Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0448

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Р.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Удаанжаргал

Нэхэмжлэгч: Р.О

Хариуцагч: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаар “Р.О-ыг ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 326 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:Нэхэмжлэгч Р.О, түүний өмгөөлөгч Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, Б.А, гуравдагч этгээд Г.Б нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаБ.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0032/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Р.О нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад холбогдуулан “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Р.О-ыг ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 326 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3, 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.О-ын Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Р.О-ыг ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

3.1. Шүүхийн шийдвэрээр “...шүүхээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна. ... нэхэмжлэгчийн тухайд ... төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх гэсэн ерөнхий шаардлагыг хангаагүй” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал,Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2018 оны 19 дүгээр тогтоолоор баталсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийн 4.4 дэх хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 380 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 473 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 418 дугаар тогтоолыг тус тус баримтлан шүүхийн шийдвэрийн дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон гэх үндэслэлээр Р.О-ыг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн.

3.2. Нэхэмжлэгч Р.О-ыг “төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх” ерөнхий шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын үүрэгт ажилд анхнаасаа томилогдох ёсгүй байсан гэж талууд маргаагүй. Талуудын маргааны хүрээ нь хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн эсэхтэй холбоотой байхад анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан.

3.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Р.О- нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Б.Б-г ажилд нь эгүүлэн томилсон. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-г ажилд нь эгүүлэн томилох болсон гэх шалтгаанаар Р.О-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч бодит нөхцөл байдал дээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Г.Б-ийг Ажлын албаны дарга буюу нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон. Мөн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Б.Б нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга буюу нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллахаас татгалзсан хүсэлтийг бичгээр гаргасан байдаг.

3.4. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд “...Б.Б-г ажилд томилохоос татгалзаж байна” гэж зөвлөлийн гишүүд саналаа хэлсэн байх бөгөөд Б.Б-г шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажилд нь эгүүлэн томилохоос 2 хоногийн өмнө Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар “... Ажлын албаны даргаар Г.Б-г томилох асуудлыг хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив” гэсэн байна. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх нөхцөл байдлуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчжээ.

3.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжүүлсэн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар хариуцагч нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын албанд тушаалд Б.Б-г эгүүлэн томилох тухай Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 418 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан ажилд нь эгүүлэн тогтоох ёстой байсан. Гэтэл шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жил 9 сарын дараа Б.Б нь тухайн ажилд ажиллах боломжгүй гэх хүсэлтийг бичгээр гаргасаар байтал Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолоор ажилд нь эгүүлэн томилж, үүнээс 7 хоногийн дараа ажлаас чөлөөлснийг хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй юм.

3.6. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг хуульд заасан журмын дагуу биелүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх болсон гэх үндэслэлээр Р.О-ыг ажлаас чөлөөлсөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 326 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2 Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Р.О-аас “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Р.О-ыг ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулахшаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2021 оны 4 дүгээр тогтоолыг буруутгахгүй гэх боловч ...Б.Б-г эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг биелүүлж, намайг ажлаас чөлөөлсөн атлаа Г.Б-ийг томилж хууль зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ. 

2.2. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Р.О-ыг ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны 2018 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм”-ийн 4.4 дэх хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 380 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 473 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 418 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул нэхэмжлэгч Р.О-ыг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

2.3. Анхан шатны шүүх “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө, 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл”, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 37 дугаар зүйлийн 37.1-д “хөдөлмөрийн гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно”, 37.1.5-д “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална”... гэснийг зөрчөөгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.4. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Р.О  нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны бөгөөд нарийн бичгийн дарга даргаар томилогдон ажиллаж байсан, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 418 дугаар тогтоолыг биелүүлэхтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын албан тушаалд Б.Б-г эгүүлэн тогтоохоор маргаан бүхий актаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдож байна. 

2.5. Нэхэмжлэгч Р.О-ын хувьд 2017 оны 17 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын алба тушаалд томилогдсон хэдий ч гуравдагч этгээд Г.Б-ийн хувьд мөн адил нөхцөл байдал бий болсон, өөрөөр хэлбэл өмнө нь уг албан тушаалд томилогдон ажиллаж байсан Б.Б нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр урьд эрхэлж байсан албан тушаалдаа томилогдох болсон ч түүний өөрийнх нь хүсэлтийг нь үндэслэн 2021 оны 14 дүгээр тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлж, харин уг сул орон тоонд гуравдагч этгээд Г.Б-ийг томилсон шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

2.6. Маргаан бүхий актад Г.Б-ийг уг албан тушаалд томилоогүй, харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 380 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 473 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 418 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн зэргээс үзвэл шүүхийн шийдвэрээр томилогдсон ажилтныг буюу Б.Б-г ажлын байраар хангах зорилгоор гаргасан тогтоол байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан хариуцагчийн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

2.7. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:”, 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл”, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй:”, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;” гэж тус тус заасан бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн байна.

3. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Б-г ажилд нь эгүүлэн томилох болсон гэх шалтгаанаар Р.О-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч бодит нөхцөл байдал дээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Г.Б-ийг Ажлын албаны дарга буюу нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон нь хуульд заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй гэх гомдлын тухайд: 

3.1. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Г.Б-ийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, 13 дугаар тогтоолоор Б.Б-г Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон байх бөгөөд уг үйл баримт Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/1641 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.

3.2. Ийнхүү томилсноос хойш Б.Б-гийн өөрийн хүсэлтийг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 14 дүгээр тогтоолоор 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 15 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргын албан тушаалд гуравдагч этгээд Г.Б-ийг томилсон байх боловч нэхэмжлэгчээс уг акттай маргаагүй, харин ч Б.Б-г эгүүлэн томилохыг даалгасан шүүхийн шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрч байгаа болохоо шүүх хуралдаанд илэрхийлжээ.

3.3. Нөгөөтэйгүүр нэгэнт шүүхийн шийдвэрийг биелүүлж Р.О-ыг үүрэгт ажлаа нь чөлөөлсөн, уг актын үндэслэл болох хуулийн хүчин төгөлдөр болсон гурван шатны шүүхийн шийдвэрүүдийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, Б.Б-г чөлөөлсний дараа уг албан тушаалд Г.Б-ийг томилсон акттай холбогдуулж маргаагүй, мөн Б.Б-г чөлөөлснөөс хойш уг албан тушаалд ажиллах хүсэлтээ гаргаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх боломжгүй.

3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянаж буй энэ тохиолдолд үйл баримт болсноос хойших хугацааны захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчээс “шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2021 оны 04 дүгээр тогтоолыг буруутгахгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласаар байтал “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.О-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

  

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ