Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 777

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00185 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Н-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Х-аад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : ...Д.Х-тай 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 24 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. Д.Х нь гэрээний дагуу 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн төлбөрөө төлөх байсан ч бүтэн 4 сарын дараагаас цувуулан төлсөөр 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 20 360 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Иймд Д.Х-аас үндсэн зээлийн үлдэгдэл 3 640 000 төгрөг, хүүний үлдэгдэл 3 600 000 төгрөг, алданги 3 620 000 төгрөг нийт 10 860 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: ... Д.Х анх надаас 26-ны өдөр 39 000 000 төгрөг  авсан. Үүнээс хойш 15 сая төгрөгийг цувуулж өгсөн. 5 сарын 30-нд 1 200 000 төгрөгийг хүүний төлбөрт өгсөн. ...Дараа нь 24 сая төгрөгөөс цувуулан 19 960 000 төгрөгийг төлсөн. Одоо үлдсэн 4 040 000 төгрөг, хүүний 3 600 000 төгрөг, нийт 7 640 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Алданги нэхэмжилэхээс татгалзаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зээлийн гэрээ нөхөж байгуулсан. Нийт 28 160 000 төгрөг төлсөн байдгаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 24 000 000 төгрөгийг бүрэн төлсөн. Хоногийн 0.5 хувийн хүү гэж тогтоосон байгаа алдангийг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, заасныг тус тус баримтлан Д.Х-аас 7 640 000 төгрөгийг гаргуулж Л.Н-аад олгож, Л.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 220 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137 190 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх “зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 24 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан нь тогтоогдож байна" гэж дүгнэсэн. Үнэн хэрэгтээ нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 39 000 000 төгрөг зээлдүүлсэн. Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд тайлбар хийсэн. Хариуцагч Д.Х нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өөрийн төлбөл зохих төлбөрийг бүрэн төлсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасныг зөрчиж гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар тогтоогдох ба шүүх хуралдааны тэмдэглэлд "Х анх надаас 26-ны өдөр 39 000 000 төгрөг аваад цувуулж өгсөөр байгаад 36 660 000 төгрөгийг төлсөн” гэж туссан. Үүнээс үзэхэд хариуцагчийн татгалзал хуулийн зүйн үндэслэлтэй байх ба 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн "Мөнгө хүлээлцэх тухай хэлцэл"-ийг сүүлд нөхөж хийсэн байна. Үүнийг шүүх 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 39 000 000 төгрөг хүлээлцсэн хэдий ч сүүлд түүнд бичигдснээр мөн оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс дахин 3 сарын хугацаагаар 24 000 000 төгрөгийг зээлсэн мэтээр тайлбарлаж, ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Д.Х-аад холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 7 640 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл”  хийж, нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Д.Х-аад 24 000 000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр  хүлээлгэн өгч, 3 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд зээлдэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тус тус тохиролцсон байх боловч Д.Х нь 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 39 000 000 төгрөгийг Л.Н-аас хүлээн авснаас  2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг, 05 сарын 2-нд 5 000 000 төгрөг, 5 сарын 03-нд 3 000 000 төгрөг, 05 сарын 08-нд 2 000 000 төгрөг тус тус төлж нийт  15 000 000 төгрөг төлсөн болох нь  зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар  тогтоогдсон байх тул шүүх талуудын хооронд 24 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.Н шүүх хуралдааны шатанд алданги гаргуулах шаардлагаас татгалзсан ба хариуцагч Д.Х нь дээрх зээлийн гэрээнд зааснаар 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 3 сарын хүү төлөх үүрэг хүлээсэн тул үндсэн зээл 24 000 000 төгрөг, зээлийн хүү 3 600 000 төгрөг, нийт 27 600 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан Л.Н, Д.Х нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаас үзэхэд 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч  Д.Х нь нийт 21 160 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул тэрээр тэрээр 6 440 000 төгрөгийг /27 600 000 – 21 160 000 / нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Мөнгө хүлээлцсэн тухай хэлцлээр 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр  хүртэл хүү тооцох талаар тохиролцоогүй байх тул хариуцагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 1 200 000 төгрөгийг нийт төлсөн төлбөрөөс хасч тооцсон нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч Д.Х-ийн данснаас нэхэмжлэгч Л.Н-ийн дансанд шилжүүлсэн 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 010 000 төгрөг болон 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 400 000 төгрөг талуудын хоорондох зээлийн гэрээнд хамааралгүй, энэ талаар зохигчид маргаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн зээлийн үүргийг хэрхэн тооцсон үндэслэлээ заагаагүй шийдвэрт дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилснөөр шүүх 7 640 000 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийн талаар дүгнэх байтал 10 860 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн талаар шийдвэрт заасан нь буруу болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00185 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын  “7 640 000” гэснийг “6 440 000” гэж, “3 220 000” гэснийг “1 200 000” гэж, 2 дах заалтын “137 190” гэснийг “117 990”  гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 137 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                         ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                               Н.БАТЗОРИГ