Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 02

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гантуяа даргалж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М” ХК-ийн захирал Ж.Ж ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн . . . . ., Тендерийн үнэлгээний хороонд холбогдох

            “Б сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Булган аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн **/*** тоот албан бичгийг хүчингүй болгуулах, “М” ХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Засаг даргад хүргүүлэхийг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Засаг даргад тус тус даалгах, сонгон шалгаруулалтыг дахин зарласан үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр /цахимаар зарласан/-ийг хүчингүй болгуулах, гүйцэтгэгч компанитай шууд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 158/2018/0014/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М” ХК-ийн захирал  Ж.Ж , түүний өмгөлөөгч Т.Цэрэндагва, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , иргэдийн төлөөлөгч Г.Н ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Гончигбал  нар оролцов.

   Нэхэмжлэгч “М” ХК-ийн захирал Ж.Ж  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Засаг даргын тамгын газраас 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зарласан тендерт “И”, “Ж”, “М” гэсэн 3 компани орсон. 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тендерийн үнэлгээ хийж, Манай компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагыг хангасан боловч мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасан шаардлагыг хангаагүй  өөрөөр хэлбэл үнийн саналаар гэрээ байгуулах боломжгүй болж хасагдсан.

Ингээд “Ж” ХХК-ийг шалгаруулсан талаар мэдэгдлийг хүлээн авч, уг мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан юм. Сангийн яамнаас дахин үнэлгээ хийх тухай албан тоотыг Булган аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.

Гэтэл аймгийн Засаг даргаас 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн **/*** дугаартай албан бичгээр манай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй байх тул захиалагч бүх тендерээс татгалзсан гэсэн хариу өгсөн.

Уг тендерийн баримт бичгийн хавсралт хяналтын төсөв болон барилга угсралтын ажлын зурагт 2.1.1. барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт гэсэн заалтад тохирсон ажил байх бөгөөд харин 2.1.1* Барилын засаг чимэглэл, интерьерийн ажил гэсэн заалтад тохирох интерьерийн ажил байхгүй байхад өмнөхөөс шал өөр 2.1.1* шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хасагдсан байдаг.

Тендерийн баримт бичигт зөвхөн 2.1.1* заалт оруулсан нь үндэслэлгүй, Гадна тохижилтын ажилгүй барилга гэж байдаггүй учир  2.1.1 заалт барилга бүхэнд зайлшгүй байх шаадлагатай заалт юм.  Манай компани 2.1.1 заалттай учир тухайн тендерийн хувьд зөвхөн энэ заалтаар хийгдэх ажлууд байгаа, 2.1.1* заалт буюу дотор интерьерийн ажил нь нэмэлт гэрээгээр зохицуулагдах, хийгдэх ажлын төсөв хөрөнгө нь орон нутгийн хөрөнгөөс хийгдэх учир бид тухайн тендерийн шаардлагыг хангасан гэж үзсэн бөгөөд 8 сарын 21-ний өдрийн тендер шалгаруулалтаар манай компанийг зөвхөн үнийн саналаас бусад шаардлагад нийцсэн гэж үзсэн хирнээ 9 сарын 21-нд 2.1.1* заалтаар татгалзсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.  

Иймд Үнэлгээний хорооны шийдвэр, аймгийн Засаг даргын **/*** тоот албан бичгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа тул нэхэмжлэлийг хангаж, манай компанитай гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад даалгаж, Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэх шаарлагатай байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “сонгон шалгаруулалтыг дахин зарласан үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр цахимаар зарласаныг хүчингүй болгуулах”, гүйцэтгэгч компанитай шууд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хүчингүй болгуулах гэх шаардлагууд нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч “М” ХК-ийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. "Б сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр /тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах" тухай шаардлагын тухайд: Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-т "үнэлгээний хороо" гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг", 5.1.2-т "тендер шалгаруулалт" гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг" тус тус ойлгохоор заасан бөгөөд уг тендерийн үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийн талаар мөн хуулийн 47.7-д "Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид "үнэлгээний дүгнэлт" гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд..." гэж заасны дагуу тендер шaлгapyyлaлтыг зохион байгуулахаар байгуулагдсан ажлын хэсгээс хурлын тэмдэглэл хэлбэрээр шийдвэр гаргаж байгаа тул захиргааны хэргийн хариуцагч байх боломжтойн зэрэгцээ захиргааны акт гаргаж байгаа захиргааны байгууллага гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т "Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно", 5.2-т "Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд..." гэж тус тус зааснаас үзэхэд захиргааны байгууллага нь заавал байнгын ажиллагаатай байгууллага байхыг шаардахгүй бөгөөд нэг удаагийн тендер шалгаруулалтыг зохион байгуулж, шийдвэрлэх зорилготой тендерийн үнэлгээний хороо байх бүрэн боломжтой юм.

Түүнчлэн тус тендерийн үнэлгээний хорооноос гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн бөгеед Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Тухайлбал тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар манай компанитай холбоотой болон манай компанийн эрхийг хөндсөн 2 төрлийн шиидвэр гарсан бөгөөд 1-т манай компанийн тусгай зөвшөөрөл нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 4.4 /В/-д заасан 2.1.1* Барилгын засал чимэглэл интерьерийн ажил гэсэн заалт бүхий тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангахгүй байгаа гэдгээр гэрээ байгуулах боломжгүй, 2-т Тухайн тендер шалгаруулалтад нийцсэн нэг ч тендер ирээгүй байх тул захиалагч бүх тендерээс татгалзсан гэсэн байгаа нь үндэслэлгүй.

Учир нь уг тендерийн баримт бичгийн хавсралт хяналтын төсөв болон барилга угсралтын ажлын зурагт 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт гэсэн заалтад тохирсон ажил байх бөгөөд харин 2.1.1* Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил гэсэн заалтад тохирох интерьерийн ажил байхгүй байхын зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулийн барилгын норм дүрэм болон Боловсролын тухай, Бага дунд боловсролын тухай хуулиудад сургуулийн барилгыг заавал интерьерийн чиглэлээр тохижуулахыг шаарддаггүй, дээрх тусгай зөвшөөрлийн төрлүүд буюу 2.1.1, 2.1.1* гэх тусгай зөвшөөрлүүдийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай "Аргачлал батлах тухай" тушаалын хавсралтад зааснаар дээрх хоёр тусгай зөвшөөрлийг адилтгаж буюу дүйцүүлэн үзэхээр аргачлалыг баталсан, мөн өмнөх 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тендер шалгаруулалтаар энэ талаар огт дурдаагүй байсан, хариуцагчийн тайлбараар нэмэлтээр гэрээ байгуулахаар төлөвлөж байсан хэрнээ тендерийн баримт бичигт заасан, мөн хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад бүх тендерээс татгалзсан зэрэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 30 дугаар зүйлийн 30.1-т заасантай нийцэхгүй байна.

2. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг үндэслэн тус компанид хүргүүлсэн Булган аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн **/*** дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Дээрх нэхэмжлэгчийн нэг дэх шаардлагын үндэслэлд дурдсан үндэслэлээр хууль бус шийдвэрийг үндэслэж гарсан бөгөөд уг мэдэгдлийг аймгийн Засаг даргаас бус тендерийн үнэлгээний хорооноос хүргүүлэхээр хуульчилсны зэрэгцээ энэхүү албан бичиг нь дээрх хууль бус тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу түүнийг биелүүлж гарсан, хэрэгжүүлж байгаа хэлбэр учраас тодорхой үр дагаварыг бий болгосон, гадагш чиглэсэн, нэг удаагийн тохиолдлыг зохицуулсан шинжтэй байгаагаас үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар  бий боолгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасны дагуу захиргааны акт гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

3. Уг тендерийн шаардлагад бүрэн нийцсэн "М" ХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Булган аймгийн . . . . .д хүргүүлэхийг тендерийн үнэлгээний хороонд,  гэрээ  байгуулахыг  Булган  аймгийн  Засаг даргад тус тус даалгуулах шаардлагын тухайд: Энэхүү шаардлага нь нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан дээрх 2 шаардлагатай салшгүй холбоотой бөгөөд хэрэгт авагдсан баримтууд болон Сангийн яамны 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *-*/*** тоот албан бичигт дурдсанаар уг тендерт 3 компани оролцсоноос "И" ХХК нь "...үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарь төсөв болон үнийн саналаас зөрүүтэй", "Ж" ХХК нь "Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт шалгарч, гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд уг тендерт санал болгосон машин техник, тоног төхөөрөмж, ажиллах хүч нь энэхүү тендертэй давхацсанаас гэрээг хэрэгжүүлэх чадавхийн шаардлага хангахгүй" гэж үзсэн зэргээс харахад тендерт оролцогчдоос   шаардлага   хангаж   байгаа   "Машин   механизм"   ХХК-ийг   тендерт шалгаруулан, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, улмаар захиалагчийн зүгээс гэрээ байгуулан ажиллах бүрэн боломжтой юм.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлд заасан тусгай журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийн материалыг бүрэн хянаж үзсэний үндсэн дээр энэхүү шаардлагыг хангаж, хариуцагч нарт даалгасан шийдвэрийг шүүхээс гаргах бүрэн боломжтой гэж үзэж байна.

4. Б сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулалтыг дахин зарласан үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр /цахимаар зарласан/-ийг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд: Өмнөх 2018 оны 09 дүгээр сарын 21-ний тендер шалгаруулалтыг хууль зөрчин явуулж, энэ талаар гаргасан гомдол, нэхэмжлэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад энэхүү хууль бус шийдвэрээ үндэслэн дахин тендер шалгаруулалтыг зарлаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байхын зэрэгцээ мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т "Нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж, сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана", 21 дүгээр зүйлийн 21.4-т "Захиалагч тендерийн урилгыг энэ хуулийн 52.1.12-т заасан вэб хуудсанд байрлуулж тендер шалгаруулалтын дүнг тухай бүр мэдээлнэ" гэж тус тус заасныг зөрчсөн, мөн өмнөх тендерээс хууль бусаар татгалзсан гэж үзэж байгаа тул шинээр тендер шалгаруулалтыг зарлах хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн энэхүү сонгон шалгаруулалтыг дахин зарласан шийдвэр нь хууль зүйн үр дагаварыг бий болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т "Захиргааны актыг энэ хуулийн 37.1-д заасан хэлбэрээс гадна цахимаар, эсхүл техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж болно" гэж заасан хэлбэрээр гаргасан мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан шинжийг бүрэн агуулсан захиргааны акт мөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж байна.

5. Б сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулалтыг дахин зарласныг үндэслэн гүйцэтгэгч компанитай шууд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т "Худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ", 42.1.2-т "захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан" гэж заасны дагуу захиалагчийн зүгээс мөн хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлүүдэд заасан тендерийг хянах, үнэлэх, гэрээ байгуулах талаар тус тус зохицуулж хуульчилсныг ноцтой зөрчсөн бөгөөд энэхүү захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс гаргасан 1-4 дэх шаардлагуудын үндэслэлүүдээр гэрээ нь хууль бусаар байгуулагдсан, хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдоно.

Мөн тендер шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулах талаар дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т "энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах", 34 дүгээр зүйлийн 34.2-т "Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана" гэж тус тус заасныг хангаагүй бөгөөд гэрээ байгуулсан компани нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж байна.

Манай компанийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотойгоор дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдийг гаргаж байгааг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Булган аймгийн . . . . . З.Б  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутанд нээхэд "И” ХХК, “Б" ХХК, "Ж" ХХК, "Н" ХХК зэрэг 4 оролцогч материал ирүүлсэн бөгөөд үнэлгээг хийхэд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасны дагуу захиалагчийн зүгээс бүх тендерээс татгалзсан.

Мөн хуулийн 30.4.1-д "тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлтийг оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах" гэж заасны дагуу үнэлгээний хорооноос 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, тендерийн бичиг баримтыг боловсруулж батлахдаа сургуулийн урлаг, соёлын заал, физик, хими, мэдээлэл зүйн лаборатори зэрэг зарим анги, танхим, үүдний хэсгийг зохих интерьерийн шийдэлтэй тохижуулахад чухал гэж үзэн 2.1.1 тусгай зөвшөөрлийг 2.1.1* /Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил/ болгон өөрчилж, 2.1.1* тусгай зөвшөөрлийг шаардаж нээлттэй тендер шалгаруулалтыг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дахин зарласан юм.

Хуулийн хугацаа болох 30 хоногийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутад дээрх тендерийг нээхэд "И" ХХК, Ж" ХХК, "М" ХК-иуд материал ирүүлсэн байсан.

Үнэлгээний хороо 2018 оны 08 дугаар сарын  23-ны  өдөр хуралдаж, үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарь, төсөв болон үнийн саналаас зөрүүтэй байсан тул "И" ХХК-ийн тендерээс татгалзсан.

"М" ХК, "Ж” ХХК-иудын ирүүлсэн материалыг тендерийн ерөнхий шаарлага хангасан гэж үнэлсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т "хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг <<хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ" гэж ззасны дагуу "Ж" ХХК-ийг сонгон шалгаруулж, аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/1076 тоот албан бичгээр оролцогч компаниудад мэдэгдэл хүргүүлсэн.

“М” ХК болон “И” ХХК-иуд үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамнаас тендерийн материалыг хянаж үзээд "И" ХХК-ийн ирүүлсэн үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарь төсөв болон үнийн саналаас зөрүүтэй гэж тендерээс татгалзсан нь үндэслэлтэй, мөн "Ж" ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт шалгарч гэрээ байгуулсан уг тендерт санал болгосон машин техник тоног төхөөрөмж ажиллах хүч манай тендертэй давхцаж байгаа тул гэрээг хэрэгжүүлэх чадавхийн шаардлага хангахгүй тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх талаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн  *-*/*** тоот дүгнэлт ирүүлсэн.

Уг дүгнэлтийн дагуу үнэлгээний хороо 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж дахин нарийвчилсан үнэлгээ хийхэд "М" ХК нь тендерийн бичиг баримтын өгөгдлийн хүснэгтэд заагдсан 2.1.1* /Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил/ гэсэн заалт бүхий тусгай зөвшөөрөлгүй байсан учир захиалагчаас тавьсан шаардлагыг хангаагүй байсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3-т "тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ" гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэн гэрээ байгуулах боломжгүй гэсэн мэдэгдлийг М ХК-д хүргүүлсэн болно.

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн "Аргачлал батлах тухай" 33 дугаар тушаалын хавсралт, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар батлагдсан суурь, нөхцөл шаардлага "БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил" гэсэн заалт бүхий тусгай зөвшөөрлийг зөвхөн энэ оноос мөрдөж байгаа бөгөөд өмнө олгогдсон 2.1.1, 2.1.1* заалттай тусгай зөвшөөрлүүд тус тусынхаа үүргээрээ өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно. "М" ХК-д БА-8.1 "Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил" болон, 2.1.1* "Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил" гэсэн заалттай тусгай зөвшөөрлүүдийн аль нь ч байхгүй тул захиалагчийн зүгээс

Тус компанийн ирүүлсэн тендерийн материалаас татгалзсан юм.

2.1.1*  Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил” гэсэн тусгай зөвшөөрлийн заалтыг хэрэглэж болох нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/44 тоот албан бичгээр нотлогдоно.

Үнэлгээний хорооноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т "энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах" гэж заасны дагуу дээрх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчтэй гэрээ шууд байгуулах талаар захиалагчид зөвлөсөн.

ТШӨХ-л 2.1.1* /Барилгын засал чимэглэп. интерьерийн ажил/ гэсэн тусгай зөвшөөрлийн заалт бүхий дахин зарласан тендерийн бичиг баримтыг “М" ХК нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 02/96 тоот тендерийн материал авах тухай албан тоот ирүүлэн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр авч уг тендерийн бичиг баримтийн өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хүлээн зөвшөөрч 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нээсэн тендерт материал ирүүлсэн нь дээрх тендерийн бичиг баримтад заасан шаардлагыг хүлээн зөвшөөрч тендерт оролцсон гэж ойлгож байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Сонгон шалгаруулалтыг явуулахад бидний баримталдаг гол хууль болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тухайн тендерт оролцогч нар тендерийн баримт бичигтэй танилцаад хуульд заасан хугацаанд гомдол гаргах эрх нээлттэй байсан. Гэтэл нэхэмжлэгч гомдол гаргах хугацаандаа гомдлоо гаргалгүй, тендер шалгаруулалт дууссаны дараа баримт бичигтэй холбоотой гомдол гаргаад маргаан үүсгээд байгаа нь үндэслэлгүй юм. Тусгай зөвшөөрлийн хувьд 2.1.1*  тусгай зөвшөөрлийг шаардсан нь ажил хийгдэж байх хугацаанд интерьерийн ажил хийлгэхдээ гүйцэтгэгч компанитайгаа шууд гэрээ байгуулаад хийгдэх боломжтой байсан учраас бид энэ тусгай зөвшөөрлийг оруулж ирсэн юм. Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн 2.1.1, 2.1.1* заалтууд нь хоорондоо адилхан гэж яриад байна. Гэвч энэ чинь хоёр тусдаа тусгай зөвшөөрөл байгаа. Нэгэнт тендерийн баримт бичигт “2.1.1*” тусгай зөвшөөрлийг шаардсан бол бид үнэлгээ хийхдээ энэ тусгай зөвшөөрөл байна уу үгүй юу гэдэгт үнэлгээ хийнэ. Үүний дагуу үнэлгээ хийгдээд шийдвэр нь гарсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Хариуцагч үнэлгээний хорооны дарга Ц.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж тендерийн үнэлгээ хийхэд "И" ХХК үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарь, төсөв болон үнийн саналаас зөрүүтэй байсан тул уг тендерээс татгалзсан.

"Ж" ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал нь ерөнхий шаардлага хангаж байна хэмээн үзэж хамгийн бага үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг <<хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ" гэж заасны дагуу "Ж" ХХК-ийг сонгон шалгаруулж мэдэгдэл хүргүүлсэн.

"М" ХК-ын хувьд өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т "хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг <<хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ" гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэн уг тендерээс татгалзаж аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 01/1076 тоот албан бичгээр оролцогч компаниудад мэдэгдэл хүргүүлсэн.

"М" ХК болон "И" ХХК-иуд үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамнаас тендерийн материалыг хянаж үзээд "И" ХХК-ийн ирүүлсэн үнэлэгдсэн үе шатны ажлын хуваарь төсөв болон үнийн саналаас зөрүүтэй гэж тендерээс татгалзсан нь үндэслэлтэй, мөн "Ж" ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт шалгарч гэрээ байгуулсан уг тендерт санал болгосон машин техник тоног төхөөрөмж ажиллах хүч манай тендертэй давхцаж байгаа тул гэрээг хэрэгжүүлэх чадавхийн шаардлага хангахгүй тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх талаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *-*/*** тоот дүгнэлт ирүүлсэн.

Уг дүгнэлтийн дагуу үнэлгээний хороо 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж дахин үнэлгээ хийхэд "М" ХК нь тендерийн бичиг баримтын өгөгдлийн хүснэгтэд заагдсан 2.1.1* /Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил/ гэсэн заалт бүхий тусгай зөвшөөрөлгүй байсан тул захиалагчаас тавьсан шаардлагыг хангаагүй гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3-т "тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ" гэсний дагуу гэрээ байгуулах боломжгүй гэсэн мэдэгдлийг “М” ХК-д хүргүүлсэн болно.

Үнэлгээний хороо 2 удаа нээлттэй тендер шалгаруулалт зарласан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т "энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах" гэж заасны дагуу дээрх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчтэй гэрээ шууд байгуулах талаар Аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлсэн.

Үнэлгээний хорооны шийдвэртэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Үнэлгээний хорооны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй санал нэг байна. Үнэлгээний хороо хуульд заасны дагуу үнэлгээг хийж шийдвэрээ гаргасан. Хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.  

Гуравдагч этгээд К ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Булган аймгийн Засаг Даргын Тамгын газраас зарласан Сургуулийн барилга, 320 хүүхдийн суудал /Булган, Б сум/ барилгын ажлын тендер шалгаруулалтанд оролцсон "М" ХК нь Булган аймгийн . . . . .ас хүргүүлсэн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байна. Сангийн яам "М" ХК-ийн ирүүлсэн гомдлыг хянан үзээд дахин үнэлгээ хийх тухай албан бичгийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн байна. Захиалагч, Сангийн яамны шйдвэрийн дагуу тендер шалгаруулалтанд дахин үнэлгээ хийж "М" ХК-д 2018 оны 9 дүгээр сарын 21-нд шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлжээ. Энэ мэдэгдэлийг хүлээж аваад хэрэв эс хүлээн зөвшөөрч байсан бол ажпын 5 хоногийн дотор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргах ёстой. Гэтэл "М" ХК гомдол гаргаагүй нь захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх гомдол гаргаагүй нэхэмжлэгч тал болох   "М" ХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж өгөхийг эрхэм шүүгч танаас хүсч байна.

Манай компани нь гэрээний дагуу сургуулийн барилга угсралтын ажлыг гэрээт хугацаанд хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Барилга угсралтын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байгаа болно.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “2018 оны 7 сарын 19-ний өдөр зарласан Тендертэй холбоотой нэхэмжлэгчийн тавьж байгаа шаардлага үндэслэлтэй санагдаж байна” гэв.

Шүүх хуралдаанаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ХК нь Булган аймгийн . . . . ., Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан

-Булган аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн **/*** дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах;

-Б сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр /тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах;

-“М” ХК-тай гэрээ байгуулах дүгнэлт гаргахыг Тендерийн үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн.

Нэхэмжлэгч “М” ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 02/25 дугаартай албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа 

1. Б сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр/тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах;

2.Булган аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн **/*** дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах;

3. Гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэхийг Тендерийн үнэлгээний хороонд, шууд гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргад тус тус даалгах;

4.Гүйцэтгэгч сонгон шалгаруулалтыг дахин зарласан үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр /цахимаар зарласан/-ийг хүчингүй болгуулах;

5. Гүйцэтгэгч компанитай байгуулсан шууд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож хүчингүй болгуулах гэж тодруулж нэмэгдүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэлийн Б сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр/тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1. Булган аймгийн Б суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороог Булган аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн */*** дугаар захирамжаар[1] байгуулсан.

2. Үнэлгээний хорооны хуралдаанаар /тэмдэглэл №01/[2] тендерийн бичиг баримтыг боловсруулан батлуулж, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаж Тендерийн урилгыг[3] нийтэд мэдэгдэж, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тендерийг нээхэд “И” ХХК, “Б” ХХК, “Ж” ХХК, “Н” ХХК-ууд тендерт оролцож /тэмдэглэл №02/[4],  2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлаар /тэмдэглэл №03/[5] хэлэлцэж, “Ж” ХХК-г гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж Засаг даргад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Уг тендер шалгаруулалтанд оролцогч “И” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргаснаар Сангийн яамны 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *-*/**** дугаарын албан бичгээр[6] “ тухайн тендер шалгаруулалтанд хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасны дагуу шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй байх тул бүх тендерээс татгалзаж уг тендер шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй байна” гэсний дагуу Үнэлгээний хорооны 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэн шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул тендер шалгаруулалтыг дахин зарлахаар болж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах” гэж заасны дагуу тендерийн бичиг баримтын ТШӨХ-д 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрлийн заалтыг 2.1.1* болгон өөрчилж /тэмдэглэл №04/[7], тендерийн баримт бичгийг[8] дахин боловсруулж, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тендерийн урилгыг[9] нийтэд мэдээлсний дагуу тендерийн материалыг “И” ХХК 08 дугаар сарын 01-ний өдөр, “Ж” ХХК 08 дугаар сарын 03-ны өдөр, “М” ХК 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан болох нь тендерийн материал олгосон бүртгэлээр[10], эдгээр компаниуд бүгд 08 дугаар сарын 20-ны өдөр тендерээ ирүүлсэн болох нь тендер ирүүлсэн бүртгэлээр[11] тус тус нотлогдож байна.

4. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тендерийн нээлт хийхэд “И” ХХК, “Ж” ХХК, “М” ХК уг тендерт оролцохоор материал ирүүлж /тэмдэглэл №05/[12], 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар[13] “Ж” ХХК-г шалгаруулж, аймгийн Засаг даргад зөвлөмж[14] хүргүүлжээ.

5. Уг сонгон шалгаруулалтын дүнг “М” ХК, “И” ХХК-иуд эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яамны 2018 оны 09 дүгээр сарын 10-ны *-*/*** дугаар албан бичгээр[15] “тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т зааснаар хүргүүлж байна” гэснийг Үнэлгээний хороо хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дахин үнэлгээ /тэмдэглэл №07[16]/ хийхэд “И” ХХК үе шатны ажлын хуваарь зөрүүтэй, “Ж” ХХК гэрээг хэрэгжүүлэх чадавхийн шаардлага хангахгүй, “М” ХК-ийн тусгай зөвшөөрөлд 2.1.1* заалт байхгүй зөвхөн 2.1.1 заалт байгаа учир шаардлага хангахгүй гэж үзэж, бүх тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 /шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй/-т заасныг зөрчөөгүй ба шууд гэрээ байгуулах зөвлөмжийг[17] аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь үндэслэл бүхий байна.

6. Үнэлгээний хорооноос аймгийн Засаг даргад “Шууд гэрээ байгуулах зөвлөмж” хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т “Энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах” гэж заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч нь манай компани 2.1.1 тусгай зөвшөөрөлтэй бөгөөд уг барилгын ажилд 2.1.1* заалт шаардагдахгүй, тэгээд ч Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар баталсан аргачлалаар 2.1.1, 2.1.1* тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэн БА-8.1 тусгай зөвшөөрөл болгосон тул энэ 2 тусгай зөвшөөрлийг адилтган үзэх боломжтой болсон гэж маргаж байгаа боловч “М” ХК нь Б сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гардан авч тендер сонгон шалгаруулалтад орсон байх бөгөөд тендерийн баримт бичигт заасан 2.1.1* заалтыг эс зөвшөөрч байгаа талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч ийнхүү гомдол гаргаагүй нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон.

 8. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 33 дугаар тушаалаар баталсан аргачлалаар 2.1.1/барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт/, 2.1.1* /барилгын засал чимэглэл, интерьерийн ажил/ гэсэн 2 заалтыг нэгтгэн БА-8.1/барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилт/ болгосон, уг тушаалын 3 дахь заалтад “Барилгын тухай хууль болон шинэчилсэн журам батлагдан гарахаас өмнө олгогдсон барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг тухайн гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байхаар тооцсугай” гэж заасан байх бөгөөд “М” ХК-д: 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4, 2.3.2 тусгай зөвшөөрлийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 5 жилийн хугацаатай олгосон, уг компанид 2.1.1* тусгай зөвшөөрөл байхгүй, Тендерийн бичиг баримтын ТОӨЗ 4.4 /в/ хэсэгт уг ажлыг гүйцэтгэхэд 2.1.1*, 2.1.2, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4 тусгай зөвшөөрлүүд зайлшгүй шаардлагатай талаар тусгасан болох нь БУ******* дугаарын Тусгай зөвшөөрөл[18], гэрээ[19], Тендерийн баримт бичиг[20] зэргээр нотлогдсон, бөгөөд тухайн тендерийн баримт бичигт заасан шаардлагыг нэхэмжлэгч компани хангаагүй гэж үзсэн Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр /тэмдэглэл/ нь хууль зөрчөөгүй байх тул уг захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн **/*** дугаарын албан бичиг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтыг дахин зарласан үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр /цахимаар зарласан/-ийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

9. Булган аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн **/*** дугаарын албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/-т заасан захиргааны актад хамаарахгүй, тодруулбал, Булган аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн **/*** дугаарын албан бичиг[21] нь Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг “М” ХК-д мэдэгдсэн мэдээллийн чанартай байх бөгөөд тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гаргасан шинжгүй, мөн эрх зүйн үр дагавар шууд үүсгээгүй, захирамжилсан шинжийг агуулаагүй,

10. Мөн тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр /цахимаар зарласан/ буюу “Тендерийн урилга”[22]-ын талаар хариуцагч нь шууд гэрээ байгуулахад оролцож болох аж ахуйн нэгж байгууллагад тавигдах шаардлага, нөхцөлийн талаар мэдээлсэн зарлалын чанартай гэж тайлбарлаж байгаа ба энэхүү Тендерийн урилга нь эрх зүйн үр дагавар шууд үүсгээгүй, захирамжилсан шинжгүй зэргээр захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй байх тул дээрх шийдвэрүүдийг захиргааны акт гэж үзэхээргүй байна.

 11. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргасан захиргааны акттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “ энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ...шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн эдгээр шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох  захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“М” ХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Засаг даргад хүргүүлэхийг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

12. “М” ХК нь Булган аймгийн Б сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БСШУСЯ********** дугаартай тендер шалгаруулалтанд оролцож, эхний удаад /2018-8-23-нд/ үнийн саналаар буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д заасан шаардлагыг хангаагүй гэж, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тендерийн үнэлгээг дахин хийхэд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагыг хангаагүй буюу Тендерийн баримт бичигт заагдсан 2.1.1* тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй гэсэн үнэслэлүүдээр гэрээ байгуулах боломжгүй болсон нь Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 6 дугаар тэмдэглэл[23], 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны 07 дугаар тэмдэглэл[24] , Булган аймгийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/1076 дугаарын албан бичиг[25], 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн **/*** дугаарын албан бичиг[26], оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдсон.

13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.” гэж заасан бөгөөд Тендерийн үнэлгээний хороо “М” ХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлээгүй, харин ч дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр гэрээ байгуулах эрх олгохоос татгалзан энэ талаар түүнд мэдэгдсэн учир “М” ХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Засаг даргад хүргүүлэх боломжгүй, Засаг дарга нь Үнэлгээний хорооноос гэрээ байгуулах зөвлөмж ирээгүй байхад “М” ХК-тай гэрээ байгуулах эрх зүйн үндэслэл байхгүй, Тендерийн үнэлгээний хороо болон Булган аймгийн Засаг даргын зүгээс гэрээ байгуулахаас татгалзсан эсхүл гэрээ байгуулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул “М” ХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг Засаг даргад хүргүүлэхийг Үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Засаг даргад даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.

 Гүйцэтгэгч компанитай байгуулсан шууд гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

14. Тендерийн үнэлгээний хороо нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Булган аймгийн Б сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БСШУСЯ********** дугаартай Тендер шалгаруулалтыг дахин явуулахаар ТШӨХ-д 2.1.1 гэсэн заалтыг 2.1.1* болгон өөрчилж батлуулахаар аймгийн Засаг даргад уламжилж шийдвэрлэсэн нь хуралдааны тэмдэглэл №04[27]-ээс харагдаж байх ба уг шийдвэрийг аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрч дахин боловсруулсан Тендерийн баримт бичгийг баталгаажуулсан нь Тендерийн баримт бичгийг баталсан байдал[28] болон хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

15. Захиалагч аймгийн Засаг даргаас тендерт оролцогчдод зориулан гаргасан шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичиг болох 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр баталсан тендерийн баримт бичиг[29] болон Тендерийн урилгадаа[30] Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна гээд

-Борлуулалтын хэмжээ сүүлийн 3 жилийн дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна;

-Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээлийн нийт дүн төсөвт өртгийн 50 хувь байна /судлагдсан зээлийн тодорхойлолт, дансны үлдэгдлээр баталгаажуулан/;

-Аудитын дүгнэлтээр баталгаажуулсан санхүүгийн тайлан сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 он/;

-Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Барилгын хөгжлийн төвийн 2.1.1*, 2.1.2, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4 гэсэн тусгай зөвшөөрөлтэй байна гэсэн шаардлагууд тавиад “М” ХК болон тендерт оролцогч бусад компаниудыг дээрх тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр гэрээ байгуулах боломжгүй гэсэн мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байдаг.  

16. Гэтэл Булган аймгийн ЗДТГазар нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цахимаар Тендерийн урилга[31] гаргахдаа дээрх тендерийн баримт бичиг болон Тендерийн урилгад тавигдсан нөхцөл, шаардлагыг өөрчлөн хөнгөрүүлж, захиалагчийн анхны гаргасан тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагыг бус өөр нөхцөл, шаардлагыг дараах байдлаар зааж

“-Борлуулалтын хэмжээ сүүлийн 2 жилийн дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй; -Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө авах боломжтой зээлийн нийт дүн төсөвт өртгийн 50 хувь, /судлагдсан зээлийн тодорхойлолт дансны үлдэгдлээр баталгаажуулан/;

-Аудитын дүгнэлтээр баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх Сүүлийн 2 жил /2016, 2017/;

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх: Тийм; /ямар тусгай зөвшөөрөл шаардлагатайг бичээгүй/” гэж өөрчлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан тендерийн урилгад тавигдах мэдээллээс “тендер хүлээн авах эцсийн хугацаа”, “тендер нээх хугацаа” “давуу эрх олгох эсэх”, “тендерийн баримт бичгийн үнэ” зэрэг мэдээллийг тусгаагүй баримтад тохируулан Булган аймгийн . . . . . нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого нь 2016 онд 665 649 500 төг, 2017 онд 1 827 698 580 төгрөг дундаж нь 1 246 674 040 /Нэг тэрбум хоёр зуун дөчин зургаан сая зургаан зуун далан дөрвөн мянга дөчин/ төгрөг,

сүүлийн 3 жилээр үзвэл 2015 онд 211 855 387 төг, 2016, 2017 онд дээрх орлого нийлээд дундаж орлого нь 901 734 522 /Есөн зуун нэг сая долоон зуун гучин дөрвөн мянга таван зуун хорин хоёр/ төгрөг, тендерийн үнэ нь 2 054 945 176 /Хоёр тэрбум тавин дөрвөн сая есөн зуун дөчин таван мянга нэг зуун далан зургаан / төгрөгөөр санал болгосон, Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө авах боломжтой зээлийн нийт дүн төсөвт өртгийн 50 хувь, /судлагдсан зээлийн тодорхойлолт дансны үлдэгдлээр баталгаажуулан/ гэсэн шаардлагад материал ирүүлээгүй   “К” ХХК-тай Булган аймгийн Б сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх 117/2018 дугаартай гэрээг[32] шууд байгуулсан болох нь дээрх баримтууд хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

16. -“М” ХК, “К” ХХК-иудын тендер шалгаруулалтанд ирүүлсэн материалын зарим өгөгдлүүдийг харьцуулан үзвэл:

 

        ТШӨХ-д                                    М ХК                              К ХХК                      зөрүү

Тендерийн үнийн санал        1 998 836 475                       2 054 945 176       56 108 701 төг

Түргэн хөрвөх чадвартай        төрийн банкны дансны хуулга     энэ талаар мэдээлэл

хөрөнгийн мэдээлэл                  ирүүлсэн гэж тэмдэглэсэн[33]     Тендерийн материалд байхгүй   

                                                                                               /хуралдаанд эх баримтад үзлэг хийсэн/

Борлуулалтын орлого 3 жилийн       хангалттай гэж тэмдэглэсэн[34]                   901 734 522 төгрөг                   -148 265 478 төг                                                                           дундаж 1 050 000 000-аас багагүй

17. Дээрх харьцуулалтаас харахад Булган аймгийн . . . . . нь нь тендер шалгаруулалтын онцгой журам болох шууд гэрээ байгуулах журмаар  “К” ХХК-тай шууд гэрээ байгуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримталнагэсэн зарчим,

28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”,

28.7.4-т “ хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж,

31 дүгээр зүйлийн 31.2-т “Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахтай холбогдсон энэ хуулийн 32-34 дүгээр зүйлээр /34 шууд гэрээ байгуулах арга/ зохицуулаагүй харилцааг энэ хуулийн 2 дугаар бүлгийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар зохицуулна”, гээд 2 дугаар бүлгийн 17 дугаар зүйлийн 17.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын урилгыг  энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зарлан мэдээлж сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтанд оролцох тэгш боломжоор хангана”,

мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар,  хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт,  аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг,  тендерийн жишиг маягтууд зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаварыг тусгана” гэж  тус тус заасныг зөрчиж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Тендерийн урилга” гэх мэдээллийг цахимаар зарлаад энэ урилгын дагуу өмнө баталсан тендерийн баримт бичигт тавигдсан нөхцөл шаардлагыг мөрдөөгүй, тендерийн бичиг баримтаа дахин боловсруулаагүй, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах ажиллагаа хийгээгүй, тендерт оролцохыг сонирхогчдод тэгш өрсөлдөх боломж олголгүй, цахим урилга 2018-10-01-ний өдөр зарлагдсанаас 2 өдрийн дараа буюу 2018-10-03-ны өдөр “К” ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зарласан Тендерийн бичиг баримтад тавигдах шаардлагын зарим хэсгийг хангаагүй, нэхэмжлэгч “М” ХК-ийн үнийн саналаас 56 сая 108 мянга 701 төгрөгөөр илүү үнийн саналтай байхад уг компанитай ажил гүйцэтгэх гэрээг шууд байгуулсан нь худалдан авах ажиллагаа ил тод, өрсөлдөх тэгш боломжтой байх, үр ашигтай, хэмнэлтэй байх зарчмыг ханаагүй байна.

18.Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “шууд гэрээ байгуулах талаар Аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэснийг” Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т заасанд нийцсэн талаар энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дах заалтад дүгнэсэн бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д “энэ хуулийн 30.4.3, 33.4-т заасан тохиолдолд зөвхөн шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэхээр”,

мөн хуулийн 34.2-т “энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай, нэг эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаарлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана”  гэж тус тус заасан бөгөөд энэхүү Тендерийн захиалагч Булган аймгийн . . . . . нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “шууд гэрээ байгуулах сонгон шалгаруулалтын урилга”-ыг цахимаар зарлаж “К” ХХК-тай гэрээ байгуулахдаа өмнөх тендерт оролцогчидтой адил шаардлага тавиагүй, дээрх хуулийн 14-16-р зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг магадлаагүй зэргээр мөн дээрх хуулийн заалтыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх, 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.5-д зааснаар өмнө тендер сонгон шалгаруулалтад оролцсон компаниудын оролцоог хангах, сонсгол зохион байгуулах, сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангах үүргээ биелүүлээгүй.  

19. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол илт хууль бус байна” гэж заасан бөгөөд Булган аймгийн . . . . ., “К” ХХК-тай байгуулсан захиргааны гэрээ нь дээрх байдлаар хууль зөрчсөн байх тул илт хууль бусад тооцох нь зүйтэй байна.   

Нэхэмжлэгчээс “гүйцэтгэгч компанитай шууд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Булган аймгийн . . . . ., “К” ХХК-тай байгуулсан захиргааны гэрээг илт хууль бус болохыг шүүхээс тогтоосон тул илт хууль бус захиргааны гэрээг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй болно.

20. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана.гэж заасан бөгөөд үнэлгээний хорооны 2018-9-21-ний өдрийн шийдвэрийг “М” ХК-д 2018 оны 9 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд тэдний мэйл хаягаар 3 удаа мэдэгдсэн болох нь тендерийн мэдэгдэл хүргүүлсэн бүртгэлүүдээс[35] харагдаж байх ба “М” ХК нь хуулийн 55.1-д зааснаар гомдлоо зөвхөн Сангийн яаманд  гаргах байтал гаргаагүй болох нь тус компаниас 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 02/21 дугаарын тоотоор[36] ирүүлсэн “тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийх” гэсэн Сангийн яамны шийдвэрийг Тендерийн үнэлгээний хороо биелүүлээгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан” гэсэн тайлбараар тогтоогдож байх боловч Аймгийн Засаг дарга “К” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээ[37] байгуулсан, нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэлээ[38] шүүхэд ирүүлсэн нь дээрх баримтуудаар тогтоогдож байх ба энэ нь дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Тендер шалгаруулалтанд холбогдсон гомдлыг гэрээнд гарын үзэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэсэнд нийцсэн гэж үзэхээр байна.

21.  Шүүхийн зардлын тухайд:

Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “.Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно”  гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан учир “М” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид Булган төрийн сангийн *********** дугаарын дансанд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 106.3.2, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.2, 21 дүгээр зүйлийн 21.5, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.2, 56 дугаар зүйлийн 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.5, 37 дугаар зүйлийн 37.1, 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “М” ХК-ийн Булган аймгийн . . . . ., Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Булган аймгийн . . . . ., “К” ХХК хооронд байгуулсан “Б сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулган, сургуулийг цогцолбор болгон өргөтгөх ажил гүйцэтгэх” гэрээг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох “Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэр/тэмдэглэл/-ийг хүчингүй болгуулах, “М” ХК-тай гэрээ байгуулах зөвлөмж, Булган аймгийн . . . . .д хүргүүлэхийг Тендерийн үнэлгээний хороонд, гэрээ байгуулахыг Булган аймгийн . . . . .д тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар “М” ХК-ийн гаргасан Булган аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн **/*** дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, сонгон шалгаруулалтыг дахин зарласан үнэлгээний хорооны 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн шийдвэр/цахимаар зарласан/-ийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “М” ХК-аас Булган төрийн сангийн *********** дугаарын дансанд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70200 төгрөгийг уг дансанд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХК-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

         

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ГАНТУЯА

                                    ШҮҮГЧИД                                           П.УУГАНЦЭЦЭГ                                                                                              Д.САРАНГЭРЭЛ