Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01310

 

“К банк” ХХК-ийн Дорнод салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2018/00151 дүгээр шийдвэр,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 201/МА2018/00010 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн Дорнод салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Х-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 12 470 000 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Орхоны гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.Х, Д.Д нар нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 36 сарын хугацаатай 14 500 000 төгрөгийн зээл авсан. 2016 оны 05 сар хүртэл зээлийн төлөлтийг хуваарийн дагуу хийж байсан. 2016 оны 06 сараас 2017 оны 09 сар хүртэл зээлийн төлөлт огт хийгээгүй. Зээлийг төлөх талаар зээлдэгч нартай удаа дараа уулзах гэсэн боловч оршин суух хаяг дээрээ байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан учир банкны зүгээс 2017 оны 05 дугаар сарын 05-нд Д.Д, Д.Х нарыг шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсан. 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хамтран зээлдэгч Д.Х-ын оршин суугаа газрыг Цагдаагийн газраас тогтоосон.

Ингээд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш зээлдэгч нь зээлийн төлөлтөнд 320 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.11 дэх хэсэгт заасны дагуу зээлд төлөлт орж ирэхэд тухайн зээлийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү дараа нь үндсэн зээлийн төлөлтийг авдаг. Өнөөдрийн байдлаар Д.Х-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 12 483 789 төгрөг гаргуулах, уг үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Миний бие нөхөр Д.Д-ын хамт К банкны Дорнод салбараас 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 14 500 000 төгрөгний зээл авч, зээлийг хуваарийн дагуу төлж байсан. 2016 оны 05 сард нөхрөөсөө салсан учир зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан байгаа. 2016 оны 6 сараас хойш зээл төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болж доголдож эхэлсэн боловч өөрийн боломжоор зээлийн эргэн төлөлтдөө 5 500 000 орчим төгрөг төлсөн боловч банк 4 000 000 төгрөг төлсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн дээрх төлсөн 5 500 000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна. Үндсэн зээлд төлсөн мөнгийг банкинд шилжүүлсэн өдрөөр нь нэг бүрчлэн тооцож үзэхэд нийтдээ 5 494 994 төгрөг шилжүүлсэн байгаа.

Иймд дээрх төлсөн мөнгийг зээлийн гэрээний үндсэн үүрэг болох үндсэн зээлээс хасч тооцон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Мөнгөнтогос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

К банкны Дорнод салбарын нэхэмжлэлтэй Д.Д, Д.Х нарт холбогдох иргэний хэргийн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Д нь гуравдагч этгээд болох Г.Г-ийн эгчийнх нь охин Д.Х-ын нөхөр юм. Тухайн үед бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Г.Г-ийнөмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд Д.Д, Д.Х нарын нэрийг оруулан бүртгүүлсэн байдаг. Тэд өөрсдийн гэрээт борлуулагчийн тоог нэмэх зорилгоор үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн нэр дээр гаргаж авсан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа хамтран эзэмшигчийн зөвшөөрөл авна гэж нотариатаар батлуулан гарын үсэг зуруулсан байдаг. Тэр үед их хэмжээний зээл авна гэдгийг Г.Г мэдээгүй бөгөөд барьцаа хөрөнгийг гэрээт борлуулагчийн хүсэлтээр банкинд үнэлүүлдэг юм байна гэж ойлгож гарын үсэг зурсан гэдэг. Зээл авахад гуравдагч этгээдээр нь гарын үсэг зуруулах байх гэж бодож байсан бөгөөд зээл авах талаар ямарч ойлголтгүй байсан. Иймээс хамтран эзэмшигчийн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Үл хөдлөх хөрөнгө дундын өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд гуравдагч этгээдийн хүү Санчир нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь хэргийг шийдвэрлэхэд шүүхийн шийдвэрт нөлөөлнө гэж үзэж байна. Тиймээс зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2018/00151 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Д.Х-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 953 922 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банкны Дорнод салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 529 867 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө болох Хэрлэн сумын 4 дүгээр баг, ШСТТС-ын 2 дугаар байрны 05 тоотод байршилтай 33м2 орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 001 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 142 211.75 төгрөг гаргуулж К банкны Дорнод салбарт олгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 201/МА2018/00010 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 138/ШШ2018/00151 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дор дурдсанаар өөрчлөлт оруулсугай. Үүнд: а. Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч Д.Х-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 363 043 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К банк ХХК-ийн Дорнод салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 120 745 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, б. Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Хэрлэн сумын 4 дүгээр баг, ШСТТСургуулийн 2 дугаар байрны 05 тоот, 33 м.кв талбай бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж, в. Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...142 211.75 төгрөг...” гэснийг “148 759 төгрөг” гэж тус тус өөрчилж, Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 428 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхийн хянавал хэсэгт “Төлөх хугацаа болсон үндсэн үүрэг ба хүүг төлүүлэх дарааллыг хуульд зохицуулаагүй, эсвэл гэрээгээр зохицуулахаар хуульд заасан бол талуудын дээрх тохиролцоо хуульд харшлахгүй юм. Харин үндсэн үүрэг ба хүүг төлүүлэхдээ эхлээд үндсэн үүргийг төлүүлэх тухай хуулийн тодорхой зохицуулалтыг өөрчлөн, хүүг эхэлж төлүүлэхээр талууд гэрээгээр тохирох эрхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв гэжээ” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь энэ зохицуулалт нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх дарааллыг тогтоох бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөх үүргийг барагдуулах дарааллыг тогтоох зорилготой тул шүүхийн зүгээс дүгнэсэн дүгнэлт буруу гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, Үүргээ биелүүлээгүй бол Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж хуулиар зохицуулсан зээлдэгчийг үүрэгжүүлсэн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар татгалзлаас хариуцагч нь гэрээнд заасан үүргээ хугацаанд биелүүлээгүй үйлдэл харагдаж байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэж үзээгүй, нотлох баримтыг хангалттай үнэлж үзэлгүйгээр, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд төлөгдсөн нийт 5 085 873.33 төгрөгийн төлөлтийн дүнг нэмэхдээ буруу нэмж 5 494 994 төгрөг буюу 2017.09.14-ны өдөр зээл рүү тушаагдсан 409 121 төгрөгийг нэмж тооцсон мөн уг мөнгөн дээр шүүх хуралдааны явцад 2017 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдөр үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд тушаагдсан 320 000 төгрөгийг дахин нэмж нийт дүнг 5 814 994 төгрөг болгож төлөгдсөн дүнгийн нийлбэрийг буруу гаргасан байсныг давж заалдах шатны шүүх тооцохдоо зээлд тушаагдсан 409 121 төгрөгийг хассан боловч 2017 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрийн дахин тооцогдсон 320 000 төгрөгийг хасаж тооцоогүй.

...Зээлийн хүүг зээлийн үлдэгдлээс өдөр болгон хуримтлуулан бодож тооцдог тул зээлийн хүү бодолтыг Монгол банкны хүү бодох аргачлалын дагуу үнэн зөв тооцон өгнө үү. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүх Иргэний хуулийн зарим зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх ба хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “К банк” ХХК нь хариуцагч Д.Х-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, нэхэмжлэлийнхээ үнийн дүнг нэхэмжлэл гаргахдаа 12 470 000 төгрөг гэж тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагаа хоёр удаа нэмэгдүүлж, 12 483 789 төгрөг болгосон байна. Шаардлагын эцсийн үнийн дүн үндсэн зээлийн 11 088 980 төгрөг, хүүгийн 1 280 526 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 114 283 төгрөгөөс бүрджээ.

Хариуцагч Д.Х шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн үүргийн тооцоолол буруу, зээлийн төлбөрт төлсөн мөнгийг зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцож байсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Г.Г өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг банкны зээлд барьцаалахыг зөвшөөрөөгүй, зээлийн барьцааны гэрээ, хамтран эзэмшигчийн зөвшөөрөл хоёрыг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Д.Х, Д.Д нар нь “К банк” ХХК-ийн Хэрлэн тооцооны төвөөс 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ-55 дугаартай зээлийн гэрээгээр 14 500 000 төгрөгийг сарын 2,30 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн байна.

Мөн өдөр барьцааны гэрээ байгуулагдсан байх ба барьцааны зүйлд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ШСТТС-2 байрны 5 тоот 2 өрөө орон сууц, тусгагдсан байна. Барьцааны гэрээнд зээлдэгч Д.Д, Д.Х нар гарын үсэг зуржээ.

Барьцааны зүйл болох орон сууц нь Г.Г, Д.Х, Д.Д нарын өмчлөлд 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэгдсэн ба 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл” гэх баримтаар Г.Г, Д.Х-д  нар нь Д.Дд “Кны 14 500 000 төгрөгийн зээлийн барьцаанд тавих зөвшөөрөл эрхийг” олгосон байна.

Зээлийн гэрээний барьцаалбар 21-19359 гэх баримтад Д.Д өөрийн нэрийн өмнөөс, мөн “Г.Г-ийнитгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж”, Д.Х-д өөрийн нэрийн өмнөөс гарын үсэг тус тус зуржээ.

Нэхэмжлэгч “К банк” ХХК нь нэхэмжлэлдээ зээлийн гэрээний зээлдэгч хоёр этгээдээс зөвхөн Д.Х-ыг хариуцагчаар татсан тул шүүх Д.Х-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, Д.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т заасан шаардлагыг зөрчөөгүй байна. Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байдаг.

Харин шүүх хариуцагч Д.Х-ын хүсэлтээр гуравдагч этгээдээр Г.Г-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа түүнийг бие даасан шаардлага гаргасан, эсхүл гаргаагүй гуравдагч этгээд болохыг шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 138\Ш32017\02836 дугаар захирамжид тодорхой заагаагүй байна. Шүүгчийн захирамжид “Г.Г-ийнөмчлөх эрх зөрчигдөж болзошгүй” гэж зааснаас үзвэл шүүх түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан гэж үзэхээр байна.

Гэтэл Г.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа өөрийн өмчлөлийн орон сууцыг банкны зээлд барьцаалахыг зөвшөөрөөгүй, Д.Х, Д.Д нарыг гэрээт борлуулагч болоход нь тусалж, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн  учир “хамтран эзэмшигчийн зөвшөөрөл”, “барьцааны гэрээ”, “барьцаалбар” зэрэг хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлт гаргасан байх ба энэ утгаар түүнийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гэж үзвэл түүний шаардлагыг шүүх нэхэмжлэгч, хариуцагчид гардуулаагүй, барьцааны гэрээнд Г.Г-г төлөөлсөн Д.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, шүүх дээрх шаардлагыг хянан шийдвэрлээгүй байна. Гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон эрх зүйн байдал тодорхой бус болжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч “К банк” ХХК нь зээлдэгч нарт 2015-2017 онуудад зээл төлөх талаар 7 удаа мэдэгдэл хүргүүлж байсан ба тэдгээрийн дотор 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Зохигчийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ЗГ-55 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусах учиртай бөгөөд гэрээ цуцлагдсанаар гэрээ дуусгавар болдог учир маргааны үндэслэл болж буй зээлийн гэрээ 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр цуцлагдсан, эсхүл нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргаж буй нь тодорхой бус байна. Хоёр шатны шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, улмаар зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг энэ утгаар хэрхэн хийсэн нь ойлгомжгүй болжээ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4.-т “үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан байх ба анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн уг зохицуулалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэж, зээлдэгчийн төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч, үлдэх үүргийн хэмжээг тогтоосон нь алдаатай болжээ.

Шүүх “төлөх хугацаа болсон” гэх эрх зүйн дээрх хэм хэмжээний нөхцлийг явцуу утгаар ойлгож, гэрээгээр тохирсон зээлийн төлбөр төлөх хуваарь, гэрээний хугацаа гэх ойлголтуудыг зааглан ялгаагүйгээс гадна гэрээгээр тохирсон хугацааг баримтлахгүй байх зөрчлийг төлбөрийн хэмжээг багасгах үндэслэл болгосон гэж үзэхээр байна.

Зээлдэгчийн зүгээс төлбөрт төлсөн мөнгийг зөвхөн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

Зохигчийн хоорондох зээлийн гэрээний 3.11. дэх заалтад “банкинд төлсөн зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүү тооцон хасч, үлдэх төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулаагүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ” гэж тусгасан нөхцөл нь зээл буцаан төлөх хуваарьтай, Иргэний хуулийн холбогдох зохицуулалттай хэрхэн уялдаж байгааг тодруулах шаардлагатай болно.

Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд  хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй, үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлэх тухай Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.-д заасан зохицуулалтыг үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн гэх зээлийн гэрээний үүргүүдэд хэрхэн ойлгож хэрэглэх, төлбөр төлөх хуваарийн хугацаа хэтэрсэн, зээлдэгчээс төлж буй мөнгө хуваарьт заасан төлбөрийн хэмжээнд хүрэхгүй байх тохиолдолд хэрхэх зэрэг тухайн маргаанд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 138/ШШ2018/00151 дүгээр шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 201/МА2018/00010 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 80 882 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН