Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0406

 

 

Т.М-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Т.М-, түүний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Нэхэмжлэгч Т.М-

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Ж

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч К.И

Гуравдагч этгээд  Г.С

Нэхэмжлэлийн шаардлага: “Алтай сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулсан ажлын хэсгийн санал хураалтын дүнг, мөн Алтай сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Г.С-ийг Алтай сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.М-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчийн өмгөөлөгч А.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 110/2022/0011/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.М- нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч болон Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч холбогдуулан “Алтай сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулсан ажлын хэсгийн санал хураалтын дүнг, мөн Алтай сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Г.С-ийг Алтай сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр:

2.1. “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 56 дугаар зүйлийн 56.5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.М-гаас Алтай сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал болон Алтай сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч К.Исламбект холбогдуулан гаргасан Алтай сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулсан ажлын хэсгийн санал хураалтын дүнг болон мөн Алтай сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Г.С-ийг Алтай сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож… шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Т.М-, түүний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-д нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүх нь Т.М-н нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн Хурал, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч К.И-т холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байнa.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Харин багийн бага эмч Б.Март, ажлын Хэсгийн гишүүн А.С нарын бүртгэлийг хариуцагчаас "...санал өгсөн хүмүүсийн бүртгэлтэй тохирч байгаа" гэж нотлох баримтаар ирүүлсэн боловч үүнийг санал өгсөн хүмүүсийн бүртгэл гэж шууд дүгнэх боломжгүй, энэ бүртгэл нь санал өгөхөөр ирж халуунаа хэмжүүлж бүртгүүлсэн боловч тухайн багийн оршин суугч байх, 18 нас хүрсэн байх хуульд заасан шаардлагын аль нэгийг хангаагүй үндэслэлээр саналаа өгөөгүй байх хуульд заасан шаардлагын аль нэгийг хангаагүй үндэслэлээр саналаа өгөөгүй байх боломжтой тул энэ бүртгэлийн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан "Тухайн бүртгэлд С, Ч.Б гэгч иргэд бүртгэгдсэн байх ба тус багт тийм нэртэй хүмүүс байхгүй, Баатар гэгч 3 хүн бүртгэгдсэн, уг багт М.Б, Н.Б оршин суудаг ба өөр Б гэгч байхгуй, дээрхи 2 Б-ын аль нэг нь 2 удаа санал өгсөн. Уг бүртгэлийн 364, 367, 371, 373 дах мөрөнд 4 иргэний дармал нэр бичигдэх хэсэг нь цагаан мөртлөө санал өгсөн мэтээр бичмэл гарын үсэг зурсан, 16 иргэний нэрийг хариуцагч К.Ибичсэн зөрчлүүд байна, хууль ёсны дагуу явагдаагүй, эдгээр зөрчлүүд нь санал хураалтын дүнд нөлөөлнө" гэж маргасан үндэслэл нь санал хураалтын үр дүнд нөлөөлөхгүй юм" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүхийн энэхүү дүгнэлт нь хариуцагчаас тус шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн тайлбарт "Ингээд санал хураалтын ажиллагаа явагдах үед сумын баг эмчээс халдвар хамгаалалтын дэглэм сахиулж санал өгөхөөр ирсэн иргэдийн биеийн халууныг хэмжиж, тэмдэглэл хөтөлсөн. Уг эмчийн тэмдэглэлд бүртгэгдсэн иргэдийн тоо нэрсийн жагсаалтад байгаа санал өгсөн иргэдийн тоотой тохирч байгаа болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн Нэхэмжлэлд дурдсан "будлиантуулсан” гэх асуудал байхгүй болно" гэсэнтэй зөрчилдөж байна.

3.3. Анхан шатны шүүх хариуцагчаас ирүүлсэн тус сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажлын хэсгийн гишүүн А.С, ажлын хэсгийн ахлагч К.И нарын хөтөлсөн 9 хуудас бүхий жагсаалтыг нотлох баримтаар үнэлээгүй асуудалд гомдолтой байна. Хариуцагчаас гаргаж өгсөн хоёр төрлийн жагсаалтад нийт 405 иргэн санал өгснөөр тэмдэглэгдсэн боловч нэрсийн жагсаалтад байгаа зарим хүмүүсийн нэрс нь давхардсан учраас хариуцагчийн тайлбарт дурдсан яг 405 иргэн бодитой санал өгсөн эсэх нь эргэлзээтэй байна. Санал хураалтын ажиллагаанд халууныг хэмжсэн гэх маргааныг хариуцагч жагсаалт биечлэн оролцсон тус багийн иргэдийн гэх тухайн маргаанд шууд хамааралтай, нь шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж тал гаргаж өгсөн учраас уг жагсаалтыг шүүх нотлох баримтаар заавал үнэлэх ёстой гэж үзэж байна. Учир нь уг жагсаалтын эхний 6 иргэнийг тус багийн хүний бага эмч Б.Март бичсэн ба бусад нэрсийг ажлын хэсгийн ахлагч К.И, ажлын хэсгийн гишүүн А.С нар хөтлөн бичсэн нь нотлогдсон юм. Ажлын хэсгийн ахлагч К.И, ажлын хэсгийн гишүүн А.С нар нь тус багийн иргэдийн халууныг хэмжих үүрэг бүхий этгээд биш учраас уг 9 хуудас жагсаалтыг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлэх ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүх дараахь нөхцөл байдалд хууль зүйн хувьд дүгнэлт өгөх ёстой гэж үзэж байна.

3.4. Тус багт харьялалтай Б.Ц, Д.Б нар нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаанд биечлэн оролцож санал өгсөн боловч 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Алтай сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаанд биечлэн оролцож санал өгсөн буюу давхардаж санал өгсөн байна. Энэ нь хариуцагчаас гаргаж өгсөн Алтай сумын 4 багийн Засаг даргыг сонгох ажиллагаанд оролцсон иргэдийн нэрсийн жагсаалтаар нотлогдож байна. Нэг суманд амьдарч байгаа иргэн хоёр багийн 3acar даргад нэр дэвшүүлэх ажиллагаанд зэрэг оролцож болохгүй гэж үзэж байна

3.4. Тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаанд 2006 онд нас барсан гэх Гилжээгийн Төмөрбат гэдэг хүн санал өгснөөр тэмдэглэгдсэн боловч Г.Төмөрбаатар 2006 онд нас барсан нь улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар нотлогдсон.

3.5. Хариуцагчаас гаргаж өгсөн гар бичмэл гэх жагсаалтын 3 дахь хуудасны 3-т болон тус багийн хүний бага эмч Б.М, ажлын хэсгийн ахлагч К.И, ажлын хэсгийн гишүүн А.С нарын бичсэн гэх жагсаалтын 307-т Самат гэдэг хүн санал өгснөөр бичигдсэн байна. Гэтэл тус багт Самат гэдэг хүн бүртгэлгүй болох нь хариуцагчаас гаргаж өгсөн Алтай сумын 5 дугаар багийн 18-аас дээш насны иргэдийн нэрсийн жагсаалтанд Самат гэдэг хүний нэр байхгүй байгаагаар нотлогдож байна.

3.6. Тус багийн хүний бага эмч Б.М, ажлын хэсгийн ахлагч К.И, гишүүн А.С нарын бичсэн гэх гар бичмэл 9 хуудастай жагсаалтын 207, 321, 351 нарт Б гэсэн 3 иргэн санал өгсөн байдал тэмдэглэгдсэн байна. Гэтэл тус багт М.Б, Н.Б гэдэг 2 иргэн оршин суудаг ба өөр Баатар нэртэй хүн байхгүй гэж нэхэмжлэгч тайлбар гаргасан. Гэтэл тус багийн иргэдийн үндсэн жагсаалтын 6-р хуудасны 41-д Н.Б, гар бичмэлийн  1 дэхь хуудасны 2 дахь хуудасны 16-д Баатар гэж тэмдэглэл хийгдсэн байгаа ба харин өөр Баатар гэдэг 3 дахь иргэн санал өгсөн эргэлзээтэй байна. Энэ нь Баатар гэдэг 2 хүний аль нэгэн давхар санал өгсөн болохыг нотлогдож байна.

3.7. Тус багийн хүний бага эмч Б.М, ажлын хэсгийн гишүүн С, ажлын хэсгийн ахлагч К.И нарын бичсэн гэх бичмэл 9 хуудастай жагсаалтын 242-т Баянчимэг гэдэг хүн санал өгсөнөөр тэмдэглэл хийгджээ. Харин тус багт Ч.Б гэдэг хүн байдаг ба тэрээр уг жагсаалтын 357-д санал өгсөн байдал нь тэмдэглэгдсэн байна. Түүнчлэн тус багийн байнгын оршин суудаг иргэдийн жагсаалтын 4 дэхь хуудасны 6-д Ч.Б санал өгснөөр тэмдэглэгджээ. Ингэхээр Б гэдэг хүн тус багт оршин суудаггүй ба түүнийг санал өгсөнөөр тэмдэглэгдсэн байдал.

3.8. Тус багийн хүний бага эмч Б.М, ажлын хэсгийн гишүүн А.С нарын бичсэн гэх 9 хуудас жагсаалтад нийт 405 иргэн санал өгснөөр тэмдэглэл хийгджээ. Гэтэл уг жагсаалтын 8 дахь хуудасны 364, 367, 371, 373 дахь мөрөнд 4 иргэний дармал нэр бичигдэх хэсэг нь цагаан мөртлөө, тэд санал өгсөн мэтээр бичмэл гарын үсэг зуржээ. Түүнчлэн уг жагсаалтын 299-303 хүртэлх 359 иас 377 хүртэлх нийт 16 иргэний нэрийг бичээгүй мөртлөө тэдний бичмэл гарын үсгийг бичүүлсэн бас л эргэлзээтэй байна. Уг жагсаалтын хэсгийг ажлын хэсгийн ахлагч К.И бичсэн ба тэрээр уг асуудлын талаар шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргаж чадаагүй байдал.

3.9. Анхан шатны шүүх тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаанд Ж.М, Ц.Н, Г.О, Б.Н, Г.Б, Б.Г, С.Н нарын 7 иргэн хууль ёсны дагуу санал өгсөн нь эргэлзээтэй гэж дүгнэлт хийсэн мөртлөө, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбарт дурдсан нас барсан гэх иргэн Г.Т, өөр багийн иргэн Б, тус багт огт оршин суудаггүй С, давхардаж санал өгсөн иргэн Б, өөр багт санал өгсөн Д.Б, Б.Ц нарын 6 иргэний зөрчилтэй саналыг үнэлээгүй явдалд гомдолтой байна. Ингээд тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаанд шүүхээс хүчингүйд тооцсон Ж.М нарын 7 иргэн, шүүхээс хүчингүйд тооцох шаардлагатай байсан боловч хүчингүйд тооцоогүй 6 иргэний санал нийт 13 иргэний санал зөрчилдөөнтэй байсан нь тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайлбал хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: "Алтай сумын 5-р багийн Засаг даргыг сонгон санал хураалтын ажиллагаа 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан тус багийн санал өгвөл зохих нийт 526 иргэдээс 406 иргэд санал өгсөн, ажлын хэсгээс саналын хуудсыг тоолоход хүчингүй саналын хуудас 11, хүчинтэй саналын хуудас 395 байсан бөгөөд үүнээс нэр дэвшигч Т.М-н төлөө 192, Г.С-ий төлөө 203 санал тус тус өгсөн байсныг ажлын хэсэг санал нэгтэйгээр баталгаажуулж, сумын засаг даргад танилцуулсан. тухайн үед нэгэн зөрчил маргаан гараагүй” гэжээ. Гэтэл тус багийн засаг даргыг сонгон санал хураалт 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр явагдсан, хураалтын жагсаалтад нийт 405 иргэн санал өгсөн байдлаар тэмдэглэгдсэн санал хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, Г.С-э нийт 203 иргэний санал авахад зөрчилтэй 13 иргэний саналыг хасахад 190 иргэний санал авч болзошгүй байдал, Т.М- 192 хүний санал авлаа гэхэд 13 хүний саналыг нэмж тооцоход 205 иргэний санал авч болзошгүй нөхцөл байдал байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

3.10. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгч Д.Болормаагаас гаргаж өгсөн гэх “Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн \Бор бургас\ 18-аас дээш насны иргэдийн жагсаалтын “Жагсаалт үйлдсэн: улсын бүртгэгч Д.Б" гэсэн хэсэгт улсын бүртгэгч Д.Болормаа бичмэл гарын үсгээ зураагүй, тэмдэг дарж баталгаажуулагүй байгаа нь уг бичмэл нотлох баримт хууль ёсны баримт эсэх нь эргэлзээтэй байна. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчаас гаргаж өгсөн уг эргэлзээтэй бичгийн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хууль ёсны зарчимтай нийцэхгүй байна” гэж үзэж байна.

3.11. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Т.М-г "Баян-Өлгий аймгийн Алтай сумын дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулсан ажлын хэсгийн санал хураалтын дүнг болон Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн "Г.С-ийг Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоол"-ыг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангалгүй орхив.

3.1. Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар баг иргэдийн Нийтийн хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж олонхийн саналыг гуравдагч этгээд Г.С-э авсан тул Алтай сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоол гаргасныг тухайн санал хураалтад нэр дэвшигч Т.М- эс зөвшөөрч “Алтай сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулсан ажлын хэсгийн санал хураалтын дүнг, мөн Алтай сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Г.С-ийг Алтай сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гарган маргаж байна.

3.2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-д “Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах буюу огцрох тухай хүсэлтийг нь хэлэлцэх тохиолдолд аймгийн төвийнхөөс бусад сумын багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно” гэж зааснаар багийн Засаг даргыг дэвшүүлэх хуралдаанд тухайн багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол тухайн хурлын тогтоол хүчинтэй бөгөөд Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар баг нь 526 иргэн бүртгэл харьяалалтай бөгөөд энэ тохиолдолд 388 иргэн санал өгсөн нь хангалттай нийт өрхийн 50-иас доошгүй хувь оролцсон тул хүчинтэй гэж үзэхээр байна.

3.3. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэж зааснаар нэр дэвшигч нараас нийт оролцогчдын олонхийн санал авсан иргэнийг томилуулахаар санал болгоно.

3.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл багийн Засаг даргад нэр дэвшин өрсөлдсөн, нийт 406 иргэн санал өгсөн, үүнээс нэхэмжлэгчид 192, гуравдагч этгээдэд 203 иргэн тус тус санал өгсөн, 11 саналын хуудас хүчингүй болсон нь хэрэгт авагдсан тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.

3.4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо тус багт харьялалтай Б.Ц, Д.Бнар нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаанд биечлэн оролцож санал өгсөн боловч 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Алтай сумын 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаанд биечлэн оролцсон гэж тайлбарлаж байх боловч эдгээр иргэд нь улсын бүртгэлийн мэдээллийн сангийн 2228301001003, 228301001004 дугаартай лавлагаагаар тухайн багийн оршин суугчид байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй” гэж зааснаар 5 дугаар багийн хуралдаанд оролцох эрхтэй. Харин дээрх иргэд 5 дугаар багийн хуралдаанд оролцсоныг буруутгах боломгүй бөгөөд харин өөр багийн хуралд орсон нь уг хэргийн маргааны үндэслэлд хамааралгүй.

3.5. Мөн санал өгөхөөр ирсэн иргэдийн халууныг хэмжих үед гараар бүртгэсэн 9 хуудас бүхий бүртгэлийн 1 дүгээр хуудасны 43 дах мөрд Төмөрбат нэртэй иргэн гарын үсэг зурсан боловч тус иргэн 2006 онд нас барсан болох нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар ирүүлсэн 228301001598 дугаартай лавлагаагаар тогтоогдож байгаа боловч түүний хүү Төмөрбатын Бат-Эрдэнэ шүүхэд өгсөн тайлбартаа анзааралгүй гарын үсэг зурсан буюу өөрийн нэрийн өмнөөс оролцохдоо овгын ард гарын үсэг зурсан гэдэг нь тогтоогдож байх тул түүний саналыг хүчингүй болгох боломжгүй.

3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж хэрэг маргааныг шийдвэрлэнэ. Анхан шатны шүүх “...санал өгсөн 406 иргэнийг бүртгэсэн ажлын хэсгийн бүртгэл нь маргаан бүхий үйл баримтуудыг тогтоох гол нотлох баримт ... тул шүүх энэ жагсаалтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт хийсэн болно... Харин багийн бага эмч Б.М, ажлын хэсгийн гишүүн А.С нарын үйлдсэн бүртгэлийг ... санал өгсөн хүмүүсийн бүртгэл гэж шууд дүгнэх боломжгүй...” хэмээн нотлох баримтыг харьцуулсны үндсэн дээр дүгнэлт хийсэн байхад шүүх нотлох баримтыг үнэлээгүй гэж үзсэн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хэрэгт улсын бүртгэгч Д.Б-ийн бэлтгэсэн 5 дугаар багийн 18-аас дээш насны иргэдийн жагсаалт бүхий иргэдийн нэрс, болон бусад ажлын хэсгийн бүртгэл, хуралдааны тэмдэглэл зэргээр хэргийг хянах боломжтой бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

3.7. Нөгөөтэйгүүр багийн хүний бага эмч Б.М, ажлын хэсгийн гишүүн А.С, ажлын хэсгийн ахлагч К.И нарын бичсэн гэх бичмэл 9 хуудастай жагсаалтыг шүүх нотлогдох боломжгүй гэж үзсэн тул нэхэмжлэгчээс Б, Б нар давхардаж, С гэх бүртгэлгүй бүртгүүлсэн, 16 иргэний нэрийг бичээгүй мөртлөө тэдний бичмэл гарын үсгийг бичүүлсэн гэх тайлбарыг хүлээн аваагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

3.8. Ийнхүү тус хуралдаанд 5 дугаар багийн 526 иргэнээс 406 иргэн оролцож үүнээс хүчингүйд тооцсон 11, шүүхээс хүчингүйд тооцсон 7 саналыг хуудсыг хасвал 388 хүчинтэй санал болох ба гуравдагч этгээд 203 санал авч тоологдсоноос дээрх 7 саналыг бүгд Г.С-эд өгсөн гэж үзэн хасвал 196 болох ба энэ нь нэхэмжлэгчийн авсан нэхэмжлэгч нь 192 саналаас их байна.

3.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...Т.М- 192 хүний санал авлаа гэхэд 13 хүний саналыг нэмж тооцоход 205 иргэний санал авч болзошгүй нөхцөл байдал байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй...” хэмээн нэхэмжлэгч нь гуравдагч этгээд Г.С-ээс илүү санал авах боломжтой талаар тайлбарлаж байх боловч энэхүү шүүхийн дүгнэлтүүдээр хүчингүйд тооцсон саналын хуудаснууд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын авсан саналаас хасаж тоологдох тул аль нэгэнд нэмэгдэж тоологдох ямар ч боломжгүй бөгөөд хүчингүйд тооцсон саналын хуудас бүгд гуравдагч этгээдийн саналын хуудас байсан гэж тооцож, хасагдах нөхцөл байдал хангалттай нотлогдохгүй байна.

3.10. Мөн давж заалдах гомдолд улсын бүртгэгчийн бэлтгэсэн нэрсийн жагсаалтад улсын бүртгэгч гарын үсэг зураагүй тул нотлох баримтаар үнэлэхгүй хэмээн маргаж боловч 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүхээс Д.Болормааг гэрчээр асуусан тэмдэглэлд тухайн бүртгэл нь хуурамч талаар мэдүүлэг өгөөгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална.” гэж зааснаар маргаан бүхий хуралдааныг тухайн бүртгэлийн дагуу бүртгэж, шалган явуулсан учир гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.М-, түүний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА