Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 269

 

                                                           Н.Б-т холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Д.Тамир,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлоор Н.Б-т холбогдох эрүүгийн 1706021810105 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Хар Адуун овогт Н-н Б-, 1973 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Завхан аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Нарантуул” ОУХТ-д хувиараа билларъд ажиллуулдаг байсан, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,

            Н.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” ОУХТ-ийн зүүн хаалганы орчим “Микро автобусанд суулгасангүй” гэж маргалдан иргэн Б.Мөнхцэцэгийн гарыг өшиглөж хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 6 сарын дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ээс 1.177.800 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Мөнхцэцэгт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж, Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Д.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэрч Л.Отгонбаатар, П.Байгалмаа нар нь микро автобусаар тээвэр хийдэг гэх бөгөөд хохирогч Б.Мөнхцэцэгтэй хамтран “Нарантуул” ОУХТ-д ажилладаг талаар мэдүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.2-т  “хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг яллагдагч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан. Тодруулбал гэрч нар нь хохирогчтой хамаарал бүхий этгээдүүд тул мэдүүлэг нь үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй юм. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулаагүй. Зайлшгүй шаардлагатай буюу Н.Б-ийг микро автобусанд суулгаж өгсөн гэх хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Мөн хохирогчоос гаргаж өгсөн /хх-ийн 96/ баримт нь хэрэгт хамааралгүй, өөр үзлэгийн төлбөрийн баримт байсан, тэрээр ажилгүй байсан талаараа нотолсон баримт гаргаж өгөөгүй байхад түүнийг ажилгүй байсан гэж үзэн 900.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн зэрэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.   

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн байцаалтын явцад хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Н.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” ОУХТ-ийн зүүн хаалганы орчим “Бага оврын нийтийн тээвэрт суулгасангүй” гэж маргалдан тус автомашины жолооч Б.Мөнхцэцэгийн гарыг өшиглөж хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- хохирогч Б.Мөнхцэцэгийн “...би хувиараа тээвэр, үйлчилгээ эрхлэгчдийн “Бичил-Аян” эздийн хоршоонд микро автобусны жолоочоор ажилладаг юм. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 17 цаг 30 минутын үед “Нарантуул” захын зүүн хаалган дээр хүн авах гээд зогсож байтал тус зах дээр билларъд ажиллуулдаг Б- гэгч согтуу байдалтай, агсраад хүн болгон руу орилоод дайраад яваад байсан. Тэрээр миний урд талын микро автобусанд суух гэхэд түүнийг агсам тавиад байсан болохоор нь авахгүй яваад өгсөн. Тэгэхээр нь би өөрийнхөө микро автобусыг урагшлуулж байрлуулчихаад ар талын гүйдэг хаалгыг онгойлготол Б- ирээд шууд миний баруун талын гар луу өшиглөчихсөн... би эрүүл мэндээрээ хохирол тул гомдолтой байна. Эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны орлогоо нэхэмжилж байна...” /хх-ийн 6-8, 60, 103-104/,

- гэрч Л.Отгонбаатарын “... “Нарантуул” зах дээр микро автобустайгаа явах ээлжээ хүлээгээд зогсож байхад зүс таних залуу согтуу байдалтай Шархадны микро автобусанд сууна гээд яваад байсан... тэр залуу хэрүүл хийгээд, агсам тавиад зорчигч нарыг хүртэл хэл амаар доромжлоод байсан... Мөнхцэцэг эгчийн микро автобус миний урд талд зогсож байсан ба Мөнхцэцэг эгч хүнээ авахаар хаалгаа онгойлгоход нөгөө согтуу залуу гар луу нь өшиглөсөн...  Мөнхцэцэг эгч “Гар эвгүй болчихлоо” гэж байсан бөгөөд тэр өдрөө дахиж зах дээр ирээгүй... маргааш нь Мөнхцэцэг эгчтэй уулзахад гараа гипсдүүлчихсэн байсан ба “Эмнэлэгт үзүүлсэн чинь хугарсан байна” гэж хэлсэн...” /хх-ийн 10-11/,

- гэрч П.Байгалмаагийн “...тэр согтуу залууг суулгахгүй гэхэд уурлаад миний нүүр лүү цохих гээд 2-3 удаа далайсан. Миний ар талд Мөнхцэцэг өөрийнхөө микро автобустайгаа оочерлоод үлдсэн... дараагийн ресэн дээр Мөнхцэцэгтэй уулзахад гар нь хавдаад улайчихсан байсан ба “түрүүний согтуу залуу өшиглөчихсөн чинь гэмтчихлээ, янгинаж өвдөөд байна” гэж хэлж байсан...” /хх-ийн 12-13/,

- шүүгдэгч Н.Б-ийн “...микро автобусанд суух гэхэд намайг суулгаагүй. Согтуу байсан тул өшиглөсөн үйлдлээ санахгүй байна. Нөгөөдөр нь зах дээр ирэхэд хохирогч гэх хүн гар нь хугарсан гэж хэлээд надтай уулзсан. Надад гэм буруу байгаа, түүнийгээ ойлгож, хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 59, 104-105/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №12055 дугаартай “Б.Мөнхцэцэгийн биед баруун гарын алганы 5 дугаар ясны суурь хэсгийн бугуйн жижиг яс дэгээ ястай үелэх хэсгийг дайрсан шаантагласан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байх бөгөөд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажээ. 

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Д.Тамир давж заалдах гомдолдоо “гэрч Л.Отгонбаатар, П.Байгалмаа нар нь хохирогч Б.Мөнхцэцэгтэй хамт ажилладаг, хамаарал бүхий этгээдүүд тул тэдгээрийн өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй, тухайн үед Н.Б-ийг микро автобусанд суулгаж өгсөн гэх хүмүүсээс мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай” гэж, мөн “хохирогч холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй байхад түүнд ажилгүй байсан хугацааны орлогыг нь тооцож олгосон” гэж тус тус маргажээ.

Хавтаст хэргийн материалаас үзэхэд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12055 дугаартай дүгнэлтэд хохирогч Б.Мөнхцэцэгийн биед учирсан “баруун гарын алганы 5 дугаар ясны суурь хэсгийн бугуйн жижиг яс дэгээ ястай үелэх хэсгийг дайрсан шаантагласан хугарал” гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл болохыг заасан, мөн гэрч Л.Отгонбаатар, П.Байгалмаа нарт хууль сануулж, мэдүүлэг авсан байх бөгөөд тэд гэмт хэрэг гарсан байдлын талаар тодорхой мэдүүлсэн, энэ нь хохирогчийн мэдүүлэгтэй зөрүүгүй байх тул өөр бусдыг нэмж гэрчээр татан байцаах шаардлагагүй байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Н.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Н.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулжээ.

Хохирогч Б.Мөнхцэцэг нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын халдлагад өртөж эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд анхан шатны шүүх түүний эрүүл мэндэд хор уршиг учруулсантай холбогдон гарсан хохирлыг үндэслэлтэй зөв дүгнэн тооцож, цаашид гарах эмчилгээний зардал буюу тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                     Н.БАТСАЙХАН