Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 62

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00060/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 271 дугаар шийдвэртэй,  

            Нэхэмжлэгч Олхонууд овогтой Базарын О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Боржигон овогтой Б-ын Б-од холбогдох

            “Зээлийн төлбөрт 650.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

            Нэхэмжлэгч Б.О-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Б.О-ээс:

            2014 онд Б.Б- надаас 240.000 төгрөг зээлсэн. Тухайн үед мөнгө авахдаа 1 сарын хугацаатай авсан гээд цаасан дээр бичиж өгсөн боловч би цаасыг алга болгосон. Б.Б-оос үндсэн мөнгө 240.000 төгрөг, 3 сарын хүү 78.000 төгрөг, нийт 318.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж хамт гаргуулж авах хүсэлттэй байна. Өөрөөр хэлбэл анх 650.000 төгрөг нэхэмжилсэнээ багасгаж 318000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Б-оос:

Би Б.О-ээс 240.000 төгрөг авсан нь үнэн боловч хүү тохироогүй. Иймд авсан 240.000 төгрөгөө хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар гаргажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 271 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-оос 240.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдэж, хариуцагч Б.Б-оос тэмдэгтийн хураамж 7.850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.О-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.О- давж заалдсан гомдолдоо:

            Би 2014 онд Б.Б-од 240.000 төгрөг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. Б.Б- нь элдэв шалтаг тооцож мөнгийг одоо болтол өгөхгүй байгаа. Би Б.Б-ын нөхцөл байдлыг нь харгалзан үзсэн. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжаас 20.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.О- нь хариуцагч Б.Б-од холбогдуулж 650.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасган 318.000 төгрөг болгожээ.

Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлагаас 240.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 410.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 240.000 төгрөгийг хангаж, хариуцагч Б.Б-оос гаргуулж, нэхэмжлэгч Б.О-д олгож, үлдэх 78.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар  талуудын хооронд хүү тохиролцсон гэрээг бичгээр хийгээгүй тул нэхэмжлэгч хүү авах эрхээ алдсан тул хариуцагч Б.Б-ын хүлээн зөвшөөрсөн 240.000 төгрөгөөс хүү тооцож гаргуулах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Б.О-ийн гаргасан давж заалдсан гомдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн анхны дүнгээр буцаан авахыг хүссэн буюу шүүх хангасан дүнгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулсныг зөвшөөрөхгүй гэсэн ба хангагдаагүй нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч талд буцаан олгох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хүү гаргуулахаар шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээний алдаа гаргасан тул шийдвэрт энэ алдааг залруулж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 271 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         О.НАРАНГЭРЭЛ 

                                       ШҮҮГЧИД                                                        Л.АМАРСАНАА

                                                                                                                С.ОЮУНЦЭЦЭГ