Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 120/ШШ2022/0010

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 19 өдөр                                 120/ШШ2022/0010                                                Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Говийн өндөр” ХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын Татварын улсын байцаагч Л.Заяасүрэн, Э.Жавхлан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Сугирсүрэн нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Л.Заяасүрэн, Э.Жавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугирсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Очмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Говийн өндөр” ХК нь Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Л.Заяасүрэн, Э.Жавхлан нарт холбогдуулан Татварын Улсын байцаагч Л.Заяасүрэн, Э.Жавхлан нарын гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11200900065 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Хариуцагч татварын Улсын байцаагч Э.Жавхлан, Л.Заяасүрэн нар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 243 тоот тогтоол, Татварын Ерөнхий Газрын даргын 2017 оны 01 сарын 02-ний өдрийн А/03 дугаар тушаал, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх 1120902291 дугаар бүхий томилолтоор хэсэгчилсэн татварын хяналт шалгалтыг хийж 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Говийн өндөр” ХК-д 29,090,909 төгрөгийн нөхөн татвар, 8,727,272 төгрөгийн торгууль, 5,818,182 төгрөгийн алданги ногдуулжээ.

3. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч уг гомдлыг хангахаас татгалзсан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдөр авсан.

Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч “Говийн өндөр” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Татварын улсын байцаагч Л.Заяасүрэн, Э.Жавхлан нар нь манай компанийг "Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 0018958600 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 290,909,090 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж Татварын ерөнхий хуулийн 74 дугаар зүйлийн 74.1.4, 74.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн 29,09, 909 төгрөгийн нөхөн татвар, 8,727,273 төгрөгийн торгууль 5,818,182 төгрөгийн алданги нийт 43,636,364 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Улсын байцаагч нар үндэслэлгүйгээр буюу 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хуульд байхгүй үндэслэлээр /хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэн/ манай компанид торгууль, алданги тооцож энэхүү алдангийнхаа хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 22-ний өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19 дүгээр тушаал зэргийг үндэслэн тогтоож, 43,636,364 төгрөгийг манай компаниар төлүүлэхээр акт гаргасан. Актын үндэслэл болгосон Татварын ерөнхий хууль 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэмэлт, өөрчлөлт орж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр хүчингүй болсон тус зүйл заалтыг хэрэглэсэн үндэслэлээ тайлбарлахдаа Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэх гэх зохицуулалтуудыг үндэслэсэн хуулийг буцаан хэрэглэсэн гэж тайлбарладаг.

Тухайн субъектийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд хуулийг буцаан хэрэглэж болдог. Өөрөөр хэлбэл хүчингүй болсон хуулиас өмнө хэрэгжиж байсан хуулийг нэг шат дамжлага алгасаж хэрэглэх боломжгүй. Хариуцагч нарын хэрэглэсэн зохицуулалт нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэхэд хүчингүй болсон зохицуулалтууд юм. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын тухай хууль үйлчилж эхлэхээс өмнө 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуульд байхгүй болчихсон хуулийн зохицуулалт юм. Гэтэл хуулийг буцаан хэрэглэх заалтыг баримтлан “Говийн өндөр” ХК-д акт тавьсан нь үндэслэлгүй.

Харин Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга үйлчилж эхлэхээс өмнөх хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд төлөөгүй татварт алданги тооцох тухай зохицуулсан. 2017 онд хүчингүй болсон зохицуулалтыг буцаан хэрэглэнэ гэсэн үндэслэлээр буцаан хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өмнө үйлчилж байсан хуулийн зүйл, заалтыг баримтлан акт үйлдсэн. Өөрчлөлтөөр татварын Улсын байцаагч нарын актынхаа үндэслэл болгосон заалт нь хүчингүй болсон. Өөрчлөлтөөр нөхөн торгуулийн талаар огт дурдаагүй.

Иймд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын Улсын байцаагч Л.Заяасүрэн, Э.Жавхлан нарын гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11200900065 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

 

5. Хариуцагч татварын улсын байцаагч Э.Жавхлан, Э.Цэвэгмэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугирсүрэн нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 243 тоот тогтоолд 3 сарын хугацаанд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлснээр дахин шинэ акт гаргах гэсэн заалтын дагуу Монгол Улсын Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1,3,4,5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэсэн заалтыг үндэслэн нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн заалтаар алдангийн хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалт байхгүй тул тус компанийн зөрчил 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааг оруулж тооцоход алданги нь нөхөн төлүүлэх татварын 20 хувиас их гарч байсан тул татвар төлөгчид ногдуулж буй алдангийн хэмжээг хамгийн бага байж болох хувилбараар буюу алдангийн хэмжээг 20 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцсон.

Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байх үед бүгд адилхан нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэсэн заалтын дагуу бодогдсон. Мөн өнгөрсөн цаг хугацааны үйлдэл шалгагдаж буй тул тухайн үед мөрдөгдөж байсан хуулийг баримтлах нь үндэслэлтэй. Татвар төлөгч тухайн үедээ нөхөн татвараа хүлээн зөвшөөрсөн. Торгууль, алдангийн дүн нь төлөхөд хүндрэлтэй байна гэсэн нь татвар төлөгчид акт гардуулсан тэмдэглэлд дурдагдсан. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр алдангийн хэмжээг 20 хувиас хэтрэхээргүй байна гэсэн нэмэлт өөрчлөлт орсон. Дээрх нэмэлт өөрчлөлтөөс өмнө 50 хувиас хэтрэхээргүй байна гэж хуульчилсан байсан. “Говийн өндөр” ХК-ийн нөхцөлөөс үзвэл Зөрчлийн тухай хууль, Татварын ерөнхий хуулийн хуучин болон шинэчилсэн найруулга гэсэн 3 янзын хуулиас үзэхэд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль нь хуучин найруулгын хууль байсан. Тодруулбал, Зөрчлийн тухай хууль болон Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ зэрэг хуулиудад хоногоор алдангийн хэмжээг тооцохоор хуульчилсан. Тиймээс хуулийн зүйл заалтад тэдэн оны өөрчлөлт орсон, ороогүй гэдгээр биш тухайн үед мөрдөгдөж байсан 2008 оны Татварын ерөнхий хуульд заасны дагуу тооцсон. Энэ Татварын ерөнхий хуулийн хуучин найруулгаар алдангийн хэмжээг 20 хувиас хэтрэхээргүй байна гэж заасан заалтыг дагуу акт үйлдсэн. 2020 оны шинэчилсэн найруулгатай холбоотой Ерөнхий газраас чиглэл ирсэн. Энэхүү чиглэлд татварын Улсын байцаагч хяналт, шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд нөхөн татвар, торгууль, алданги оногдуулна. Алдангийг Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/ 73 дугаар зүйлийн 73.2.1-д заасны дагуу тооцвол илүү өндөр дүнтэй гарахаар байсан.

Иймд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11200900065 тоот нөхөн ногдуулалтын акт нь хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээнэ үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Говийн өндөр” ХК нь Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.Заяасүрэн, Э.Жавхлан /Цаашид татварын улсын байцаагч гэх/ нарын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11200900065 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан, тус шүүхийн шүүгчийн мөн оны 12 дугаар сарын 27-ны 120/ШЗ2022/007 дугаар захирамжаар уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Дээрх захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 77 дугаар тогтоолоор хүчингүй болгож, нэхэмжлэл гаргагчийн гомдлыг ханган шийдвэрлэж ирүүлсэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 120/ШЗ2022/0042 дугаар захирамжаар “Говийн өндөр” ХК-аас гаргасан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээр татварын улсын байцаагч нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.

2. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Өмнө нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 243 дугаар тогтоолоор[1] “...гомдол гаргагч “Говийн өндөр” ХК-ийн гаргасан зөрчил нь хуулийн аль зүйл, заалтад хамаарах буюу алийг нь хэрэглэх, мөн түүнээс үүдэн хүлээлгэх хариуцлагын хэмжээг хэрхэн яаж тооцох нь хариуцагч нарын эрх хэмжээнд хамаарах...” гэж дүгнээд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 120/ШШ2020/0006 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 217 дугаар магадлалын 1 дэх заалтыг  “... дахин шинээр акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь “...захиргааны байгууллага шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

4. Үүний дараа дээрх тогтоолд заасны хугацааны дотор захиргааны байгууллагаас буюу Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Говийн өндөр” ХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт хийж, “2015 оны 12 дугаар сарын Нэмэгдсэн өртөгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас мөн сарын 30-ны өдрийн 0018958600 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 290,909,090.00 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн нь татварын тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон” гэж үзээд 29,909,090.00 төгрөгийн нөхөн татвар, 8,727,273.00 төгрөгийн торгууль, 5,818,182.00 төгрөгийн алданги, нийт 43,636,364.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11200900065 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг[2] дахин шинээр гаргасан байх бөгөөд уг актад дурьдсан зөрчил, төлбөрийн дүнтэй холбогдуулан хэргийн оролцогчид маргаагүй.

Харин нэхэмжлэгчээс “Улсын байцаагч нар үндэслэлгүйгээр 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хуульд байхгүй хүчингүй болсон заалтыг үндэслэн торгууль, алданги тооцож, энэхүү алдангийн хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19 дугаартай тушаал зэргийг үндэслэн акт гаргасан нь үндэслэлгүй” гэж,

Хариуцагч нараас “Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 243 дугаар тогтоол, холбогдох хууль болон Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу 2015 онд үйлдэгдсэн зөрчилд нь холбогдуулж акт тогтоохдоо татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй” гэж зөрчилд хариуцлага хүлээлгэхэд аль хуулийг хэрэглэх талаар тус тус тайлбарлан маргасан.

5. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 82 дугаар зүйлийн 82.1-т “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл ... татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1-д “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар”, 84 дүгээр зүйлийн 84.1-т “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно”, 84.1.5-т “төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах, эсхүл буцаан авах татварын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримтын мэдээллийг зөрүүтэй гаргасан, эсхүл падаан, төлбөрийн баримтыг үйлдээгүй” гэж,

Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил үйлдэгдсэн 2015 онд тухайн үед үйлчилж байсан Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид ...татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.1-т “тоо хэмжээ, үнийг нь ...татварын тайланд багасгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74.3-т “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх ... татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байна” гэж,

Маргаан бүхий актыг гарахаас өмнө Зөрчлийн тухай хууль /2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн”, 1.4-т “...бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн зүйлийн “Тайлбар”-т “энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн адил агуулга бүхий зохицуулалтууд дээрх хуулиудад тусгагдсан ба 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтад бичигдсэн үндэслэл нь хасагдаж, маргаан бүхий актыг гарах үед /2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр/ Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ.

6. Гэхдээ Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан нь энэхүү маргаанд хэрэглэгдэх буюу маргаан бүхий актаар торгууль, алданги ногдуулахдаа 2008 оны Татварын хуулийг буцааж хэрэглэхээр байна.

Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан, маргааны гол үйл баримт нь татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд татварыг нөхөн төлүүлэх үүрэгтэй холбоотой учраас уг харилцааг тусгайлан зохицуулсан Татварын ерөнхий хуулийг хэрэглэх зарчим үйлчлэх тул нэхэмжлэгчийн “Татварын ерөнхий хууль /2008 оны/-д байхгүй заалтыг үндэслэн торгууль, алданги тооцож, алдангийн хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19 дугаар тушаал зэргийг үндэслэн акт гаргасан” гэх тайлбар үндэслэлгүй.

7. Хариуцагч нараас дээрх маргаан бүхий актаар нэхэмжлэгчид хариуцлага тооцохдоо Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийг үндэслэл болгож, 29,909,090.00 төгрөгийн нөхөн татварын 30 хувиар буюу 8,727,273.00 төгрөгийн торгууль, 20 хувиар буюу 5,818,182.00 төгрөгийн алдангийг тооцож, нийт 43,636,364.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11200900065 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг дахин шинээр гаргасан нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, ...буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө”, 8 дугаар зүйлд “Энэ хуулийн 3, 4 дүгээр зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртэлх хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж заасантай нийцсэн, мөн уг актаар тогтоогдсон зөрчлийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө /татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил 2015 онд үйлдэгдсэн/[3] тогтоосон, Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19 дугаар тушаалаар “Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.045 хувь...байхаар” тогтоосон хувь хэмжээгээр тооцох зохицуулалтыг хэрэглээгүй байх тул татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалтыг дагаж мөрдсөнийг буруутгах боломжгүй гэж үзэхээр байна.

Үндсэн хуулийн Арван долоодугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” үүргийг Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн ёсчлон биелүүлэхээр хуульчилсан ба зөрчил нь тогтоогдож нөхөн татвар, торгуулийн дүнтэй маргаагүй, нэгэнт татварын хуулиар хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан бол татвар төлөх үүрэг хэвээр үргэлжлэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Тиймээс нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4, 8 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Говийн өндөр” ХК-ийн Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Заяасүрэн, Э.Жавхлан нарын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11200900065 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  С.ОТГОНЦЭЦЭГ

 

 

[1] Хавтаст хэргийн 46-50 дугаар хуудас

 

[2] Хавтаст хэргийн 51-54 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 83-87 дугаар хуудас