Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01311

 

С.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00824 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1041 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч С.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч УБТЗ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4 854 500 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгсийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Б.Ганчулуун, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие вагоны техникч мэргэжилтэй, 1976 оноос хойш УБТЗ-д ажиллаж байна. 2017 оны 12 дугаар сарын 05-нд ажилдаа ирэхэд сургуулийн захирал Б.Ганчулуун дуудан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг танилцуулсан. Би тушаалтай танилцахад “Хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн багш С.Э-гийн гаргасан өргөдөл, хувийн хүсэлтийг харгалзан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэсэн байсан. Би ажил олгогчид хандан хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулахаар өргөдөл хүсэлт гаргаагүй. Харин захирал Б.Ганчулуун 2017 оны 11 дүгээр сарын 10-нд надад Мэдэгдэх хуудас өгсөн. Түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, Хүний нөөцийн албаны 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18/474 тоот албан бичигт заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээ цуцлах болсныг мэдэгдсэн байсан. Энэ мэдэгдэл нь надад эрх зүйн хувьд ач холбогдолгүй бөгөөд би 2012 онд тэтгэврээ тогтоолгосон.

Тус байгууллагад анх ажилд ороход энэ талаар мэдэгдэж байсан ба ахмад ажилтан миний ажлын туршлага, хүндэт төмөр замчин, багшийн алдар гавьяа шагнал зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулсан юм. Надад уг мэдэгдлийг өгч байгаа нь ажил олгогч санаачлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл болохоор байна. Нөгөө талаар Монгол улсад өндөр насны тэтгэврээ тогтоолгосон иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг хориглосон хууль байхгүй, харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах нь зүйтэй гэж үздэг. Миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр тушаалд хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно, 39 дүгээр зүйлийн 39.2 Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно гэж зохицуулсан байна. Гэтэл би хувийн өргөдөл, хүсэлт гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргасан нь хуулийн болоод бодит үндэслэлгүй болж миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироолоо.

Мөн Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 14-д Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэжээ. Хичээлийн жилийн дундуур намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан нь анги удирдаж байгаа багшийн хувьд болон суралцагч нарын сурлага, хүмүүжил, ирээдүйг бодолцож үзэлгүй шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 854 500 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. С.Э-гийн өөрийн өргөдөл, хүсэлтийн дагуу УБТЗ-ын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 80 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. УБТЗ-ын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дугаар тушаалаар Хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн багш С.Э-гийн гаргасан өргөдөл, хувийн хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 43.1 дэх заалтыг үндэслэж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан. С.Э 2017 оны 12 дугаар сарын 04-нд ажил олгогчид гаргасан өргөдөлдөө өөрийн дааж авсан Вагон үзэгч, засварчны Б ангийг төгсгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид цагийн багшаар ажиллуулж өгнө үү гэсэн байдаг. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 34 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр цагийн багшаар ажиллаж байгаа. Тэрээр 2015 онд 1 жилийн гэрээтэй вагон үзэгч багшаар ажилд орсон. Улаанбаатар төмөр замын хэмжээнд нийт хөдөлмөрийн гэрээг шинэчилж байсан учраас тус гэрээ шинэчлэгдэх шаардлагатай болсон. Бид тэтгэврийн насны хүмүүсийн гэрээ ямар байдлаар байх ёстойг тодруулсан бөгөөд хүний нөөцийн албанаас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манайд үүрэг өгсөн. Энэ мэдэгдэх хуудас зөвхөн мэдээлж байгаа зүйл бөгөөд Улаанбаатар төмөр замын хувьд хөдөлмөрийн гэрээг цуцлахад тогтсон нэг зүйл байдаг. Шуурхай хурал зарлаж байгаад гэрээ цуцалж байгаа талаар мэдэгддэг бөгөөд ийм хурал хийгдээгүй. Мэдэгдэх хуудас маань хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тушаал биш хүний нөөцийн албанаас ирсэн бичгийг мэдэгдэж байгаа бичиг юм. С.Э багшаас гадна тэтгэврийн насанд хүрсэн хүмүүст мэдэгдэх хуудас өгсөн. Сургуулийн захирлын тушаалаар ажилд авах, ажлаас чөлөөлөх шийдвэр гардаг, мэдэгдэх хуудсаар гаргадаггүй. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр С.Э багш өөрөө өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдөлд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэж бичсэн байгаа. Өргөдөл дээр “...Хөдөлмөрийн гэрээг цуцалж, цагийн багшаар ажиллах...” талаар бичсэн байсан. Энэ өргөдлөө манай бичиг хэргээс ажиллахаа больсон гэдэг байдлаар буцааж авсан байсан. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр надтай уулзаад дахин өргөдөл гаргасан, яагаад ингэж байгааг асуухад нэг өгүүлбэр нэмэгдсэн байсан, энэ нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул гэж нэмж бичсэн байсан. Уг өргөдлөөс С.Э багш цагийн багшаар ажиллах хүсэлтэй, он дуустал ангиа хариуцаж ажиллах гэж байгаа юм байна гэж ойлгоод 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тушаал гарсан. Ямар нэгэн дарамт үзүүлээгүй бөгөөд багшийн өөрийнх нь хүсэл, сонирхлын дагуу гарсан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00824 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ийг УБТЗ-ын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 854 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 92 622 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1041 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2018/00824 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул УБТЗ-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4 854 500 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 622 шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс үндэслэлгүй боллоо.

...Нэхэмжлэгч С.Э-гийн МСҮТ-ын захиргаанд гаргасан өргөдөлд хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулахыг хүссэн хүсэл зоригийн илэрхийлэл огт тусгагдаагүй. Харин “2017.12.01-нээс мэргэжлийн багшаар ажиллах гэрээг цуцалсан тул цаашид цагийн багшаар ажиллуулж өгнө үү.” гэж хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулах бус харин ажлаар хангуулах хүсэлт бүхий өргөдөл гаргасан нь өргөдлөөс илэрхий тодорхой харагдаж байдаг. Ажил олгогч ажилтны бичгээр гаргасан энэхүү хүсэлтийн агуулгыг зөв тодорхойлолгүйгээр хөдөлмөрийн гэрээг өөрийн хүсэлтээр цуцлах хүсэлт гэж ноцтой төөрөгдөж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь ажилтны хууль ёсны эрх ашгийг хохироосон үйлдэл болсон. Нөгөөтэйгүүр ажилтанд хуулийн үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлж, ажлаас халах талаар дарамт учруулсан бодит факт нь ажилтан нь дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах хүсэлтээ гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй юм.

Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэдийгээр ажил олгогч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гаргаагүй байсан ч ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах хугацаа заасан мэдэгдэл өгсөн, түүнтэй холбогдуулан цагийн багшаар ажиллах өргөдөл гаргасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь ажилтанд дарам шахалт шаардлага үзүүлж үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй байна.” гэж дүгнэлт хийсэн нь хуулийн болоод бодит үндэслэлтэй болсон.

Ажилтан С.Э нь тэтгэврээ тогтоолгосон, ахмад ажилтан болох, түүний хөдөлмөр эрхлэхийг хориглох хөдөлмөрлөх нөхцөл нь тэтгэвэр тогтоолгосон ахмад насных нь хувьд дордуулж болохгүй талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, хариуцагчийн гомдолд дурдагдсан байна. Иймд нэгэнт тэтгэврээ тогтоолгосон ажилтанд тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ажилтанд өгөх мэдэгдлийг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан мэдэгдэл өгч байгаа нь ажил олгогч хууль ёсны эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх хуулийн үндэслэл болохгүй. Харин нэгэнт хуулийн үндэслэл байхгүй байхад ажилтанд мэдэгдэл хүргүүлж байгаа нь ажилтанд дарамт, шахалт, шаардлагыг үзүүлж буй ажил олгогчийн бодит үйлдэл болсон. Хариуцагч С.Э-гийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “2017.12.01-нээс мэргэжлийн багшаар ажиллах гэрээг цуцалсан тул цаашид цагийн багшаар ажиллуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий өргөдөлд үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл өргөдлийн агуулгаас С.Э-гийн 2017 оны 09 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцалсан, иймд надад цагийн багшийн ажлаар хангаачээ гэсэн нь илэрхий байдаг. Ажил олгогч өргөдөлтэй танилцаад таны хөдөлмөрийн гэрээг бид цуцлаагүй байгаа талаараа мэдэгдэлгүйгээр харин хөдөлмөрийн гэрээг нь өөрийнх нь хүсэлтээр гэж цуцласан бодит байдалтай. С.Э-гийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан өргөдөл нь хөдөлмөрийн гэрээгээ өөрийн хүсэлтээр цуцлуулах хүсэлт огтоос биш харин ажил олгогчийн хууль бус дарамт шахалтын улмаас төөрөгдөж бичсэн болох нь харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.Э хариуцагч УБТЗ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч тал шаардлагыг эс зөвшөөрч, С.Э-гийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч С.Э нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосноосоо хойш 2015 оны 09 дүгээр сараас УБТЗ-ын МСҮТ-д багшаар ажилласан байна. УБТЗ-ын МСҮТ-ийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 80 дугаар тушаалаар С.Эвагоны мэргэжлийн багшаар түр хугацаагаар томилогдож, ажил олгогч ажилтантай 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 10 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.  Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй, ажилтан ажлаа гүйцэтгэсээр байсан ба талууд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулжээ.

Ажил олгогчийн зүгээс өндөр насны тэтгэвэрт гарсан хүмүүстэй хөдөлмөрийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн, гэрээг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцлах болсон тухай мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгчээ.

Уг мэдэгдэх хуудсанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.-т заасныг гэрээ цуцлах үндэслэл болгон заасан байна. Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалт тэтгэвэр авагч ахмад настантай Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлд зааснаар үүсгэсэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болгож болохгүй юм. Хариуцагч УБТЗ нь ажил олгогчийн хувьд нэхэмжлэгч С.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлах тухай шийдвэр гаргаагүй байна.

Ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ажил олгогчийн санаачилгыг зөвшөөрөх болон татгалзах эрхтэй учир нэхэмжлэгч С.Э хөдөлмөрийн гэрээ цуцлах ажил олгогчийн саналыг татгалзахгүй болохоо мэдэгдэж, харин хичээлийн жил дуустал цагийн багшаар ажиллах, даасан ангиа төгсгөх хүсэлт гаргасныг ажил олгогчийн зүгээс хүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2., 43 дугаар зүйлийн 43.1.-д заасан зохицуулалтад үндэслэжээ. Дээрх байдлыг илэрхийлсэн зохигчийн хэн алины хүсэл зоригийг хөдөлмөрийн эрх зүйн харилцааны оролцогчдын тохиролцоо гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг эрх зүйн үүднээс үндэслэл бүхий дүгнэжээ. Шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1041 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                                     Ц.АМАРСАЙХАН