Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 61

 

“Тэнгэрийн цагаан дэглий” ББСБ-ын  

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01752/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч “Тэнгэрийн цагаан дэглий” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч Бүргэд овогт Т-ийн Т-т  

         “Зээлийн гэрээний үүргийн биелэлт 65.600.000 төгрөг, автомашинд хийсэн засвар, үйлчилгээний зардал 2.823.388 төгрөг, нийт 68.243.388 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: “Тэнгэрийн цагаан дэглий” ББСБ-ын захирал Д.Батцэнгэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхээ, хариуцагч Т.Т-, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Тэнгэрийн цагаан дэглий” ББСБ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваадорж нараас:

“Тэнгэрийн цагаан дэглий” ББСБ нь хариуцагч Т.Т-тай 2016 оны 01 сарын 12-ны өдөр 100,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүү тооцож авахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн графикт хугацаанд нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийг огт төлөлгүй, хууль болон зээлийн гэрээний заалтыг зөрчсөн. Зээлдүүлэгч зээлдэгчийн хүсэлтээр 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай сунгаж, зээлийн нэг сарын хүү 4 хувь байсныг  2 хувийн хүү тооцож авахаар харилцан тохиролцсон. 2016 оны 01 сарын 12-ны өдрөөс 2016 оны 06 сарын 29-ний өдрийг хүртэлх хүү 28,000,000 төгрөгөөс 16,000,000 төгрөгийг 7 сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөг, 09 сарын 13-ны өдөр 7,000,000 төгрөг, 10 сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг тус тус төлснөөр 2016 оны 01 сарын 12-ны өдрийн гэрээний харилцааг дуусгавар болгохоор тохиролцож, шинээр гэрээ байгуулсан.

Иймд зээлдэгчээс үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 12,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,400,000 төгрөг, нийт 114,400,000 төгрөгөөс барьцааны автомашины үнэ 50,000,000 төгрөгийг хасаад үлдэх 64,400,000 төгрөг, дээр машинд хийгдсэн зүйлийн үнийг нэмээд нийт 67,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2017 оны 01 сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, машинд гарсан зардал 223,388 төгрөг, энэ өдрийг хүртэлх үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,200,000 төгрөг, нийт 68.423.388 төгрөгийг ээхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Т.Т-аас:

Би 2014 оны 01 сарын 10-нд Д.Батцэнгэл гэдэг хүнээс 150,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлж, зээлийн шимтгэлд 1,5 хувь буюу 2,500,000 төгрөгийн шимтгэл төлж, Хаан банкин дахь 5045293769 тоот дансандаа 147,500,000 төгрөг шилжүүлж авсан. Ингээд 2014 оны 2 сараас 10 дугаар сар хүртэл нийт 8 сарын хүү 48,000,000 төгрөг төлсөн. 10 дугаар сарын 10-нд 15 сая төгрөг бэлнээр төлж, хээтэй хорооллын 1в байрны 44 тоот арктай нэг өрөө байрыг 35 сая төгрөгөнд тооцож, нийт 50,000,000 төгрөг үндсэн зээлээс хасч тооцсон. 100,000,000 төгрөгийг үргэлжлүүлэн 4 хувийн хүү тооцож, 2014 оны 10 сараас 2015 оны 11 сар хүртэл 14 сарын хүү нийлээд 56 сая төгрөг төлсөн. 2015 оны сүүлээр эдийн засгийн хямрал бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж, хүү төлж чадахааргүй болж эхэлсэн.

2016 оны 05 сарын 28-ны өдөр үлдэгдэл 100 сая төгрөг дээр зээлийн гэрээ хийе гэхэд нь дүр эсгэж гэрээ хийхгүйгээр мөнгийг нь боломжоороо өгье гэж бодсон боловч чадаагүй. 2016 оны 7 сард үлдэгдэл 100 сая төгрөгөнд нөхөн зээлийн гэрээ байгуулж, хүүгээ 2 хувь болгон бууруулаад Ланд 200 автомашинаа 100 саяд үнэлж барьцаанд тавьсан. 2016 оны 8,9,10 саруудад машинаа 70 саяд тооцож авна гэхээр нь итгэмжлэл хийж үлдээсэн боловч машиныг чинь 50 саяд зарсан гэж хэлээд хоцорсон хүү дээр нь засвар үйлчилгээний мөнгө нэхэмжилсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Батцэнгэлд 2014 оны 1 сарын 10-наас 2016 оны 11 сар хүртэл үндсэн болон зээлийн хүү нийт 242,000,000 төгрөг өгсөн байна.

Зээлийн шимтгэлд 2,500,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сар хүртэл 48,000,000 төгрөгийн хүү, 2014 оны 10 дугаар сард бэлэн 15,000,000 төгрөг, байр 35,000,000 төгрөг, нийт 50 сая төгрөгийн үндсэн зээл төлсөн. 2014 оны 10 сараас 2015 оны 11 сар хүртэл нийтдээ 14 сарын хүү 56 сая төгрөг төлсөн. 2016 оны хүү 16 сая төгрөг, Ланд 200 автомашин 70,000,000 төгрөгөд тооцож тус тус төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 157 дугаар зүйлийн 157.1.5-д тус тус заасныг баримтлан Тэнгэрийн цагаан дэглий ББСБ-ын хариуцагч Т.Т-аас нийт 68,423,388 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Тэнгэрийн цагаан дэглий” ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500,067 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 30,608 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Тэнгэрийн цагаан дэглий” ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Тэнгэрийн цагаан дэглий” ББСБ-аас давж заалдсан гомдолдоо:

         Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй. Хариуцагч Т.Т- нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгаж, зээлийн хүүг 2 хувь болгож өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийг үндэслэж 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2016-06-29-нөөс 2017-06-29-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай сунгаж, зээлийн нэг сарын хүү 4 хувь байсныг 2 хувийн хүү тооцож авахаар харилцан тохиролцсон. Хариуцагчаас  үндсэн зээлд 100.000.000 төгрөг, 2016.06.29-нөөс 2016.12.29-ний өдрийг хүртэл 6 сарын хүү 12.000.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.400.000 төгрөг, нийт 114.400.000 төгрөг, 14-14 ДАР улсын дугаартай автомашинд шинээр тавьсан сэлбэг, зардал хохиролд 2.600.000 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 1.423.388 төгрөг, нийт 68.423.388 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд  “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг ноцтой зөрчсөн. Нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь 2016 оны 01  дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ хангалттай нотлогдож байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч ”Тэнгэрийн цагаан дэглий” ББСБ нь  Т.Т-аас зээл, зээлийн хүү болон барьцааны зүйл болох машинд хийсэн засварын зардал зэрэгт нийт 68.423.338 төгрөг нэхэмжилжээ. 

Нэхэмжлэгчид зээлийн гэрээнээс үүдэлтэй шаардах эрх байхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хэрэгт 2016 оны  1 дүгээр  сарын 12-ны өдөр талуудын бичгээр байгуулсан зээлийн болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байх боловч уг гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг шилжүүлээгүй байх тул  Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зааснаар  зээлийн харилцаа үүсээгүй байна.

Өөрөөр хэлбэл энэ гэрээний дагуу зээлдэгч Т.Т-ийн дансанд мөнгө шилжиж ороогүй байна.

          Нэхэмжлэгч тал хариуцагч Т.Т- өмнө нь Д.Батцэнгэлтэй зээлийн гэрээний харилцаатай байсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн төлөгдөөгүй үнийн дүн болох 100.000.000  сая төгрөгийн үлдэгдлийг төлөх ёстой байсан, энэ гэрээний шаардах эрхийг “Тэнгэрийн цагаан дэглий” ББСБ-д хүчин төгөлдөр хэлцлээр шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

          Гэвч дээрх тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хэдийгээр хариуцагч нь Д.Батцэнгэлээс удаа дараа зээл авч зээлийн гэрээг   сунгаж байсан талаар тайлбарладаг боловч хэрэгт шаардах эрх нь шилжиж байгаа гэрээний агуулга, гэрээний хугацаа, хүү тохиролцсон байдал болон барьцааны гэрээг хийсэн баримтууд авагдаагүй байна.

           Шаардах эрх шилжих агуулга нь  хүчин төгөлдөр гэрээнээс үүдэлтэй шаардах эрх болон уг гэрээний дагуу хүлээх үүрэг шилжсэн байхыг хэлэх бөгөөд ийнхүү шилжихдээ ямар эрхийг шилжүүлж байгаа нь тодорхой байх бөгөөд шаардах эрхийг шилжүүлэн авч байгаа этгээд нь эрх шилжүүлэн авахаас өмнө байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авна гэсэн эрх зүйн ойлголт байна.

          Гэтэл хэрэгт эрх хүлээн авсан  гэх этгээд шинээр  гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээнээс нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсээгүй байна.

          Хэргийн агуулгаас, Д.Батцэнгэлийн иргэний хувьд Т.Т-тай байгуулсан зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлж байна гэж ойлгогдохоор байгаа боловч  хэрэгт авагдсан шаардах эрх шилжүүлэх гэрээнд 2016 оны 01 дүгээр  сарын 12-нд  “Тэнгэрийн цагаан дэглий” ББСБ болон Т.Т-  нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний бүх шаардах эрхийг шилжүүлсэн гэжээ.

          Шаардах эрх шилжүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх боломжгүй байна.

          Хэрэгт авагдсан баримтаар  2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр  байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг /хх-107 хуудас/ иргэн Д.Батцэнгэл хуулийн этгээдэд шилжүүлсэн  болох нь тогтоогдож байна. 

          Иргэний хуульд зааснаар хэлцэл нь иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор илэрхийлсэн иргэн  хуулийн этгээдийн үйлдэл байх бөгөөд энэ хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.  Энэ утгаараа Д.Батцэнгэлийн шаардах эрхийг шилжүүлсэн гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй  юм.

          Нэхэмжлэгч зээлийн гэрээ болон  үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргасан  бөгөөд  талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн. Үндсэн гэрээний үүрэг үүсээгүй учир барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм. Иймд энэ талаар  хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

          Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүй байгаагаас гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаан гаргасан өр шилжих тухай хууль зүйн ойлголтыг тухайн маргаантай харилцаанд хэрэглэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

          Иймд давж заалдах гомдлыг  хангаагүй учир  нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж Төрийн сангийн орлогод хэвээр үлдэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 198 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500.067 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.АМАРСАНАА           

                                                ШҮҮГЧИД                                          С.ЭНХЖАРГАЛ                                          

                                                                                                           О.НАРАНГЭРЭЛ