Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 915

 

“Гурван титэм ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00534 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Гурван титэм ББСБ” ХХК,

Хариуцагч “Нью жуулчин констракшн” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 54 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гансум,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гансум шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Нью жуулчин констракшн” ХХК-ийн захирал Л.Батсүрэн нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ГТ/ЗГ01/049 тоот зээлийн гэрээ, ГТ/БГ01/049 тоот барьцааны гэрээ байгуулж 45 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл авсан. 9 сарын хугацаанд сар бүр 6 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зээл, зээлийн хүүгийн хамт төлөх хуваарь гаргуулсан бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 3 100 000 төгрөгийг зээлийн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүд төлсөн байна. Энэ төлөлтөөс хойш зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүнээс төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээнд заасан зээл, зээлийн хүү төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, улмаар зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу гэрээг цуцлах нөхцөл болж байна.

Иймд хариуцагчаас үндсэн зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн  хүү нийт 57 982 571 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 447 863 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Хэрвээ хариуцагчийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүн дээрх нэхэмжлэлийн үнийн дүнд хүрэхгүй тохиолдолд бусад эд хөрөнгийг зарж борлуулах замаар гаргуулах заалт зээлийн гэрээний 3.4.4-т заасны дагуу болно. 

Зээлийн гэрээний барьцаанд улсын бүртгэлийн Ү-2204068469 бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж 16 дугаар байрны 17.5 м.кв нэг өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065474 бүртгэлтэй 15 дугаар байрны зоорийн давхрын 65 тоот авто зогсоолыг тус тус барьцаалсан. 

Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6 000 000 төгрөг, 7 дугаар сарын 29-ний өдөр 3 100 000 төгрөгийг зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү төлөх бөгөөд түүнээс хойш огт төлөлтөө хийгээгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн.

Эдийн засгийн хямралын улмаас үл хөдлөх хөрөнгө зарагдахгүй байгааг бид мэдэж байгаа тул харилцан буулт хийж, нэхэмжлэгчтэй удаа дараа уулзаж үндсэн зээлээ төлбөл, хүү, нэмэгдүүлсэн хүү авахаа болих талаар эвлэрэн хэлэлцэх санал тавьсан ч нэхэмжлэгч хүлээж аваагүй болно. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 54 000 000 төгрөгийг гаргуулна, мөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нью жуулчин констракшн” ХХК-ийн захирал Л.Батсүрэн нь Л.Бямбаноровын хүсэлтээр өөрийн “Бенз” маркийн автомашиныг барьцаалж 45 000 000 төгрөгийн зээл авч Л.Бямбаноровт өгсөн. Уг зээлийн гэрээ 2014 оны 8 дугаар сард байгуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр Л.Батсүрэн өөрийн өмчлөлдөө мөнгө шилжүүлж аваагүй, уг гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангааүй.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус зээлийн гэрээг цуцалснаас үүдэн мөнгө нэхэмжлээд байгаа юм уу, гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн хохирлоо нэхээд байгаа юм уу, эсвэл барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх нь ойлгомжгүй хууль зүйн үндэслэлээ гаргаагүй байна. Иймд “Гурван титэм ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Нью жуулчин констракшн” ХХК-иас 46 029 261 төгрөгийг гаргуулж “Гурван титэм  ББСБ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Гурван титэм  ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 446 863 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 388 091 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Нью жуулчин констракшн” ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд улсын эрхийн бүртгэлийн Ү-2204068469 бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 16 дугаар хороолол, Улаанхуарангийн гудамж 16 дугаар байрны 00 17.5 мкв нэг өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065474 бүртгэлтэй 15 дугаар байрны зоорийн давхрын 65 тоот авто зогсоол зэрэг барьцааны зүйлээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.  

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан  шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандах ёстой байтал Л.Батсүрэнг хариуцагчаар оролцуулж байгаа нь үндэслэл үгүй. Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ нь Л.Батсүрэнг өөрийн эзэмшлийн “Бенз” маркийн автомашинаа барьцаанаас чөлөөлөхийн тулд хийсэн гэрээ бөгөөд дээрх гэрээгээр Л.Батсүрэн “Гурван титэм ББСБ”-ХХК-иас мөнгө шилжүүлж аваагүй, мөнгө хүлээлгэн өгсөн гэх баримтад зурагдсан гарын үсэг нь Л.Батсүрэнгийн гарын үсэг биш болохыг олж мэдсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд болон шүүх хуралдааны дараа нь уг мөнгийг Л.Бямбаноров авсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан  шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон ч шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй заалт хэрэглэсэн болон нэхэмжлэлийн үлдэх хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсныг зөвтгөх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Гурван титэм ББСБ” ХХК нь хариуцагч “Нью жуулчин констракшн” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57 928 571 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 54 000 000 төгрөг болгон багасгаж шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ГТ/ЗГ01/049 тоот зээлийн гэрээ, /хх 7-9/ мөн өдрөө ГТ/ЗГ01/049 тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан, хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204068469, Ү-2204065497, Ү-2204065474 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, /хх 12-18/ зээлдүүлэгчээс 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 45 000 000 төгрөгийг зээлдэгч ““Нью жуулчин констракшн” ХХК-д шилжүүлсэн /хх 27/ үйл баримт тогтоогдсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Зээлийн гэрээгээр хариуцагч “Нью жуулчин констракшн” ХХК нь нэхэмжлэгч “Гурван титэм ББСБ” ХХК-иас 45 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлж, төлбөрийг графикт хугацаанд нь гүйцэтгээгүй бол 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөө үгүйсгээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь үндсэн зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Зээлийн гэрээнд хариуцагч “Нью жуулчин констракшн” ХХК-ийг төлөөлж, захирал Л.Батсүрэн гарын үсэг зурсан, уг гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд Л.Батсүрэнгийн “зээлийг Л.Бямбаноровын хүсэлтээр түүнд авч өгсөн, мөнгийг хариуцагч байгууллага аваагүй” гэх тайлбар хэргийн баримтаар няцаагдсан байх ба нэхэмжлэгч “Гурван титэм ББСБ” ХХК болон Л.Бямбаноров нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгчийн  2015 оны 5, 6, 7 дугаар саруудад төлсөн 4 916 279 төгрөгийг зээлийн төлбөрт төлснийг хүлээн авсан тухай тайлбарыг хариуцагч зөвшөөрсөн ба шүүх уг төлбөрийг зээлийн үндсэн хүүд төлбөл зохих 8 980 247 төгрөгөөс хасаж тооцон, зээлийн төлбөрөөс үндсэн зээл 41 152 500 төгрөг, хүү 4 063 968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 812 793 төгрөг, нийт 46 029 361 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй гэж дүгнэн уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад  үлдэх 7 970 739 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, шийдвэрийг зөвтгөх нь зүйтэй.

Мөн шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг баримтлаагүйг залруулах боломжтой.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Түүнчлэн шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулсан, хариуцагч компанийн нэрийг буруу бичсэнийг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/00534 дүгээр шийдвэрийн удиртгал хэсгийн нэхэмжлэлийн шаардлагад “гаргуулах” гэсний дараа “үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” гэж нэмж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “452 дугаар зүйлийн 452.1,” гэснийг “452 дугаар зүйлийн 452.2,” гэж, “олгосугай” гэснийг “олгож, үлдэх  7 970 739 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Нью жуулчин костракшн” гэснийг “Нью жуулчин констракшн”  гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

                                    ШҮҮГЧИД                                                Б.НАРМАНДАХ

                                                                                                     А.ОТГОНЦЭЦЭГ