Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1505

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2018/01505

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,* хороо, * байрны * тоотод оршин суух, Х овогт Ш Д /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * хороо, Кристалл таун, * дугаар байр * тоотод оршин суух, Х овогт Л Л /РД:*********/-т холбогдох,

 

            Зээлийн гэрээний үүрэгт 30,035,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Л нь нэхэмжлэгч Ш.Д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн тээврийн зардалд 3,847,900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Л.Л, хариуцагчийн өмгөөлөгч П.И, гэрч Д.П, Л.Лхаатулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.Д би Л.Лтай 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатайгаар 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Л.Л нь зээлийн төлбөрөө 2017 оны 6 дугаар сараас хойш төлөлгүй өнөөг хүрч байна. Би 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд сүүлийн 3 жил эрхэлсэн ажилгүй, 0-3 насны хүүхдээ харан гэртээ сууж байгаа билээ. Зээлдэгч Л.Л нь “Г” ХХК-ний захирал бөгөөд БНСУ-аас чингэлэг тээвэрлэн бизнес хийдэг, сард 2-3 чингэлэг оруулж ирдэг хүн билээ.

 

Би энэ хүнийг 2009 оноос хойш мэддэг байсан учраас итгэн өөрт байсан 20,000,000 төгрөгийг хүүтэй зээлдүүлэн, хүүгээр нь байрны зээлээ төлөн үлдсэнээр нь амьжиргаагаа залгуулдаг билээ. Гэвч 2017 оны 6 дугаар сараас хойш хүүгээ өгөхөө больж, утсаа авахаа ч больж, тийм ч мөнгө орж ирнэ ийм ч мөнгө орж ирнэ гэж худал үнэн ярьсаар өнөөдрийг хүрлээ. Миний бие нь сүүлийн 6 cap банкны зээлээ төлж чадахаа больж, хүнээс хүүтэй мөнгө зээлэн амьдарсаар одоо ямар ч аргагүй болоод энэ хүнийг шүүхэд өгч байна.

 

 

Бид 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Зээлийн гэрээ”-г нөхөж хийсэн нь үнэн мөнгийг өмнө нь 10,000,000 саяар 2 удаа банкаар шилжүүлж өөрийн дэвтэртээ бичиж гарын үсэг зуруулсан. Тэр нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

 

Иймд бидний байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож, 54 хоногийн алданги болох 5,400,000, үндсэн зээлийн 20,000,000, төгрөг,  төлөөгүй хүү болох 3,650,000 төгрөг тэмдэгтийн хураамж болох 303 200 төгрөг, нийт 29,353,200 төгрөгийг Л.Лаас гаргуулж өгнө үү.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний 2.6-д зааснаар “зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ” гэснийг дутуу тооцож, зээлийн хугацаанд төлөөгдөөгүй байгаа хүү 3,650, 000 төгрөгийн 0.5 хувийн алданги 985,500 төгрөгийг өмнөх нэхэмжлэлийн нийт 30, 035,500 төгрөгийг хариуцагч Л.Лаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Ш.Дийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Дийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 09 дүгээр сард хийгдсэн зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг аваагүй болно. Иймд энэ зээлийн гэрээгээр би мөнгө аваагүй тул Ш.Д шаардах эрх байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. Ш.Дийн нэхсэн 20,000,000 төгрөг хууль зүйн үндэслэлгүй гэв.

 

Хариуцагч Л.Л шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 

Ш.Д нь Л.Лтай Монгол улсад цай, кофег Солонгос улсаас импортоор оруулж, зарж борлуулах, төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар 2016 оны 05 сарын 27-ны өдөр “Хамран ажиллах гэрээ”-г байгуулсан.

Гэрээний дагуу 2016 оны 05 сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 06 сарын 16 ны өдөр Ш.Д миний Хаан банкны дансанд 10 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ нотлох баримт нь Ш.Дийн гаргаж өгсөн бичмэл нотлох баримт болох Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байгаа бөгөөд харин Ш.Д мөнгө шилжүүлэхдээ зээл гэсэн утгатай шилжүүлсэн байсан. Тухайн үед гэрээний дагуу 2016 оны 06 сараас Монгол улсад орж ирсэн 7 чингэлэг барааны гаалийн бүрдүүлэлтийг хийсний дараа Ш.Д 7 чингэлэг бараанд Ш.Дийн 20 000 000 төгрөгийн барааны эзлэх талбай нь нэг чингэлэгт 0,7м2 талбай /нэг чингэлэгийн талбай нь 12 м2 байдаг/ бөгөөд нэг чингэлэгийн тээврийн зардал 4000 ам.доллар болохоос Ш.Дийн барааны 0,7 талбайн хөлс тээврийн зардал 230 ам.долларыг Монгол төгрөгт шилжүүлбэл 230 ам. доллар  2390 төгрөг 549 700 төгрөг буюу нийт 1610 ам.доллар монгол төгрөгөөр 3.847.900 төгрөг төлөх /Солонгосоос бараа ачих, газар, поо гэх мэтийн / тээврийн зардалыг Ш.Д төлөлгүй өнөөдрийг хүрч байгаа бөгөөд энэ бүх тээврийн зардалыг Ш.Дийн өмнөөс Л.Л төлсөн болно.

 

 

Иймд Ш.Дээс 2016 оны 05 сарын 27-ны өдрийн хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд Л.Лаар БНСУлсаас бараа авчруулж заруулахдаа төлөх тээврийн зардал буюу 1610 ам.доллар буюу төгрөгөөр 3,847 ,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Ш.Д сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

 

Л.Лын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй, шүүхэд өгсөн гэрээг эд нар хуурамчаар үйлдсэн гэж цагдаад гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа би тээвэр зуучийн компаний үйл ажиллагаа явуулж байгаад нялх хүүхдээ хараад компаний ажлаа хийхээ больсон.

Бидний хооронд ямар ч хамтран ажиллах гэрээ байхгүй би энэ хүнд бараа захиагүй миний бараа биш өөрөө л газ, кофе Солонгосоос оруулж ирдэг би харин худалдан авч хэрэглэдэг би энэ хүнд тээврийн зардлын өргүй гэв.

 

Шүүх хуралдааны шатанд гэрч Л.Лхаатулга мэдүүлэхдээ:

 

Л.Л миний төрсөн эгч, манай эгч Л.Лтай Д хамтарч ажилладаг, 2016-2017 онд 2-3 удаа ирж миний лангуунаас газ,кофе авч байсан.  Л.Л эгч надруу залгаад зүгээр өгөөрэй гэж хэлэхээр нь өгч явуулдаг. Дүү Дыг хэд хэдэн удаа харж байсан. Дээс биш,  контейнерт хэд хэдэн хүмүүсийн бараа хамт ирдэг. Бараа ирэхэд миний лангуун дээр буугаад хүмүүсийн зарсан барааны мөнгийг данс руу нь хийдэг.  Л эгч бид 2-ны хамтын данснаас Дт шилжүүлдэг. Д миний барааг зараад өгөөч гэж хэлж байгаагүй гэв.

 

Шүүх хуралдааны шатанд гэрч Д.П мэдүүлэхдээ:

 

Д миний том охин, манай хүүхэд наймаа хийдэггүй. Миний хүүхэд наймаа хийх шаардлага байхгүй. Ажил нь зогсоод 4 жил хүүхдээ харсан. Хааяа хол явж амардаг болохоор ээж, аавдаа Солонгосын шар кофе авчирч өгдөг. Лаас авлаа гээд 50, 100 ширхэгтэй кофе дулааны улиралд цай чанаж уугаарай гээд 10 ширхэгтэй газ 2 удаа авчирч өгсөн.

 Миний хүүхэд дандаа надаас зөвлөгөө авдаг. Лд 20,000,000 төгрөгөө зээлүүлнэ гэхээр нь сайн бодож байгаад зээлүүлээрэй гэсэн. Зээлүүлж яах гэж байгаа юм гэхэд байрны зээлээ төлнө. Хүүхдээ харж байгаа болохоор боломжгүй байна. Би 20,000,000 төгрөг зээлээд сард 1,000,000 төгрөг авч зээлээ төлж байя гэсэн. Тэгэхээр нь би тэгж болно л доо 20,000,000 төгрөгт бараа авчирч зараад, чамд ашигт 1,000,000 төгрөг өгч байгаа юм байна болж байгаа бол яахав гэж хэлсэн.  Сар бүр мөнгөө аваад түрээсэндээ өгчихлөө гэдэг байсан. Нотариатаар баталгаажуулаад гэрээ хийж аваарай гэхэд гэрээ хийчихлээ, мөнгөө шилжүүлээд сарын дараа гэрээ хийлээ гэсэн.

 

Та ирээд хүүхэд хараад өг гээд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд хүүхдийг нь харсан. Л мөнгөө өгсөн үү гэхэд өгөөгүй гэсэн. Лтай утсаар ярьж байхад нь утсыг нь аваад миний хүүхдийн мөнгийг өгөхгүй хохироож байна гэхэд одоо хүнээс 400,000 сая төгрөг аваад өгөх гэж байна гэсэн. Тэгээд хүүхдээ шүүхэд ханд, хуулийн байгууллагаар нь шийдүүл гэж хэлсэн.

 Мөнгөө авч чадаагүй, хүүхдийн төлбөрөө төлж чадаагүй гэж охин ярьж байсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Л.Лд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,035,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Л нь нэхэмжлэгч Ш.Д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн тээврийн зардалд 3,847,900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч Ш.Д нь Л.Лд холбогдуулан 2016 оны 09 сарын 13-ний өдөр байгуулсан “зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 3,650,000 төгрөг, алданги 6,385,500 төгрөг, нийт 30,035,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлээ дэмжиж байна.

 

Хариуцагч Л.Л нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг би аваагүй, банкаар 2 удаа шилжүүлсэн 10,000,000 сая төгрөг нь бид хамтран ажиллах зорилготой Ш.Дийн барааг Солонгос улсаас би оруулж ирсэн тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй.” мөн хуулийн 38.1-д ”хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй,” 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.” гэж тус тус хуульчилсан.

           

Нэхэмжлэгч Ш.Д нь  “2016 оны 09 сарын 13-ний өдрийн 20,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги төлөхөөр тохиролцсон.“ зээлийн гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон бөгөөд уг зээлийн гэрээгээр мөнгө хүлээлгэн өгөөгүй. Харин “...”Зээлийн гэрээ” “Иргэн Л.Л нь /РД:ЧП69120760/ Ш.Д надаас 10,000,000 төгрөгийг 2016 оны 05 сарын 23-ний өдөр 5%-ийн хүүтэй зээлсэн болно. Сар бүрийн 15-нд хүү болох 500,000 төгрөгийг миний Хаан банкны 5129001457 дансанд хийж байхаар тохирлоо” гэх бичиг болон 2 удаа Хаан банкаар 10,000,000 төгрөг шилжүүлсэн  баримт зэргийг нотариат дээр үзүүлж зээлийн гэрээг дараа нь хийсэн гэх тайлбарыг бодит үнэнд нийцсэн үндэслэл бүхий тайлбар гэж үзэхээр байна./х.х-ийн 4, 20, 50 хуу/

 

Хариуцагч Л.Л нь хавтас хэргийн 20,50-р хуудсанд авагдсан “зээлийн гэрээ” гэх бичигт зурсан гарын үсэг минийх биш гэж марган шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүх шинжээчээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсон.

 

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 518 тоот дүгнэлтэнд "2016 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн зээлийн гэрээ гэсэн баримтын дунд хэсэгт, цаасны баруун ирмэг талд “99080981” гэсний дээр зурсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Л.Лын гэх гарын үсгийн загваруудтай тохирно” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Д нь өөрийн Хаан банкны 5129001457 дугаарын дансаар хариуцагч Л.Лын Хаан банкны 5062014346 тоот дансанд 2016 оны 05 сарын 23, 2016 оны 06 сарын 16-ний өдрүүдэд тус бүр 10,000,000 төгрөг, зээл олгов гэх утгатай шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдов. /х.х-ийн 21 хуу/ 

 

Хариуцагч Л.Л нь сар бүрийн 15-нд Ш.Дийн Хаан банкны 5129001457 дугаартай дансанд өөрийн 5006549550 дугаарын данснаас шилжүүлж байсан 1,000,000 төгрөгөө Ш.Дийн орон сууцны ипотекийн зээлийг төлж байсан гэх тайлбар нь үндэслэлгүй тайлбар болох нь гэрч Д.Пийн “..миний охин Ш.Дээс Л.Л нь мөнгө зээлж авсан би хүртэл мөнгөө төлөөч гэж утсаар ярьж байсан, энэ хүнийг нэг удаа харсан” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдох бөгөөд Л.Л нь нийт 11,850,000 төгрөг Ш.Дт төлсөн нь баримтаар тогтоогдсон,  зохигчид энэ талаар маргаагүй болно.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан шаардлагыг хангасан хүү тохиролцсон бичгийн зээлийн гэрээ хийгдсэн гэж үзэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн зээлийн гэрээнээс хүү болон алдангийг тооцож,  2016 оны 06 сарын 15-ний өдрөөс 2016 оны 9 сарын 13-ний өдөр хүртэл төлсөн 3,500,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, 16,650,000 төгрөгийн 5%-ийн 12 сарын хүү 9,990,000 төгргнөөс төлсөн 8,350,000 төгрөгийг хасаж  тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Л.Лаас үндсэн зээл 16,650,000 төгрөг, зээлийн хүү 1,640,000 төгрөг, алданги 6,385,500 төгрөг, нийт 24,675,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

  

Хариуцагч Л.Л нь нэхэмжлэгч Ш.Дт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,847,900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2016 оны 05 сарын 27-ний өдрийн баримтыг шүүхэд эх хувиар нь гаргасан бөгөөд Ш.Д нь би энэ баримтанд гарын үсэг зураагүй гэж маргасан.

 

Ш.Д нь 2016 оны 05 сарын 27-ний өдрийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гарган 2018 оны 04 сарын 09-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2018 оны 04 сарын 11-ний өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчийн дүгнэлт гаргажээ.

 

Шинжээчийн 03/181 тоот дүгнэлтээр “Шархүүгийн Дийн нэхэмжлэлтэй Лхагвасүрэнгийн Л хариуцагчтай хуудас дугаарлаагүй иргэний хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн иргэн Л.Лын иргэний үнэмлэхний хуулбар, “2016 оны 05 дугаар сарын 23-нд 10 сая төгрөгийг ХААН банкны дансанд БНСУ-аас бараа авчруулж заруулахаар Л эгчийн дансанд хийв” гэсэн бичиглэлтэй баримтын доод хэсэгт, цаасны баруун ирмэг талд, “Баталсан” гэсний ард “Ш.Д” гэсний урд байрлах шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Ш.Дийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.” гэж ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон нотлох баримтыг шүүх үнэлэх боломжгүй байна.

 

Иймд Л.Лын Ш.Дт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Л.Лаас 24,675,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,360,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар Л.Лын  нэхэмжлэлтэй Ш.Дт холбогдох 3,847,900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Дийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331,402 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Л.Лаас 281,327 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дт олгож,  Л.Лын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,520 төгрөгийг улсын орлгогоос гаргуулан буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2017/20356 дүгээр захирамжаар авсан “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

 

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

 

       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   А.МӨНХЗУЛ