Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 634

 

 

 

 

   

 

 

   

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Ц.Ганчимэг,    

хохирогч Ц.Д  А.А, Г.У , 

шүүгдэгч Б.Ц , түүний өмгөөлөгч Н.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Т  овогт Б    Ц-д холбогдох эрүүгийн 1910027370343 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ........ оны .......дугаар сарын ....-нд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 17-28 тоотод оршин суух, Т  овогт Б    Ц  /РД:..................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ц  нь 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2019 оны 7 дугаар сарын 9-ний хооронд “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Д  А.А, Г.У  нараас тус бүр 5.000.000 төгрөгийг залилан авч, бусдад 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Ц  нь 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2019 оны 7 дугаар сарын 09-ний хооронд “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Д  А.А, Г.У  нараас тус бүр 5.000.000 төгрөгийг залилан авч, бусдад 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Ц гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Би 2000 оноос хойш нийт 19 жил Бүгд найрамдах Солонгос улсын  визний бичиг баримт бүрдүүлэх ажил хийж эхэлсэн. Ажиллах хугацаандаа нийт 1000 гаран хүнд үйлчилсэн. Түүнээс хүндрэлтэй нөхцөл байдлаар татгалзсан иргэд олон байдаг ч 300 гаран хүнийг эдийн засгийн чадвартай болгох ажилд зуучилж өгсөн. Энд сууж буй хохирогч нар өөрсдийн танилын хүрээгээр 2019 оны дунд үед над дээр ирсэн. Солонгосын элчин сайдын яаманд 1 жил, эсхүл хагас жил тутам визний журам өөрчлөгддөг. Өмнөх үеийг бодвол тухайн үед төлөөлөн гүйцэтгэх газрууд олноор байгуулагдаж байсан. ...Би Пак гэх хүмүүст тусалж визийг нь гаргаж өгдөг Солонгос хүнтэй хамт байсан учраас энэ хүмүүст туслах зорилгоор бичиг баримтыг нь авсан. Цаг үеийн нөхцөл байдлын улмаас надаас шалтгаалахгүйгээр виз гарах боломжгүй болсон. Тухайн үед би ч мөн адил төлбөрийн чадваргүй болсон. Миний эрхэлж байсан 2 бизнес зэрэг уналтад орсноос цаг хугацааны хувьд төлбөр төлөх боломжгүй болсон байсан. Аливаа зүйл сайн, муу 2 талтай байдаг. Энэ хохирогч нар надад мөнгө өгч “энэ мөнгөөр виз гаргаж өгөөч” гэхэд нь би чадна гэж бодож байсан. Гэвч цаг үеийн байдал өөрчлөгдөж, нөхцөл байдал буруугаар эргэсэн. Энэ бол муу тал нь. Сайн тал нь гэвэл би энэ мөнгийг төлөх үүрэгтэй болсон. Би өндөр насны тэтгэвэрт гарсан мөн дахин өөр бизнес эрхэлж эхэлсэн тул би хохирогч нарын төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Энэ хэрэг бол миний буруугаас болсон хэрэг учраас би хэнээс ч туслалцаа гуйгаагүй. Энэ бол миний үйлдсэн хэрэг учраас би ар гэр, ах, дүү нараасаа гуйхгүйгээр өөрөө төлж барагдуулна....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч А.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Ц  урьд манай эгчийг Солонгос улсын виз гаргаж өгч явуулж байсан учраас би эгчээрээ дамжуулж танилцсан. 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “би 8 сард явмаар байна” гэж хэлээд 2 сая төгрөг, 8 сард 3 сая төгрөг өгсөн. Одоо би 4.435.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хохирогч Г.У гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 2 дугаар сард найзаасаа Ц  эгчийн талаар мэдэж 3 дугаар сард уулзсан. Уулзаж ярилцахад болно бүтнэ гэж яриад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр мөнгө шилжүүлсэн. Эхлээд 4 сая төгрөг шилжүүлж, 4 сарын сүүлээр 1 сая төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш болохгүй байна гэж янз бүрийн тайлбар хэлээд явдаг байсан. Нилээн хугацаа өнгөрсний дараа ажил дээр нь очиход “чиний нэр дээр компанийн нэр шилжүүлэх хэрэгтэй байна” гэхэд нь би зөвшөөрөөгүй. Үүнээс хойш худал хэлээд л явдаг байсан. Ажил дээр нь би байнга очдог байсан. Манай найз Хурцбаатар надад “Солонгосын виз гаргуулахад дансанд мөнгө байршуулдаг байтал яагаад хувь хүний дансанд мөнгө хийсэн юм бэ” гэхэд нь би Ц  эгчээс асуухад асуудалгүй гэж хариу өгсөн гэж хэлсэн. Би 1 жил гарангийн өмнө мөнгөө өгсөн. Энэ хугацаанд би хүү, алданги нэхээгүй байгаа. Би гомдолтой байна, мөнгөө авмаар байна. 5.000.000 төгрөгийг би бэлнээр өгсөн бэлнээр буцааж авах хүсэлттэй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Хохирогч Ц.Д  ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..2019 оны 11 сард надад “он дамжихаас өмнө чиний материалыг бүрдүүлээд өгчихмөөр байна” гэж хэлээд 5 сая төгрөг авсан. Одоогоор би гомдолтой байна. Намайг залилчхаад өөр хүмүүсийг хохироосон нь сонин санагдаж байна....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            5. Хохирогч Ц.Д  ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 онд таксинд явдаг Ариунболд гэдэг залуугаас Солонгосын виз гаргадаг хүн байна уу гэж асуухад найдвартай гаргадаг нэг хүн мэднэ гээд утасны дугаар өгсөн. Уг утсаар холбогдоод 13 дугаар хороололд Оюун ухааны музейн хажууд байх хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх төв бас Солонгосын виз мэдүүлнэ гэсэн хаягтай газар ороход Б.Ц  гуай” Солонгосын виз асуудалгүй гаргаад өгнө. 5.000.000 төгрөг өгчих, хамгийн хурдан хугацаанд виз гаргаад өгнө”гээд цаасан дээр данс бичиж өгсөн. Уг данс руу 2018 оны 11 дүгээр сарын эхээр би эхнэрийн Голомт банкны данснаас 5.000.000 төгрөг бэлнээр аваад Нисэхэд байдаг Хас Банкны Б.Ц гийн бичиж өгсөн Хас банкны данс руу нь шилжүүлсэн юм. 2019 оны эхээр би Б.Ц  гуай дээр очиж юу болж байна гэхэд чиний материал элчин дээр очсон байгаа, чи хүлээгээд байж бай, элчин таньдаг хүн байгаа, асуудалгүй удахгүй гарчихна гэж хэлсэн. Удаад байхаар нь дахиад 2019 оны 8 дугаар сард очиж уулзахад өмнөх шигээ тайлбар тавьсан. Тэгэхээр нь жил шахуу болчихлоо, мөнгөө буцааж авья гэхэд чиний нэр дээр компани шилжүүлсэн байгаа тэрийг зарж байж мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би ядаж бичиг баримтаа буцааж авья гэхэд өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 7-9/

            6. Хохирогч Г.У гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ангийн хүүхэд н.Хурцбаатар би Солонгос явдаг, би хүүхдийнхээ визийг Б.Ц  гэдэг хүнээр гаргуулж байсан гэж хэлээд би н.Хурцбаатараар дамжуулж Б.Ц гийн ажлын газар болох 13 дугаар хороололд нэг оффисийн өрөөнд очиж уулзсан. Ингээд Б.Ц  надад 5.000.000 төгрөг жилд 2-3 удаа чөлөөтэй явж болдог виз гаргаж өгнө гээд байхаар нь нэг удаагийн виз хэрэгтэй байна гэж хэлтэл за тэгвэл надад бичиг баримт бүрдүүлэхэд шаардлагатай гээд надаас 230.000 орчим төгрөг авсан. Н.Хурцбаатар надад чи байршуулах 5.000.000 төгрөгөө өөрийнхөө нэр дээр данс нээгээд байршуулаад Солонгос явж ирээд буцаагаад аваарай гэж хэлж сануулж байсан боловч Б.Ц  эгч надад 5.000.000 төгрөгөө өгчих гэхээр нь “би таны данс руу хийчихвэл сүүлд нь янз бүрийн юм болох юм биш биз” гэж хэлтэл Б.Ц  гуай “үгүй ээ ямар ч асуудал байхгүй” гэж надад хэлсэн.  Тэгээд би 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр 1 сая төгрөгийг Солонгос улсын виз гаргуулахаар Б.Ц гийн данс руу өрийн Хаан банкны 5029321669 дугаарын данснаас интернэт банк ашиглаж шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 136-137/

          7. Хохирогч А.Амөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 4 дүгээр сарын үед эгч Урнаагаар дамжуулан Б.Ц  гэх эгчтэй танилцсан. Тэгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байсан оффист нь очиж уулзахад Солонгод улс руу явах 3 сарын аялалын виз найдвартай гаргана. Төлбөр нь 5.000.000 төгрөг гээд надад өөрийн Хаан банкны 5021439594 гэсэн дугаарын дансыг өгсөн. Тэгэхээр нь би тухайн үед хуучин ажлынхаа хажууд буюу 11 дүгээр хорооллын Номингийн урд талын Хаан банкнаас 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гадаад паспорт, төрсний гэрчилгээ, оршин суух хаягийн лавлагаа, цагдаагийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа зэргийг бүрдүүлж өгсөн. Тэгээд Ц  эгч надад 2019 оны дундуур виз гарна гэсэн бөгөөд гар утас руу нь визээ асууж лавлахад одоохондоо гараагүй байна. Жаахан хүлээж бай гэх зэргээр хугацаа авахаар байхаар нь аргаа бараад очиж  уулзаж буцаагаад гадаад паспортаа авахад гадаад паспортанд ямар нэгэн визний тэмдэглэгээ бичигдээгүй болон тамга дарагдаагүй байсан. Тэгээд мөнгөө буцаагаад нэхэхэд эгчид нь мөнгө байхгүй байна гэхээр нь би цагаадгийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 212/

8. Гантөмөрийн Ганнамчингийн Хас банкны 5002023124 дугаартай дансанд 2019 оны 11 дүгээр сарын 29-нд 5.000.000 төгрөг шилжүүлсэн орлогын маягт /хх-ийн 22-р хуудас/ шүүгдэгч Б.Ц гийн өөрийн гараар дансны дугаар бичиж өгсөн гэх баримт 

             9. Гантөмөрийн Ганнамчингийн “Хас банкны хугацаагүй хадгаламжийн 5002023141 дугаартай дансны хуулга /хх-ийн 35-р хуудас/

            10. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Д  ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө хавсаргасан “Баталгаа” 2019-08-24 Ц.Д  т өгөх 5 сая төгрөгийн 3 сая төгрөгийг 2019-08-24-нд багтааж өгнө. Үлдэгдлийг 9 дүгээр сард багтааж өгнө. Б.Ц  гээд гарын үсэг зурсан баталгааны хуулбар /хх-ийн 23-р хуудас/

          11.Гэрч Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай 10 жилийн найз Г.У  намайг Солонгос улсад байхад чатаар холбогдоод Солонгос улс руу яаж гарах вэ виз нь л орох гэсэн юм гэсэн. Тэгээд би тухайн үедээ ярилцаж байгаад өөрийн найз Алтангэрэлийн 99074785 гэсэн дугаарыг өгсөн. Тэгээд манай найз Г.У  Алтангэрэлтэй ярьсан чинь өөрөө байхгүй байна манай оффис дээр очоорой хүн байгаа гэхээр нь яваад очтол Алтангэрэлийн ээж Б.Ц  байсан юм шиг байна лээ. Тэгсэн чинь өөрөө виз гаргаж өгнө гээд өөрийнхөө данс руу 5 сая төгрөг авсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

          12. Хохирогч Г.У гийн Хаан банкны хугацаагүй хадгаламжийн 5429321669 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 157-160-р хуудас/,

          13. Хохирогч А.АБ.Ц гийн эзэмшлийн Хаан банкны 5021439594 дугаарын данс руу 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 3.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд

          14. Шүүгдэгч Б.Ц гийн Хаан банкны 5022439594 дугаартай хугацаагүй хадгаламжийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга 

          15. Шүүгдэгч Б.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний бие 2000 онд “МК интернэшнл Жанчивлан” ХХК-ийг үүсгэх байгуулаад Гадаад харилцааны зуучлал болон визний бичиг баримтын бүрдүүлэлт гэх чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 2019 он хүртэл уг үйл ажиллагааг эрхлэн явуулж байсан. 2018 оны 11 дүгээр сард Ц.Д   надад Солонгосын виз гаргуулах хүсэлт гаргасны дагуу “Тод хонгор бьюлдинг” ХХК-ийг Ц.Д  ын нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэн 5 удаагийн буюу Солонгос улсын байнгын визтэй болох бичиг баримтыг бүрдүүлэхээр Ц.Д  аас 5.000.000 төгрөгийг том хүү Г.Ганнамчингийн эзэмшлийн Хас банкны данс руу шилжүүлсэн. Улмаар 2019 оны эхээр Солонгос улсын элчин сайдын яамны шинэ журам гараад нэг жилээс дээш тухайн компани тогтвортой үйл ажиллагаа эрхлээгүй бол виз гаргахгүй гэх журам гарахаар нь визний шаардлага хангахгүй болохоор нь материалыг нь өгөөгүй. Тэгээд жил хүлээх болсон ба Ц.Д   мөнгөө буцааж авья удаан байна гэхээр нь мөнгийг нь буцааж өгнө гэж хэлсэн. Би БНСУ-ын виз гаргах эрх бүхий субьект биш бөгөөд зөвхөн визний материал бүрдүүлж өгдөг үйл ажиллагаа эрхэлдэг байсан /хх-ийн 91-93-р хуудас/...“2019 оны 3 дугаар сард Г.У  нь улаан паспортноос өөр юу ч байхгүй байсан. Уг нь манай хүү Г.Алтангэрэлтэй уулзах гэж ирсэн юм. Тэгээд би болохоор Г.У гийн 5.000.000 төгрөгийг өөрийнхөө данс руу хйилгээд гадаад паспортны хуулбарыг нь мөнгөтэй нь Пакад өгөхөөр авсан. Пак гэх хүн маань Г.У  шиг бичиг баримтгүй хүмүүст виз гаргахад тусалдаг юм. Уг нь бол 5.000.0000 төгрөг бөгөөд эхлээд 4.000.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөг авсан. /хх-ийн 151-152 дугаар хуудас/...2019 оны 4 дүгээр сард А.Анагац эгч нь манай ажлын адгуулж ирсэн. Тэгээд би уулзаад бичиг баримтыг нь үзээд гаргаж өгье гэсэн. Тэгээд би 2019 оны 4 дүгээр сард 2.000.000 төгрөг, 7 дугаар сард 3.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5021439594 дугаарын дансаар авсан. Дээрхи мөнгийг Солонгосын иргэн Пак гэх хүнд бэлнээр өгсөн ба удалгүй энэ хүн Солонгос руу буцсан. Эргэж ирээд А.Авизийг гаргаж өгнө гэсэн боловч ирээгүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 201/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Ц  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 169/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Ц  нь 2018 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2019 оны 7 дугаар сарын 09-ний хооронд “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Ц.Д  А.А, Г.У  нараас тус бүр 5.000.000 төгрөгийг залилан авч, бусдад 15.000.000 төгрөгийн хохирол учруулсныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Б.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Ц г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Ц.Д   шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...4.048.000 /дөрвөн сая дөчин найман мянга/ төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн, хохирогч А.Аззаяа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...4.435.800 /дөрвөн сая дөрвөн зуун гучин таван мянга найман зуу/ төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн, хохирогч Г.У  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...,5.230.000 /таван сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн, шүүгдэгч Б.Ц гийн хувийн байдал “...62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг...” гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т  овогт Б    Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц гээс 4.048.000 /дөрвөн сая дөчин найман мянга/ төгрөгийг хохирогч Ц.Д  т, 4.435.800 /дөрвөн сая дөрвөн зуун гучин таван мянга найман зуу/ төгрөгийг А.Аззаяад, 5.230.000 /таван сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийг Г.У д тус тус гаргуулж олгох нь зүйтэй. 

            Шүүгдэгч Б.Ц  нь 01-55 УНЧ улсын дугаартай “КIA SORENTO” маркийн тээврийн хэрэгслийг зарж борлуулан хохирогч нарт хохирлыг төлж барагдуулахаар тохиролцсон болохыг тэмдэглэе.      

            Хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч Б.Ц д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т  овогт Б    Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т  овогт Б    Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.   

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Б.Ц д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц гээс 4.048.000 /дөрвөн сая дөчин найман мянга/ төгрөгийг хохирогч Ц.Д  т, 4.435.800 /дөрвөн сая дөрвөн зуун гучин таван мянга найман зуу/ төгрөгийг А.Аззаяад, 5.230.000 /таван сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийг Г.У д тус тус гаргуулж олгосугай.         

            6. Хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Б.Ц д сануулсугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР