Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2022/0439

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц,

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн,

Хариуцагч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах“,

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 124/2021/0028/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.5, 38.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-аас Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ хүрээд “Х” ХХК нь хуулийн хугацаандаа буюу 2021 оны 03 дугаар сард менежментийн төлөвлөгөөг батлуулахаар холбогдох хүсэлт, тусгай зөвшөөрөл, хуулийн этгээдийн гэрчилгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад (Ковид 19 өвчний улмаас Монгол Улсын Засгийн газраас авсан хөл хорио тогтоосон нөхцөл байдалд тохируулан аймгийн Засаг даргын Тамгын газраар дамжуулсан) хүргүүлсэн.

2.2.Цагаанхайрхан сумын Засаг дарга хууль бусаар буюу өөрийн хувийн таагүй харилцааны улмаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.4 заасан төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж хүргүүлнэ” гэх заалтыг зөрчин байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүйн улмаас Увс аймаг Цагаанхайрхан сумын нутагт орших “Х” ХХК-ийн XV-018131 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдахад хүрээд байна.

2.3.“Х” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь Ашигт малтмалын газраас гаргаж өгсөн баримтаар нотлогддог.

2.4.Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.4 заасан төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж хүргүүлнэ гэж зааснаар аливаа нэгэн болзол шаардлагагүйгээр батлах шаардлагатай боловч өнөөдрийг хүртэл батлахгүй байна.

2.5.Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 1-д заасаар “тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн үйлчилгээний байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж болно” гэсний дагуу Увс аймгийн Засаг даргад гомдол гаргахад “Гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн чиглэлийг хүргүүлсэн боловч Цагаанхайрхан сумын Засаг дарга хэрэгжүүлээгүй болно.

2.6.Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг үндэслэн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “Х” ХХК-аас “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.Анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 323 дугаар шийдвэрээр “Х” ХХК-д Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутагт Дунх нэртэй газарт XV-018131 дугаартай 12459.32 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг[1] 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаатай олгожээ.

3.Уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 265 дугаар шийдвэрээр[2] 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгажээ.

4.Нэхэмжлэгч компаниас “Байгаль орчин хамгаалах 2016-2019 оны төлөвлөгөө”-г[3] 2018 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргаар батлуулсан.

5.Улмаар нэхэмжлэгч компаниас “Байгаль орчныг хамгаалах 2021-2022 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г батлуулахаар хариуцагч Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргад хүргүүлснийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчаас хүлээн авсан.[4]

6.Хариуцагчаас 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, батлуулах үйл явцын талаар суманд мэдэгдээгүй, санал аваагүй 6 жил болсон, төлөвлөгөөний хувийг хяналтын албанд хүргүүлэх хуулийн заалтыг зөрчсөн, тусгай зөвшөөрлийн хуулбар, газрын төлбөрийн баримт байхгүй, усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хил заагтай давхцалтай” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзжээ.

7.Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Ашигт малтмалын асуудлаар сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 12.2.5-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах”,

22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:”,  22.1.3-д байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”,  

40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.”,

40.3-д “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална.”,

38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:”, 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”,

38.1.3-д “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”,

38.1.4-т “энэ хуулийн 38.1.3-т заасны дагуу батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх”,

38.1.5-д “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх”,

38.1.6-д “энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах”,

38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж тус тус заасан.

8.Хэрэгт авагдсан баримтуудаас[5] үзэхэд нэхэмжлэгч компаниас ““Байгаль орчин хамгаалах 2016-2019 оны төлөвлөгөө”-г 2018 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргаар батлуулсан боловч уг төлөвлөгөөг дээр дурдсан хуульд заасны дагуу батлагдсан төлөвлөгөөний хувийг болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн 2019, 2020 оны тайланг тус тус Цагаанхайрхан сумын байгаль орчны хяналтын алба болон тухайн сумын Засаг даргад хүргүүлсэн, эдгээр баримтыг хүсэлттэй хамт хавсарган хариуцагчид хүргүүлсэн” нөхцөл байдал тогтоогдсонгүй.

9.Хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-д заасны дагуу нэхэмжлэгч компанийн шинэчлэн гаргасан байгаль орчны төлөвлөгөөг хянаад “сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулаагүй, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, батлуулах үйл явцын талаар суманд мэдэгдээгүй, санал аваагүй, төлөвлөгөөний хувийг хяналтын албанд хүргүүлэх хуулийн заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн байгаль орчны төлөвлөгөөг батлахаас татгалзсан үйлдлийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “сумын Засаг дарга төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж хүргүүлнэ” гэж зааснаар аливаа нэгэн болзол шаардлагагүйгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах шаардлагатай боловч өнөөдрийн хүртэл батлахгүй байна” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

10.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг гаргаж өгөхөөр заасан.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дуусахаар байсан тул түүнээс 1 сарын өмнө буюу 2021 оны 04 дүгээр 11-ний өдөр сунгуулах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргахаар байжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу хариуцагч сумын Засаг даргаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг 2021 оны 04 дүгээр 11-ний өдрөөс өмнө авсан байх шаардлагатай байсан боловч хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэгчийн хүргүүлсэн хүсэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч хүлээн авсан гэдэг нь тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгчийн “хуулийн хугацаандаа буюу 2021 оны 3 дугаар сард төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн маргаж буй энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 4 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 40 дэх талын ар нүүр

[3] Хэргийн 1-р хавтас 43-47 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 17-18 дах тал

[5] Хэргийн 1-р хавтас 17-18,20-22, 56-59, 84-98