Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 184/2017/03770/и |
Дугаар | 001/ХТ2018/01716 |
Огноо | 2018-12-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2018/01716
С.Б, Д.Онарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00962 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1382 дугаар магадлалтай,
С.Б, Д.Онарын нэхэмжлэлтэй
“ХН”ХХК, Н.Бнарт холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 15 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам, зуслан хаягт байрлах 700 м.кв тайлбай бүхий газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Н.Б-ий гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Оюундулам, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь Н.Бтэй харилцан тохиролцож 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Хьюндай /Hyungai/ маркийн, УНО 04-92 улсын дугаартай бетон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг сарын 6 000 000 төгрөгөөр тооцож, нийт 18 000 000 төгрөгөөр тохиролцож Сэлэнгэ аймгийн Зэлтэр суманд ашигласан бөгөөд дээрх мөнгөнөөс 2 000 000 төгрөгийг бэлнээр авч, 2 000 000 төгрөгт нь газар авсан. Хариуцагч нь үлдэгдэл 14 000 000 төгрөгийг өгөөгүй тул тээврийн хэрэгслийг буцааж авч ирэх шатахууны зардал болох 520 000 төгрөг болон 1 ширхэг нь 240 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг аккумуляторын үнийн хамт нийт 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Бшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.Б-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие нэхэмжлэгч нартай ямар нэг байдлаар ажил гүйцэтгэх гэрээ огт байгуулаагүй гэжээ.
Хариуцагч “ХН”ХХК-ийн төлөөлөгч Н.Бшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “ХН”ХХК нь нэхэмжлэгч С.Бтэй 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан бөгөөд гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд өдрийн 200 000 төгрөгийн хөлс олгохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. С.Б нь гэрээний хугацаанд 40 хоног ажил гүйцэтгэсэн бөгөөд автомашин нь байнгын эвдрэл гэмтэлтэй байсан, мөн цаг агаарын таагүй нөхцөлийн улмаас ажил үүрэг гүйцэтгээгүй. Хариуцагч “ХН”ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид 2 000 000 төгрөг төлсөн, мөн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам зуслангийн 700 м.кв газрыг 13 000 000 төгрөгөөр Д.Оюундуламын хүүхэд О.Ангарагт шилжүүлж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Бшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.Бминий бие 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч С.Бтэй харилцан тохиролцож Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу 13 000 000 төгрөгийн үнэ бүхий газрыг Д.Оюундуламын хүүхэд О.Ангарагт шилжүүлж өгсөн. Энэхүү Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг татвараас зайлсхийх зорилгоор 2 000 000 төгрөгт тооцон өгч байгаа мэтээр байгуулсан тул уг хэлцэл нь дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Иймд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам зуслангийн 700 м.кв газар эзэмших эрхийг буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид 2 000 000 төгрөгөөр тооцож уг газрыг авахаар Н.Бтэй тохирсон бөгөөд үүнийхээ дагуу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийж, нотариатаар баталгаажуулсан. Тухайн үед би иргэний үнэмлэхгүй явж байсан учир хүү О.Ангарагийн нэр дээр газрыг шилжүүлж авсан. Нотариат дээр очиход газар эзэмших эрх шилжүүлэхэд татвар төлдөггүй гэж хэлж байсан тул татвараас зайлсхийх зорилгоор хуурамч гэрээ байгуулсан гэж Н.Бнь худлаа хэлж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Ангараг шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед бичиг баримт байхгүй байсан тул намайг дуудан ирүүлж Н.Б, Д.Охоёр нь тохиролцсоны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Түүнчлэн татвараас зайлсхийх зорилгоор хуурамч гэрээ хийсэн гэж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00962 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ХН”ХХК-аас 14 000 000 төгрөгийг гаргуулан С.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 000 000 төгрөгийн шаардлага болон нэхэмжлэгч С.Бээс хариуцагч Н.Бд холбогдуулан гаргасан шаардлагыг, нэхэмжлэгч Д.Оюундуламаас хариуцагч “ХН”ХХК, хариуцагч Н.Бнарт холбогдуулан гаргасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хүссэн хариуцагч Н.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230 350 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 222 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 2 600 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч ”ХН”ХХК-аас 227 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Батдэмбэрэлд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1382 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00962 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “ХН”ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Бхяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Хариуцагч “Хэц налуу экологи” ХХК нь “Гачуурт” ХХК-ийн охин компани болох “Сэлэнгийн тариалан” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Тээвэрлэлтийн гэрээ”-г байгуулж гэрээний дагуу тээвэрлэлт хийгдсэн тохиолдолд бүрт “Сэлэнгийн тариалан” ХХК нь “Хэц налуу экологи” ХХК-д 300 000 төгрөгийн хөлс олгохоор тохиролцсон бөгөөд тээвэрлэлт хийгдэх бүрт дагалдах бичгээр баталгаажигдан ажил үүрэг гүйцэтгэсэн хөлс олгогддог байсан болно. “Сэлэнгийн тариалан” ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэж хариуцагч “Хэц налуу экологи” ХХК нь нэхэмжлэгч С.Бтэй 2015 оны 07 дугаар сарын 19-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, ажил үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд өдөрт 200 000 төгрөгийн олгох, жолоочийн байр, хоол, ахуй хангамж зэргийг хариуцахаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч С.Б нь техникийн зохих шаардлагыг хангасан авто машинаар ажил үүрэг гүйцэтгэх ёстой байсан боловч нэхэмжлэгчийн Хьюндай маркийн УНО 04-92 улсын дугаартай бетон зуурмаг тээвэрлэх зориулалтай авто машин эвдрэл гэмтлийн улмаас байнга зогсолт хийж байснаас тээвэрлэлтийн ажил үүргийг 40 хоног хийж гүйцэтгэсэн болно. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “Хэц налуу экологи” ХХК-ийн эзэмшилд Хьюндай маркийн УНО 04-92 улсын дугаартай бетон зуурмаг тээвэрлэх зориулалтай тээврийн хэрэгслийг шилжүүлээгүй, нэхэмжлэгчээс томилсон тээврийн хэрэгслийг хариуцсан жолоочтой байсан, ажил үүрэг гүйцэтгэх шаардлагатай тохиолдолд нэхэмжлэгчид мэдэгдэж, нэхэмжлэгч тээврийн хэрэгсэл хариуцсан жолоочид зөвшөөрөл олгодог байсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж нэхэмжлэгч нь ажил үүрэг гүйцэтгэх, хариуцагч хэлэлцэн тохирсон тодорхой хөлс төлөх үүрэг хүлээж нэхэмжлэгчид гүйцэтгэсэн ажил үүргийн дагуу тодорхой хөлс төлсөн байхад анхан шатны шүүх талуудын зорилго нь ажилд бус, хөрөнгө ашиглахад чиглэсэн гэж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан “Түрээсийн гэрээ” байгуулагдсан гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сэлэнгийн тариалан” ХХК-иас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан, шүүгчийн захирамжийн дагуу “Сэлэнгийн тариалан” ХХК-ийн ирүүлсэн албан бичгээр хариуцагчийн гаргуулахаар хүссэн баримт хадгалагдаж үлдээгүй болох нь тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг бүрэн хангаж хэрэгжүүлээгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч С.Б, Д.Онар хариуцагч Н.Б, “Х Н Э”ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 14 000 000 төгрөг, хохирол 1 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна. Хариуцагч Н.Бнь 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, “...газрыг 13 000 000 төгрөгт тооцож шилжүүлсэн ба татвараас зайлсхийх зорилгоор үнийн дүнг 2 000 000 төгрөг гэж гэрээнд тусгаж, дүр үзүүлсэн хэлцэл байгуулсан гэсэн үндэслэлийг тавьжээ.
Хэрэгт байгаа баримтын хүрээнд С.Б, Д.Онар бетон зуурмаг тээвэрлэх зориулалт бүхий машиныг, жолоочийн хамт 2015 оны 7 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 19 хүртэл 3 сарын хугацаагаар, “ХН”ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх, “ХН”ХХК нь сарын 6 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдсон, шүүх уг харилцааг түрээсийн гэрээ гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан тул хариуцагч нь эд хөрөнгө түрээсэлсэн 3 сарын төлбөрийг төлөх үүрэгтэй. Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгддөггүй байна. Хариуцагч нь түрээсийн зүйл эвдэрсэн, цаг агаарын байдал нөлөөлснөөс эд хөрөнгийг 40 хоног ашигласан гэдгийг баримтаар нотолж чадаагүй, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй юм.
Хариуцагч нь бэлнээр 2 000 000 төгрөг өгснөөс гадна түрээсийн төлбөрт тооцож газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй байна. Харин нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг 2 000 000 төгрөг тооцож өгсөн, төлбөр дутуу гэсэн бол хариуцагч маргаж, газар эзэмших эрхийг 13 000 000 төгрөгт тооцож өгснөөр төлбөр тооцоо дуусан гэж мэтгэлцжээ.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл газар эзэмших эрхийн зах зээлийн үнэ 13 000 000 төгрөг болохыг хариуцагч нотлоогүйгээс гадна 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд “...эрхийг 2 000 000 төгрөгт тооцов” гэж тодорхой заасан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар хоёр шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х Н Э”ХХК-иас 14 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нотлогдоогүй зарим шаардлагыг болон хариуцагч Н.Бд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй болжээ.
Гэрээний талууд бие биенийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой тул өөр этгээдтэй байгуулсан гэрээтэй холбоотой баримт гаргуулах хариуцагчийн хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдоогүй ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсгийг зөрчөөгүй байна.
Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/00962 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1382 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА