Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2022/0437

 

“З-Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалын хавсралтын “З-Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “З-Е” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 306 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, өмгөөлөгч Б.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0260/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “З-Е” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалын хавсралтын “З-Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “З-Е” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 306 шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг тус тус баримтлан “З-Е” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч “З-Е” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/155 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн аманд байршилтай 0.25 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах зөвшөөрөл олгож, 2016/172 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээг олгосон.

3.2. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан. Үүнээс харвал нэхэмжлэгч нь 2016 онд 2016/172 дугаар гурвалсан гэрээнээс хойш 2021 оныг хүртэл тухайн газраа 5 жил дараалан ашиглаагүй болох нь нотлогдож байна.

3.3. Маргаан бүхий захиргааны акт нь өөрөө 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гарсан бөгөөд нэхэмжлэгч газар ашиглах эрх авснаас хойш 4 жил гарангийн дараа гарсан.

3.4. Мөн Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар нэхэмжлэгч 2016 онд гурвалсан гэрээ байгуулсан бөгөөд үүнээс хойш газраа зориулалтын дагуу ашиглах ёстой байсан.

3.5. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

3.6. Гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу гэж хуульд тодорхой тайлбарласан бөгөөд барилга байгууламж зам талбай барьсан байхыг шаарддаг. Гэтэл анхан шатны шүүх шон зөөсөн болон нэхэмжлэгчийн газраа хашаалсан болон ковид-19 цар тахалтай холбож тайлбарласан үндэслэлийг үндэслэлтэй хэмээн үзэж хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.7. Учир нь нэхэмжлэгч өмнөх анхан шатны шийдвэр гарах үед шүүх хуралдаанд тус газраа анх авахаас өмнө шон байсныг мэдэж байсан уу гэхэд мэдэж байсан гэх тайлбарыг өгсөн бөгөөд анхнаасаа тус газрыг ашиглахад шон зөөхийг мэдэж байсан болох нь харагддаг. Тэгээд газраа зориулалтын дагуу ашиглахын өмнөх бэлтгэл ажлыг хийж байгаа болохоос тус үйлдэл нь газраа ашигласан гэж үзэх үйл баримт биш юм. Талуудын байгуулсан гурвалсан гэрээ болон нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээнд аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон бөгөөд тус нөхцөл байдалтай холбоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа байгууламж барьж ашигласан үйл баримт огт байдаггүй. Хэргийн газрын үзлэгийн зураг дээрээс маш тодорхой харагдана.

3.8. Ашиглах эрх авсан газраа хашаалсан нөхцөл байдлын тухайд мөн  нэхэмжлэгч байгууллага өөрийн ашиглах эрхтэй газраа тодорхойлж собилцолын цэгийн дагуу бусад газар ашиглагч нараас газраа тусгаарлаж байгаа үйл ажиллагаа болохоос газраа ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй.

3.9. Мөн анхан шатны шүүх баримтыг дутуу бүрдүүлсэн байдаг. Үүнд маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан Цагдаагийн ерөнхий газрын хавсралтад дурдсан 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгийн хавсралтыг бүрэн бүрдүүлээгүй. Учир тус албан бичгээр 660 иргэн, аж ахуй нэгжийг Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр захиргааны байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

3.10. Албан бичгийн тухайд Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь аялал жуулчлал чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тусгай зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах эрхтэй иргэн, хуулийн этгээд нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг зөрчсөн 660 иргэн /443-т “З-Е” ХХК орсон/.

3.11. 2016 оноос 2020 оныг хүртэл гэж тайлбарласан ч 4 жилийн хугацаанд газраа гурвалсан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй. Тухайн үйл баримтуудыг нэгтгээд дүгнэвэл нэхэмжлэгч “З-Е” ХХК нь 2016 онд байгуулсан гурвалсан гэрээнд заасан зориулалтын дагуу 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаал гарах хүртэл 5 жилийн хугацаанд тухайн газраа ашиглаагүй болох нь нотлогдож байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хэмээн 104 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч “З-Е” ХХК-ийн газар багтжээ.

2.2. Нэхэмжлэгч “З-Е” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт “Нүхтийн ам” байршилд “аялал жуулчлалын” зориулалтаар 0.25 га газар ашиглах эрх олгож, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас “З-Е” ХХК-ийн захиралтай 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2016/120 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг тус тус байгуулсан байна.

2.3. Хариуцагчаас нэхэмжлэгчийг “гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр буруутгаж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий актын үндэслэлд дурдсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч компани нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон 2086/2017 дугаар техникийн нөхцөлийн дагуу 2018 оны 06 дугаар сард “Э л” ХХК-иар 10 кВ-ын агаарын шугам зөөх ажлын зургийг батлуулсан, тухайн байршилд хашаа барьж, холбогдох зураг төсөл хийлгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгчийг газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж шууд буруутгах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчээс “... БНСУ-аас санхүүжилт авах хэлэлцээр хийж гэрээний шатанд явж байсан боловч коронавируст цар тахал гарч хөрөнгө оруулалтыг түр хойшлуулсан...” гэж тайлбарлан холбогдох баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөөгөөр нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа доголдсон нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээр байх ба нэхэмжлэгчийг 2020 онд “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзэхгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан үүргээ бүрэн гүйцэд биелүүлж, бодит нөхцөл байдлыг бүрэн судалж, тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагыг хангахгүй байна.

Иймд шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалын “З-Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

2.4. Харин нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ““З-Е” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосноор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар олж авсан газар ашиглах эрх нь сэргэх юм.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа дууссан нь тогтоогдож байна.

2.5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах тухай гэрээний хугацаа 5 жилээс илүүгүй байх бөгөөд уг гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 35.2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, газар ашиглах эрх бүхий этгээд нь газар ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг шаардагдах баримтын хамт холбогдох журмын дагуу гаргаснаар эрх бүхий албан тушаалтан хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хугацаа сунгах эсэх асуудлыг судлан шийдвэрлэхээр байгаа энэ тохиолдолд шүүхээс хариуцагчийн эрх хэмжээнд халдаж, нэхэмжлэгч “З-Е” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн захиргааны акт гаргахыг шууд даалгах хууль зүйн үндэслэлгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 306 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З-Е” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 дугаар тушаалын хавсралтын “З-Е” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж,

Тогтоох хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус баримтлан “З-Е” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад “З-Е” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээх тухай захиргааны акт гаргахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН