Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
Хэргийн индекс | 111/2018/0026/З |
Дугаар | 111/ШШ2019/0002 |
Огноо | 2019-02-21 |
Маргааны төрөл | Газар, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 111/ШШ2019/0002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай захирамжийн *******-т холбогдох хууль бус хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Аймгийн төв захын ард байрлах “ ” эмийн санд ажилладаг. Миний эзэмшиж буй “ ” эмийн сангийн газар нь 235 мкв талбайтай. Манай газрын араар өргөн гудамжтай уг гудамжаар хогоо ачуулах, бохир гадагшлуулах, орох гарах хаалгатай байсан. Гэтэл ******* нь уг гудамжийг хааж хашаа хатган, мухар гудамж болгосон. Үүнээс үүдэн: 2017, 2018 оны 7,8 саруудад орсон борооны үерийн ус манай хашаанд орж ирснээр манай байгууллагын жорлон, бохирын цооногт эвдрэл гарч багагүй хэмжээний хохирол хүлээсэн. Арын гудамж хааснаар Хогоо ачуулахад бэрхшээлтэй болсон. 2019 онд манай байгууллага барилгаа өргөтгөх, бохирын цооногийг томруулж шинэчлэх, жорлон шинээр барих зэрэг ажил төлөвлөсөн ч дээрхи гудамжийг нээхгүй бол эдгээр ажил явагдах боломжгүй болоод байгаа. Энэ талаар иргэн *******-т хэлсэн боловч манай газар гээд тоохгүй байсан.
Газрын харилцаа барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга т удаа дараа мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн боловч мөн зохих арга хэмжээ аваагүй.
Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 05 ны өдрийн ******* дугаар захирамжаар уг гудамжийг өөрийн газар дээрээ нэмүүлж эзэмшилдээ авсан болохыг 2018 оны 09 сарын 20-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бичиг хэргийн ажилтан ******* архиваас уг захирамжийг гаргаж үзүүлсэн. Би хуулбарыг гуйж аваад шүүхэд хандаж байна. Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийн *******-т холбогдох хэсэг нь нийтийн эзэмшилийн газрыг бусдад эзэмшүүлэхээр шилжүүлсэн, бусдын эзэмшил газрын орц гарцыг хаасан буюу Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийг зөрчсөн акт байна.
Иймд дээрхи захирамжийн *******т холбогдох хэсэг нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, болон нийтийн ашиг сонирхолд
сөргөөр нөлөөлсөн хууль бус акт тул Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийн *******т холбогдох хууль бус хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: " Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийн *******-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Газрын тухай 20.2.3-т аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Гэтэл төсөлд оруулахаар сонгон шалгаруулалт явагдаагүй. Мөн хуулийн 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасан байдаг. Гэтэл сумын Засаг даргын саналыг аваагүй болох сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаартай тогтоолоор нотлогддог. Мөн Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг ******* дүгээр захирамж зөрчиж байна гэж үзэж байна. Тухайн газар нийтийн эдэлбэрийн газар мөн гэдэг нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний 496 дугаартай тоотоор нотлогддог. Нийтийн эдэлбэрийн газрыг бусдад эзэмшүүлж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байсаар байтал *******-т тухайн газрыг эзэмшүүлсэн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 21.3.2, 33.1.2 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийн *******-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Уг маргаан бүхий захирамж гарсныг 2018 оны 09 дугаар сарын 20-ны өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын бичиг хэргийн ажилтан ******* гэх хүнээс хуулбарлаж авснаар мэдсэн. Нэхэмжлэгч нь тухайн газрын 2 метрийг өөрийн эзэмшилд авахаар амаар асуухад нийтийн эдэлбэрийн газрыг бусдад эзэмшүүлэхгүй гэсэн хариу авсан учраас тухайн газрыг бусдад эзэмшүүлж болохгүй юм байна гэсэн ойлголтыг авсан. Засаг даргаас захирамж гардаг гэдгийг мэдэхгүй учраас Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай л харьцаж байсан. Засаг даргын ******* дүгээр захирамж гарсан талаар Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрыхан ч өөсрдөө мэдээгүй байсан. Өмгөөлөгчийн зүгээс тухайн захирамжийг хүчингүй болгуулахаар 2018 оны 09 сард аймгийн Засаг даргад гомдол гаргаж байсан, нэхэмжлэлээ дэмжиж байна" гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын ******* дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2. аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Нэмэлт төлөвлөгөө батлах" тухай 71 дүгээр тогтоолыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэр гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйл нь “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах, уг газарт нэвтрэх, дайран өнгөрөх” тухай зохицуулалт байна. Иймд *******т олгосон 155 м.кв талбай бүхий газар нь *******-гийн эзэмшил ашиглалтанд байгаагүй нийтийн эзэмшлийн газар байсан тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 71 дүгээр тогтоолоор аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр орж улмаар төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмших эрх үүссэн *******-т Аймгийн Засаг даргын А/******* дугаар захирамжаар нэмж эзэмшүүлсэн байна. Нэгэнт иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 3.1.2.энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шиидвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэсэн заалтыг удирдлага болгон *******т газар эзэмшүүлэхээр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар нэмж эзэмшүүлэх” тухай ******* дугаар захирамжаар газар нэмж эзэмшүүлсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр тогтоолыг үндэслэсэн бөгөөд манай зүгээс холбогдох баримтыг хуулийн дагуу бүрдүүлж өгсөн болно. Нэхэмжлэгч нь уг ******* дүгээр захирамж гарсан талаар 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад ******* нь 2016 оны 09 сард уг газартай холбоотой гомдлыг газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргахад уг газар нь иргэн *******-ын эзэмшилд байгаа учраас таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Тэгэхээр тус ******* дүгээр захирамж гарсныг ******* нь 2016 онд мэдсэн болж таарч байна. Үүнийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т заасан нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үнэхээр тухайн хашаа нь орц гарцыг хайгаад орж гарахад хүндрэлтэй байгаа бол үүнийг *******-тай ярилцаж, тохиролцох боломжтой бөгөөд тухайн газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах, уг газраар нэвтэрч дайрч өнгөрөх эрх нь Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар өөрт нь олгогдсон. ******* нь тухайн газрыг Газрын тухай хуульд заасан нөхцөлийг хангасны үндсэн дээр авсан. Мөн ******* нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа. Тухайн газар нь нийтийн эзэмшлийн газар эсвэл *******нбхаярын эзэмшлийн газар байлаа гээд *******д яаж нөлөөлж байгаа нь тодорхойгүй байна. *******-ын эзэмшлийн уг газрыг дайран өнгөрмөөр байгаа бол *******тай харилцан ярилцах боломжтой. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай захирамжийн *******-т холбогдох хууль бус хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын гаргасан тайлбарууд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаартай захирамжийн *******т холбогдох хууль бус хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Гуравдагч этгээд ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 145 дугаар захирамжаар 1362 м.кв талбайг шилжүүлэн эзэмшиж байсан бөгөөд түүн дээрээ нэмж 155 м.кв газар эзэмших тухай хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасны дагуу Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 71 дүгээр “Нэмэлт төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж, Аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар “Газар нэмж эзэмшүүлэх тухай” захирамжаар *******-т 155 м.кв талбайг эзэмшүүлсэн нь ******* дугаар гэрчилгээ, газрын кадастрын зураг, газар эзэмших гэрээ зэргээр нотлогдож байна.
Харин Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А649 дугаар захирамжаар Баянхонгор сумын Номгон 1-р багийн ******* тоот байршилтай 235 м,кв газрыг 15 жилийн хугацаатайгаар *******-д эзэмшүүлж, ******* дугаар гэрчилгээг олгожээ.
Нэхэмжлэгч ******* нь “...Манай эзэмшлийн газрын ар талын газар нь нийтийн эзэмшлийн газар байтал *******-т олгосныг миний бие 2018 оны 9 сарын 26-ны өдөр аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ажилтан *******гээс захирамжийн хуулбарыг авснаар мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус газрыг *******т нэмж эзэмшүүлэхдээ хуульд заасны дагуу төсөл сонгон шалгаруулах замаар эзэмшээгүй, аймгийн Засаг даргын захирамж нь хууль зөрчиж гарсан. Тэрээр арын газарт хаалт хийснээр манай эзэмшлийн газрын орц, гарцыг хааж эрх ашгийг зөрчсөн. Эзэшихээр бол хувааж эзэмшмээр байна...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”-аар заасан бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.” гэж тус тус заажээ.
******* нь тухайн газрыг эзэмших хүсэлтээ 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гаргасан байх ба энэ үед буюу *******-ыг тухайн газрыг эзэмшихээс өмнө ******* нь тус газрыг эзэмших тухай хүсэлтээ тус газарт гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тус газраас ирүүлсэн баримтуудаас харагдаж байна.
Харин ******* нь тус газрыг *******-т эзэмшүүлсний дараа буюу 2016 оны 9 сарын 26, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, “…*******-т тус газрыг эзэмшүүлсэнд гомдолтой байгаа, мөн уг газрыг хойд урд талаас нь эзэмших хүсэлтийг шийдвэрлүүлэх…”-ээр хандаж, тус газраас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгч байжээ.
Тиймээс ******* нь аймгийн Засаг даргын 2015 оны ******* дугаар захирамжаар *******т эзэмшүүлсэн газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй нь нотлогдож байх тул тус газрыг эзэмшүүлээгүй гэх үндэслэлээр уг захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргах эрх үүсээгүй юм.
2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дугаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 71 дүгээр “Нэмэлт төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж, Аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар “Газар нэмж эзэмшүүлэх тухай” захирамжаар *******-т 155 м.кв талбайг эзэмшүүлсэн байна.
Түүнчлэн мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх...”-ээр заажээ.
Нэхэмжлэгч нь Аймгийн Засаг даргын 2015 оны ******* дугаар захирамжаар *******т газар олгосон нь, мөн газраа хаалт хийсэн нь миний эзэмшлийн газрын орц, гарцыг хаасан гэх үндэслэлээр уг захирамжийн холбогдох хэргийг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон тул “…газрыг *******-т нэмж эзэмшүүлэхдээ хуульд заасны дагуу төсөл сонгон шалгаруулах замаар эзэмшээгүй, аймгийн Засаг даргын захирамж нь хууль зөрчиж гарсан...” гэх үндэслэлийг шүүх шалгахгүй бөгөөд нэхэмжлэлийн хүрээний асуудал биш юм.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газарт үзлэг хийхэд маргаан бүхий захиргааны актаар *******-т газар нэмж эзэмшүүлсэн нь, мөн тэрээр эзэмшлийн газраа хаалт хийсэн нь нэхэмжлэгч *******-гийн эзэмшлийн газрын орц, гарцыг хаасан нөхцөл байдал байгаагүй.
Тодруулбал, ******* нь эзэмшлийн газартаа 2 давхар барилга, тус барилгын арын талбайг 1 метр гаруй өндөртэй, 30 см орчмын өргөнтэй цементэн хашаа барьсан байх ба тэр хашаанд ямар нэгэн орох, гарах хаалга, орц, гарц байгаагүй нь үзлэгийн тэмдэглэл, фото зургуудаас тодорхой харагдана. Харин урдаа хаалгатай 2 давхар барилгын хажууд буюу урд талдаа арын хашаа уруу орох, гарах жижиг хаалгатай байсныг зургаар баримтжуулсан болно.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны ******* дугаар захирамжаар *******-т нэмж газар эзэмшүүлсэн нь, мөн тэрээр эзэмшлийн газраа хаалт хийсэн нь нэхэмжлэгч *******-гийн эзэмшлийн газрын орц, гарцыг хааж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-гаас Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийн *******-т холбогдох хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүрэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА