Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0386

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.А-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж

Нэхэмжлэгч Х.А

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “М.А-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 110/2021/0062/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.А- нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “М.А-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр:

2.1. “Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 3 дахь хэсгийн 3, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж,  М.А-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгажшийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-аар хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн жагсаалтыг салбараар нь зохицуулсан. Энэ жагсаалтад ороогүй салбарын ажил мэргэжил хөдөлмөрийн хэвийн нехцелд тооцогддог. Дээрх жагсаалтын Дөрөвдүгээр бүлгийн Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ...байнгын ажиллагаатай Уурын зуухны галч....-ийг хамааруулан ойлгохоор заасан. М.А-н Сагсай сумын сургуулийн нам даралтын зуухны галчаар ажилласан хугацааг дээрх нөхцөлтэй адилтган үзсэн нь холбогдох журмыг зөрчсөн, үндэслэл муутай дүгнэлт болсон.

3.2. Шүүгчийн захирамжаар Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, "ЭБӨ" ХК-ийн инженер гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн багийг томилуулсан. Тус шинжээчийн багийн гаргасан дүгнэлт нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг ноцтой зөрчсөн дүгнэлт байсан. Учир нь: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлд "Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ” гэж заасан. Мөн зүйлийн 31.3-д "Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасны дагуу Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалын хавсралтын 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэлтэй, Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвд бүртгүүлсэн, төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллага энэ журмыг үндэслэн хийнэ” гэж заасан. Мөн журмын 3.7-д “Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв энэ журмын 3.6-д заасан ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийсэн дүгнэлт, тайланг төвийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны хуралд танилцуулна.” гэж тус тус заасан. Гэтэл тус хуульд заасан журмыг зөрчсөн шүүгчийн захирамжаар томилсон шинжээчийн багийн гаргасан дүгнэлтийн Хариулах нь хэсэгт "Уг халаалтын зуух нь дулааны эрчим хүч үйлдвэрлэх, хангах зориулалттай байнгын ажилгаатай нам даралтын зуух мөн....эрчим хүчний барилга байгууламж мөн байна" гэж дүгнэснийг үндэслэн “Эрчим хүчний салбарын байнгын ажиллагаатай уурын зуухны галч”-тай адилтган үзэж байгаа үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн дүгнэлт болсон.

3.3. Дээрх хууль зөрчсөн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах санал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу дахин шинжээч томилуулах хүсэлтийг тус тус гаргаж байсан боловч шүүхээс дээрх хүсэлтүүдийг хангаагүй. Гомдол гаргах эрхгүйгээр миний хүсэлтийг шийдвэрлэж, нэг талыг баримтлан хариуцагчийн хуульд заасан эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

3.4. Хэрэв хуульд заасан бүрэлдэхүүнтэй шинжээч томилон дүгнэлт гаргуулсан бол нам даралтын зуухын галчийг байнгын ажиллагаатай уурын зуухны галч гэж үзэхгүй байх байсан. Байнгын ажиллагаатай уурын зуухны болон нам даралтын зуух хоёрын ялгааг гаргахгүйгээр буруу шийдвэр гаргасан, маргааны голыг олохгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн хэмээн үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож болгож, Хөдөлмөрийн аюулгүй байдал, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.  

 ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

3.1. Нэхэмжлэгч М.А- нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан, “М.А-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасанд хариуцагчаас М.А- нь хуульд заасан хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан хугацаа, болзлыг хангахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж тайлбарлан маргасан байна.

3.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дугаар хэсгийн 3-т нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан.

3.3. Нэхэмжлэгч М.А- шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар дээрх хуулийн заалтын тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нийт ажилласан хугацаа болон насны шаардлагыг хангасан талаар маргаагүй, харин хариуцагчаас 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх гэсэн шаардлагыг хангаагүй тул өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь үндэслэл бүхий байна.

3.4. Иргэн М.А- 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандаж гомдол гаргасныг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж Өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 4 дүгээр заалтын “Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа болон ажиллаж байсан ажилтны ... тэтгэвэр тогтоолгох асуудлаар гарч буй гомдол маргааныг Ажил олгогч, даатгуулагч болон Нийгмийн даатгалын хооронд гарсан саналын зөрөөг хянан шийдвэрлэх Гомдлын шаардлагын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэж байхыг Нийгмийн даатгалын төв болон орон нутгийн байгууллагуудад үүрэг болгосны дагуу хянан шийдвэрлэж хариу өгсөн байна.

3.5. Гомдлын шаардлагын зөвлөл нь тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох нөхцөл байгаа эсэх, тухайн маргаж буй ажил мэргэжил нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан жагсаалтын ямар хөдөлмөрийн нөхцөлд хамаарагдаж байгаа эсэхийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий этгээд болохын хувьд “...77 дугаар тушаалд албан тушаал, тухайн салбар нь байхгүй, мөн нөхцөлийн жил нь хүрэхгүй тул нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй...” болохыг тогтоожээ.

3.6. Харин анхан шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, "Эрчим Баян-Өлгий" ХК-ийн инженер гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн багийг шүүгчийн захирамжаар томилон “Сагсай сумын 10 жилийн сургуульд качегар болон одоо Сагсай суманд дулаан үйлдвэрлэх, түгээх, дулаанаар хангах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа “Каде” ХХК-ийн машинист /качегар/-ийн ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил, амралтын цаг, нэг хүнд оногдох ээлжийн ажлын ачаалал, ажлын байранд үйлдвэрлэлийн явцад үүсэх физик, химийн сөрөг нөлөөлөл ижил түвшинд байна” гэж дүгнэлтийг гаргуулан нэхэмжлэгчийн Сагсай сумын 10 жилийн дунд сургуульд галчаар ажилласан 14 жил 10 сарын хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, алдаатай шийдвэр болжээ.

3.7. Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлд "Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ”, 31.3-д "Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасны дагуу Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалын хавсралтын 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэлтэй, Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвд бүртгүүлсэн, төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллага энэ журмыг үндэслэн хийнэ”, Мөн журмын 3.7-д “Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв энэ журмын 3.6-д заасан ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийсэн дүгнэлт, тайланг төвийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны хуралд танилцуулна.” гэж тус тус заасан

3.8. Хууль, журмын дагуу “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг итгэмжлэл бүхий байгууллага эрхийн хүрээнд хийхээр зохицуулсан ба үнэлгээг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан жагсаалтын аль тохирсон нөхцөлд тусгагдахаар байхад шүүх болон бусад этгээд уг үнэлгээг хийх хууль зүйн боломжгүй байна.

3.9. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт-д ороогүй ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласан хугацаанд оруулан тооцохоор заасан тул  Сагсай сумын 10 жилийн дунд сургуульд галчаар ажилласныг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад байгаа “эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарын ... байнгын ажиллагаатай уурын зуухны галч”-д хамааруулсан нь үндэслэлгүй.

3.10. Тодруулбал, Сагсай сумын 10 жилийн дунд сургууль, дотуур байрны хамт уурын зуух галлаж халаадаг, зөвхөн өөрийн байрыг дулаанаар хангадаг, улирлын чанартай ажилладаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3.11. Харин хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 05/091/64 дугаартай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04-06-032/193 дугаартай дүгнэлтэд дурьдагдсан тус сургуулийн уурын зуухны галчийн хөдөлмөрийн нөхцөл нь халуун, хортой гэх байдлыг шүүх үгүйсгэхгүй бөгөөд Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалын Гурав дах хэсэгт зааснаар ажил олгогч ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийлгэх шаардлагатай гэж үзвэл итгэмжлэл бүхий байгууллагад хүсэлтээ гаргах эрх нээлттэй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх боломжтой.

3.12. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч М.А-н 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Сагсай сумын уурын зуухны машинист /качегар/-аар ажилласан 4 жил 8 сар, “Каде” ХХК-д ажиллаж шимтгэл төлсөн хугацаа 47 сар буюу 3 жил 11 сар нь хүнд нөхцөлд буюу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаалын жагсаалтын Дөрөвдүгээр бүлэг Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 1 буюу Эрчим хүчний салбарын жагсаалтад хамрагдах албан тушаалд багтсан тул хүнд нөхцөлд ажилласан хугацаанд тооцогдоно гэж дүгнэсэн нь зөв байх тул энэ талаар дахин дүгнэх шаардлагагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 3 дахь хэсгийн 3, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “М.А-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.А- нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА