Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 659

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа, О.Жавхлан,

улсын яллагч Т.Мижиддорж,   

хохирогч Э.С   ,  

хохирогч Б.Б    , түүний өмгөөлөгч Д.Болормаа,       

шүүгдэгч Б.А   , түүний өмгөөлөгч Ч.Нямцоож,     

гэрч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б    овогт Б-ийн     А-д     холбогдох эрүүгийн 2010006020564 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:      

            Монгол Улсын иргэн, ........ оны ..... дүгээр сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,... настай, эрэгтэй, дээд боловсролтой сэтгүүлч мэргэжилтэй, ........захирал ажилтай, ам бүл ....... хамт Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, ...... тоотод оршин суух, Б    овогт Б-ийн     А    /РД:...................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А    нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд машины сэлбэг захиалж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар хохирогч Ч.А-ийг төөрөгдүүлэн 2.400.000 төгрөгийг залилсан,

2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр иргэн Б.Б    д Уран ган ХХК-тай болон бусад хувь хүн, хуулийн этгээдтэй хамтарч ажиллах гэрээ байгуулаагүй, биелэгдэх боломжгүй шоу цэнгээнт хөтөлбөрийг бэлэн болсон мэтээр итгүүлэн хуурч түүнээс 10.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5022783885 дансаар авч залилсан,

 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд хохирогч Э.С   ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6-180 тоот байранд Миний гэрийг авраач шоунд оролцуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдүүлэн 5 удаагийн үйлдлээр нийт 12.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.А    нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд машины сэлбэг захиалж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар хохирогч Ч.А-ийг төөрөгдүүлэн 2.400.000 төгрөгийг залилсан,

2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр иргэн Б.Б    д Уран ган ХХК-тай болон бусад хувь хүн, хуулийн этгээдтэй хамтарч ажиллах гэрээ байгуулаагүй, биелэгдэх боломжгүй шоу цэнгээнт хөтөлбөрийг бэлэн болсон мэтээр итгүүлэн хуурч түүнээс 10.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5022783885 дансаар авч залилсан,

 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд хохирогч Э.С   ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6-180 тоот байранд Миний гэрийг авраач шоунд оролцуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдүүлэн 5 удаагийн үйлдлээр нийт 12.000.000 төгрөг авч залилсан болох нь:

1. Шүүгдэгч Б.А   ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай 10 жилийн найз Анхбилэг над руу утсаар яриад “... манайх барилгын худалдааны төв байгуулах гэж байгаа юм. Түүнд зориулаад маркетинг хийгээд өгөөч...” гэж ярьсан. Тухайн үед би тиймэрхүү контент хийх хүсэлтэй байсантай минь давхцаж таарсан. Түүний дагуу “миний гэрийг авраач” гээд контентыг хийхээр болсон ба тухайн контент өөр олон оронд хийгдсэн байдаг. Тэгээд арай зардал бага тусна гээд Уран ган компанид барилгын материал худалдаалдаг лангуунуудтай хамтран ажиллаад засах байрны материал аваад давхар Уранган компаныг рекламдаад явахаар тохирсон. Тэгээд эхний 3-ыг хийгээд захиралд таалагдах юм бол Уран ган компани бүрэн спонсорлоод тодорхой хэмжээний мөнгө өгнө гэж тохирсон. Тэгээд Болортуяатай анх уулзахад “Уранган” компаний захирал Анхбилэг хамт уулзсан. Хүмүүст 10.000.000 төгрөг, 12.000.000 төгрөг болон сэлбэгийн алдагдалд хүргэсэн нь бидний буруу мөн, түүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин биелэх боломжгүй, үндэслэлгүй нэвтрүүлэг биш юм. Яагаад ийм зүйлд хүрчихвээ гэхээр янз бүрийн компаниуд энэ төсөл дээр хамтарч оръё гэж байсан. Жишээ нь Саранчимэгийн гэр дээр “Тод каннам” гээд шалны халаалтын компани, 100 айлын “Шилмэл урангоо” гэх газар 2-нд нийлүүлэлт хийгээд явъя гэж ярилцсан байсан. Мөн “Шилмэл пильта”, “Номин мишээл”-ийн хариуцсан менежер манай фейсбүүк пейжеер дамжуулаад бидэнтэй холбогдож нөхцөлтэй танилцсан. Тэгээд төсөл унасан шалтгаан гэвэл “...250, 120 метр квадрат байр байна, энэ төслийг жаахан ядарсан айлын байрыг засаж өгөх юм болов уу гэж бодсон, гэтэл маш том квадраттай айл байна. Жишээ нь нүхтийн байранд л гэхэд обой, шал 2-ыг л хийхэд 20,000,000 төгрөг манай компаниас гарах гээд байна. 50, 60 метр квадраттай айлд бол бүрэн засаж өгөх боломжтой...” гэж бидэнд мэдэгдсэн. Бид “Номин мишээл” компаны Лхамаа гэж хүнтэй 3 удаагийн уулзалт хийхэд манайх дараа 50, 60 метр квадраттай айлын засварыг ямар нэгэн компани хамтрахгүй дангаараа засаж өгье гэж хэлсэн. Гэрээнд заасан хугацаа, мөнгө зэргийг авсан нь үнэн. Яагаад энэ төсөл унасан бэ гэхээр манай зүгээс тухайн төсөлд оролцох компаниудаа 100 хувь бүрэн бэлдээгүй байснаас болж ийм байдалд хүрсэн. Түүнээс бол ямар нэгэн гэрээгээр халхалсан залилан байгаагүй. Болортуяагаас авсан 10,000,000 төгрөг түүний гэрийн засварт бүрэн зарцуулагдсан байгаа. Хэрвээ би залилан хийх гэж байсан бол өөрийн нэр дээр байнга байдаг утас болон гэрээний нөхцөл дээр ямар нэгэн маргаан гарвал шүүхээр шийдүүлнэ гэх мэтийн заалтуудыг оруулж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байсан. Дээрх нөхцөл байдлуудаас болж хүмүүсийг бухимдалд оруулж, хохироосон нь үнэн. Алтангэрэлийн тухайд Хятад, ОХУ зэргээс сэлбэг захиалдаг бөгөөд ОХУ-аас Батбуян гэх хүнд захиж явуулдаг. Тухайн үед урьдчилсан захиалга хийгээд мөнгийг нь компанийхаа орлогыг өөр ажлуудад зарцуулаад өөр мөнгөөр нөхөх маягаар явж байсан. Яагаад тухайн сэлбэгийг оруулж ирж чадаагүй вэ гэхээр 12 сарын үеэр Болортуяаг байранд нь оруулж мөн чадаагүй аль аль талдаа хэцүү байдалд хүрсэн байсан. Тухайн үед Зайсан дах “Миний дэлгүүр”-ийн өмнө Болортуяа надтай уулзаад байрны материалаа бүрдүүлээд хурдан манайхыг байранд маань оруулж өг гэсэн шаардлага тавьсны үндсэн дээр хугацаа тохирсон боловч оролцох компани байхгүй бүрдүүлж чадаагүй. Тухайн үед шинэ жил ойртсон байсан бөгөөд нэг залуу надтай утсаар яриад “чи олон хүүхэдтэй эмэгтэйг байранд оруулж өгнө гээд гэрээс нь гаргачихаад засварыг нь хийж өгөхгүй дээрэлхээд байгаа юм байна. Чи ирээд нэг уулз” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дээрэлхсэн юм байхгүй, нөхцөл байдал аль аль талдаа хэцүү байна гэж хэлсэн. Тэгээд орой “Зайсан лоунжд байна, хүрээд ир” гэхээр нь очтол тэр залуу намайг “ийшээ суу писда минь. Чи яагаад эмэгтэй хүн дарамтлаад байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би дээрэлхсэн юм байхгүй, хүндрэл үүссэн нөхцөл байдал учраа хэлээд тэр залуутай ойлголцсон. Тэгээд тэр залуу “чи уг нь гоё юм хийх гэж байсан юм байна. Даан ч тал талаасаа манжиндуулчихсан юм байна. Энэ хүмүүсийн хохирлыг яаж барагдуулах гэж байна” гэхээр нь “би хичээж байна, шинэ жилээс өмнө байранд нь оруулчихмаар байна, надад ч бас хэцүү байна” гэхэд “чи тэгвэл өдөр болгон хийж байгаа зүйлээ надад мэдэгдэж бай” гэсэн. Тэгээд би 2, 3 хоног тэр залуу дээр очиход “чи ер нь худлаа писда байна. Би шорон оронгоор орсон, чам шиг писда нарыг яаж ч чадна, энийг хийхгүй бол гэрийн чинь үүдэн дээр очоод чамайг яаж ч чадна” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед тэдний “Зайсан Лоунж” дээр очоод өмнө холбогдоорой гэсэн компаниуд руу яриад, өөр компаниудтай ярьж саналаа тавьсан. Тэгээд 4 дөх өдрөөс нь би нэг орой найзуудтайгаа байж байтал миний автомашиныг дээрэмдээд, “дансанд чинь яг одоо хэдэн төгрөг байна, түүнийг чинь Болортуяад өгнө” гэж байсан. Тухайн үед алдагдлаа нөхөх зорилготой өөр ажил төлөвлөж байсныг маань зогсоосон. Алтангэрэлийн мөнгө Болортуяагийн обойны зардалд орчихсон байсан. Тэгээд миний автомашин болон дансан дахь мөнгийг маань дээрэмдээд намайг гадуур ажил хөөцөлдөх ямар ч боломжгүй болгосон. Тэгээд сэлбэгийг ОХУ-руу захиж чадахгүй байдалд хүрсэн. Өмнө нь манай компани сэлбэг оруулж ирж хүмүүст өгч байсан. Ганц нэг удаа буцаалт зэргийн маргаан гарч байсан. Залилан мэхлэх ямар ч зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Э.С   ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Анх 2019 оны 9 дүгээр сард Фейсбүүкээс “миний гэрийг авраач” гэх зарыг хараад холбогдсон. Тэгээд 9 дүгээр сарын 28-ны хагассайн өдөр өөрөө манай гэрт ирээд танайд их засвар орох юм байна, тийм болохоор хүмүүсийн анхаарлыг их татна. Танайхыг шалгаруулалтанд авъя гэхээр нь би нөхөртэйгөө ярилцаж үзье, 7,000,000 төгрөг болох байх гэхэд наадах мөнгө чинь яагаад ч хүрэхгүй нэмээрэй гэсэн. Тэгээд бидэнд өөрсдийн бэлдсэн материал байсан учир нэмж 12,000,000 төгрөг өгөх дээр тогтоод 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Уранган” компаны 3 давхарт 303 тоотод очиж уулзаад хувь хүнтэй гэрээ хийгээд нотариатаар баталгаажуулсан. Тухайн өдөр тухайн гэрээг маш олон зассан бөгөөд гэрээний нэг зүйл дээр гуравдагч этгээдээр засуулна гэсэн заалт байсан. Тэгэхээр нь хамтын гэрээ байх ёстой, гэрээ хийсэн аж ахуй нэгжүүдээ харуул гэхэд харуулаагүй. Харин “Номин мишээл” компанитай гэрээ хийсэн байгаа. Эхний айлуудын бичлэг цацагдахад бэлэн болсон бөгөөд “нтв” телевизтэй гэрээ хийсэн, мөн “монгол” телевизээр орно гэж байсныг манай нөхөр утсаараа оролдож байгаад тухайн яриаг санаандгүй бичиж авсныг хэдхэн хоногийн өмнө мэдсэн. А    ямар нэгэн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулаагүй байхад би юунд итгэж гэрээ хийсэн бэ гэхээр Болортуяа гэж 6 хүүхэдтэй эмэгтэй байгаа. Түүний гэр Нүхтэд байгаа, тийшээ маргааш хамт явж харъя гэхээр нь би итгээд мөнгөө шилжүүлсэн. Тэгээд 11 дүгээр сарын 10-ны дотор түлхүүр хүлээн авах гэрээ хийсэн бөгөөд энэ хугацаанд юу ч хийгээгүй мөртлөө дотор заслыг бүгдийг нь хуулаад байсан. Тэгэхээр нь яагаад ямар нэгэн засвар хийгдэхгүй байгаа юм бэ гэхэд ажиллах хүн байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би хамаатны ахдаа засварын баригад олж өгөөч гэсэн. Тэгэхэд би чамд засварын баригад олж өгье чи харин наадах хүнээрээ барилгын материалаа бэлдүүл гэсэн. Материал бэлдэж өгөөгүй бөгөөд тухайн цаг хугацаанд мөнгөө олж авах гэж араас нь их хөөцөлдсөн. А    дандаа худлаа ярьдаг. Яг одоо ажил дээр чинь очъё, гэрт чинь очъё, та 2-оос уучлалт гуйя гэж худлаа ярьдаг байсан. Тэгээд би 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А    рүү яриад би мөнгөө авъя гэхэд “хүүе би чам руу мөнгийг чинь шилжүүлчихсэн, ямар сонин юм бэ” гэх зэргээр худлаа ярьж байсан. Тэгээд Балжинням, Дашнямтай өдөр мөнгийг чинь өгье гэсэн. Тэгэхээр нь тэр өдөр чинь хэзээ юм бэ гэхэд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэсэн. Миний гэрийг нурааж, мөнгийг маань авчихаад надаар тоглоом наадгай хийж байгаад гомдолтой банйа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд миний мөнгийг өгөөгүй байж өнөөдөр шүүх хуралдаан дээр өгнө гэж байгаа нь худлаа санагдаж байна. Би мөнгөө яаралтай гаргуулж авмаар байна....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

3. Хохирогч Б.Б    гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....А   тэй анх 8 дугаар сард уулзсан бөгөөд “Уранган” компани манай контентийг ивээн тэтгэнэ гэсэн. Тэгэхээр нь би  “бүрэн засвар хийхгүй, 10,000,000 төгрөгөөр жишээ нь хаалгаа солих юм уу тийм зүйлүүдэд төлөвлөчихсөн байгаа” гэхэд болно, эргээд яръя гэсэн. Тэгээд буцаад А    өөрөө залгаад танай гэр том болохоор танайхыг сонголоо, та ирээд гэрээ хийгээд төлөвлөсөн мөнгөө шилжүүлээрэй гэхээр нь мөнгөө шилжүүлээд баримтаа өгөөд гэрээгээ хийсэн. Тэгээд түүнээс хойш 5-7 хоногийн дотор та гэрээ суллаад түлхүүрүү хүлээлгэж өгөөрэй гэхээр нь маш их зардал, чирэгдэл болж хүүхдүүдээ аваад гэрээ хүлээлгэж өгсөн. Тэгээд та хамгийн хурдандаа 28 хоног тэсчих гэхээр нь би хичээе гэсэн. 28 хоноход байранд ямар нэгэн зүйл юу ч хийгээгүй бөгөөд хэлэхээр маргааш нөгөөдөр гэх зэргээр хугацааг хойшлуулж байсан. Тэгэхээр нь болъё гээд гэртээ очтол нураачихсан байхаар нь хаалга, шал зэргийн зүйлсээ авъя гэхэд одоо хэрэггүй гэсэн. Тэгээд би бие муутай хүн шүү, хурдлаарай гээд А   тэй хүн шиг харьцаж гуйсан, итгэсэн, сүүлдээ уйлсан. Тэгэхэд яг Саранчимэгт хэлсэн шиг маргааш, нөгөөдөр, одоо мөнгийг чинь буцаагаад өгье гэх зэргээр худлаа ярьж байсан. Тэгээд танайхыг 3 сарын дараа хаусанд оруулах гээд байна, хүлээж байгаарай гэхээр нь надад хаус хэрэггүй, надад ажилчдаа оруулах газар байхгүй, хүүхдүүдээ оруулах газар байхгүй байна, буцаад миний гэрийг хэвэнд нь оруулчих гэсэн. Би нөхөртөө хэлж чадахгүй байсан болохоор аргаа бараад гэрт нь очоод ээжээс нь, Алтасүхээс гуйсан, “Уранган” компанитай уулзахад “наадах чинь худлаа, лангуун дээр байсан камер, утас зэргийг аваад явсан” манайхтай холбоо байхгүй гэсэн. Тэгэхээр нь Анхбилэг гэх залуутай мессенжерээр холбогдоход манайхтай холбоо байхгүй, хамт байлцаад өгөөч гэхээр нь тухайн үед хамт байсан гэж хэлсэн. А    миний 10,000,000 төгрөгийг авсан, гэрийг маань нураасан, түүнээс болж би өөр байранд түрээс төлж байсан. Энэ хүний үйлдэл угаасаа залилан. 250 метр квадрат байрыг засах боломжгүй гэж хэлсэн гэдгийг би өнөөдөр сонсож байна. Надад хэлсэн бол би гэртээ буцаад орчих байсан. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна. А    надад 10,000,000 төгрөгийг чинь л өгнө гэсэн. Би 10,000,000 төгрөгөөс гадна засварын 47,260,913 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд барилгын материалд 17,278,588 төгрөг, байрны засварын ажлын хөлс Долгорт 22,000,000 төгрөгийг бодит хохирол нэхэмжилж байна. Мөн байр түрээслэсэн түүний урсгал зардал зэрэг зүйлстэй нийлээд 6,295,393 төгрөгийг нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

            4. Хохирогч Ч.А-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А   ээс сэлбэг авах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 13-нд түүний данс руу 300.000 төгрөг хийсэн. Сэлбэгийг Эрхүүгээс захина, нийт зардал хөлстэйгөө нийлээд 2.400.000 төгрөг болно гэсэн. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 800.000 төгрөг өгсөн. Эрхүү дээр сэлбэг чинь ирсэн байна гэж хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 300.000 төрөг, 01 дүгээр сары 07-ны өдөр 1.000.000 төгрөг сэлбэг захиалсан төлбөрөө бүрэн төлсөн. 01 дүгээр сарын 07-ны өдөр 5 хоногийн дараа сэлбэг ирнэ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-10/

          5. Хохирогч Ч.А-ийн  эзэмшлийн Хаан банкны 5029091092 дугаартай дансны 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 18-21 дүгээр хуудас/

          6. Хохирогч Б.Б    гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн орчим фейсбүүкээс таатай нөхцөлөөр гэрээ засуулах хүмүүс холбогдоно уу гэсэн зарын дагуу 91115755 гэсэн дугаараар холбогдож үйлчилгээний талаар мэдээлэл авахад тухайн хүн намайг Уран ган ХХК-ийн байран дээр ирж уулз гэсэн ба А    гэж залуу байсан. Манай компани миний гэрийг авраач гэдэг шоу зохион байгуулах гэж байгаа. Таны гэрээ засуулах гэж байгаа мөнгөнд тааруулаад илүү гарсан зардлыг манайх өөрөөсөө буюу ивээн тэтгэгч байгууллагуудаасаа гаргаад нэвтрүүлэг бэлдэнэ. Манай байгууллагатай Уран ган ХХК хамтран ажиллаж байгаа. Та өөрийн байраа засах гэж байгаа 10.000.000 төгрөгөө над руу шилжүүлчих гэсэн. 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр А   ийн 5022723885 гэсэн данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн... А    гэдэг хүнтэй хамтран ажилладаг аж ахуй нэгж болон бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг хүмүүс байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-158-159/

           7. Гэрч Б.А-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А    надад миний гэрийг авраач нэртэй контентын санаа байна, чи миний санааг дэмжих үү гэдэг саналыг тавьсан. Түүнээс биш Уран ган компанитай албан ёсоор холбогдсон зүйл байхгүй... А    Уран ган дээр өрөө түрээслэн суудаг байсан. Гэхдээ түрээсийн мөнгөө огт төлөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх-169-170/

          8. Гэрч Д.Д-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“... 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нүхтэд А    гэдэг хүний захиалгаар 5 өрөө байранд засварын ажил хийх гэрээтэй ажил эхэлсэн тухайн үед гэрээн дээр 5 хоногийн дараа эхний санхүүжилт болох 6.900.000 төгрөг өгнө гэж А    гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл А    гэдэг хүн нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд би 8 хүнийг ажиллуулсан. Буулгалтанд 3 хүнийг ажиллуулдаг 5 хүнийг  заслын ажилд оруулж эхэлсэн. Энэ хүмүүсийн ажлын хөлсийг өөрөөсөө төлөөд өгсөн байгаа. А    уулзаад ярилцахаараа өнөө маргаашгүй өгнө, 2 хоногийн дараа өгнө гэсээр байгаад 2 сар өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-171-172/

9. Хохирогч Б.Б    гийн эзэмшлийн Хаан банкны 5070243036 дугаартай дансны 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хоорондох дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 118-132/

10. Хохирогч Э.С   ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 9 дүгээр сарын 20-ны орчим цахим орчин буюу фейсбүүк дээрх миний гэрийг авраач нэртэй реалити шоу эхэлж байна. Таны гэрийг аварсан ч яахав дээ гэсэн сурталчилгаа явж байсан. Ингээд би 91115755 дугаарын утсаар холбогдсон чинь засуулах байрыг чинь үзье, оролцогчоор шалгарах эсэхийг чинь үзнэ гэсэн учир 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр засвар хийлгэх газар буюу Чингэлтэй 12 дугаар хороо Булагийн 19-960 тоотод Б-ийн     А    гэх хүн ганцаараа ирж манай хашаа байшинг харчихаад танайд засвар их орох юм байна, мөн их том хэмжээтэй байна. Тийм учраас реалити шоуны оролцогчоор танайхыг сонголоо гэсний дагуу 2019 оны 10 дугаар сарын 01 –ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Уран ган оффисын 303 тоотод очиж 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй ажил гүйцэтгэх гэрээг Б.А   тэй байгуулсан юм. Ажлын нийт хөлсийг 12.000.000 гэж тохирсон ажлын хөлс болох 12.000.000 төгрөгийг өгч эхэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-206/   

           11. Шүүгдэгч Б.А   ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Сонсгосон зүйл ангийг хүлээн хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч Б.А    нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.А    нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд машины сэлбэг захиалж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар хохирогч Ч.А-ийг төөрөгдүүлэн 2.400.000 төгрөгийг залилсан,

2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Б    д Уран ган ХХК-тай болон бусад хувь хүн, хуулийн этгээдтэй хамтарч ажиллах гэрээ байгуулаагүй, биелэгдэх боломжгүй шоу цэнгээнт хөтөлбөрийг бэлэн болсон мэтээр итгүүлэн хуурч түүнээс 10.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5022783885 дансаар авч залилсан,

 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд хохирогч Э.С   ийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6-180 тоот байранд Миний гэрийг авраач шоунд оролцуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдүүлэн 5 удаагийн үйлдлээр нийт 12.000.000 төгрөг авч залилсаныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний гэрийг авраач компани үүсгэн байгуулаад усын бүртгэлд бүртгүүлж тодорхой хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт буцаах хүсэлттэй байна. ...Иргэний эрх зүйн гэрээнээс үүдэлтэй, хохирол хор уршгийн асуудалд яллах дүгнэлт үйлдээд эрүүгийн шүүхээр асуудлыг хэлэлцэж байгаа нь зохимжгүй байна. Хохирол төлбөрийн тухайд ямар нэгэн маргаан байхгүй. ....гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаа хийгдээгүй зэрэг асуудлууд байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах хүсэлттэй байна...” гэж маргажээ.     

Шүүгдэгч Б.А    нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд машины сэлбэг захиалж өгнө, 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Б    д Уран ган ХХК-тай болон бусад хувь хүн, хуулийн этгээдтэй хамтарч ажиллах гэрээ байгуулаагүй, биелэгдэх боломжгүй шоу цэнгээнт хөтөлбөрийг бэлэн болсон мэтээр итгүүлэн хуурч, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Миний гэрийг авраач шоунд оролцуулна гэж 2.400.000, 10.000.000, 12.000.000 төгрөгийг тус тус авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч нараас авсан мөнгөө зориулалтын дагуу ашиглаагүй, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан болох нь хохирогч Э.С   ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Яг одоо ажил дээр чинь очъё, гэрт чинь очъё, та хоёроос уучлалт гуйя гэж худлаа ярьдаг байсан. Тэгээд би 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А    рүү яриад би мөнгөө авъя гэхэд “би чам руу мөнгийг чинь шилжүүлчихсэн, ямар сонин юм бэ” гэх зэргээр худлаа ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Б.Б    гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....А    тэгэхэд яг Саранчимэгт хэлсэн шиг маргааш, нөгөөдөр, одоо мөнгийг чинь буцаагаад өгье гэх зэргээр худлаа ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Б.А   ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.А    нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, 1.300.000 төгрөгийг хохирогч Ч.А-д  , 1.200.000 төгрөгийг хохирогч Э.С   т, 15.595.393 төгрөгийг хохирогч Б.Б     нарт төлөх төлбөртэй, хохирогч Б.Б    гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...15.595.393 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч Э.С   ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...1.200.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Б.А   ийн хувийн байдал /...38 настай, эрэгтэй, дээд боловсролтой сэтгүүлч мэргэжилтэй, Нью элемент деволопмент ХХК-г захирал ажилтай, ам бүл 4,  эх, эгч, дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б    овогт Б-ийн     А   ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зохимжтой гэж үзлээ.    

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А   ийн эдлэх 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.А   эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А   ээс 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч Ч.А-д  , 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогч Э.С   т, 15.595.393 /арван таван сая таван зуун ерэн таван мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг хохирогч Б.Б     нарт гаргуулж тус тус олгохоор шийдвэрлэсэн болно.     

            Хохирогч нар гэм хор хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б    овогт Б-ийн     А   ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б    овогт Б-ийн     А   ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А   ийн эдлэх 2 /хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч Б.А   эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А   ээс 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч Ч.А-д  , 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хохирогч Э.С   т, 15.595.393 /арван таван сая таван зуун ерэн таван мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг хохирогч Б.Б     нарт гаргуулж тус тус олгосугай.      

            6. Хохирогч нар гэм хор хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай. 

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.А   эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.А   эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                                Б.БАТБОЛОР