Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01870

 

Ш.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01505 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1539 дүгээр магадлалтай,

Ш.Дийн нэхэмжлэлтэй

Л.Лт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 30 035 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний тээврийн зардалд 3 847 900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч П.Итгэлийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Лтай 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлдүүлэн гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Л.Л зээлийн төлбөрөө 2017 оны 06 дугаар сараас хойш төлөөгүй. Би 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд сүүлийн 3 жил эрхэлсэн ажилгүй, 0-3 насны хүүхдээ харан гэртээ сууж байгаа. Зээлдэгч Л.Л Гурван сайхан уул ХХК-ийн захирал бөгөөд БНСУ-аас чингэлэг тээвэрлэн бизнес хийдэг, сард 2-3 чингэлэг оруулж ирдэг. Энэ хүнийг 2009 оноос хойш мэддэг байсан учраас итгэн 20 000 000 төгрөгийг хүүтэй зээлдүүлэн, хүүгээр нь байрны зээлээ төлж үлдсэнээр нь амьжиргаагаа залгуулдаг. Бид 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээг нөхөж хийсэн нь үнэн, мөнгийг өмнө нь 10 000 000 төгрөгөөр 2 удаа банкаар шилжүүлж өөрийн дэвтэрт гарын үсэг зуруулсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож, 54 хоногийн алданги 5 400 000, үндсэн зээл 20 000 000 төгрөг, төлөөгүй хүү 3 650 000 төгрөг нийт 29 353 200 төгрөг, алданги 985 500 төгрөгийг нэмж нийт 30 035 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Дийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 09 дүгээр сард хийсэн зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг аваагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Ш.Дийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч Л.Л шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ш.Д нь Л.Лтай Монгол улсад цай, кофег Солонгос улсаас импортоор оруулж, зарж борлуулах, төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ нотлох баримт Ш.Дийн гаргаж өгсөн бичмэл нотлох баримт болох Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байгаа бөгөөд харин Ш.Д мөнгө шилжүүлэхдээ зээл гэсэн утгатай шилжүүлсэн байсан. Тухайн үед гэрээний дагуу 2016 оны 06 дугаар сараас Монгол улсад орж ирсэн 7 чингэлэг бараанд Ш.Дийн 20 000 000 төгрөгийн барааны эзлэх талбай нь нэг чингэлэгт 0,7 м.кв талбай /нэг чингэлэгийн талбай нь 12 м.кв байдаг/ бөгөөд нэг чингэлэгийн тээврийн зардал 4000 ам.доллар болохоос Ш.Дийн барааны 0,7 талбайн хөлс тээврийн зардал 230 ам.долларыг Монгол төгрөгт шилжүүлбэл 230 ам.доллар 2390 төгрөг 549 700 төгрөг буюу нийт 1610 ам.доллар Монгол төгрөгөөр 3 847 900 төгрөг төлөх /Солонгосоос бараа ачих, газар, поо гэх мэт/ тээврийн зардлыг Ш.Д төлөөгүй бөгөөд бүх тээврийн зардлыг Ш.Дийн өмнөөс Л.Л төлсөн болно. Иймд Ш.Дээс 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд Л.Лаар БНСУ-аас бараа авчирч заруулахдаа төлөх тээврийн зардал буюу 1610 ам.доллар буюу 3 847 900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Д сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Л.Лын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй, шүүхэд өгсөн гэрээг хуурамчаар үйлдсэн гэж цагдаад гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа би тээвэр зуучийн компанийн үйл ажиллагаа явуулж байгаад нялх хүүхдээ хараад компаний ажлаа хийхээ больсон. Бидний хооронд хамтран ажиллах гэрээ байхгүй, би энэ хүнд бараа захиагүй өөрөө газ, кофе Солонгосоос оруулж ирдэг би харин худалдан авч хэрэглэдэг тул тээврийн зардлын өргүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01505 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Л.Лаас 24 675 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 360 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар Л.Лын нэхэмжлэлтэй Ш.Дт холбогдох 3 847 900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Дийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331 402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Л.Лаас 281,327 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дт олгож, Л.Лын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 520 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2017/20356 дүгээр захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1539 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01505 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 24 675 500 гэснийг 26 278 250 гэж, 5 360 000 гэснийг 3 757 250 гэж, 3 дахь заалтад 281 327 гэснийг 289 341 гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 327 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Итгэл хяналтын гомдолдоо: Магадлалд хяналтын журмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн магадлал, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 24 675 500 гэснийг 26 278 250 гэж, 5 360 000 гэснийг 3 757 250 гэж, 3 дахь заалтад 281 327 гэснийг 289 341 гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй гэснийг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргасныг хариуцагч тал болох бидэнд мэдэгдээгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр л гомдол гаргасныг мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон, хэргийг шүүхээр шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлсэн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг баталсан 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүргийг гүйцэтгээгүй болно. 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлдүүлэгч Ш.Д нь зээлдэгч Л.Лтай 20 000 000 төгрөгний үнэ бүхий зээлийн гэрээг байгуулсан байна. Уг гэрээний дагуу зээл олгогдоогүй. Нэхэмжлэгч тал ИХШХШТХ-ийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр Л.Лд 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Ш.Дийн хувийн дэвтэр дээр хийсэн тэмдэглэл буюу хх-ийн 50 дахь хуудсанд авагдсан зээлийн гэрээ гэх бичиглэлд 2016 оны 05 сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг Л.Лд зээлсэн гэсэн дээр 2016 оны 06 сарын 07-ны өдөр Л.Л гарын үсэг зурсан байх бөгөөд доод талд нь Л.Л нь 2016 оны 06 сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөг зээлсэн гэсэн дээр Л.Лын гарын үсэг зурагдаагүй байна. Мөн мөнгө зээлсэн гээд байгаа Ш.Дийн гарын үсэг байхгүй байгаа болно. Энэ нь 2016 оны 09 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд хамааралгүй бөгөөд 2016 оны 05 сарын 23-ны өдөр Л.Лд зээлсэн 10 000 000 төгрөг, 2016 оны 06 сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөгийг Л.Лд зээлсэн талаар энэхүү 2016 оны 09 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд нэг үг үсэг ч дурьдагдаагүй мөн өмнөх энэ зээлийн гэрээний үүргийг төлөх болон солихоор тусгагдаагүй бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохирсон гэж үзэх үндэслэлгүй юм. 2016 оны 09 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний 3.2-т “Гэрээ зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд үндсэн дуусгавар болно. Жич: Энэхүү гэрээнд гарын үсэг зурж буй иргэн, иргэд нь өөрөө мөн бөгөөд гэрээг уншиж танилцан үнэн зөв гэдгийг хамтран гарын үсэг зурж буйг бид гэрчилнэ. Бид ямар нэгэн хэлбэрээр хууран мэхэлж, залилах, хууль бус үйлдэл гаргаагүй бөгөөд энэхүү гэрээг өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийсэн болно.”гэж байна. Иргэний хуулийн 198.1-д зааснаар “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэснээр 2016 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр Ш.Д нь зээлдэгч Л.Лд мөнгө шилжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч энэ гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй. Иймд дээрх үндэслэлүүдийг хянан хэлэлцэж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Л.Лт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 30 035 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч Л.Л нь тээврийн зардалд 3 847 900 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 24 675 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 26 278 250 төгрөгийг гаргуулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааны үйл баримтыг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий дүгнэсэн ба давж заалдах шатны шүүх тооцооны алдааг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг Ш.Д, Л.Л нар байгуулсан, уг гэрээний дагуу Л.Л нь 20 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаагаар зээлж авсан нь тогтоогджээ. Уг гэрээг байгуулахаас өмнө Ш.Д нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөгийг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 10 000 000 төгрөгийг Л.Лт зээлдүүлсэн, мөнгийг түүний дансанд шилжүүлснээ баримтаар нотолсон байна. Эдгээр зээлийг нэгтгэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулсныг нэхэмжлэгч маргаагүй байв.

Давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн зөрчил, хүү, алданги тооцох талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийсэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгч нь авсан зээлээ тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байна. Талууд гэрээг бичгээр байгуулж хүү, алданги төлөхөөр тохирчээ. 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнд зээлийн мөнгийг 20 000 000 төгрөг гэж тусгасан боловч энэ нь бодит байдалд, өмнө нь зээлсэн хоёр удаагийн зээлийн мөнгөний хэмжээ боловч үндсэн зээлийн хэмжээ 18 000 000 төгрөг болохыг давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан тогтоож, хүү, алдангийг тооцож, хариуцагчийн төлсөн 8 350 000 төгрөгийг хасч, 26 278 250 төгрөгийн үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоожээ.

Хариуцагч Л.Л нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг хүлээн зөвшөөрсөн боловч хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн гэх татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1539 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289 342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА