660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА