Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01283

 

Л.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00185 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 777 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Л.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Х-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, хариуцагч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Д.Х тай 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 24 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. Д.Х нь гэрээний дагуу 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зээлийн төлбөрөө төлөх байсан ч бүтэн 4 сарын дараагаас цувуулан төлсөөр 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 20 360 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.

Иймд Д.Х-гаас үндсэн зээлийн үлдэгдэл 3 640 000 төгрөг, хүүний үлдэгдэл 3 600 000 төгрөг, алданги 3 620 000 төгрөг, нийт 10 860 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зээлийн гэрээ нөхөж байгуулсан. Нийт 28 160 000 төгрөг төлсөн байдгаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 24 000 000 төгрөгийг бүрэн төлсөн. Хоногийн 0.5 хувийн хүү гэж тогтоосон байгаа алдангийг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00185 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, заасныг тус тус баримтлан Д.Х-гаас 7 640 000 төгрөгийг гаргуулж Л.Н-д олгож, Л.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 220 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137 190 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 777 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00185 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын “7 640 000” гэснийг “6 440 000” гэж, “3 220 000” гэснийг “1 200 000” гэж, 2 дах заалтын “137 190” гэснийг “117 990” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 137 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагчаас 6 440 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзсэн. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үүссэн ба анхнаасаа талуудын хүсэл зориг нь хүү болон алданги төлөхөөр тохиролцоогүй байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж сүүлд нөхөж хийсэн хэлцэлд хүү төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Х  нь өөрийн гүйцэтгэх ёстой үүргээ бүрэн биелүүлсэн байхад түүнээс нэмж хүү болон бусад төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Д.Х-гаас зээлийн гэрээний үүрэгт 7 640 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч Д.Х шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Зохигч нь 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл” гэх нэртэй баримт үйлдсэн байх ба уг хэлцлийн дагуу Д.Х 24 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй зээлсэн байна. Хэлцэлд зааснаар мөнгө төлөх хугацааг хэтрүүлбэл Д.Х нь хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн “хүү нэмж төлөх” үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгч Л.Н нь үндсэн зээл, хүү, алданги гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч алданги гаргуулах шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч Д.Х гийн үүргээ гүйцэтгэж төлсөн мөнгөний хэмжээг бодитоор тооцоолсон байна. Хариуцагч Д.Х нь үндсэн зээл 24 000 000 төгрөг, хүү 3 600 000 төгрөг нийт 27 600 000 төгрөг төлөхөөс 21 160 000 төгрөг төлсөн тул 6 440 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа гэж тооцоолсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй “хэлцэл” гэх баримтыг зээл олгосноос хойш нөхөж хийсэн, улмаар хүү тооцох үндэслэлгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна хариуцагч хүүгийн талаарх хэлцлийг хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн тооцооны алдааг залруулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 777 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН