Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 366

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б нийгэмлэг” Нийгэмд үйлчилдэг

Хариуцагч: МУЗГ

Гуравдагч этгээд: “Т” Төрийн өмчит ААТҮГ 

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дахь “Эрүүл мэнд, Спортын яамны харьяа Т” гэсэн заалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, түүний өмгөөлөгч Э.Э, гуравдагч этгээд “Т” ТӨААТҮГ-ын өмгөөлөгч Ж.А нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Б нийгэмлэг” Нийгэмд үйлчилдэг ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Манай төрийн бус байгууллага нь Монгол Улсыг хамгаалах явдалд туслах эвлэл нэртэйгээр 1929 онд анх байгуулагдаж, ардын армид автын жолооч, радист, шүхэрчин, мэргэн буудагч зэрэг төрөл бүрийн техникийн мэргэжилтэн бэлтгэх, залуучуудыг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, техникийн спортыг хөгжүүлж, өндөр ур чадвартай тамирчдыг бэлтгэж, олимп, дэлхийн төвшинд өрсөлдүүлж медаль авч эх орныхоо нэрийг мандуулах зэрэг үүргүүдийг хүлээж нэр, төртэй биелүүлсээр өнөөдөртэй золгосон юм. 

Хэдийгээр манай байгууллага төрийн бус байгууллагын статустай хэдий ч өөрсдийн үйл ажиллагааг хэнээс ч хараат бус, өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлж, бүтэц зохион байгуулалтаа өөрсдөө шийдвэрлэж ирлээ. Бид техникийн спортын төрлүүдийн хөгжлийг хангах, өндөр зэрэглэлтэй тамирчид бэлтгэх зорилгоор 1997 онд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж техникийн спортын авто-мото, нисэх, радио, буудлага спортын төв клубүүдийг нэгтгэн хуучин Буудлагын төв клубын байрыг “Т” болгон өөрчилж өөрсдөө дотоод бүтцийн өөрчлөлт хийсэн. Энэхүү өөрчлөлт үр дүнтэй болох нь батлагдаж, олимп, дэлхий, тивийн аваргууд, медальт тамирчид, спортын гавьяатнууд олноор төрөн гарсан билээ. 

Бид төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж, салбарын яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэх, бэлтгэл хангуулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. 

Гэтэл бидний энэхүү хамтын ажиллагаа, гэрээний үндсэн дээр олгогдсон санхүүжилтийн хөрөнгө, манай бүтцийн нэгж болох “Т”-ийг төрийн нэрээр хэсэг бүлэг хүмүүс хуйвалдааны аргаар булаан авах, манай байгууллагын өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бусаар төрийн мэдэлд авч, улмаар цааш нь хувьчлах болон өөр бусад аргаар хувьдаа авах зорилгоор 2015 онд Засгийн газрын 55 дугаартай тогтоолын 3 дахь хэсэгт оруулсан байдаг. 

Манай хөрөнгүүдийг хууль бус аргаар төрийн мэдэлд авах оролдлогыг ТӨХ (хуучин нэрээр) 2012 оноос эхлэн оролдож, 2012 онд 323, 2013 онд 435 дугаартай тогтоолуудыг тус тус гаргасан байдаг. Эдгээр тогтоолуудыг бид эс хүлээн зөвшөөрч, шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн бүх шатны шүүхүүд дээрх тогтоолуудыг бүгдийг нь хүчингүй болгосон болно. 

Гэтэл ТӨХ-ны 2013 оны 435 дугаар тогтоолоор захиргааны хэрэг үүсгэн, маргаан шийдвэрлэгдэж байх явцад Засгийн газар энэхүү маргаан бүхий актад түшиглэн дээрх 55 дугаар тогтоолд манай “Т”-ийг Эрүүл мэнд, спортын яамны харьяа “аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар” болгон өөрчлөн зохион байгуулахаар тогтоосон юм. 

Нэгэнт маргаан бүхий ТӨХ-ны 2003 оны 135 дугаар тогтоол хүчингүй болсон тул бид Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Энэхүү хууль бус тогтоол гарснаар бидний өмчлөх эрх, дараах байдлаар зөрчигдөж байна. Үүнд: 

- Үндсэн хуульд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо. 

- Төрийн бус байгууллагын өмчийг Засгийн газрын тогтоолоор Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудыг зөрчиж булааж авлаа.

- Энэ тогтоол гарснаар бусдын хууль бус үйлдлийг дэвэргэсэн, нийгэмд сөрөг мэдээлэл гаргах үндэслэлийг бүрдүүллээ.

- Монгол Улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж болох мэт ойлголтыг нийгэмд түгээх боллоо.

- Төр засгийн үйл ажиллагаа, Үндсэн хууль болон хууль дээдлэх ёсны зарчимд үндэслэн явагддаг байх Үндсэн хуулийн тулгуур зарчимд алдагдах нөхцөлийг бүрдүүллээ гэж үзэж байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б нийгэмлэг"  НҮТББ 1990 оноос өмнө олон нийтийн байгууллага байснаа сүүлд Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага болсон. Энэ байгууллагын бүтцэд БХТН-ийн “Т” хуучнаар буудлагын спортын төв байдаг. 1990 оноос хойш аж ахуйн үйл ажиллагааг зөв үр ашигтай болгохын тулд нэгтгэн БХТН-ийн “Т” гэсэн бүцийн нэгжийг бий болгосон байдаг. Үүнд буудлагын спорт, морин спорт, шүхрийн спорт, авто мото спорт, аудио спорт зэргийг нэгтгэн “БХТН-ийн “Т” болсон. Ингээд НҮТББ хурлаараа бүтцээ баталж... даргын тушалаар бүтэц орон тоог баталж санхүүжилтээ хийж явсан. Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан шаардлагыг хангаж ажиллаж байсан. Гэтэл 2012, 2013 оноос хэсэг хүмүүс төрийн өмчийн хорооны удирдлагатай хуйвалдаж буудлагын спортын төвийн барилгын талыг авах зорилгоор удаа дараа хууль бус тогтоол гаргаж Монгол Улсын захиргааны хэргийн шүүхэд 3-4 удаа хандаж шинэ нөхцөл байдлаар хүчингүй болгуулах гэсэн тогтоол байдаг. Улсын дээд шүүхийн 4 тогтоол гарч Төрийн өмчийн хорооны тогтоол хүчингүй болсон. 

Төрийн өмчийн хорооны 2013 оны 2 дахь тогтоол Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан хэлэлцээд хүчингүй болгож шийдвэрлэгддэг. Энэ үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээгүй асуудлаар гарсан тогтоолд өөрчлөлт оруулан хууль бус тогтоолыг гардуулсан гэсэн үндэслэлтэй байгаа. Үүнийг бид нотлох  боломж байхгүй.Ерөнхий сайд Сайханбилэгийн Засгийн газрын үед хэрэг эрхлэх газарт ч юм уу хаана ажилладаг нь тодорхойгүй этгээд шинэ жилийн хүлээн авалтанд сайрхан ярьж Засгийн газрын тогтоолоор гаргуулах зүйл байвал би гаргаж өгч чадна. Жишээлбэл “Т”-ийг Засгийн газрын тогтоолд оруулж нэр бүхий хүмүүст өгсөн гэсэн үйл баримтыг ярьсан байдаг. 

Энэ тогтоолыг хэлэлцэх явцад болон хэлэлцэхийн өмнөх шатанд энэ тухай асуудал яригдаагүй байдаг. 

Шүүх хуралдааны шатанд Эрүүл мэнд, спортын яамны харьяа “Т” гэдэг байгууллага хаана байна вэ? гэхэд энэ байгууллагыг өөрсдөдөө байгуулсан зүйл ярьдаг. Энэ байгууллагын гарал үүслийн талаарх  нотлох баримтаа гаргаж өгнө үү гэхэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар,Эрүүл мэнд, спортын яам энэ тухай баримт гаргаж өгч чадаагүй. Нийслэлийн болон улсын төв архив энэ тухай баримт байхгүй гэдэг хариу өгдөг. Өөрөөр хэлбэл байхгүй байгууллагыг бий болгож ТББ-ын өмчийг булааж авч үйл ажиллагаагаа явагдаж байна. 

 Засгийн газраас гарч байгаа аливаа шийдвэр Засгийн газрын тухай хууль болон журмаар нарийвчлан зохицуулагдаж гардаг. 

Захиргааны хэргийг шүүхээс шүүхийн журмаар холбогдох бүх баримтыг гаргуулж авсан боловч харамсалтай нь ийм зүйл огт байхгүй байдаг. 

Тиймээс энэ тогтоолыг гаргах, хавсралтад байхгүй байгууллагыг бий болгох ямар нэг хууль зүйн үндэслэл байхгүй. 

 55 дугаар тогтоолын 3 дахь зүйлийн 6-д дээрх байгууллагууд аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулсугай гэжээ. Эрүүл мэнд, спортын яамны Т гэж байна. 

Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимаас 37 жилийн өмнө Герман улсаас бэлэглэсэн объектыг төрийн өмч гэж тогтоосон. 

Төрийн өмчийн хороо энэ манай өмч биш гэсэн албан бичиг өгснөөр өнөөдөр шинэ нөхцөл байдал гэсэн үндэслэлээл Монгол Улсын Улсын Дээд Шүүхэд хандсан. Тиймээс энэ бол анхнаасаа будлиантай маргаан юм.

Хариуцагч болон бусад этгээд тайлбарлахдаа төсвийн хөрөнгөөр байгуулагдсан, захиалагдсанаар буюу 1929 оноос эхэлж санхүүжүүлэгдсэн гэдэг  ямарч баримтгүй зүйл ярьдаг. 

2008 оны Бээжингийн олимпт зориулан тухайн үед буудлагын спорт  спортын том төрөлд орж байсан учир Эрүүл мэнд, спортын яамнаас тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж “Т”-ийн дарга н.Ганбаттай ажил үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулан Спортын газрын дарга н.Наранбаатартай 2008, 2009 онд 2 удаа гэрээ хийж  тамирчдыг бэлдэж хангаж төсвөөс санхүүжүүлсэн 300 гаруй сая төгрөг байдаг. Энэ санхүүжилтыг авахын тулд манайх ийм хөрөнгөтэй гэж хөрөнгөө бүгдийг санхүүгийн тайлангаар гаргаж өгдөг. Үүнийг Эрүүл мэнд, спортын яам санхүүжүүлэхдээ тайлан, балансдаа тусгадаг байх. 

Гэтэл хариуцагч төрийн өмч учир санхүүжилт өгсөн гэж тайлбарладаг. Энэ ердөө л 2 жилийн хугацаатай 350 сая төгрөгийн асуудал байдаг” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““Б нийгэмлэгийн төв зөвлөл” ТББ-аас тус шүүхэд хандаж гаргасан, Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолтой холбогдох нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 

“1. Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолоор төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагчдын орон тоог бууруулах, зардал хэмнэх зорилгоор зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, холбогдох байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Уг тогтоолыг Төсвийн тухай хуулийн 10.1.10-т “Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулахаар хуульд зааснаас бусад тохиолдолд төсвийн байгууллагыг шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн ит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах” гэж, 22 дугаар зүйлд “төрийн өмчит үйлдвэрийн газар ба албан газрыг Засгийн газрын буюу хуулиар тусгайлан олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулах бөгөөд уг шийдвэр гарсан өдрөөр байгуулагдсанд тооцож бүртгэнэ” гэж тус тус хуульчилсны дагуу Засгийн газар хуулиар өөрт олгогдсон бүрэн хийнхээ хүрээнд гаргасан болно. 

Дээр дурдсан хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Тийг Эрүүл мэнд, спортын яам (хуучин нэрээр)-ны харьяанд аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулахаар заасан болно.

2. Б нийгэмлэгийн төв зөвлөл” ТББ нь нэхэмжлэлдээ Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолд Тийг Эрүүл мэнд, спортын яам (хуучин нэрээр)-ны харьяанд аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулахаар заасан нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж байгаа тухай дурдсан байна.

Нэхэмжлэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Тийн хөрөнгийн өмчлөгч биш бөгөөд өмчлөгч болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1-д “ өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгуүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасан бөгөөд Тийн хөрөнгийг өмчлөгч нь Б нийгэмлэгийн төв зөвлөл” ТББ болохыг тогтоосон шийдвэр, баримт бичиг, улсын бүртгэл байхгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэл шаардлагыг харгалзан нэхэмжлэгч “Б нийгэмлэгийн төв зөвлөл” ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг мэргэн шүүгчээс хүсье” гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 Төрийн өмчийн хороо нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын үндсэн бүтцийн байгууллага мөн. Төрийн өмчийн хороо нь дарга, орон тооны бус 8 гишүүнээс бүрдэнэ. Хорооны гишүүнийг Төрийн өмчийн хорооны даргын санал болгосноор Засгийн газар томилно. Нийслэлд, аймагт төрийн өмчийн төлөөлөгч ажиллана.Төрийн өмчийн төлөөлөгчийн эрх хэмжээ, ажиллах журмыг Засгийн газар тогтооно гэсэн хуулийн зохицуулалттай байсан ч энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсон” гэжээ.

Гуравдагч этгээд “Т” ААТҮГазараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус шүүхэд “Б нийгэмлэг" ТББ нь “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолын 3 дах хэсгийн 6 дахь Эрүүл мэнд, спортын яамны харьяа Т гэсэн заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хамтын ажиллагаа, гэрээний үндсэн дээр олгогдсон санхүүжилтийн хөрөнгө, манай бүтцийн нэгж Т"-ийг төрийн нэрээр хэсэг бүлэг хүмүүс хуйвалдааны аргаар булаан авах, манай байгууллагын өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль бусаар мэдэлд авч, улмаар цааш нь хувьчлах болон өөр бусад аргаар хувьдаа авах  зорилгоор 2015 онд Засгийн газрын 55 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт оруулсан байдаг, ... 2013 оны 435 дугаар тогтоолоор захиргааны хэрэг үүсгэн, маргаан шийдвэрлэгдэж байх явцад Засгийн газар энэхүү маргаан бүхий актад түшиглэн дээрх 55 дугаар тогтоолд "Т’’-ийг Эрүүл мэнд, спортын яамны харьяа аж ахуйн тооцоотой Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулахаар тогтоосон байна, нэгэнт бүхий ТӨХ-ны 435 дугаар тогтоол хүчингүй болсон тул Засгийн газрын 2015 оны 55 тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгох”-ыг хүсжээ. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Т” нь анхнаасаа л Монгол Улсын Б Нийгэмлэгийн материаллаг бааз, боловсон хүчин дээр тулгуурлан бий болсон, 1954 оноос техникийн спортын анхны клубуудыг нээж, улмаар буудлага, нисэх, радио, авто мото клубуудыг нэгтгэсэн төв болсон Төрийн өмчид суурилсан нэгж байсан. Энэ Төрийн өмчийн бөгөөд Төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгжийг “Б нийгэмлэг” гэсэн хуучин байгууллагатай ижил нэртэй Төрийн бус байгууллага шууд өөрийн бүтцийн байгууллага болгох боломжгүй бөгөөд ийнхүү эрх олгосон шийдвэр байхгүй.

2. Б нийгэмлэг” ТББ нь Тийн хөрөнгийг манай өмчлөлийн гэж ярьдаг. Харин энэ байгууллагад Тийн тэр дундаа Буудлага спортын барилга байгууламж, эд хөрөнгийг өмчлөх эрхийн ямар нэгэн бичиг баримт байхгүй бөгөөд энэ тухай Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 сарын 26-ны 74 дүгээр шийдвэрт тодорхой хэлсэн байдаг. Өмчлөх эрх нь хууль ёсоор баталгаажаагүй Төрийн өмч тул тэгэх боломж ч байхгүй/ 5айхад энэ ТББ-ийн ямар өмчлөх эрх, яаж зөрчигдөөд байгаа нь ойлгомжгүй байна.

3. Нэхэмжлэлийн үндэслэлдээ "... манай өмчийг хууль бусаар төрийн мэдэлд авч, улмаар цааш нь хувьчлах болон өөр бусад аргаар хувьдаа авах зорилгоор 2015 онд Засгийн газрын 55 дугаар тогтоолын 3 дах хэсэгт оруулсан байдаг” гэсэн ноцтой асуудлыг хөнджээ. Төр өөрийн бүтцийн бөгөөд өөрийн чиг үүргийн байгууллагыг чиг үүргийн уялдаа холбоог нь бодолцож харьяалагдах Төрийн яам, байгууллагад шилжүүлсэн болохоос өөр нэгэн хувь хүний эсхүл хувийн байгууллагад шилжүүлсэн асуудал байхгүй.

4. “Т” ТӨҮГ нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаагийн учир нь “Б нийгэмлэг” ТББ манай төвийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхгүй, одоог хүртэл хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаатай холбоотой. Тиймээс “Т” ТӨҮГ нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эдгээр эд хөрөнгийг “Б нийгэмлэг” ТББ-ийн эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлээр албадан чөлөөлүүлэх гэж буй эд хөрөнгө нь Төрийн өмч тул Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар жинхэнэ нэхэмжлэгчээр солигдож, уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон ба нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр-3, Ажилчдын гудамж, 46 тоотод байрлах Буудлага спортын төвийн иж бүрэн барилга байгууламж, эд хөрөнгийг Төрийн өмч болохыг тогтоолгох” болгон өөрчилснийг шүүх хүлээн авч, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 06-ны өдрийн 183/Ш32016/04462 дугаар захирамж гарсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б нийгэмлэг” Нийгэмд үйлчилдэг ТББ нь “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дахь заалт /Эрүүл мэнд, Спортын яамны харьяа Т гэснийг/-ыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” дугаар 55 тоот тогтоолын 3 дахь хэсэгт “дараах байгууллагуудыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсугай” гэсэн байх ба уг хэсгийн 6 дахь заалтад “Эрүүл мэнд, спортын яамны харьяа Т” гэж заасан байна.

Дээрх 6 дахь заалтаас үзэхэд урьд нь ямар статустай хуулийн этгээд байсныг өөрчилж, шинээр Эрүүл мэнд, спортын яамны харьяа Т гэсэн төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан нь тодорхойгүй, уг Засгийн газрын тогтоолд энэ талаар заагаагүй байна.

Хэрэгт цугларсан Засгийн газрын тогтоолын төсөл, Сангийн яамнаас ирүүлсэн төслийн танилцуулга, төсөлд яамдуудаас ирүүлсэн саналын товчоо  зэрэг баримтуудаас үзэхэд ямар статустай хуулийн этгээд байсныг нь өөрчилж, Эрүүл мэнд, спортын яамны харьяа Т гэсэн төрийн өмчит үйлдвэрийн газрыг шинээр байгуулж байгаа үндэслэл, шалтгааныг тайлбарлаагүй, заагаагүй, харьяалан хариуцсан Эрүүл мэнд, спортын яамны саналд Тийн талаар тусгагдаагүй байна. 

Мөн Монгол Улсын Засгийн газраас шүүхэд ирүүлсэн тогтоолын төслийн хавсралт 2-ын  Б-ийн хүснэгтээр үзүүлсэн мэдээлэлд “... уг байгууллагын статус тодорхой бус буюу өөрөөр хэлбэл төсөвт байгууллагын статусгүй...” гэснээс үзэхэд Засгийн газрын 2015 оны дугаар 55 тоот тогтоолын нэр /тэргүү/-ээс зөрүүтэй байна. 

Тодруулбал маргаан бүхий Монгол Улсын Засгийн 2015 оны дугаар 55 тоот тогтоолын нэр /тэргүү/ нь “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” гэсэн байхад тогтоолын төслийн хавсралтад “төсөвт байгууллагын статусгүй” гэж зөрүүтэй заасан байна.

Тус шүүхээс Монгол Улсын Засгийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 55 дугаар тогтоолд холбогдох хэсгийг бүхэлд нь шаардсаны дагуу Засгийн газраас шүүхэд ирүүлсэн хуралдааны тэмдэглэлд “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцээд тогтоол гаргахаар тогтов” гэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т “Засгийн газрын хуралдаанд бэлтгэх, асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ дараахь журмыг баримтална”, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д “хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино”, 

Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3-д “Засгийн газрын хуралдааны нарийвчилсан дэгийг энэ хуулийн дагуу Засгийн газар тогтооно”, 32 дугаар зүйлийн 1-д “Засгийн газрын хуралдааны явцыг баримтжуулах /гараар болон соронзон хальсанд нэгэн зэрэг бичиж албан ёсны тэмдэглэл хөтлөх/ ажлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар эрхэлнэ”, 2-т “Засгийн газрын хуралдааны явцын тэмдэглэлд хуралдаанд оролцсон гишүүд, тухайн асуудал бүр дээр тэдгээрийн гаргасан санал, шүүмжлэл, түүнчлэн санал хураалтын дүнг заавал тусгаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гарын үсэг зурна” гэж тус тус заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны “Журам шинэчлэн батлах тухай” дугаар 3 тоот тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмыг баталсан байна.  

Уг журмын тав дахь хэсгийн 5.1.1-д “санхүүгийн болон хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага”, 5.1.2-т “хуралдаанаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэр бодлогын хүрээнд нь хамаарч байгаа төрийн захиргааны төв байгууллага”, 6.1-д “Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-гоос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ” гэж тус тус заасан байна. 

Дээр дурдсан үйл баримтууд болон эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дахь заалт нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Үүнд:

• тухайн салбарын яамны буюу харьяалан хариуцсан Эрүүл мэнд, спортын яамны саналыг аваагүй буюу Эрүүл мэнд, спортын яамнаас ирүүлсэн саналд Тийн талаар тусгагдаагүй, Сангийн яамны саналыг авсан эсэх нь тодорхойгүй зэрэг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасан төсөл гүйцэд боловсрогдсон байх зохих тооцоо, судалгаа холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохих шаардлагыг хангаагүй,

• урьд нь ямар статустай хуулийн этгээд байсныг өөрчилж, шинээр Эрүүл мэнд, спортын яамны харьяа Т гэсэн төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан нь тодорхойгүй, уг Засгийн газрын тогтоолд энэ талаар заагаагүй буюу үндэслэл, шалтгаан нь тодорхойгүй

• Т гэх хуулийн этгээд нь төсөвт байгууллагын статустай эсэх, эсхүл төрийн бус байгууллагын, олон нийтийн байгууллагын статустай эсэх зэрэг нөхцөл байдлуудыг шалгаж, тогтоогоогүй, энэ талаарх үндэслэлээ тогтоолд заагаагүй. /Засгийн газраас шүүхэд ирүүлсэн тогтоолын төслийн хавсралт 2-ын  Б-д “уг байгууллагын статус тодорхой бус буюу өөрөөр хэлбэл төсөвт байгууллагын статусгүй ” гэж заасан/

• Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Т асуудлыг хэлэлцсэн нь тодорхойгүй, уг тэмдэглэл нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2-т заасан шаардлагыг хангаагүй байна. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ... эрх чөлөө, ... хууль дээдлэх явдал мөн” гэж заасан ба дээр дурдсан үйл баримтуудад үндэслэн маргаан бүхий захиргааны акт буюу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын холбогдох хэсэг эрх чөлөөний болон хууль дээдлэх зарчимд нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.

Мөн маргаан бүхий Засгийн газрын тогтоолын Тд холбогдох хэсгийн үндэслэл, шалтгаан тодорхойгүй буюу Сангийн яамны саналыг авсан эсэх нь тодорхойгүй, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тодорхой ямар асуудлуудыг хэлэлцсэн нь тусгагдаагүй зэрэг үйл баримтуудаас үзэхэд ил тод байдлын зарчимд нийцэхгүй байх ба Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална:”, 4.2.2-т “ил тод байх;” гэж заасан болно.

Дээрх үндэслэлүүдээр Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дахь заалтыг хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх үзэж  хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Энд тэмдэглэхэд энэхүү шүүхийн шийдвэр нь Т гэх хуулийн этгээдийн болон түүний эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр биш бөгөөд өмчлөгчийг тогтоох асуудал захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 1, 2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасныг тус тус баримтлан “Б нийгэмлэг” нийгэмд үйлчилдэг ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” 55 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 6 дахь заалт /Эрүүл мэнд, спортын яамны харьяа Т/-ыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     М.БАТЗОРИГ