Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 323

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, шүүгч Б.М, шүүгч С.Т нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: С.Л,

Хариуцагч: СХДЗД 

Гуравдагч этгээд: С.Т, С.Э 

Нэхэмжлэлийн шаардлага: “СХДЗД  газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6 дугаар гудамжны 109 тоот хашааг Ц.Бт, 128 тоот хашааг С.Л-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг СХДЗД д даалгуулах”-ыг шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.Б, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г.Н, иргэдийн төлөөлөгч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Гуравдагч этгээд С.Э, С.Т нар маргаан бүхий газарт газар эзэмшдэггүй талаар баримтууд хэрэгт авагдсан байна. Сонгинохайрхан дүүргийн Газрын алба 2018 оны 01 дүгээр сарын 14/52 албан бичгээр дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамж нь хавсралтгүй бөгөөд энэ захирамжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан А.Б ийн газар баталгаажилтын хувийн хэрэгт хадгалагдаагүй гэсэн тайлбарыг ирүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 87 дугаар захирамж нь хавсралтгүй тул захирамжинд иргэн А.Б, С.Т нарын нэр орсон эсэх, тэдэнд 1 жилийн хугацаагаар газрын гэрчилгээ олгосон эсэх нь тодорхой бус.

А.Б -д газар эзэмших эрх үүсээгүй байхад 2008 оны 06 дугаар сарын 11-ний С.Этэй Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ хийж Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт, Сэтгүүлчдийн гудамж 1-5 гэсэн хаягтай газрыг түүнд шилжүүлсэн. 

С.Э 2008 оны 06 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд “... 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа Тахилт, Сэтгүүлчдийн гудамж 6-93 /1-5 гэсэн тоон дээр давхарлаж бичсэн/ тоот газрыг өмчлөх хүсэлтэй байгаа шийдвэрлэж өгнө үү гэсэн өргөдөл гаргажээ.

А.Б ийн шилжүүлсэн газар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт, Сэтгүүлчдийн гудамж 1-5, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилт Сэтгүүлчдийн гудамж 6-93 гэсэн хаягийн зөрүүтэй байна. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн хавсралтад А.Б оос С.Э-д Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын 6-93 тоот хаягт байрлах газрыг Эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлснийг баталжээ. 

С.Э-ийн нэр дээр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн нэгж талбарын 18626312393.... дугаар бүхий 739 м.кв газрын кадастрын зурагт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын гудамж гээд хаяг тодорхой бичээгүй, зураг үйлдсэн дүүргийн Газрын албаны мэргэжилтэн хянасан газрын албаны даргын гарын үсэг тамгагүй байна.

Энэ нь С.Э-д нэгж талбарын 1862631239..... дугаартай газарт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-128 тоот газар олгоогүйг нотолно.

Нэхэмжлэгч Ц.Б-ын газар эзэмших хүсэлт гаргасан Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын 6-109 тоот хаягт байрлах газар нь С.Э-ийн хүсэлт гаргасан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-9..тоот хаягт байрлах газартай хаяг болон нэгж талбайн координатаар давхцалгүй болно.

С.Т-ийн нэр дээр 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн нэгж талбарын 1862631237******* дугаар бүхий газарт кадастрын зурагт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын гудамж гэсэн боловч тодорхой хаяг бичээгүй, дүүргийн Газрын албаны байцаагчийн гарын үсэггүй, дүүргийн Газрын албаны даргын гарын үсэг тамгагүй ажээ. 

Энэ нь С.Т-д нэгж талбарын 1862631237******* дугаартай газарт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар Тахилтын 6-109 тоот газар олгоогүйг илэрхийлнэ. 

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны №03 “Хороодын талаар арга хэмжээ авах тухай” тогтоол, Ц.Баас 2012 онд газар эзэмших хүсэлт гаргасан өргөдөлд хавсаргасан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоос үзэхэд 1 дүгээр хороо нь Тахилтын 22 дугаар хороо болж өөрчлөгдсөн, түүнээс хойш хорооны гудамж, хил хязгаарт ямар нэг өөрчлөлт ороойгүй.

С.Т нь Сонгинохайрхан дүүргийн Тахилтын 3-11 тоот газрыг өмчлөх хүсэлт гаргасан. Дүүргийн Засаг даргын 87 дугаар захирамжаар С.Т-д нөхөж олгосон гэх 2004 оны № 04/75480 гэрчилгээнд Тахилтын Сэтгүүлчдийн 3-11 тоот гэж бичсэн нь Ц.Б-ын хүсэлт гаргасан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-109 тоот газраас өөр газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан байна. 

С.Т нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-128 тоотод, С.Э нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-109 тоотод амьдардаггүй, бүртгэлгүй болохыг хорооны Засаг дарга тодорхойлжээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 2017 онд 1/2044 албан бичгээр иргэн Д.Ц д хариу өгөхдөө: 

- Нэгж талбарын 1862631237... дугаар бүхий 744 м.кв талбайгаар бүртгэгдсэн газарт /Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-109 / эрх зүйн харилцаа үүсээгүй”

- Нэгж талбарын 1862631239... /Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-128/ 1862631237... дугаар /Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-109 тоот/ бүхий газар бүртгэлгүй.

- Нэгж талбарын  1862631293.... /Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-128/ дуаар бүхий 739 м.кв талбайгаар бүртгэгдсэн газар нь бүртгэлтэй байна гэжээ. 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 2017 онд 1/2048 албан бичгээр Нийслэлийн Захиргааны анхан шатны шүүхэд хариу өгөхдөө:

Нийслэлийн Газрын кадастрын санд нэгж талбарын 1862631237.... дугаар бүхий 744 м.кв талбайтай газар нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 6-109 тоот өмчлөгч, эзэмшигч, ашиглагч тодорхойгүй байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 2017 онд 1/144 албан бичгээр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариу өгөхдөө:

Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2008 оны 09 дүгээр сарын архивт анх 744 м.кв талбайгаар нэгж талбарын 1862631237******* дугаар бүхий газар /Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 6-109 тоот/ болон 1862631237******* дугаартай 2 газар нийт 3 нэгж талбарын давхцалтайгаар бүртгэгдсэн ба газар эзэмшигч иргэний бүртгэл байхгүй байна.

Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2013 оны 09 дүгээр сарын архивт дээрх давхардсан нэгж талбаруудаас 1862631237******* дугаар бүхий 744 м.кь талбайтай /Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 6-109 тоот/ газар эзэмшигч иргэний бүртгэлгүй мэдээлэл бүхий талбар нь үлдэж бусад нь устгагдсан байх ба өнөөг хүртэл дахин өөрчлөлт ороогүй байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 6-109 тоот газрыг Ц.Бт-, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 6-128 тоотод газрыг С.Л-д эзэмшүүлэх захирамж гаргахыг СХДЗД д даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгионохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамж нь холбогдох хууль тогтоомжийн дагуу 2003 оны захирамжийг үндэслэж гарсан. Маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчийн шаардлагыг бол хүлээж авах боломжгүй. Учир нь давхцалтай бол гарах боломжгүй. Иймд нэхэмжэлгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эс үйлдэхүйн тухайд асуудал тогтоогдохгүй байна. Учир нь газар эзэмшихээр хүсэлт гаргаж хүсэлтийг шийдвэрлэсэн байдаг.

Иймд эс үйлдэхүй нь тогтоогдохгүй байна.

Мөн бусдын эзэмшил газартай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа учраас хууль бус үйлдэл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Л.Х шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлага нь үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Ц.Б, С.Л нар нь анх “СХДЗД  газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6 дугаар гудамжны 109 тоот хашааг Ц.Б-т, 128 тоот хашааг С.Лд гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг СХДЗД д даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага  гаргасан байна. 

Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6-109 тоот хашааг Ц.Б-т, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6-128 тоот хашааг С.Лд эзэмшүүлэх захирамж гаргахыг  СХДЗД д даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. 

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 64-р заалт, 2-р хавсралтын 30-р заалтыг түдгэлзүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” дугаар 128/ШТ2018/0083 тоот тогтоолоор 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаа тогтоож, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсан.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц  нь 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дээрх нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан.

Шүүх хуралдаанд хэрэг хэлэлцэж эхлэх шатанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч “Ц.Б, С.Л нарт газар эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6 дугаар гудамжны 109 тоот хашааг Ц.Б-т, 128 тоот хашааг С.Л-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг СХДЗД д даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан ба тус тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 439 тоот тогтоолын хянавал хэсэгт “... Ц.Б*ын хүсэлт гаргасан гэх ... газар ямар нэгэн давхцалгүй,  С.Л-гийн хүсэлт гаргасан гэх ... газар нь С.Э-ийн ... газартай давхцалтай, С.Т-ийн ... газар нь Д.Ц гийн эзэмшлийн .... газартай тус тус давхцалтай байна” гэсэн байна.

Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 1/2408 тоот албан бичгийн агуулгаас үзэхэд Ц.Бын хүсэлт гаргасан газар нь Ц.Б-ийн газартай 655 м.кв талбайгаар, С.Тийнхтэй 44.3 м.кв талбайгаар тус тус давхцалтай , С.Лгийн хүсэлт гаргасан газар нь С.Тийнхтэй 699.3 м.кв талбайгаар давхцалтай, С.Э-ийн эзэмшлийн газар бусдын газартай давхцалгүй байна, мөн тус газрын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 1/244 тоот албан бичигт  “Ц.Б-ын эзэмшиж буй газар С.Т-ийн газартай 66 м.кв талбайгаар, С.Лгийн эзэмшиж буй газар С.Тийн газартай 1044 м.кв талбайгаар давхцаж байна” гэсэн байх ба эдгээрээс үзэхэд зөрүүтэй нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.  

Дээрх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгүүд, түүнд хавсаргасан баримтуудад газрын давхцлыг өөр өөрөөр, зөрүүтэй харуулсан байгаа нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн “Э” ХХК-ийн үйлдсэн алдаатай кадастрын зургаас шууд шалтгаалсан бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа болон бичгээр гаргасан хүсэлтдээ “Э” ХХК-ийн үйлдсэн кадастрын зургуудыг алдаатай буруу болохыг хүлээн зөвшөөрсөн болно. 

Харин нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Х” ХХК-д хандаж хүсэлт гаргасны дагуу “Хөх хасагт” ХХК маргаан бүхий газруудын кадастрын зургийг шинээр үйлдэж ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь “Х” ХХК-ийн үйлдсэн кадастрын зурагт заасан байршлын дагуу нэхэмжлэгч нар газар эзэмших ёстой, уг компанийн үйдсэн зураг нь алдаагүй, зөв зураг юм гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулан тайлбарласан болно.

Дээрх “Х” ХХК-ийн үйлдсэн кадастрын зургуудын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Нотлох баримт хүргүүлэх тухай” 1/795 тоот албан бичгийг ирүүлсэн ба уг албан бичиг, түүний хавсралтуудаас үзэхэд Ц.Б-ын эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь С.Т-ийн нэгж талбарын 1862631237******* дугаар бүхий газартай бүхэлдээ, С.Л-гийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь С.Э-ийн нэгж талбарын 1862631239******* дугаар бүхий газартай бүхэлдээ давхцалтай байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байна. 

С.Т нь 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гаргаж үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 218 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтаар С.Тд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-77 тоот хаягт байрлах газрыг эзэмшүүлсэн байна.

С.Э, А.Б  нар нь 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 218 тоот захирамжийн 2 дугаар хавсралтаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-93 тоот хаягт байрлах газрыг А.Б оос С.Э-д эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Харин Ц.Б болон түүний эхнэр С.Л /хүү Б.А нь ээж С.Л-гийн өмнөөс хүсэлт гаргасан гэх/,  Д.Ц , Ц.Б нар нь 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүсэлт  гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна. 

Дээрх үйл баримтаас үзэхэд гуравдагч этгээдүүд нь нэхэмжлэгч Ц.Б, С.Л нараас цаг хугацааны хувьд өмнө буюу түрүүлж хүсэлт гарсан болох нь тодорхой нотлогдож байх ба С.Т, С.Э нарт газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамж нь мөн цаг хугацааны хувьд нэхэмжлэгчдийнхээс өмнө буюу түрүүнд байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны дугаар 218 тоот  захирамжаар гуравдагч этгээд С.Т, С.Э нарт газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасантай нийцсэн байна гэж шүүх үзлээ.  

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь “маргаан бүхий газрын хаягжилтыг үндэслэлгүйгээр сольсон, зассан, гуравдагч этгээдүүдэд өөр байршил, хаягт байрлах газрыг олгосон атлаа үндэслэлгүйгээр хаягийг сольж Ц.Б, С.Л нарын хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлсэн нь хууль бус буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжид заасан газар нь маргаан бүхий газар биш” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь маргаан бүхий газруудын хаягийг газар эзэмших эрхийн гэрчилгээ болон захирамжид өөр өөр, зөрүүтэй заасан хэдий ч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 218 тоот захирамжид заасан газрын байршил нь Ц.Б, С.Л нарын эзэмшихээр хүсэлт гаргасан газар мөн болох нь 1862631237*******  болон 1862631239*******   нэгж талбарын дугаар, эргэлтийн цэг бүхий 2008 оны кадастрын зургуудаар нотлогдож байна. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн № 01/1916  тоот албан бичгээр “Ц.Б, С.Л нарын 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших хүсэлт гаргасан гэх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байх нэгж талбарын 1862631237*******, 1862631239******* дугаар бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжаар ирэн С.Т, С.Э нарт эзэмшүүлсэн нь дүүргийн Өмч, газрын харилцааны албаны архивт хадгалагдаж байгаа баримтаар нотлогдож байна. Дээрх шийдвэр нь хуулийн хүрээнд гарсан байх тул хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэсэн хариуг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц д өгсөн байна. 

Дээрх 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн № 01/1916 тоот албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтэд хариуцагч хариу өгч байсан болох нь нотлогдож байх ба нэхэмжлэгч нараас цаг хугацааны хувьд өмнө гуравдагч этгээдүүдэд маргааны бүхий газрыг эзэмшүүлсэн болох нь нотлогдож байх тул хариуцагчийг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж шүүхээс дүгнэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан “Ц.Б, С.Л нарт газар эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6 дугаар гудамжны 109 тоот газрыг Ц.Б-т, Тахилтын 6 дугаар гудамжны 128 тоот газрыг С.Л-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг СХДЗД д даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б, С.Л нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.Б

                             ШҮҮГЧ                        Б.М

                       ШҮҮГЧ                       С.Т