Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2022/0435

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.Б намайг урьд эрхэлж байсан эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 303 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0082/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б-аас Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан “Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Д.Б намайг урьд эрхэлж байсан эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 303 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр “Мэргэжилтэн Д.Б-ыг албан тушаалаас халах тухай” тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Б-ыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт Эм, эмнэлгийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: нэхэмжлэгч Д.Б-ын ажилгүй хүлээлгэсэн хугацааны олговрыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар, харин 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Д.Б-ыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт Эм, эмнэлгийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтний ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаагаар тус тус тооцон олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Төрийн аудитын байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө”-д хийсэн гүйцэтгэлийн аудит хийж Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 379/АО260139, АО270174, АО270621, АП-202/14-ШТА-ГА дугаар албан шаардлагаар 8 төрлийн зөрчил илрүүлж энэхүү зөрчлийг 5 төрлийн албан шаардлагад багцалж 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор биелэлтийг ирүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн.

3.2. Энэхүү албан шаардлагатай холбогдох зөрчлүүд нь Д.Б-ын Эм эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэгт хамааралтай байсан бөгөөд энэхүү гарсан гэх зөрчлийг Д.Б үгүйсгэж тайлбар өгөөгүй, харин Нийслэлийн аудитын газарт хэрхэн зөрчлийг арилгаж хэзээ хүргүүлэх талаар төлөвлөгөөг боловсруулж, даргаар батлуулан хүргүүлсэн байгаа нь түүний эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтний 2021 оны гүйцэтгэлийн тайлангаар тогтоогддог.

3.3. Анхан шатны шүүхийн шийдвэрт түүний гаргасан гэх зөрчлийг шалгаж тогтоогоогүй гэжээ. Гэтэл Нийслэлийн төрийн аудитын газар нь хяналт шалгалтын тусгай чиг үүрэг бүхий байгууллага байх бөгөөд энэхүү газраас хийсэн шалгалт нь ажлын хэсгээр шалгагдаж гарсан тул Нийслэлийн эрүүл мэндийн газраас дахин шалган тогтоох шаардлагагүй байсан.

3.4. Тухайн хяналт шалгалтаар Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын 3 жилийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж хангалтгүй дүгнэсэн байх бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд Д.Б тухайн ажил үүргийг 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбар хэлсэн байхад шүүх үүнийг харгалзаж үзсэнгүй.

3.5. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс Нийслэлийн төрийн аудитын газрын шалгалтаар нэхэмжлэгчийн ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн болох нь тогтоогдсон учир арга хэмжээ авч байгаа болохоос Нийслэлийн аудитын дүгнэлтээр Д.Б-т хариуцлага тооц гэсэн байдлаар арга хэмжээ аваад байгаа биш болно.

3.6. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн, ажлын байрны тодорхойлолтын чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь хэсгийг агуулгаар нь бичгээр зааж өгсөн байхад хуулийн заалтыг тоогоор заагаагүй гэх байдлаар нэг талыг барьсан дүгнэлтийг хийсэн.

3.7. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэжээ.

3.8. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтад өөрчлөлт мөн өдрөөр орсон боловч тухайн өөрчлөлтийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан. Хариуцагч байгууллагын зүгээс маргаан бүхий тушаал гарах өдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д “төрийн албанаас халах” гэх зохицуулалтыг ашигласан нь хуульд нийцсэн болно.

3.9. Мөн анхан шатны шүүх Эмийн сангийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгосон асуудалд Д.Б саналын эрхгүй оролцсон учир тухайн зөрчил нэхэмжлэгчид хамааралгүй гэжээ. Эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг ажлын хэсгийн саналын эрхтэй гишүүдийн саналаар шийдвэрлэх боловч тухайн хурлаар хэлэлцэх асуудлыг хуралд оруулж ирэх ажил нь хурлын нарийн бичгүүдийн үүрэгт ажил байсан.

3.10. Өөрөөр хэлбэл, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсэгчийн материалыг хүн амын нягтрал, суурьшил болон газар зүйн байршилтай уялдаж буй эсэхийг шалгасны үндсэн дээр шаардлага хангаж буй хүсэлтийг хуралд оруулах үндсэн чиг үүрэгтэй байжээ.

3.11. Д.Б-ын хувьд өөрийн гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй тодорхой үйлдлээр тухайн зөрчилд холбогдож байгаа талаар хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбар хийсэн боловч шүүх шийдвэр гаргахад саналын эрхгүй гэх байдлаар тайлбарлаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            3.12. Нэхэмжлэгчээс “...Эм, эмнэлгийн хэрэгслийн хангаж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын А/275 дугаар захирамжаар түүний албан тушаалын нэршил өөрчлөгдөж “Эм, эмнэлгийн хангаж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн” гэх нэртэй болж ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт ороогүй тул өөрчлөгдсөн ажлын байранд томилох нь боломжтой бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэжээ.

            3.13. Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага урьд бүтцээр өөрчлөгдсөн ажлын байрыг зааж томилуулахаар шаардлага тодруулсан, энэхүү шаардлагаа өөрчлөөгүй байхад шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар өөрчилж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж шийдвэрлэсэн байна.

            3.14. Нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн бичгээр болон амаар тодруулсан хэлбэрээр тодорхойлогдох бөгөөд үүнийг шүүх нэхэмжлэгчийн хүсэлт сонирхол юу байсныг тодорхойлж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

            Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.

3. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

3.1. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр тушаалаар “албан тушаалын тодорхойлолтод заасан хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлээгүй” хэмээн Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн Д.Б-ыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халжээ.

3.2 Уг тушаалыг Д.Б-аас эс зөвшөөрч “хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Нийслэлийн Эрүүл мэндийн газарт гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргасан байхад мэргэжилтэн Д.Б-ын ажилд аудит хийсэн байдлаар бүх зөрчилд зөвхөн намайг буруутгаж ажлаас халсан” гэж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... Төрийн аудитын газраас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нийт 6 төрлийн албан шаардлага хүргүүлсэн. Тухайн албан шаардлагад Д.Б-ын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт тусгагдсан ажлуудыг хангалтгүй буюу дутуу гэж дүгнэсэн. Дээрх албан шаардлагыг үндэслээд маргаан бүхий тушаалаар ажлаас чөлөөлсөн” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

3.3 Маргаан бүхий актын үндэслэл болсон Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 379/АО260139, АО270174, АО270621, АП-2021/14-ШТА-ГА дугаар албан шаардлагаас үзэхэд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 1309 эмийн сангаас 200 эмийн сан буюу 15 хувийг түүвэрт хамруулан шалгаж, Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS 5260:2015-ын холбогдох шаардлагыг хангаж буй эсэхийг 21 үзүүлэлтээр тулгахад 128 эмийн сан 17 үзүүлэлтийг зөрчсөн нийт 665 зөрчил илэрчээ.

3.4. Үүнд эм, эмнэлгийн хэрэгслийг ангилж, хадгалалтын горимын дагуу хадгалаагүй эмийн сан 73 буюу 36.5%, нөөцийн өрөөнд термометр, чийг хэмжигчийг эгзэгтэй цэгт байрлуулж, заалтыг өдөр тутам хянаж, тэмдэглэл хөтлөөгүй эмийн сан 64 буюу 32.5%, стандартад заасан тоног төхөөрөмжөөр хангагдаагүй эмийн сан 52 буюу 26%, үйлчлүүлэгчдийн гомдлыг барагдуулах заавар гарган мөрдөж, бүртгэл хөтөлж ажиллаагүй эмийн сан 60 буюу 30%, эмийн сан нь стандартын С хавсралтад заасан өрөө тасалгаанууд байхгүй эмийн сан 70 буюу 35%, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулсан эмийн сан 45 буюу 22.5%, өрөө тасалгаанууд нь хоорондоо тусгаарлагдсан ба хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхгүй, цэвэрлэж халдваргүйтгэхэд хялбар, зориулалтын материалаар хийгдээгүй эмийн сан 61 буюу 30.5%, эмийн сангийн ажиллагсад нь жил бүр эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд ороогүй эмийн сан 59 буюу 29.5% зөрчлүүд тус тус тогтоогджээ.

3.5. Дээрх Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 379/АО260139, АО270174, АО270621, АП-2021/14-ШТА-ГА дугаар албан шаардлага хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

3.6. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын Албан тушаалын зорилгод “Эрүүл мэндийн салбарын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагыг аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааг хүн амд хийх, чиг үүргийг хэрэгжүүлэх...” гэж,

 албан тушаалын зорилтод “Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, үйлчилгээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, стандарт, заавар, журмын хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн байгууллагыг чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах ажлын зохион байгуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт эмийн сан байгуулж үйл ажиллагаа явуулах хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эмийн санд хяналт тавих, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх” гэж тус тус заажээ.

3.7. Дээрхээс дүгнэн үзэхэд, аудитын байгууллагаас зөвхөн түүвэр байдлаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудын 15 хувьд шалгалт хийхэд 665 зөрчил илэрсэн нь нэхэмжлэгч Д.Б-ыг ажлын байрны тодорхойлолтын зорилго, зорилтод заагдсан эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих, хууль, журам, стандартыг мөрдүүлэх ажлаа бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй болохыг нотлон харуулж байна.

3.8. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь дээрх аудитын албан шаардлагад дурдсан зөрчлүүд гараагүй, эдгээр нь түүний хариуцсан ажилд огт хамааралгүй, дээрх албан шаардлага үндэслэлгүй талаар маргаагүй төдийгүй уг шаардлагыг хүчингүй болгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтан эсхүл шүүхэд хандаж байгаагүй нөхцөл байдал тогтоогдсон болно.

3.9. Гэтэл анхан шатны шүүх “...эмийн сангууд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж буй стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих үндсэн чиг үүрэг бүхий субъект мөн байх боловч Д.Болдбаатарыг Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 379/АО260139, АО270174, АО270621, АП-2021/14-ШТА-ГА дугаар албан шаардлагыг үндэслэн ... ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй, үндэслэл муутай байна.

3.10. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Бүтцийн ерөнхий бүдүүвч болон нэгжийн орон тоо, харьяалагдах албан тушаалын нэр, ангилал, зэрэглэлийг батлах тухай” А/42 тушаалын Хоёрдугаар хавсралтын 37-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн” гэж албан тушаалын нэрийг шинэчлэн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Албан хаагчдыг албан тушаалд томилох, түр томилох, албан хаагчдын цалин хөлсний хэмжээг тогтоох тухай” А/49 дүгээр тушаалаар Д.Б-ыг “Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн”-ээр томилсон ба 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар тушаалаар дээрх А/42 дугаар тушаалд өөрчлөлт оруулж, “Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн” гэснийг “Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ, эмийн сан хариуцсан мэргэжилтэн” гэж өөрчилжээ.

3.11. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх албан тушаалын нэршил өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт ороогүй, мөн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон тайлангаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б нь өмнөх Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтний ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс бүх эмийн санд хүрч ажиллах боломжгүй, хүн хүч дутмаг байгаа гэж тайлбарлаж байх боловч энэ нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих түвшинд гүйцэтгэхгүй байх эсхүл хүлээсэн үүргээс нь чөлөөлөх, нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй.

3.12. Мөн анхан шатны шүүхээс “... хариуцагч маргаан бүхий захиргааны актад ...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” заалтыг баримталсан атлаа нэхэмжлэгчийг ажлаас халах захиргааны акт гаргасан нь эрх зүйн зөрчилтэй...” гэж дүгнэсэн нь буруу байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байх бөгөөд тухайн өөрчлөлтийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тодорхой заасан байх тул хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг баримталсан зөв, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын “Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                           Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                                           Г.БИЛГҮҮН