Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 824

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчид гудамж 68 дугаар байрны 59 тоотод оршин суух, Боржигон ургийн овогтой Санжаагийн Эрдэнэбилэг /РД:ЧЗ50101616/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 42, Улаанбаатар төмөр замын удирдах газар өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,854,500 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа, Б.Ганчулуун, гэрч Б.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Эрдэнэбилэг нь Вагоны техникч мэргэжилтэй. УБТЗ-д 1976 оноос хойш ажиллаж байна. ...2017 оны 12 дугаар сарын 05-нд ажилдаа ирэхэд сургуулийн захирал Б.Ганчулуун дуудан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг надад танилцуулсан. Би тушаалтай танилцахад “Хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн багш С.Эрдэнэбилэгийн гаргасан өргөдөл, хувийн хүсэлтийг харгалзан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэсэн байсан. Би ажил олгогчид хандан хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулахаар өргөдөл хүсэлт гаргаагүй юм. Харин тус МСҮТ-ийн захирал Б.Ганчулуун надад 2017 оны 11 дүгээр сарын 10-нд “Мэдэгдэх хуудас” өгсөн бөгөөд түүнд “Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, УБ Хүний нөөцийн албаны 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18/474 тоот албан бичигт заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээ цуцлах болсныг мэдэгдье” гэсэн байдаг. Энэ мэдэгдэл нь надад эрх зүйн хувьд ач холбогдолгүй. Учир нь би 2012 онд тэтгэврээ тогтоолгосон. Тус байгууллагад анх ажилд ороход энэ талаар мэдэгдэж байсан ба ахмад ажилтан миний ажлын туршлага, хүндэт төмөр замчин, багшийн алдар гавьяа шагнал зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан ажиллуулсан юм. Надад энэхүү мэдэгдлийг өгч байгаа нь ажил олгогч санаачлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл мөн болохоор байна. Нөгөөтээгүүр Монгол улсад өндөр насны тэтгэврээ тогтоолгосон иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг хориглосон хууль байхгүй бөгөөд харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах нь зүйтэй гэж үздэг байна. Миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дугаар тушаалд хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх зүйн үндэслэлээ хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 гэж заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно”. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-д “Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно” гэж зохицуулсан байна. Гэтэл би хувийн өргөдөл, хүсэлт гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээг маань цуцалсан тушаалыг гаргасан нь хуулийн болоод бодит үндэслэлгүй болж миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироолоо. Мөн энэ хуулийг тайлбарласан Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 14-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан “Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ” гэжээ. Хичээлийн жилийн дундуур намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан нь анги удирдаж байгаа багшийн хувьд болон суралцагч нарын сурлага, хүмүүжил, ирээдүйг бодолцож үзэлгүй шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар төмөр замын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/94 дүгээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалд тус сургуулийн багш С.Эрдэнэбилэг миний хууль ёсны эрх, ашгийг хохироосон гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү тушаалын үндэслэл бол Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дэх хэсгийг үндэслэж ажилтны өөрийн хүсэлтийг харгалзан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан боловч С.Эрдэнэбилэг багш өөрийн байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар санал гаргаагүй юм. С.Эрдэнэбилэг багш нэгэнт хөдөлмөрийн гэрээг цуцлах саналыг гаргаагүй байхад түүний хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь түүний хууль ёсны эрх, ашгийг ноцтой хохироосон үйлдэл юм. Улаанбаатар төмөр замын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захиргаанд өргөдөл гаргах тухай гэх хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан өргөдөл байгаа бөгөөд тус өргөдөлд “Санжаа овогтой Эрдэнэбилэг миний бие тус сургуулийн вагон үзэгч, засварчны В ангийн багшаар ажиллаж байна. 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс мэргэжлийн багшаар ажиллах гэрээг цуцалсан тул цаашид цагийн багшаар ажиллуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан юм. Тус байгууллагын захиргаа 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 02 тоот мэдэгдэх хуудсыг С.Эрдэнэбилэгт хүргүүлсэн байдаг. Энд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар Улаанбаатар төмөр замын хүний нөөцийн албаны 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18/473 тоот албан бичигт заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдье гэсэн байна. Үүнийг С.Эрдэнэбилэг хүлээн зөвшөөрөхгүй байна, би энэ байгууллагад ажиллахдаа тэтгэвэрт гарчихсан хүн байсан. Тэтгэвэр тогтоолгосон бөгөөд тэтгэвэр тогтоолгосон хүнийг ажлаар хангахгүй байх, хөдөлмөр эрхлэлтийг нь хязгаарлах талаар Монгол улсад хууль байхгүй учир би эс хүлээн зөвшөөрч байна гэсэн боловч тус байгууллагын захиргаанаас таны хөдөлмөрийн гэрээг цуцалчихсан гэсэн тайлбарыг хэлсэн. С.Эрдэнэбилэг багш ажилгүй болж байгаа юм чинь ядаж цагийн багшаар ажилламаар байна гэдэг агуулга бүхий хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тавьсан. Гэтэл энэ үед энэ өргөдлийг гаргаж байхад миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм байна, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар гэрээг цуцалсан, ажилгүй болсон юм байна гэж ойлгож байсан. Гэтэл С.Эрдэнэбилэг багшийн хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй байсан бөгөөд тушаал гарахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан заалтыг үндэслэж 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тушаалаа гаргасан. Үүний үндэслэл нь 39 дүгээр зүйлийн 39.2 бөгөөд таны цагийн багшаар ажиллах хүсэлтийг хангаж байна, та хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулна гэсэн гэж тайлбарласан. Гэтэл С.Эрдэнэбилэг багш 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан тус байгууллагад хугацаагүйгээр ажиллах хөдөлмөрийн гэрээтэй бөгөөд энэ гэрээг цуцлах талаар саналыг байгууллагад гаргасан зүйл байхгүй. Энэ нь С.Эрдэнэбилэг багшийн өөрийнх нь сайн дурын үндсэн дээр, ямар нэгэн дарамт шахалт байхгүйгээр цагийн багшаар ажилламаар байна гэсэн хүсэлт биш юм. Мэдэгдэх хуудас өгөөд байгаа, байгууллагын даргаас дарамт шахалт учруулаад байгаа үйлдлээс илэрхий харагдаж байна. Үүнийг С.Эрдэнэбилэг багш эс хүлээн зөвшөөрөөд миний хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул цагийн багшаар ажиллах хүсэлтэй байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Иймд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн сайн дурын үндсэн дээр цуцлах талаар саналыг С.Эрдэнэбилэг багш гаргаагүй учир түүнийг ажлаас халсан нь үндэслэлгүй бол тул ажилд эгүүлэн тогтоож өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Улаанбаатар төмөр замын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,854,500 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Эрдэнэбилэг нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. С.Эрдэнэбилэгийн өөрийн өргөдөл, хүсэлтийн дагуу УБТЗ-ын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №80 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. УБТЗ-ын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №94 тушаалаар Хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн багш С.Эрдэнэбилэгийн гаргасан өргөдөл, хувийн хүсэлтийнх нь дагуу хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 43.1 дэх заалтыг үндэслэж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцалсан. С.Эрдэнэбилэг нь 2017 оны 12 дугаар сарын 04 нд ажил олгогчид гаргасан өргөдөлдөө өөрийн дааж авсан Вагон үзэгч, засварчны Б ангийг төгсгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид цагийн багшаар ажиллуулж өгнө үү гэсэн байдаг. С.Эрдэнэбилэг багш нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №34 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр цагийн багшаар ажиллаж байна. Түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Эрдэнэбилэг багш манайд 2015 онд 1 жилийн гэрээтэй ажиллахаар анх ажилд орсон бөгөөд вагон үзэгч багшаар орсон. Хөдөлмөрийн гэрээний хувьд Улаанбаатар төмөр замын хувьд нийт хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгаа учраас тус гэрээ шинэчлэгдэх шаардлагатай болсон. Улаанбаатар төмөр замын хэмжээнд хөдөлмөрийн харилцааг бий болгож байгаа тус гэрээг шинэчлэгдэж байгаа гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Бид тэтгэвэрт гарсан насны хүмүүсийн гэрээ ямар байдлаар байх ёстой вэ гэдэг зүйлийг тодруулсан бөгөөд хүний нөөцийн албанаас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манайд үүрэг өгсөн. Энэ мэдэгдэх хуудас зөвхөн мэдээлж байгаа зүйл бөгөөд Улаанбаатар төмөр замын хувьд хөдөлмөрийн гэрээг цуцлахад тогтсон нэг зүйл байдаг. Шуурхай хурал зарлаж байгаад гэрээ цуцалж байгаа талаар мэдэгддэг бөгөөд ийм хурал хийгдээгүй. Мэдэгдэх хуудас маань хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тушаал биш хүний нөөцийн албанаас ирсэн бичгийг мэдэгдэж байгаа бичиг юм. Хүний нөөцийн албанаас ирсэн бичгийг мэдэгдэж байгаа гэдгийг дахин хэлмээр байна. Манайд зөвхөн С.Эрдэнэбилэг багшаас гадна н.Мөнхтөр гэж багш байсан. Энэ хүн мөн тэтгэврийн насанд хүрсэн бөгөөд энэ хүмүүст аль, алинд нь мэдэгдэх хуудас өгсөн. Сургуулийн захирлын тушаалаар ажилд авах, ажлаас чөлөөлөх шийдвэр гардаг болохоос биш мэдэгдэх хуудсаар гаргагддаггүй. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр С.Эрдэнэбилэг багш өөрөө өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдөлд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэж бичсэн байгаа. Өргөдөл дээр ...Хөдөлмөрийн гэрээг цуцалж, цагийн багшаар ажиллах... талаар бичсэн байсан. Энэ өргөдлөө манай бичиг хэргээс ажиллахаа больсон гэдэг байдлаар буцааж авсан байсан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр надтай уулзаад дахин өргөдөл гаргасан бөгөөд яагаад ингэж байгааг асуухад нэг өгүүлбэр нэмэгдсэн байсан. Тус нэмэгдсэн үг нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул гэж нэмсэн байсан. Энэ өргөдөл надад ирсэн учраас хадгалагдаж шүүхэд нотлох баримтаар ирсэн байна. Энэ өргөдлөөс харахад С.Эрдэнэбилэг багш цагийн багшаар ажиллах хүсэлтэй байгаа юм байна. Хоёрт он дуустал ангиа хариуцаж ажиллах гэж байгаа юм байна гэж ойлгоод 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тушаал гарсан. Энэ тушаал маань ямар нэгэн дарамт үзүүлээгүй бөгөөд багшийн өөрийнх нь хүсэл, сонирхлын дагуу гарсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4,854,500 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь нэхэмжлэгч С.Эрдэнэбилэгтэй 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шинэчлэн байгуулсан /хх-ийн 8-9 дүгээр тал/ байх бөгөөд Улаанбаатар төмөр замын Мэргэжлийн үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдлөх бүрэлдэхүүний тэнхимийн багш С.Эрдэнэбилэгийн гаргасан өргөдөл, хүсэлтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-ийн 6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Надад 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар мэдэгдэл өгч, ажлаас халсан. Би хөдөлмөрийн гэрээг цуцлуулахаар хүсэлт гаргаагүй” гэж, хариуцагч “...С.Эрдэнэбилэг Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасан учир түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тус тус тайлбарлажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно” гэж заасан.

 

Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл нь ажил олгогчийн шахалт, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлахаар ажилтны өөрийн хүсэл зоригийн дагуу гаргасан бичгийн хүсэлт байна.  

 

Улаанбаатар төмөр замын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь С.Эрдэнэбилэгт 2017 оны 11 сарын 10-ны өдөр “Мэдэгдэх хуудас”-аар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах болсныг мэдэгдсэн байна.

 

 Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг цуцлахаар мэдэгдсэнтэй холбогдуулан цагийн багшаар үргэлжлүүлэн ажиллах тухай өргөдлийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн захиргаанд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нь түүний өргөдөлд тодорхой тусгагджээ. /хх-ийн 25 дугаар тал/

 

Хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан өргөдөлд “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбоотой цагийн багшаар үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргаж байгаа талаар” бичээгүй байсан, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан өргөдөлдөө нэмж бичсэн гэх боловч ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай ажил олгогчийн шийдвэр гарахаас өмнө өөрийн хүсэлтээ илэрхийлж өргөдлөө өөрчилсөн байна.

 

Хэдийгээр ажил олгогч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гаргаагүй байсан ч ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцлах хугацаа заасан мэдэгдэл өгсөн, үүнтэй холбогдуулан цагийн багшаар ажиллах өргөдөл гаргасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь ажилтанд шахалт шаардлага үзүүлж үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч С.Эрдэнэбилэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл /Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэгийн нийгмийн даатгалын дэвтэр дэх сүүлийн 3 сарын цалингийн бичилтээр нэг сарын цалинг, нэг сарын цалингаас нэг хоногт ногдох цалин 68,152 төгрөг х ажилгүй байсан 73 хоног = 4,975,096 төгрөг/ 4,854,500 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хангав. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав. /хх-ийн 4-5 дугаар тал/

 

Нэхэмжлэгч эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, шимтгэл төлүүлэхээр шаардлага гаргаагүй гэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Эрдэнэбилэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,854,500 төгрөгийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Эрдэнбилэгийн ажилгүй байсан хугацаанд Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгасугай.

 

3.Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг нь эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, шимтгэл төлүүлэхээр шаардлага гаргаагүй гэснийг дурдсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 92,622 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР