Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0441

 

“Г ө” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.З, Э.Ж нарын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11200900065 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Л.З, Э.Ж

Хариуцагч Э.Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 120/2022/0009/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г ө” ХК-иас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Л.З, Э.Ж нарт холбогдуулан “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.З, Э.Ж нарын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11200900065 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Г ө” ХК-ийн “Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.З, Э.Ж нарын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11200900065 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч “Г ө” ХК-иас тус шүүхэд “Татварын улсын байцаагч Л.З, Э.Ж нарын гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11200900065 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, анхан шатны шүүх Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг бөгөөд үүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

            3.2. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч нар нь “Г ө” ХК-ийг татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4 “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх, мөн хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг үндэслэн 29.090.909 төгрөгийн нөхөн татвар, 8.727.272 төгрөгийн торгууль, 5.818.182 төгрөгийн алданги ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байхад /хуулийг буцаан хэрэглэх ойлголтыг улсын байцаагч нар нь буруугаар тайлбарлаж хэрэглэсэн байхад/ шүүх анхаарч үзэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

            3.3. Тодруулбал татварын улсын байцаагч нарын актын үндэслэл болгосон хуулийн заалтууд нь /2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4/ 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулагдаж 74.1 дэх заалт нь агуулгын хувьд өөрчлөгдөж, 74.1.4 гэсэн заалт нь огт байхгүй болсон /энэхүү өөрчлөлт нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн/ байхад улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хуулийг хэрэглэхдээ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болсон заалтыг үндэслэн /хуулийг 2 дахин буцаан хэрэглэж/ акт гаргасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

            3.4. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсгийн 121.1.2-т зааснаар Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 129-ний өдрийн 10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.Ж, Б.М нараас 2019 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 0174301 дугаартай шийтгэлийн хуудсаар “Г ө” ХК-ийн 2015 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд “М г э и” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0018958600 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 290 909 090 төгрөгийн бараа материал худалдан авснаар тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 29 090 909 төгрөгийн нөхөн татвар, 8 727 272 төгрөгийн торгууль, 12 945 454 төгрөгийн алданги, нийт 50 763 635 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.

2.2. Уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч компаниас маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн байна.

2.3. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 243 дугаар тогтоолоор “... “Г ө” ХК-ийн гаргасан зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 82-84 дүгээр зүйлийн аль зүйл, заалтад хамаарах буюу алийг нь хэрэглэх, мөн түүнээс үүдэн хүлээлгэх хариуцлагын хэмжээг хэрхэн яаж тооцох нь хариуцагч нарын эрх хэмжээнд хамаарна” гэж дүгнээд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг дахин шинээр акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрх өөрчлөлтийг оруулж шийдвэрлэжээ.

2.4. Улмаар хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.З, Э.Ж нар нь дээрх хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан хугацаанд дахин “Г ө” ХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг явуулж, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11200900065 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд “М г э и” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 0018958600 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 290 909 090 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 29 909 090 төгрөгийн нөхөн татвар, 8 727 273 төгрөгийн торгууль, 5 818 182 төгрөгийн алданги, нийт          43 636 364 төгрөгийн төлбөр ногдуулсан байх бөгөөд татвар төлөгчийн гомдлоор Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нөхөн ногдуулалтын актыг хянаж, хэвээр үлдээжээ.

2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компани нь “М г э и” ХХК-иас 290 909 090 төгрөгийн бараа, материал аваагүй, 29 090 909 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй атлаа уг хий бичилттэй падааныг 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан болох нь нэгэнт тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нарын хэн аль нь дээрх зөрчилтэй маргаагүй.

2.6. Хариуцагч нараас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа “... Монгол Улсын Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө”, Татварын ерөнхий хууль /2008/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4-д “Тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, мөн Татварын ерөнхий хууль /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заасныг үндэслэн нөхөн татвар, торгууль, алдангийг тооцож нийт 43 636 364 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон байна.

2.7. Анхан шатны шүүх хариуцагч нараас дээрх маргаан бүхий актаар нэхэмжлэгчид хариуцлага тооцохдоо Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийг үндэслэл болгосон нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж журмын тухай хуулийн 4 болон 8 дугаар зүйлд заасантай нийцсэн, мөн Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19 дүгээр тушаалаар “Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.045 хувь... байхаар” тогтоосон зохицуулалтыг хэрэглээгүй буюу төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалтыг үндэслэсэн нь хариуцагчийн буруутгах үндэслэлгүй гэж үндэслэлтэй зөв дүгнэжээ.

2.8. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...татварын улсын байцаагч нарын актын үндэслэл болгосон хуулийн заалтууд нь /2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4/ 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулагдаж 74.1 дэх заалт нь агуулгын хувьд өөрчлөгдөж, 74.1.4 гэсэн заалт нь огт байхгүй болсон /энэхүү өөрчлөлт нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн/ байхад улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хуулийг хэрэглэхдээ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болсон заалтыг үндэслэн /хуулийг 2 дахин буцаан хэрэглэж/ акт гаргасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Мөн хэргийн оролцогч нараас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тооцоололтой маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Д.БАТБААТАР

 

            ШҮҮГЧ                                                             С.МӨНХЖАРГАЛ

 

            ШҮҮГЧ                                                             Г.БИЛГҮҮН