Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 128/шш2022/0303

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б*********

Хариуцагч:   Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Д**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б*********аас Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан “Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Д.Б********* нь Нийслэлийн Эрүүл мэндийн газарт Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ.

Улмаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалт, мөн зүйлийн 48.3 дахь хэсэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.3 дугаар зүйлийн 5.3.8 дахь заалт, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 379/АО260139, АО270174, АО270621, АП-2021/14-ШТА-ГА дугаар албан шаардлагыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Б*********ыг Нийслэл дэх Төрийн аудитын газраас “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө”-нд гүйцэтгэлийн аудит хийж, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ирүүлсэн Албан шаардлагад заасан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудын “Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS5260:2015 “Монгол улсын стандартыг зөрчсөн зөрчлүүд нь тус газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн Д.Б*********ын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн, Албан тушаалын тодорхойлолтод заасан хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй байдалтай шууд холбоотой байх тул мэргэжилтэн Д.Б*********ын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс тасалбар болгон албан тушаалаас халсан байна.

3. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Төрийн албан зөвлөлд хандахад 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 01/01 дүгээр албан бичгээр асуудлыг шүүхэд  хандаж шийдвэрлүүлэх талаар хариу өгсөн. 

Ингээд нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч Д.Б********* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

1/ Миний бие Эрүүл мэндийн газарт 2012 онд эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтнээр ажилд орж байсан. Энэ үед эмийн сан хариуцсан мэргэжилтэн гэж тусдаа албан тушаал байсан. 2015 онд тус газарт бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж эмийн сан хариуцсан мэргэжилтний орон тоог цомхотголд оруулсан. Ингээд одоогийн бүтцээр Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч даргын хариуцсан Эмнэлгийн тусламжийн хэлтсийн эм эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтэн гэдэг албан тушаалд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 6 жил ажилласан.

Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 10 минутад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадорж болон хүний нөөц, дотоод үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ч.Урантүлхүүр нараас мэдэгдэл хүлээн авсан. Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын Б/129 дугаар тушаалаар ажлаасаа халагдсан.

2/ Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар саналыг сонсоогүй хууль зөрчсөн шийдвэр гаргасан учраас уг тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/01 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн тул захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ингэж ажлаас халахдаа Нийслэл дэх Төрийн Аудитын газрын 2021 оны 11дүгээр сарын 15-ны өдрийн 379/АО260139, АО270174, АО270621, АП-2021/14-ШТА-ГА дугаар албан шаардлагыг үндэслэн ажлаас халсныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт 2021 оны 9-р сараас Нийслэл дэх Төрийн аудитын газраас "Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө"-д гүйцэтгэлийн аудит хийгдэж эхэлсэн.Төрийн аудитын газраас хийгдсэн аудитын тайлан болон албан шаардлагыг бидэнд огт танилцуулаагүй ба мэдэгдэл дээрээс анх удаа албан шаардлагын талаар мэдсэн. Нийт Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж байгаа "Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөнд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргасан байхад мэргэжилтэн Д.Б*********ын ажилд аудит хийсэн байдлаар бүх зөрчилд зөвхөн намайг буруутгаж ажлаас халсанд гомдолтой байна.

2019 оны Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.4, 1.6, 2, 3.1, 3.2,-т заасныг зөрчсөн ба сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоох ёстой байтал шалгаагүй, харьяалах хэлтсийн даргаас санал аваагүй, ажлын гүйцэтгэлийн үр дүнг харгалзан үзээгүй шууд ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн Аудитын тухай хуулийн 9.2 дугаар зүйлд "Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээдийн тогтолцоо, үйл ажиллагааны зохион байгуулалт, түүний хэмжилт, дотоод хяналт үр нөлөөтэй эсэхэд дүгнэлт өгч, тэдгээрийг сайжруулах чиглэлээр гүйцэтгэлийн аудит хийнэ" гэж заасан.

Аудитын тайлангаар зөрчил илэрч Албан шаардлагатаа "Стандартын шаардлага хангаагүй үйл ажиллагаа явуулж байгаа 128 эмийн сангийн талаар холбогдох арга хэмжээ авч, стандартын шаардлага хангуулж үр дүнг нь тооцож, биелэлтийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны дотор тайлагнахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад даалгасан" байдаг ба хэн нэгэн ажилтанд шийтгэл, хариуцлага ногдуулах талаар заагаагүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хууль бусаар ажлаас халсан.

3/ 2015 онд намайг томилогдон ажиллах үед 500 гаруй эмийн сан байсан ба 2021 оны байдлаар даруй 3 дахин нэмэгдэж 1309 эмийн сан Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд асуудал хариуцсан ганцхан мэргэжилтний хувьд 1309 эмийн санд стандартын хэрэгжилтийг хянаад, шалгаад явах боломжгүй учир ажлын ачаалал их байгаа талаар, хүний нөөцийг нэмэгдүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан.

Эм эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эмийн санд хяналт тавих зорилтын хүрээнд төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр заасан байдаг.

Жилийн хугацаанд 1309 эмийн сангийн үйл ажиллагааг хянах боломжгүй учир тухайн жилийн төлөвлөгөөг батлахдаа шалгалтад хамрагдах байгууллагын тоог дүүрэгчлэн хуваах болон тодорхой чиглэлээр баталдаг мөн энэ нь ажлын ачаалал, хүний нөөцийн хүрэлцээ хангамж зэрэгтэй шууд холбоотой байгаагаа мэдсээр байж харгалзан үзээгүй сахилгын хамгийн хүнд хэлбэрийн шийтгэлийн ногдуулсанд гомдолтой байна.

Иймд Төрийн аудитын газрын албан шаардлагаар мэргэжилтний ажлыг үнэлэхгүй бөгөөд энэ нь ажлаас халах үндэслэл болохгүй. Тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу л ажлаа хийж гүйцэтгэх үүрэгтэй ба хариуцлага хүлээлгэх асуудлыг ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэхээр зохицуулсан. Д.Б********* миний бие 2018 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 95А, 2019 онд -95.4, 2020 онд -93 оноо буюу бүрэн хангалттай гэж үнэлэгдэн холбогдох урамшууллаа авч ажиллаж байсан.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Д********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Нийслэлийн Төрийн Аудитын газрын 6 төрлийн албан шаардлагад Д.Б********* нь зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлдөг.

Иймд албан шаардлагаас илүүтэйгээр мэргэжилтэн Д.Б********* нь ажлын байрны тодорхойлолтод ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ гэдэгт анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзэж байна. Д.Б*********ын хувьд эм эмнэлгийн хэрэгсэл хангамж чанар хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалд ажилладаг. Уг албан тушаал нь 4, 5 зорилго чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Үүний 3 дахь хэсэгт Нийслэлийн нутаг дэвсгэрт эмийн сан байгуулж, үйл ажиллагаа явуулах хүсэлтийг хянаж шийдвэрлүүлэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих гэсэн чиг үүргийн хүрээнд ажилладаг.

Д.Б********* нь шалгуур үзүүлэлтийн хүрээнд төлөвлөгөө боловсруулж ажил үүргээ гүйцэтгэх ёстой бөгөөд Нийслэлийн хэмжээнд байгаа 1309 эмийн санд стандарт шаардлагыг хангуулж ажиллах нь ганцхан мэргэжилтний хувьд боломжгүй зүйл юм. Тэгэхээр албан тушаалын тодорхойлолтод 1309 эмийн сангийн стандарт шаардлагыг хангуулах гэсэн үг өгүүлбэр байгаа юм уу, хэрэв байхгүй бол 200 эмийн санд хийсэн 665 зөрчил нь Д.Б*********ын албан тушаалын чиг үүрэгтэй холбогдож шалтгаант холбоотой байна гэдэг зүйл нотлогдож тогтоогдохгүй байна.

2/ Албан тушаалын тодорхойлолтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Өөрөөр хэлбэл эргүүлэн томилох албан тушаал нь эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, эмийн сан хариуцсан мэргэжилтэн гэдгээрээ явж байгаа.

Сүүлд гарсан тушаалыг харахад 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар тушаалаар 42 дугаар нэмэлт өөрчлөлт оруулж, үүнд дээр эмнэлгийн тусламжийн хэлтсийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн гэсэн нэг мэргэжилтэн байдаг нь Д.Б*********. Энэ мэргэжилтний нэрийг эмийн сан хариуцсан мэргэжилтэн гэж нэмж өөрчилсөн.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд 17 үүргийг заасан. Тэгэхээр энэ 17 үүргийг огт биелүүлээгүй гэж үзэж байгаа нь хууль зүйн зүйн үндэслэлгүй болохыг тогтоогоод байдаг. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд ямар тохиолдолд төрийн албанаас халах талаар зохицуулсан. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдсэн байгаа тохиолдолд төрийн албанаас хална.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байхад төрийн албанаас халах тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоож байна. Ажлын байрны тодорхойлолтод эмийн сангийн стандарт шаардлагыг хангуулах гэсэн чиг үүргийн хүрээнд байдаггүй. Албан тушаалын тодорхойлолтод эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт үйлчилгээнд мөрдөгдөж буй стандарт, заавар журмын хэрэгжилтийг хангах гэж байдаг. Тэгэхээр эмийн сантай холбоотой үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих гэсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг албан тушаалтан байгаа юм. Хяналт тавих гэдэг нь ерөнхий зохицуулалт. Энэ хяналтыг хэрхэн, яаж тавих вэ гэдгийг ажлын байрны тодорхойлолтоо төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүл гээд заасан.

3/ Нийслэл хотын хэмжээнд байгаа 1309, аудитын шалгалтад орсон 200 эмийн сангийн стандартыг хангуулах чиг үүрэг ажлын байрны тодорхойлолтоор нэхэмжлэгчийн чиг үүрэгт байхгүй. Боловсруулсан төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа хийж гүйцэтгэнэ. Төлөвлөгөөнд тайлан өгдөг эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих гэсэн чиг үүргийг хүлээсэн байдаг. Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хяналт тавина гэж заасан. Гүйцэтгэлийн тайлан, төлөвлөгөө гаргасан боловч тайлан, төлөвлөгөөг дүгнээгүй байгаа. F үнэлгээтэй гэсэн дүгнэлтийг Д.Б********* зөвшөөрөхгүй байгаа. Тэр дүгнэлтийг нэгдүгээрт өөрт нь танилцуулаагүй, хоёрдугаарт өөрсдийн баталсан дотоод журмын 2.2.4-т газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг удирдамж гаргаад дүгнэж, ажилтан, албан хаагчийг шалгаруулах талаар заасан байна.

Дотоод журамд зааснаар ажлаас халсан бол ээлжийн амралтын тооцоог заавал хийх ёстой байдаг. Яг энэ үед ээлжийн амралтын тооцоог хийсэн, урамшуулал олгосон зүйл байдаггүй. Тэгэхээр ээлжийн амралтын тооцоог хийгээгүй, энэ талаар ажиллагааг хийгээгүй учраас тушаал нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Эмийн сангийн стандарт, шаардлагыг хангуулах чиг үүрэг нь Нийслэлийн Засаг даргаас гаргаж байгаа захирамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар энэ стандартыг хангуулна. Мэргэжилтэн Д.Б*********ын хувьд төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу стандартын шаардлагыг хангуулах ажлыг хийж байгаа. Энэ нь хэлтэс болон газрын хэмжээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгддэг ажил юм. Төлөвлөгөө нь эргээд албан тушаалын тодорхойлолттой уялдаж байгаа учраас албан шаардлагын дагуу ажлаас халсан болон Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтыг зөв хэрэглээгүй, Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журмыг баримтлаагүй хууль бус тушаал гарсан байна. Тийм учраас энэ хууль бус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З***** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Д.Б*********ыг эм эмнэлгийн хангамж, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтний ажлын байрнаас чөлөөлсөн. Ингэж чөлөөлөхдөө Төрийн Аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн албан шаардлагыг үндэслэсэн.

Д.Б********* нь тухайн ажлын байранд 2012 оноос хойш ажилласан ба эмийн сан хариуцсан ажилтны ажлын байранд 2015 оноос хойш ажилласан. 2015 оноос 2021 оны 4 дүгээр сард бүтцийн өөрчлөлт орж эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтнээр томилогдож ажилласан. Томилогдсон ажлын байрны асуудал нь хариуцагч байгууллагын зүгээс бүтэц өөрчлөлт орсонтой холбоотойгоор болон ажилтны ажлын байрны нэр өөрчлөгдсөн тохиолдолд Төрийн албаны зөвлөлд тухайн ажлын байранд шинээр ажлын байрны тодорхойлолт гаргах эсэх асуудлаар хандсан байх бөгөөд албан бичиг хүргүүлж хандаагүй хүний нөөцийн мэргэжилтэнтэй утсаар холбогдсон бөгөөд ажлын байрны нэр өөрчлөгдсөн учраас шинээр ажлын байрны тодорхойлолт гаргах шаардлагагүй гэж үзсэн.

Эмийн сан хариуцсан ажилтны ажлын байранд Д.Б********* нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан нь хавтаст хэрэгт авагдсан Д.Б*********ын 2021 оны 4 дүгээр сард шинээр байгуулсан төлөвлөгөө байдаг. Тухайн төлөвлөгөөнд эмийн сантай холбоотой ажил үүргийг гүйцэтгэхээр өөрөө гарын үсэг зурж батлуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл Д.Б********* нь ажлын байрны нэршил өөрчлөгдсөн ч эмийн сантай холбоотой ажил үүргийг гүйцэтгэж байсан. Төрийн Аудитын газраас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нийт 6 төрлийн албан шаардлага хүргүүлсэн байдаг. Тухайн албан шаардлагад Д.Б*********ын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт тусгагдсан ажлуудыг хангалтгүй буюу дутуу гэж дүгнэсэн байдаг. Ингээд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Төрийн албаны тухайн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.3 дугаар зүйлийн 5.3.8 болон дээрх 6 албан шаардлагыг үндэслээд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн маргаан бүхий тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасан хэсэг нь ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалттай. Энэ нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Төрийн мэдээ сэтгүүлд гарснаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу 48 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулаад энэхүү өөрчлөлтийг Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн байдаг. Энэхүү агуулгаар маргаан бүхий тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлэхээс өмнө гарсан учраас Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй үеийн буюу 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг үндэслэсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар дээрх албан шаардлага нь Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шаардсан шаардлага бөгөөд Д.Б*********ыг шалгасан асуудал биш юм. Д.Б********* нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тухай үеийн эмийн сангуудыг хариуцаж ажиллаж байсан ганц хүн бөгөөд өөр хэн нэгэн хариуцаж ажиллаж байгаагүй. Түүнчлэн байгууллагад зөрчил илэрч байгаа нь тухайн ажил үүргийг хариуцаж ажиллаж байсан албан тушаалтанд зөрчил үүсэж байна гэсэн үг юм. Дээрх 6 төрлийн албан шаардлага бүхий зөрчил нь Д.Б********* ажил үүргээ хангалтгүй хийсэн учраас тухайн байгууллагын зөрчил болж байгаа юм.

Хөдөлмөрийн дотоод журамд байгууллагын нэр хүндэд халдахуйц ажил байдлын дутагдал гаргасан нь хөдөлмөрийн дотоод зөрчил гэж тусгасан байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд Д.Б*********ыг 2018, 2019 онуудын ажил байдлын тайлан гарч ирэхгүй байгаа боловч нэхэмжлэгчийн хэлснээр сайн үнэлэгдсэн ч энэ тухайгаа тайлагнаагүй гэж үзэж байгаа юм. 2021 оны 4 дүгээр сард тухайн онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө батлуулахдаа эмийн сантай холбоотой эмийн сангийн чиглэлээр хийгдэх ажиллагаа гэж ганцхан заалт тусгасан байдаг. Д.Б********* нь төлөвлөгөөнд тусгагдсан ажил үүргээ хэрхэн хийж байгаа нь төлөвлөгөө болон тайланд тодорхой тусгагдаагүй. Энэ нь алдаа дутагдал болж байгаа учраас Төрийн Албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар сахилгын шийтгэлийг шат дараалуулахгүйгээр оногдуулах шийтгэлийг ногдуулсан.

2/ Ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын зорилтын 3 дахь хэсэгт Нийслэлийн нутаг дэвсгэрт эмийн сан байгуулах үйл ажиллагаа явуулах хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих үүргийг тогтоож өгсөн байдаг. Нөгөө талаараа төлөвлөгөө гаргаж батлуулаад ажил нь болчихсон гэвэл үлдсэн хяналт тавих ажлыг хэн хийх юм. Төлөвлөгөө боловсруулж батлуулчхаад араас нь хяналт тавьж ажиллахгүй байна.

3/ Нэхэмжлэгчээс ажлын байрны тодорхойлолтод хийж гүйцэтгэсэн ажлуудаар солигдсон байсан гэсэн асуудлаар маргасангүй. 2021 оны 4 дүгээр сард бүтэц өөрчлөгдсөн. Бүтцээр эм, эмнэлгийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтний ажлын байр байгаа болохоос биш одоо эмийн сан хариуцсан мэргэжилтэн гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газарт байхгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага юу вэ. Нэхэмжлэлийн шаардлага эм, эмнэлгийн хэрэгсэл, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтний ажлын байранд эргүүлэн тогтоолгох гээд байна. Гэтэл бүтэц дээр тийм ажлын байр байхгүй учир эргээд энэ нэхэмжлэлийн шаардлага яаж хангагдах вэ. Нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдэгдлээ гэхэд шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой. Гэтэл тэр ажлын байр байхгүй байхад энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх вэ. Тэгэхээр энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох, хүлээн авахаас татгалзах үндэслэл байна гэж харж байна. Тушаалын үндэслэлийн хувьд албан шаардлага нь эрх бүхий албан байгууллагаас ирсэн. Үүний дагуу сонсох ажиллагааг Нийслэлийн Эрүүл мэндийн газар магадгүй хурдан хийсэн гэж харагдах ч хуульд заасан шаардлагын хувьд тодорхой хэмжээний хугацаа тавих, хариу тайлбар өгөх гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Тэгэхээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн. Мэдэгдлийн дагуу Д.Б********* оролцсон, хариу тайлбарыг авсан. Сонсох ажиллагааны гол зорилго нь ямар асуудлаар шийдвэр гаргах гэж байгаа, та үүн дээр ямар байр суурьтай байгаа талаар байр суурийг асууж байгаа юм. Байр суурийнхаа хүрээнд Д.Б********* хариу тайлбараа бичгээр гаргаад өгсөн.

Нөгөө талаас албан шаардлагатай хамааралтайгаар Д.Б*********ын өгсөн хариу тайлбарт энэ зөрчил дутагдлуудыг зөвшөөрч байна, 2022 оны 6 дугаар сарын дотор энэ зөрчлөө арилгая гэдэг төлөвлөгөө гаргаж өгөөд байна. Гэтэл 6 сарын дотор хийж болж байгаа бүх хугацааны зөрчил, дутагдал гээд байгаа зүйлүүдийг яагаад цаг тухайн үед нь хийгээгүй вэ. 6 сарын дотор хийж амжуулна гэж байгаа бол тухайн үед хийгээд амжих байсан асуудал. Төрийн албан хаагч нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, хийх ёстой ажлаа хийх ёстой. Тухайн цаг үед нь хийгээгүй, төрийн аудитын газраас хяналт шалгалт орж ирэхэд зөрчил нь илэрч байдаг. Түүний дагуу хариуцлага тооцоод явахаар гомдоод байдаг асуудал үүсэж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна, хууль зүйн үндэслэл байхгүй. Нөгөө талаас ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй, зохих журмын дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Б*********ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Д.Болбаатар тус шүүхэд хандаж “Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 379/АО260139, АО270174, АО270621, АП-2021/14-ШТА-ГА дугаар албан шаардлагыг үндэслэн ажлаас халсан нь хууль бус, нийт Монгол улсын хэмжээнд хэрэгжиж байгаа “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө”-нд гүйцэтгэлийн аудит хийж зөвлөмж, дүгнэлт гаргасан байхад зөвхөн мэргэжилтэн Д.Б*********ын ажилд аудит хийсэн байдлаар бүх зөрчилд намайг буруутгаж халсан,...Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын заалтуудыг зөрчсөн...” гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Нэг. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр “Мэргэжилтэн Д.Б*********ыг албан тушаалаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Б********* нь Нийслэлийн Эрүүл мэндийн газарт Эмнэлгийн тусламжийн хэлтсийн Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/275 дугаар захирамжаар түүний албан тушаалын нэршил өөрчлөгдөж “Эм, эмнэлгийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн” гэх нэртэй болсон, ийнхүү нэршил өөрчлөгдсөн хэдий ч түүний өмнө эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт ороогүй байх ба маргаан бүхий захиргааны актаар түүнийг Эм, эмнэлгийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалаас халсан байна.

Тухайлбал, маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр “Мэргэжилтэн Д.Б*********ыг албан тушаалаас халах тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.3, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5.3 дугаар зүйлийн 5.3.8, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 379/АО260139, АО270174, АО270621, АП-2021/14-ШТА-ГА дугаар албан шаардлагыг тус тус үндэслэн “Нийслэл дэх Төрийн аудитын газраас Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөнд гүйцэтгэлийн аудит хийж Нийслэлийн эрүүл мэндийн газарт ирүүлсэн Албан шаардлагад заасан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудын “Эмийн санд тавих нийтлэг шаардлага MNS5260:2015” Монгол улсын стандартыг зөрчсөн зөрчлүүд нь тус газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн Д.Б*********ын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй байдалтай шууд холбоотой байх тул мэргэжилтэн Д.Б*********ыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон албан тушаалаас нь халсугай”  гэж шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ” гээд 37.1.1-37.1.18-д нийтлэг үүргийг жагсаасан, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”,48.1.3-д “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” 48.1.4-т “төрийн албанаас халах”, мөн 48.3-т “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй.” гэж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Хөдөлмөрийн дотоод журмын 5.3 дугаар зүйлийн 5.3.4-т “Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд ажлын байранд болон ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэх явцад согтууруулах ундаа хэрэглэсэн, газрын үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулсан мэдээлэл тараасан, гарын үйл ажиллагаанд холбогдох дүрэм, журмыг зөрчсөн, эд материалын болон бусад хохирол учруулсан, газрын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн болон мэдээллийн эх үүсвэрийг хувийн зорилгоор ашигласан, хүндэтгэх шалтгаангүйгээр дараалан ажлын 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан, хариуцаж байгаа ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, албан үүрэгтэйгээ холбогдуулан авлигын эрх зүйн зөрчил гаргасан болон бусад тохиолдлуудыг хамруулж үзнэ”, 5.3.8-д “Төрийн албаны тухай хуулийн 48.1.3 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хална” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Д.Б*********ын албан тушаалын тодорхойлолтын “Албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг” хэсэгт “Эрүүл мэндийн салбарын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагыг аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийн хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааг хүн амд хийх, чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна” гэж, 3-р зорилтын хүрээнд “1. Нийслэлийн нутаг дэвсгэрт эмийн сан байгуулж үйл ажиллагаа явуулах хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэх, 2. Нийслэлийн нутаг дэвсгэрт эмийн сан байгуулж үйл ажиллагаа явуулах байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих” гэж тогтоожээ.

Түүнчлэн тушаалын үндэслэл болгосон, Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 379/АО260139, АО270174, АО270621, АП-2021/14-ШТА-ГА дугаар албан шаардлагад “...Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 1309 эмийн сангаас 200 эмийн сан буюу 15 хувийг аудитын түүвэрт хамруулж Монгол улсын стандартын холбогдох заалтын шаардлагыг хангаж буй эсэхийг 21 үзүүлэлтээр тулган баталгаажуулалт хийхэд 128 эмийн санг 17 үзүүлэлтийг зөрчсөн 665 зөрчил илэрсэн...иймд төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө”, Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.1.111-д заасныг үндэслэн...1. стандартын шаардлага хангаагүй үйл ажиллагаа явуулж байгаа 128 эмийн сангийн талаар холбогдох арга хэмжээ авч, стандартын шаардлага хангуулж үр дүнг нь тооцох, 2. эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахдаа хүн амын нягтрал, суурьшил болон газар зүйн байршилтай нь уялдуулан холбогдох хууль тогтоомж, стандарт, Нийслэлийн Засаг даргын захирамжийг баримталж ажиллах, 3. чанарын шаардлага хангаагүй хугацаа хэтэрсэн эм, эмнэлгийн хэрэгслийг устгах гэрээгүй үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг, эмийн сангууд нь хог хаягдлыг дүрэм зааврын дагуу устгаж байгаа эсэхэд хяналт хэрэгжүүлж холбогдох арга хэмжээ авч ажиллах 4.,...шинэчлэн баталсан маягтын дагуу тайлан мэдээ ирүүлээгүй эмнэлэг, эмийн сангуудын талаар эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох арга хэмжээ авах, 5. эмнэлэг, эмийн сангийн үйл ажиллагаанд тавих хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн шат, шатны хяналт хариуцлагыг сайжруулах, албан шаардлагын биелэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газарт 2022 оны 6 дугаар сарын 15-ны дотор ирүүлэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга М.Б********д даалгав” гэж заасан байна.

Нэхэмжлэгчээс уг тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ “...улсын хэмжээний асуудалд зөвхөн намайг буруутгаж ажлаас халсан нь үндэслэлгүй,...аудитаас 128 эмийн сангийн талаар арга хэмжээ ав гэж үүрэг өгсөн байхад уг албан шаардлагыг үндэслэл болгож намайг ажлаас халсан...” гэж тодорхойлон, хариуцагчаас “...эмийн сан хариуцсан мэргэжилтний хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан хяналт тавих чиг үүрэг, зорилгоо биелүүлээгүй, аудитын шаардлагад тодорхой заасан тул ажлаас халсан нь үндэслэлтэй” гэж тус тус маргасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон дээр дурдсан хуулийн заалтуудаас үзвэл хэдийгээр нэхэмжлэгч Д.Б********* нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудын үйл ажиллагаанд, тухайлбал эдгээр эмийн сангууд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж буй стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих үндсэн чиг үүрэг бүхий субъект мөн байх боловч Д.Б*********ыг  Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 379/АО260139, АО270174, АО270621, АП-2021/14-ШТА-ГА дугаар албан шаардлагыг үндэслэн, “хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан”, “Төрийн албаны тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй” гэж үзэж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө” гэж зааснаас үзвэл Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 379/АО260139, АО270174, АО270621, АП-2021/14-ШТА-ГА дугаар албан шаардлага нь Нийслэлийн Эрүүл мэндийн  газрын даргад хандаж, дурдсан алдаа зөрчлүүдийг засах, давтан гаргахгүй байхыг анхааруулж, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зөрчлөө засах хугацаа олгосон баримт бичиг байхад уг албан шаардлагыг үндэслэн нэхэмжлэгч Д.Б*********ыг шууд ажлаас халсан нь үндэслэлгүй, уг албан шаардлагад Д.Б*********ыг ажлаас халах үүргийг хариуцагч захиргааны байгууллагад оногдуулаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б*********ыг дээр дурдсан аудитын албан шаардлагад дурдсан 5 зөрчлийг гаргасан гэж буруутгаж байх боловч эдгээр зөрчлүүд нь тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.3.4-д заасан “хөдөлмөрийн ноцтой зөрчил”-д, тухайлбал “хариуцаж байгаа ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байгууллагын нэр хүнд, эрх ашигт харшлах алдаа гаргасан болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан” гэх үндэслэлд хамаарахгүй тул энэ талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, нөгөө талаар тухайн зөрчлүүд нь нэхэмжлэгчийн шууд буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болсон гэдгийг захиргаа хангалттай шалгаж тогтоогоогүй гэж үзэхээр байна.

Учир нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3 дугаар зүйлийн 3.3-д “сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ”, 3.3.1 “зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар” 3.3.2 “гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр” 3.3.3 “албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарал”...-ыг тус тус харгалзан үзэхээр заасан байхад журмын энэ заалтыг хариуцагч хэрэгжүүлээгүйн дээр “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэсэн Журмын 6.1 дэх заалтыг хэрэглэх нөхцөл байдал нэхэмжлэгчийн хувьд үүсээгүй.

Нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад “Аудитын зөвлөмжид эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахдаа хүн амын нягтрал, суурьшил болон газар зүйн байршилтай нь уялдуулан холбогдох хууль тогтоомж, стандартыг баримтлах, шаардлага хангаагүй эмийн сангийн талаар холбогдох арга хэмжээг авч, үр дүнг нь тооцох” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж маргасан боловч Нийслэлийн засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/1001 дүгээр “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” тушаалаар Нийслэлийн нутаг дэвсгэрт эрүүл мэндийн байгууллага байгуулах, түүнд тусгай зөвшөөрөл олгох, сэргээх, хүчингүй болгох, түдгэлзүүлэх эсэх асуудлаар дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, эмийн сангуудын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нь тус Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга бөгөөд саналын эрхгүй байхаар тогтоожээ.

Үүнээс үзвэл хариуцагчийн тайлбарт дурдсан, эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд нэхэмжлэгч нь зохион байгуулалтын чиг үүрэгтэйгээр оролцдог, санал өгөх эрхгүй этгээд байх тул Д.Б*********ыг “хүн амын нягтрал, суурьшил болон газар зүйн байршилтай нь уялдуулан холбогдох хууль тогтоомж, стандартыг баримтлах, шаардлага хангаагүй эмийн санд тусгай зөвшөөрөл олгосон” гэх үндэслэлээр буруутгах боломжгүй.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж заасан ба нэхэмжлэгчийн тухайд энэ нөхцөл үүссэн болох нь тогтоогдоогүй, мөн хариуцагч захиргааны байгууллагаас “...Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 379/АО260139, АО270174, АО270621, АП-2021/14-ШТА-ГА зөрчил арилгах тухай албан шаардлагыг хүлээн авч, Д.Б*********ын ажлын үзүүлэлтийг хянан шалгаж, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, тайлбарыг бичгээр авч...тушаалаа гаргасан” гэж тайлбар гаргасан боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан “оролцогчийг сонсох”, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан “сонсох ажиллагаа явуулах” журамд нийцээгүй, нөгөө талаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.6-д заасан “төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоох...” шаардлагыг хангахгүй байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, тухайн албан шаардлага нь зөрчил үүсгээд байгаа эмийн сангуудын үйл ажиллагааг зохицуулахаар түүнд чиглэсэн агуулгатай байхад албан шаардлагын агуулгыг өөрөөр хэрэгжүүлж нэхэмжлэгчийг зөвхөн “эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй” гэдэг үндэслэлээр Д.Б*********ын ажлын үзүүлэлтийг шалгаж, улмаар энэ үндэслэлээр буруутган ажлаас халсан нь уг захиргааны үйл ажиллагаа “бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг зөрчсөнөөс гадна уг албан шаардлагад эмнэлэг, эмийн сан гэх 2 байгууллагын талаар дурдсан байхад нэхэмжлэгчийн эрхлэх үйл ажиллагаанд хамаарахгүй байгууллага болох “эмнэлэг”-ийн үйл ажиллагааг Д.Б*********т хамаатуулж шийдвэр гаргасан нь буруу.

Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-37.1.18-д заасан ямар нийтлэг үүргээ биелүүлээгүй болохыг тодорхой заагаагүй, Төрийн албаны тухай хуулийн 48.1 дугаар зүйлийн 48.1.3-д заасныг буюу “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” заалтыг баримталсан атлаа нэхэмжлэгчийг ажлаас халах захиргааны акт гаргасан нь эрх зүйн зөрчилтэй,  тус хуулийн 48.1.4-т “төрийн албанаас халах” сахилгын шийтгэлийг заасан ба хуулийн эдгээр 2 заалтыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр “Мэргэжилтэн Д.Б*********ыг албан тушаалаас халах тухай” тушаал нь эрх зүйн зөрчилтэй, хууль зүйн үндэслэлгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Нэхэмжлэгч Д.Б*********аас гаргасан “...урьд эрхэлж байсан эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дээр дурдсанаар, нэхэмжлэгч Д.Б********* нь Нийслэлийн эрүүл мэндийн газарт Эмнэлгийн тусламжийн хэлтсийн Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/275 дугаар захирамжаар түүний албан тушаалын нэршил өөрчлөгдөж “Эм, эмнэлгийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн” гэх нэртэй болсон, ийнхүү нэршил өөрчлөгдсөн хэдий ч түүний өмнө эрхэлж байсан албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт ороогүй байх ба маргаан бүхий захиргааны актаар түүнийг “Эм, эмнэлгийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалаас халжээ.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/275 дугаар захирамжаар Д.Б*********ын эрхэлж байсан албан тушаалын нэршил өөрчлөгдөж “Эм, эмнэлгийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн” гэх нэртэй болсон хэдий ч ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт ороогүй, энэ асуудлаар нэхэмжлэгч тусгайлан маргалгүйгээр тухайн албан тушаалын тодорхойлолтын дагуу “Эм, эмнэлгийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн”-ий ажил үүргийг гүйцэтгэж байсан ба одоо Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эм, эмнэлгийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтний ажлын байран дээр хэн нэгэн этгээд жинхлэн томилогдоогүй байгаа нь хэргийн оролцогчдын тайлбар болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдов.

Тухайлбал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр “Бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” тушаалын 3-р хавсралтаар “Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтэн”-ээр Д.Б*********ыг томилсон, Д.Б********* нь уг албан тушаалд ажиллаж байх явцад тус газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/42 дугаар тушаалаар тухайн албан тушаал нь “Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн” гэж нэршил өөрчлөгдсөн, харин уг албан тушаалын тодорхойлолт чиг үүрэгт огт өөрчлөлт ороогүй байна.

Энэ тохиолдолд, нэгэнт Нийслэлийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А/275 дугаар захирамжаар түүний албан тушаалын нэршил өөрчлөгдөж “Эм, эмнэлгийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн” гэх нэртэй болсон байхад Д.Б*********ыг “Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтэн”-ээр эгүүлэн тогтоох боломжгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр “Мэргэжилтэн Д.Б*********ыг албан тушаалаас халах тухай” тушаалыг хүчингүй болгохоор тодорхойлсон, шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэснээр тухайн шийдвэрийн үр дагаврыг шийдвэрлэх хүрээнд нэхэмжлэгчийн “урьд эрхэлж байсан эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн сан хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаар “Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн”-ий ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх боломжтой бөгөөд энэ нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгч Д.Б*********ыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт “Эм, эмнэлгийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтэн”–ий ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж тус тус заажээ.

Хуулиудын дээрх заалтад нийцүүлэн нэхэмжлэгч Д.Б*********ын ажилгүй хүлээлгэсэн хугацааны олговрыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар, харин 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Д.Б*********ыг урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаагаар тус тус ажилгүй хүлээлгэсэн хугацааны олговрыг тооцон олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Төрийн албаны тухай хуулийн 48.1 дүгээр зүйлийн 48.1.3, 48.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б*********аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр “Мэргэжилтэн Д.Б*********ыг албан тушаалаас халах тухай” тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Б*********ыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт Эм, эмнэлгийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.            Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга /2022 оны/-ын 127 дугаар зүйлийн 127.1, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б*********ын ажилгүй хүлээлгэсэн хугацааны олговрыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар, харин 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Д.Б*********ыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт Эм, эмнэлгийн хангамж, хяналт, эмийн зохистой хэрэглээ хариуцсан мэргэжилтний ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаагаар тус тус тооцон олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газарт даалгасугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН