Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2017/00052/И |
Дугаар | 134/ШШ2017/00052 |
Огноо | 2017-03-17 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 134/ШШ2017/00052
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ХБ-ын 17 дугаар байрны 02 тоотод оршин суух, Говьмандал ХХК-ийн захирал ажилтай Сүх овогт Догойн Дашзэгвэ /РД:ЕЙ61112511, утас: 99189954/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Засаг даргын тамгын газрын байранд байрлах, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар /Хуулийн этгээдийн РД:9019065, утас:70543469/-т холбогдох
данс андуурагдан төлсөн 510 000 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн зохих дансанд шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дашзэгвэ, түүний өмгөөлөгч Д.Цэцэгчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонсүрэн, нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Дашзэгвэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003-2014 онуудад “Амардалай Трейд” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан болно. 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн тавьсан актаар “2004, 2005 онуудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэр гарч 610 000 төгрөгийг 22000982 тоот дансанд тушаах, улмаар дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг захиралд хариуцуулсан болно. Ингээд 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 510 000 төгрөгийг 220000982 тоот дансанд тушааж, иргэн Д.Дашзэгвийн нийгмийн даатгалын дэвтэрт 2004, 2005 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилтийг нийгмийн даатгалын байцаагч нөхөж хийж, тэмдгээ дарж, гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Гэтэл энэ баталгаажуулсан нөхөн бичилт Нийгмийн даатгалын хэлтсийн тайлангийн программд шивэгдээгүй, таны шилжүүлсэн 510 000 төгрөг, данс андуурагдаж Төрийн сангийн дансанд орсон тул 2004, 2005 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт хүчингүй, баталгаажих боломжгүй гэж Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хэлдэг. Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн буруутай үйлдлээс болоод миний 2 жилийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилт хүчингүй болж хохироод байна. Манай компани нэг гишүүнтэй компани байсан учраас би өөрөө ажил олгогч ч болно, ажилтан нь ч болж байгаа юм. Иймд миний төлсөн 510 000 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулж, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн зохих дансанд шилжүүлж намайг хохиролгүй болгож өгнө үү. Мөн би 2016 оны 11 дүгээр сард эхнэрийнхээ нийгмийн даатгалын асуудлыг хөөцөлдөж яваад Нийгмийн даатгалын системийн программтай тулгаж үзэхэд миний 2004, 2005 оны 2 жилийн бичилт баталгаажаагүйг олж мэдсэн. Би 510 000 төгрөгийг 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлөөд дэвтэртээ баталгаажуулалт хийлгэсэн. Ингээд учрыг нь олохоор Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Төрийн сангийн хэлтэст хандсан боловч бүгд хариуцахгүй гэсэн учраас шүүхэд хандсан. Тухайн үед ажил олгогчийн хувьд үүргээ гүйцэтгэж, төлбөрөө төлсөн дэвтэртээ бичил хийлгэж баталгаажуулсан. Би иргэн хүнийхээ хувьд программын баталгаажуулалтыг үзэх боломжгүй байсан. Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэв.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 онд “Амардалай трейд” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн нийгмийн хамгааллын хяналт шалгалтаар 610 000 мянган төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж Мэргэжлийн хяналтын газрын торгууль шийтгэврийн орлогын 220000982 тоот дансанд төвлөрүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон байх ба үүнээс 510 000 мянган төгрөгийг уг дансанд төвлөрүүлсэн байна. Актын төлбөр 100.0 мянган төгрөгөөр дутуу төлөгджээ. Актыг үзэхэд ...хуулинд нөхөн төлбөрийн ямар дансанд төвлөрүүлэх нь тодорхой бус байсан тул тухайн үед ажиллаж байсан улсын байцаагч орон нутгийн орлогын буюу Мэргэжлийн хяналтын газрын торгууль, шийтгэврийн орлогын 220000982 тоот дансанд төвлөрүүлэхээр акт тогтоон, хариуцагч зөвшөөрсөн байна. Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн Төрийн сан банкинд байрших 220000982 тоот данс нь Мэргэжлийн хяналтын газрын нэр дээр байх хэдий ч уг дансанд төвлөрүүлсэн орлого нь тухайн санхүүгийн тайлангийн жилдээ /12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон/ орон нутгийн төсөвт төвлөрч зарцуулагддаг, манай байгууллага нь үйл ажиллагаандаа зарцуулдаггүй болно. Иймд нэхэмжлэгч 510.0 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн сангийн дансанд шилжүүлэх тухай асуудлаа аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хариуцуулан шийдвэрлүүлэх нь зүйтэй. Өмнөх онуудын төсөв, хөрөнгө тайлант жилдээ төвлөрч зарцуулагдсан. Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газрын торгууль, шийтгэврийн 220000982 тоот дансанд орлого төвлөрөөгүй, орон нутгийн төсөв, хэлэлцэн батлагдсан төсөв, хөрөнгийг санхүүгийн бодлого, тодотголоор зохицуулах шаардлагатай зэрэг шалтгаан үүсч байна. Мөн нийгмийн даатгалын байцаагч өөрийнх нь дансанд нөхөн төлбөрийн мөнгө ороогүй байхад манай актыг үндэслээд баталгаажуулах эрхгүй байсан тул нийгмийн даатгалын байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаа байна гэж үзэж байгаа. Нөгөө талаар ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй учраас тухайн үеийн байцаагч нь торгууль хэлбэрээр нөхөн төлбөр тогтоосон байх гэж үзэж байна. Иймд үүнийг би торгууль гэж үзэж байна. Д.Дашзэгвэ анх 2016 оны 11 дүгээр сард манайд хандсан, бид албан ёсоор хариу өгсөн. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтэд ямар нэгэн тайлбар байхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Дашзэгвэ нь хариуцагч Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан данс андуурагдан төлсөн 510 000 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн зохих дансанд шилжүүлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь тухайн данс манай байгууллагын нэр дээр байдаг хэдий ч манайх захиран зарцуулах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ.
Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн тул сэргээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Дашзэгвэ нь “Амардалай Трейд” ХХК-ийн захирлын хувьд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 35-09-121 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай” актаар Амардалай Трейд ХХК-д хариуцуулсан үүргийг биелүүлж, 510 000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хаан банкны 220000982 тоот дансанд тушааж, улмаар өөрийн 053854 тоот нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, нийгмийн даатгалын байцаагчаар тэмдэг даруулж баталгаажуулжээ.
Ингэхдээ нэхэмжлэгч нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн тавьсан актыг маргаангүй хүлээн зөвшөөрч, улмаар актанд тусгасан 220000982 тоот дансанд, хугацаанд нь, тогтоосон 610 000 төгрөгний нийгмийн даатгалын шимтгэлээс 510 000 төгрөгийг нь тушаасан болох нь дээрх акт, Хаан банкны орлогын мэдүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Гэвч дээрх төлбөр нь нийгмийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй, хариуцагчийн нэр дээрх торгууль, шийтгэврийн дансанд тушаагдснаас, ажилтны эрх ашиг зөрчигдсөн тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүсчээ.
Үүнээс үзэхэд талуудын хооронд бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих гэсэн гэрээний бус үүргийн харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.Дашзэгвийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг дүгнэж үзэхэд:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байх хэдий ч дээрх тохиолдолд хуульд өөрөөр заасан байх тул мөн хуулийн 496.3.2-т заасан зохицуулалтаар хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т зааснаар шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй бол шаардлага гаргаж болохгүй.
Гэвч нэхэмжлэгч Д.Дашзэгвэ нь Мэргэжлийн хяналтын байцаагчийн тавьсан актын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, улмаар өөрийн 053854 тоот нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж, нийгмийн даатгалын байцаагчаар тэмдэг даруулсан баталгаажуулалт нь хуульд заасан журмын дагуу зохих бүртгэлд бүртгэгдээгүй талаар 2016 оны 11 дүгээр сард мэдсэнээр Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь талуудын маргаангүй тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл, хүсэлтэнд ямар нэгэн байдлаар маргаж, мэтгэлцээгүй.
Иймд нэхэмжлэгч Д.Дашзэгвийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоод, шаардах эрх үүссэн үеэс эхлэн ердийн боломжит хугацаанд зардлын тухай шаардлагаа хариуцагчид мэдэгдсэн гэж үзэж, түүний хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг дүгнэж үзэхэд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонсүрэн нь ...тухайн үеийн улсын байцаагч нь торгууль хэлбэрээр нөхөн төлбөр тогтоосон байх гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайлбал торгууль, нөхөн төлбөр хоёр нь утга агуулгын хувьд өөр, өөр ойлголт. Захиргааны торгууль гэдэг нь хэн нэгний хууль зөрчсөн үйл ажиллагаанд мөнгөн төлбөр оногдуулах шийтгэл буюу төрийн албадлагын арга хэмжээ. Харин хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах зорилгоор нөхөн төлбөр тогтоож буй нь зөрчлийн үр дагаврыг арилгах явдал юм, өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр акт тавьж буй зорилго нь ажилтанд учирсан хохирлыг арилгах, ажилтны эрх ашгийг сэргээн хамгаалахад оршино. Иймд торгууль хэлбэрээр нөхөн төлбөр тогтоох боломжгүй.
Гэтэл ажил олгогч буюу Амардалай Трейд ХХК нь улсын байцаагчийн актыг биелүүлж, актанд тэмдэглэсэн тодорхой дансанд нөхөн төлбөрийг шилжүүлсэн хэдий ч ажилтан буюу Д.Дашзэгвийн эрх ашиг хамгаалагдаагүй, зөрчигдсөн хэвээр байгаа явдалд ажил олгогч болон ажилтан буруугүй юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн тавьсан актыг маргаангүй хүлээн зөвшөөрч, улмаар актанд тусгасан 220000982 тоот дансанд 510 000 төгрөгний нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн боловч нийгмийн даатгалын санд ороогүй болох нь хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 44 тоот албан бичгээр тогтоогдож байх ба улмаар түүний ажилласан байдлыг тооцох боломжгүй нөхцөл бий болсон учраас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагч нь ...уг данс нь манай байгууллагын нэр дээр байдаг, гэхдээ бид захиран зарцуулах эрхгүй гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Харин хариуцагчийн хариу тайлбар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02/159 тоот албан бичгээр үгүйсгэгдэж байна.
Иймд нэхэмжлэгч Д.Дашзэгвэ нь Амардалай трейд ХХК-ийн ажилтны хувьд буруу дансанд тушаагдсан нийгмийн даатгалын шимтгэл 510 000 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн зохих дансанд шилжүүлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 15 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4, 496 дугаар зүйлийн 496.3.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дашзэгвийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсугай.
2.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар Д.Дашзэгвийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, буруу дансанд тушаагдсан нийгмийн даатгалын шимтгэл 510 000 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн зохих дансанд шилжүүлэхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэдмэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 15 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас улсын тэмдэгтийн хураамжинд 15 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Дашзэгвэд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ