Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 110/ШШ2022/0019

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Т.М,

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С

              Хариуцагч: А сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Ж.Б,

              Хариуцагч:  Асумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч К.И,

              Гуравдагч этгээд: Г.С  нарын хоорондын  багийн Засаг даргыг сонгох асуудалтай холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагч К.И, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, гуравдагч этгээд Г.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Ахмарал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1. Нэхэмжлэгч Т.М нь А сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч болон тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчид холбогдуулан “А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулсан ажлын хэсгийн санал хураалтын дүнг, мөн  А сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Г.С  А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн” тогтоолыг тус тус хүчингүй болгуулах“-аар маргаж байна.

            2. Нэхэмжлэгч А сумын 5 дугаар багийн Засаг даргыг сонгох санал хураалтын дүнг болон 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаас гаргасан  багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн  шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            1/ 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаа 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус багийн төвд явагдсан ба хурлын үед тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад Ч.Т, Б.Ч , Ж.Б нар нууц санал хураалтаар өрсөлдөж, Ж.Б олонхын санал авч тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон.

            2/ Дараа нь тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаа явагдсан бөгөөд санал хураалтад тус багийн Засаг даргаар ажиллаж буй Т.М би, иргэн Г.С нар нэрээ дэвшүүлсэн юм. Тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаанд багийн 405 иргэн оролцож, Т.М би 192 хүний саналыг, Г.С 203 иргэний саналыг авсан ба 11 саналын хуудас хүчингүй болсон.

            3/ Миний ажиглагчаар суусан Б.Б дэвтрээс санал хураалтад оролцсон иргэдийн нэрсийг нягталж үзэхэд, 4 дүгээр багийн иргэд Д.Болормаа, Б.Ц , Б.Э , Ховд аймгийн харьяалал УИХ-ын сонгуулийн үед Баян-Өлгий аймгаас Ховд аймагт шилжсэн Ж.М , Ц.Н, Г.О нар санал өгсөн байлаа. Тэд бүгд Г.С хамаатан хүмүүс юм. Т.М би сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгч Д.Б, халамжийн байцаагч С.Т нар нь тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагааг будилаантуулсан гэсэн утгатай гомдлыг 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр сумын Засаг даргад гаргасан.

4/ Дараа нь уг багийн санал хураалтын хуудас буюу дүнгийн бичиг баримтууд нь тус сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн, А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Х.Өмирбект байсныг түүний албаны өрөөнөөс дахин танилцаж, Х.Ө бид хоёр уг саналын хуудаснуудыг дахин үзэхэд Т.М миний хүчинтэй саналын хуудасны тоо 197, Г.С авсан хуудас нь 203 гарсан ба нийт хүчинтэй саналын хуудас 400 гарсан юм.

            5/ Уг санал хураалтад анх 405 иргэн оролцсон гэж дүнг танилцуулснаас 410 саналын хуудас гарч, өөрөөр хэлбэл илүү 5 саналын хуудас гарсан байна. Үүнээс үзэхэд,  саналын хуудас анхны тоолсон саналын хуудаснаас 5 саналын хуудсаар илүү гарсан учир уг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажлыг будилаантуулсан гэсэн хардлага надад төрсөн юм. Энэхүү нөхцөл байдлыг би тэр дор нь сумын Засаг даргад мэдэгдсэн ба энэ хооронд ажлын хэсгийнхэн санал хураалт явуулсан нэрсийн жагсалт болон холбогдох бусад бичиг баримтуудыг алга хийсэн ба үүнийг өнгөрсөн 1 дэх өдөр олсон гэж сонссон.

            6/ Ш.С  Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоол гаргасныг сумын Засаг даргад уламжилсан. Гэтэл сумын Засаг дарга миний гаргасан гомдлыг үндэслэн уг багт явагдсан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал маргаантай учраас одоогоор уг тогтоолыг хараахан батлаагүй байна.

            7/ Т.М миний бодлоор тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа нь хуулийн дагуу зөв явагдаагүй, төрийн албан хаагч буюу улсын бүртгэгч д.Б , хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байцаагч С.М нар нь санал хураалтын ажиллагааг будилаантуулсан, зарим иргэд сумын төвд нэг, тус багт нэг хоёр удаа санал өгсөн, өөр баг, өөр аймгийн иргэдийг сумын халамжийн байцаагч С.М зохион байгуулсан санал хураалтад оролцуулсан, миний хүчинтэй саналын хуудасны тоог зориуд  бууруулж гаргасан, анх зарласнаас сүүлд илүү саналын хуудас гарч байсан зэрэг асуудал гарч байгаад нь гомдолтой байна гэжээ.

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч Т.М н А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан ажлын хэсгийн санал хураалтын дүнг болон Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Г.С А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дараах хууль зүйн үндэслэлээр хангаж өгөхийг хүсье.

            1/ А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаа 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус багийн төвд явагдсан. Тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаа нууц санал хураалтаар явагдаж, тус багийн 405 иргэн оролцож Т.М нь 192 иргэний саналыг, Г.С 203 иргэний саналыг авсан, хүчингүй 11 саналын хуудас гарсан. Ингээд хариуцагчаас уг санал хураалтад бүгд 406 иргэн оролцсон гэсэн байна.

            2/ Тус багт харьяалагдахгүй өөр аймаг буюу Ховд аймгийн Жаргалант суманд харьяалалтай Ж.И, Ц.Н, Г.О нар санал өгсөн байдаг. Энэ нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хаягийн бүртгэлийн лавлагаагаар, тус багт харьяалтай боловч Б.Н санал өгснөөр тэмдэглэгдсэн нь түүний аав Батхүүгийн мэдүүлгээр, тус багт харьяалалтай Б.Ц, Д.Б нар нь 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр санал өгсөн боловч А сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох ажиллагаанд 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр санал өгсөн буюу давхардаж санал өгсөн гэдэг нь А сумын 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох ажиллагаанд оролцсон иргэдийн нэрсийн жагсаалтаар, 2006 онд нас барсан гэх Г.Т гэдэг хүн санал өгснөөр тэмдэглэгдсэн боловч Г.Т 2006 онд нас барсан гэдэг нь улсын бүртгэлийн хэлтсийн лавлаагаар тус тус тогтоогдож байгаа.

            3/ Хариуцагчаас гаргаж өгсөн гэх А сумын 5 дугаар багийн  18-аас дээш насны иргэдийн жагсаалтын 2 дугаар хуудасны 10 дахь мөрөнд Г.Б /РД:/ гарч бичмэлээр бичсэн жагсаалтын 19 дэх мөрөнд мөн Б гэж тэмдэглэгдсэн, компьютероор бичсэн гэх  жагсаалтын 3 дугаар хуудасны 26 дахь мөрөнд С.Н /РД: /, 9 дүгээр хуудасны 11 дэх С.Н  гэж тус тус хоёр удаа тэмдэглэгдсэн байна. Ингэхээр тус багт Б.Н  нэртэй өөр хүн байхгүй ба энэ 2 иргэн давхардаж санал өгсөн нь хариуцагчаас гаргаж өгсөн компьютерээр бичсэн жагсаалтад тусгагдсан байна.

            4/ Мөн тус багт Г нэртэй 3 хүн оршин суудаг байдаг ба үүнээс Д.Г / компьютерээр бичсэн гэх жагсаалтын 1-р хуудасны 43-т/, Б.Г / компьютероор бичсэн гэх жагсаалтын 9 дүгээр хуудасны 2 дахь мөрөнд/, нар санал өгсөн байдлаар тэмдэглэгдсэн боловч гар бичмэлийн  3 дугаар хуудасны 10-т Г гэдэг хүн дахин санал өгснөөр тэмдэглэгдсэн байна. Ингээд тус багт байдаг Г  нэртэй 3 хүн санал өгснөөр тэмдэглэгдсэн  боловч Өлгий суманд түр оршин сууж буй Б.Г санал өгөөгүй байна. Д.Г хоёр удаа санал өгсөн байна гэж үзэж байна. Энэ нь компьютерээр бичсэн жагсаалтын 1 дүгээр хуудасны 43-т, гар бичмэлийн 3-р хуудасны 12-т Г-д гэж тэмдэглэгдсэн байгаагаар нотлогдож байна.

Учир нь, уг жагсаалтуудад байгаа хоёр Г  бичмэл гарын үсгийг нэг хүн зурсан байдалтай байна. 

            5/ Хариуцагчаас гаргаж өгсөн гар бичмэл гэх жагсаалтын 3 дахь хуудасны 3-т болон тус багийн хүний бага эмч Б.М, ажлын хэсгийн гишүүн А.С нарын бичсэн гэх жагсаалтын 307-т С гэдэг хүн санал өгснөөр бичигдсэн байна. Тус багт С гэдэг хүн бүртгэлгүй болох нь  хариуцагчаас гаргаж өгсөн А сумын 5 дугаар багийн 18-аас дээш насны иргэдийн нэрсийн жагсаалтаар тогтоогдож байгаа, өөрөөр хэлбэл С  гэдэг хүний нэр уг жагсаалтад байхгүй.

6/ Мөн гар бичмэл бүхий 9 хуудастай жагсаалтын 207, 321, 351 дугаартай Б гэсэн 3 иргэн санал өгсөн байдал тэмдэглэгдсэн байна.  Гэтэл тус багт М.Б, Н.Б гэдэг 2 иргэн оршин суудаг ба өөр Б нэртэй хүн байхгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа.  Тус багийн иргэдийн нэрсийн үндсэн жагсаалтын 6-р хуудасны 41-т Н.Б , гарч бичмэлийн 1 дэх хуудасны 2 дахь хуудасны 16-т Б гэж тэмдэглэл хийгдсэн байгаа. Харин өөр Б гэдэг 2 хүний аль нэгэн давхар санал өгсөн болохыг харуулж байна. Гар бичмэл  жагсаалтын 242-т Баянчимэг гэдэг хүн санал өгснөөр тэмдэглэл хийгджээ. Харин тус багт Ч.Б гэдэг хүн байдаг ба тэрээр уг жагсаалтын 357-т санал өгсөн байдал нь тэмдэглэгдсэн байна. Түүнчлэн, тус багийн байнгын оршин суудаг иргэдийн жагсаалтын 4 дэх хуудасны 6-т Ч.Б санал өгснөөр тэмдэглэгджээ. Ингэхээр Б гэдэг хүн тус багт оршин суудаггүй ба түүнийг санал өгснөөр тэмдэглэгдсэн байна.

            7/ Б.М, А.С нарын бичсэн гэх 9 хуудас жагсаалтад нийт 405 иргэн санал өгснөөр тэмдэглэл хийгдсэн. Гэтэл уг жагсаалтын 8 дахь хуудасны 364, 367, 371, 373 дахь мөрөнд 4 иргэний дармал нэр бичигдэх хэсэг нь цагаан мөртлөө тэд санал өгсөн мэтээр бичмэл гарын үсэг зуржээ. Түүнчлэн уг жагсаалтын 299-303 хүртэлх 359-377 хүртэлх нийт 16 иргэний нэрийг К.И бичсэн гэх зөрчлүүд байна.

            8/ Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...А сумын 5 дугаар багийн Засаг даргыг сонгох санал хураалтын ажиллагаа 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан тус багийн санал өгвөл зохих нийт 526 иргэдээс 406 иргэн санал өгсөн, ажлын хэсгээс саналын хуудсыг  тоолоход хүчингүй саналын хуудас 11, хүчинтэй саналын хуудас 395 байсан бөгөөд үүнээс нэр дэвшигч Т.М н төлөө 192, Г.С төлөө 203 санал тус тус өгсөн байсныг ажлын хэсэг санал нэгтэйгээр баталгаажуулж, сумын Засаг даргад танилцуулсан ба тухайн үед ямар нэгэн зөрчил маргаан гараагүй” гэжээ.

9/  Гэтэл тус багийн Засаг даргыг сонгох санал хураалт 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр явагдсан, санал хураалтын жагсаалтад нийт 405 иргэн санал өгсөн байдлаар тэмдэглэгдсэн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар нь бодит байдалд нийцэхгүй байна.

 10/ Мөн хариуцагч “... ингээд санал хураалтын ажиллагаа явагдах үед сумын бага эмчээс халдвар хамгаалалтын дэглэм сахиулж, санал өгөхөөр ирсэн иргэдийн биеийн халууныг хэмжиж тэмдэглэл хөтөлсөн, уг эмчийн тэмдэглэлд бүртгэгдсэн иргэдийн тоо нэрсийн жагсаалтад байгаа санал өгсөн иргэдийн тоотой тохирч байгаа болно, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан будилаантуулсан гэх асуудал байхгүй болно” гэжээ.

Хариуцагчаас гаргаж өгсөн хоёр жагсаалтад нийт 405 иргэн санал өгснөөр тэмдэглэгдсэн боловч нэрсийн жагсаалтад байгаа зарим хүмүүсийн нэрс нь давхардсан учраас хариуцагчийн тайлбарт дурдсан яг 405 иргэн санал өгсөн гэх асуудал нь бодит байдалд нийцэхгүй байна.

            11/ Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн сумын Засаг даргын Тамгын газрын төсөв төрийн сангийн мэргэжилтэн Х.Ө өөрийн гараар  2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр бичсэн Г.С 203, Т.М 196 бүгд 399, хүчингүй 11 нийт 410 саналын хуудас гэсэн тэмдэглэл нь уг багийн Засаг даргыг сонгох сонгууль хууль ёсны дагуу явагдсан гэдэгт бас эргэлзээ төрүүлж байна.

12/  Дүгнэж хэлэхэд, тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаанд Ж.М, Ц.Н, Г.О, Д.Б, Б.Ц, Б.Н, Г.Т, Г.Б, С.Н, Г, С, Б, Б нарын 13 иргэн хууль ёсны дагуу санал өгсөн байдал нь зөрчилтэй учраас уг зөрчил нь тус багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын дүнд ноцтой нөлөөлсөн гэж үзэж байна гэв.

            5. Хариуцагч А сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Ж.Б гаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            1/ Миний бие Ж.Б 2022 оны 1 дүгээр сарын 18-нд хурал болох үед хуралдааныг даргалаагүй ба тухайн үед хурлын дарга байсан Ш.Тунгалаг сонгуулийн ажлын хэсэг мэдэж байгаа. Тухайн өдрийн сонгуульд багийн иргэдийн нийтийн хуралдааны даргад 3 хүн өрсөлдөж, олонхын саналаар миний бие хурлын даргаар сонгогдсон. Мөн багийн Засаг даргаар 2 иргэн өрсөлдөж Г.С олонхын саналаар сонгогдсон. Тухайн өдөр сонгууль багийн төвд хөдөө болсон учраас тэнд ямар нэгэн компьютер хэрэглэх боломжгүй тул тухайн өдөр гарах ёстой тогтоолыг нь маргааш нь Хурлын нарийн бичгийн дарга С.Е өрөөнд  ирж гаргаж, сумын Засаг даргад уламжилсан. Санал хураах үйл ажиллагаа явагдсан  өдөр ямар нэгэн маргаан байгаагүй юм гэжээ.

            6. Хариуцагч А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            1/ А сумын 5 дугаар багийн хувьд тухайн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас Төмөрчулууны Мөнгөншагай болон Г.С нарыг тус багийн Засаг даргад сонгохоор нэрийг нь дэвшүүлсэн. Үүнтэй холбогдуулан А сумын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулж, хөрөнгө зарцуулах тухай” А/04 дүгээр захирамжаар тус сумын иргэдийн Нийтийн Хурлыг удирдан зохион байгуулах, туслах, арга зүйн зөвлөгөө өгч ажиллах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаас К.И миний бие гишүүдээр Х.Ө, А.С, И.Х, нарийн бичгийн даргаар Ж.С нар ажиллахаар болсон.

            2/ А сумын 5 дугаар багийн Засаг даргыг сонгох санал хураалтын ажиллагаа 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан, тус багийн санал өгвөл зохих нийт 526 иргэдээс 406 иргэн санал өгсөн, ажлын хэсгээс саналын хуудсыг тоолоход хүчингүй санал хуудас 11, хүчинтэй саналын хуудас 395 байсан бөгөөд үүнээс нэр дэвшигч Т.М н төлөө 192 санал, Г.С төлөө 203 санал тус тус өгсөн байсныг ажлын хэсэг санал нэгтэйгээр баталгаажуулж, сумын Засаг даргад танилцуулсан. Тухайн үед ямар нэгэн зөрчил, маргаан гараагүй.

            3/ Ингэж санал хураалтын ажиллагаа явагдах үед сумын багийн эмчээс халдвар хамгаалалтын дэглэм сахиулж санал өгөхөөр ирсэн иргэдийн биеийн халууныг хэмжиж, тэмдэглэл хөтөлсөн. Уг эмчийн тэмдэглэлд  бүртгэгдсэн иргэдийн тоо нэрсийн жагсаалтад байгаа санал өгсөн иргэдийн тоотой тохирч байгаа болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “будилаантуулсан” гэх асуудал байхгүй

4/   Энэ хоёр өрсөлдөгчийн хувьд хэн нь ч миний хамаарал бүхий этгээд биш. Хэн нь ялах нь надад хамаагүй. Би Засаг даргын захирамжийн дагуу даалгасан ажлыг л хийсэн. Хэрэв санал хураалтын үеэр ийм олон зөрчил гарсан бол багийн Засаг даргаар 6 жил ажилласан нэхэмжлэгч  юу хийж байсан юм. Тухайн үед санал өгсөн хүмүүсийн халууныг хэмжиж бүртгэл хөтөлж байсан  бага эмч Б.М  яаралтай дуудлагад явсан байсан тул эмчийн бүртгэлийг  ажлын хэсгийн гишүүн болох А.С хөтлүүлсэн. Мөн бүртгэл хөтөлж байсан хүмүүс бие засахаар гарах үед миний бие хөтөлсөн нь үнэн. Гэхдээ 2, 3 хүнийг яагаад үлдээсэн бэ гэхээр тухайн цаг мөчид санал өгөхөөр ирсэн иргэдийн тоо  ихтэй байсан. Нэг хүний нэр нь  гарахгүй байсан тул иргэний бүртгэлийн ажилтантай холбогдох гээд ганц хоёр хүний нэрийг нь бичихгүйгээр шууд гарын үсэг зуруулсан асуудал байна.

5/ Гэхдээ С.Н, Буянт гэх хүн хоёр удаа орсон асуудал байхгүй. Санал хураалт дууссаны дараа энэ хоёр хүний ажиглагчдаас “Та бүхэнд ямар нэгэн гомдол, санал байна уу. Хэрэв байгаа бол эндээс гарахаас өмнө хэлээрэй” гэж тодруулахад ямар ч гомдол, санал байхгүй гэсэн. Харин 7 хоногийн дараа Т.М маргаан гаргасан.

6/ Мөн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед би уг хоёр хүний маргааныг таслан зогсоох үүднээс Т.М, Г.С, тэдгээрийн ар гэрийн хүмүүс болон ажлыг хэсгийг байлцуулан саналыг хуудсыг дахин тоолсон. Улмаар Т.М 192 хүн, Г.Сд 203 хүн санал авсан байсан ба хоёуланд нь гарын үсэг зуруулж, албажуулсан. Тухайн үед  би шахаж шаардаагүй. Өөрсдөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. А сумын 5 дугаар багт холбоотой шаардсан болгоныг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээсний хувьд гаргаж өгсөн. Г.Б, С.Н нар нь Т.Мн хамаатан садны хүмүүс. Хоёр удаа өгсөн ч Т.Мд өгөхөөс биш Г.Сд өгөхгүй. Гэхдээ тийм зүйл ажиглагдаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагатыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.   

             9. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1/ А сум 5 багтай байдаг юм байна. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А сумын 5 дугаар багийн Засаг даргыг сонгох ажиллагааны иргэдийн Нийтийн хурал болсон бөгөөд уг нийтийн хуралд 526 хүн оролцох ёстой байснаас 406 сонгуулийн насны иргэн нь багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон байна.

 2/ Энэ нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болох А сумын 5 дугаар багийн санал хураалтад оролцсон ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, 2022 олны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 40 минут гэх гарчигтай хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.

3/ Миний бие шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчээс нийт хэдэн хүн санал хураалтад оролцсон талаар тодруулахад 405 хүн орсон гэж хариулсан. Тэгэхээр 405 юм уу 406 хүн санал хураалтын ажиллагаанд  оролцсон гэж үзэхээр байна. Гэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох нэрсийн жагсаалт, хурлын тэмдэглэл, хурлын протоколоос үзэхэд 406, гол нотлох баримт болох саналын хуудаст үзлэг хийсэн тухай шүүхийн тэмдэглэлээс үзэхэд 406 хүн санал хураалтын ажиллагаанд оролцсон гэдэг нь нотлогдож байна.

4/ Уг санал хураалтад оролцсон хүмүүсийн санал хураалтаас 11 нь хүчингүй, Т.Мд 192, Г.Сд 203 хүн санал өгсөн болох нь харагдаж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс санал хураалтын ажиллагаанд оролцсон иргэд тус багт оршин суудаггүй, зарим нь 2 удаа санал өгсөн байна гэж маргаж байгаа. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болох Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2/283 дугаартай албан бичгийн  хавсралтаас үзэхэд Б, Ц, Э нар нь А сумын 5 дугаар багт оршин суудаг юм байна. Харин М, Н, О  нар нь Х аймгийн Ж баг буюу 7 дугаар багт оршин суудаг гэдэг нь харагдаж байна. Гэсэн хэдий ч шүүхийн зүгээс цуглуулсан нотлох баримтууд болох эдгээр иргэдийн иргэний үнэмлэхийн хуулбараас үзэхэд А сумын 5 дугаар багт бүртгэлтэй байна. Хариуцагчаас тайлбарлахдаа 1 дүгээр багийн санал хураалтын ажиллагаанд нэрсийн жагсаалтад байхгүй хүмүүсийг хэрхэн санал хураалтад оролцуулах эсэх талаар асуудал гарахад иргэний үнэмлэхийн хаягийн дагуу оролцуулах шийдэлд хүрсэн байна. Нэгэнт нэгдүгээр багийн Засаг даргыг сонгох ажиллагаанд ийм журам хэрэгжсэн учир 5 дугаар багт ч хэрэгжүүлээд явсан байна. Тэгэхээр А сумын 5 дугаар баг гэх хаягтай 406 иргэн санал хураалтад оролцсон гэж үзнэ.

5/ Өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талаас өмнө нь хөндөгдөөгүй 7 иргэний тухай асуудлыг шинээр хөндсөн.Тухайн 7 иргэний нэг нь болох  Г тухайд нийт  тус багт нийт Д. Г, Б.Г, Б.Г гэх 3 хүн байдаг юм байна. Б.Г нь тухайн санал хураалтад оролцоогүй гээд бүгдээрээ санал нэгтэйгээр хэлж байгаа учир энэ талаар маргаан байхгүй. Тэгэхээр Д.Г, Б.Г хоёр л  санал өгсөн гэж үзэхээр байна. Мөн гуравдагч этгээдийн тайлбараас үзэхэд, Г.Б, С.Н нар нь нэхэмжлэгч талын хамаатан юм байна. Нэхэмжлэгч талаас санал хураалтын ажиллагаанд машинаар авч ирсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Үүнийг нэхэмжлэгч талаас тодруулахад үгүйсгээгүй. Дараагийн асуудал нь С, С нар нь нэг хүн эсэх, С, С, С, С  гэж хочилдог эсэх нь тодорхойгүй. Хэргийн оролцогчид 3 өөр байдлаар тайлбар гаргаж байгаа тул С хувьд өмгөөлөгчийн зүгээс тайлбар гаргах боломжгүй. Гэхдээ нэхэмжлэгч тухайн багийн Засаг даргаар 6 жил ажилласан хүний хувьд К.С гэх хүн байдаг гэдгийг нотолсон. Тэгэхээр К.С С гэж хочилдог байж болзошгүй. Яагаад гэхээр тухайн багт С гэх хүн оршин суудаггүй юм байна.

6/ Мөн Б тухайд хэлэхэд, М.Б, Н.Б гэх хоёр хүн байдаг нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байгаа. Харин гуравдагч Б гэх хүн байдаг эсэх нь эргэлзээтэй байна. Тэгэхээр эдгээр 5,6 хүний саналын зөрүүнээс болж санал хураалтын ажиллагаа хүчингүй болох ёстой юу. Нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээгдэх боломжтой юу гэдэгт дүгнэлт хийх ёстой. Уг 6-7 хүн чухам Г.С эсхүл Т.Мд санал өгсөн эсэхийг мэдэх боломжгүй. Магадгүй хүчингүй болсон 11 санал хураалтын дотор явж байхыг үгүйсгэхгүй.

Өөрөөр хэлбэл, энэ нь санал хураалтын ажиллагаа нууц, хаалттай явагдсан тул тухайн 5-6 хүнээс хэнд санал өгсөн эсэхийг нь тодруулах боломжгүй.

7/ Санал хураалтын ажиллагааг А сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулсан гэдэгт маргаан байхгүй байгаа. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох 2022 олны 01 дугаар сарын 30-ны өдөр болон 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэлийг хэргийн оролцогчид үгүйсгэхгүй байгаа. Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

8/ Хэргийн оролцогч талаас адилхан байр суурьтай байгаа зүйл нь нэрсийн жагсаалт 406, халууныг хэмжсэн жагсаалт 405 гэдэгт хэн ч маргахгүй байна. Н гэх хүн хоёр удаа гарын үсэг зурсан гэж байгаа. Хэрэв энэ хоёр хүнийг нэг гэж үзвэл нэрсийн жагсаалтад 405 хүн санал өгсөн гэж үзэхээр байгаа. Нэг л саналын хуудасны зөрүү гарч байгаа. Т.Мн хувьд  192, Г.С 203 хүний санал авсан бөгөөд 11 хүний саналын зөрүүтэй байгаа. Тэгэхээр нэг хүний санал нөлөөлөхгүй байна. 5-6 хүний саналыг хуудсыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээгдэхгүй гэж үзэж байна.

9/ Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох онцгой эрхтэй. Нэхэмжлэгчийн зүгээс 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүн, хуулийн этгээдийн эрх ашиг сэргээгдсэн байх магадлалтай тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой.Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.

 Иймд   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

            10. Гуравдагч этгээд Г.Сэс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            1/ 2022 оны 1 дүгээр сарын 18-нд Г.С миний бие А сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 5 дугаар багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшиж 203 хүний саналаар ялалт байгуулсан нь үнэн болно. Тухайн үед багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан өглөө 11 цагт эхэлсэн ба сумын Засаг дарга А.А хуралдааныг нээж үг хэлсэн.

Энэ үед Засаг дарга болон зохион байгуулах ажлын хэсэг 2 нэр дэвшигч, багийн иргэдийн зүгээс бүгд санал нэгтэйгээр сар шинэ болж байгаатай холбоотой ард иргэдэд хүндрэл учруулахгүйгээр санал хураалтыг 1 удаа явуулж нэг хүний саналаар давуу эрхтэй нь ялалт байгуулсанд тооцно гэж харилцан тохиролцож, протокол хөтөлж гарын үсэг зурж, баталгаажуулсан болно.

            2/ Санал хураалтыг ажлын цагт багтаан явуулж 17 цагт санал хураалтыг зогсоосон. Энэ хооронд ямар нэгэн гомдол санал, маргааны шинжтэй зүйл гараагүй. Санал хураалтын дүн оройны 19 цагийн үед гарч миний ажиглагч болох Г.М ажиглалтын хуудсанд нийт 405 сонгогчийн нэр бичсэнээс  миний бие 203 хүний санал авч, нэр дэвшигч Т.М нь 192 хүний саналтай нийт 405 хүн сонгуульд санал өгсөн гэсэн урьдчилсан дүн гарсан ба ажлын  хэсгийн саналын хуудас нь нийт 406 сонгогч санал өгч, үүнээс Г.С миний бие 203, Т.М нэр дэвшигч 192 нийт 406 саналаас хүчингүй саналын хуудас 11 гарсан гэсэн албан ёсны дүн гарсан ба энэ нь миний ажиглагчийн бичсэн жагсалтаас 1 хүний зөрүүтэй ба бусад дүн таарч байгаа болно.

            3/ Нэхэмжлэлийн шаардлагад улсын бүртгэгч Д.Б, халамжийн байцаагч С.М нар болон бусад нэр нь дурдагдсан хүмүүс бүгд миний хамаатан садан мэтээр сонгуулийг миний талд будилаантуулсан мэтээр дурдагдсанд миний зүгээс гомдолтой байна.      

Энэ асуудалд миний эрх ашиг мөн адил зөрчигдөж байгаа болно. Нэр дурдагдсан Ховд аймгийн харьяалалтай гэх 3 иргэний хувьд миний бие огт мэдэхгүй ба сурталчилгааны үеэр нэг удаа ороод гарсан. М гэх хүн байгаагүй болно. Ш.О бол огт уулзаагүй ба харин ч нэр дэвшигч Т.Мд санал өгөхөөр ирсэн хүмүүстэй хамт аймгаас ирсэн гэж би мэдэж байсан.

            4/ Эцэст нь хэлэхэд, нэхэмжлэгч Т.М нь 6 жил багийн дарга хийсэн хүмүүсээ таньдаг давуу талаа ашиглан намайг байлцуулахгүйгээр ажлын хэсгийн саналыг тоолон 406 саналыг 410 байсан гэж өөрөө зориудаар төөрөгдүүлж миний эрх ашгийг хохироож, нэр хүндэд халдаж байна гэж үзэж байна.

5/  Миний саналын хуудас болон бусад санал хураалтын явцад ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явагдаагүй ба харин Д.Б, Ц гэх 2 хүн 2 багт давхар санал өгсөн нь ямар санаа бодол, зорилготой гэдгийг би мэдэхгүй. Би нийт 406 сонгогчоос 203 хүний санал авч, санал хураалт 50 хувьдаа хүрсэн нь үнэн болно.

6/ 5/ Н а нь Б гэх хүний хүүхэд бөгөөд би холбогдоход Д  хотод байгаа, санал өгөөгүй гэж хэлсэн.Тухайн хүний нэрийн ард гарын үсэг зурсан асуудлын талаар мэдэхгүй байна. Тухайн өдөр Т.М аймгаас хүн татахад Нямдаваагийн аав нь болох Б  гэх хүн байсан. Би шалгаж үзэхэд, Н нэрийнх нь ард Б гэж гарын үсэг зурсан байсан.

7/ Т гэх хүн аавынхаа  нэрийн ард гарын үсэг зурсан гэдэг нь тогтоогдсон. Уг нь хоёр Б  орсон байна. Т.Б гэдгийг Төмөрбат гэж бичээд доод талд нь Б гэж бичсэн байна. Буянт гэх хүний хувьд миний бие А сумд амьдарснаас хойш Б эгчээс өөр Буянт гэх хүн танихгүй. Настай хүн байдаг. Д.Г, Б:.Г, Б.Г гэх 3 хүн байгаа. Д.Г нь миний хамаатан. Тэр хүн хоёр удаа санал өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Г хувьд аймгийн төвд байдаг ба тухайн өдөр сонгуульд ирээгүй. С гэх хүнийг танихгүй. Б гэх хүний хувьд 2 Б гэх хүн мэдэх юм байна. Н.Б  гэх хүн сумын ИТХ-ын төлөөлөгч. Тухайн үед сонгууль болж байгаа газарт ирж амжилт хүсээд явсан.

8/  Б гэх хүн байгаа эсэхийг мэдэхгүй байна. Харин Б гэдэг хүн байдаг. Миний бие 5 дугаар багт амьдардаг маань үнэн хэдий ч өрсөлдөгч талыг бодвол сул тал ихтэй. Т.Мн хувьд багийн Засаг даргаар 6 жил ажиллаж байгаагийн хувьд бүх хүнийг мэдэж байгаа. Анх удаа сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч талаас удаа дараа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж ирээд маргаж байгаад нь гомдолтой байна. Хэрэв энэ хүмүүс 2 удаа санал өгсөн бол 5-6 жил багийн Засаг даргаар ажиллаж байсан хүн юу хийж байсан юм. Ажлын хэсэг нягталж, шалгах ёстой байсан. Н гэх хүн хоёр удаа санал өгсөн байвал миний төлөө санал өгөх хүн биш. Т.Мн өөрийнх нь хамаатан байгаа гэв

11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

1/ 406 хүн санал хураалтад оролцож 192 хүн Т.Мд, 203 хүн Г.С-д санал өгч хүчингүй 11 бүгд-406 саналын хуудас байна. Энэ байдлыг Т.М нь мэдсээр байж бусдын ятгалгад орж, сонгууль будилаантуулсан гэж бусдыг гүтгэн, гүжирдэж, нийтийн дунд үл итгэлцэл бий болгон, төрийн тасралтгүй ажиллах зарчмыг тасалдуулан хууль шүүхийг, мөн сонгогч иргэдийг үймүүлж байна гэж үзэж байна.

2/ Нэхэмжлэлд дурдсан Д.Б, Б.Ц, Г.Э нар нь А сумын харьяат мөн гэдэг нь тус шүүхээс шалгахад тогтоогдсон бөгөөд Ж.М, Ц.Н, Г.О нар нь А сумын 5дугаар багийн иргэн гэсэн хаягтай бөгөөд Ховд аймгийн иргэншлийг аваагүй буюу шилжээгүй байна.

3/ Аливаа иргэний хаяг нь цахим үнэмлэхээр тодорхойлогддог тул сонгуулийн комисс энэ зарчимд захирагдаж сонгуульд дээрхи хүмүүсийг цахим үнэмлэхийг нь үзээд сонгогчоор оруулсан нь Т.Мн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй,   А сумын 5 дугаар багийн Засаг даргад Г.С дэвшүүлсэн тухай тогтоол нь хүчин төгөлдөр эрхийн акт мөн гэж үзэж байна.

4/  Хэрэгт авагдсан баримтууд дотор хэд хэдэн гэрчүүд мэдүүлэг болон гарын баримт бичиж өгчээ. Бүх гэрчүүд сонгууль шударга явагдсан Т.М нь Г.С 11-12 хүнээр хол тасарч ялагдсан нь үнэн бөгөөд ямар ч маргаангүй гэжээ. Т.М нь өөрийнхөө сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн байдлаа хэрэг дотор авагдсан болон гаргаж өгсөн нотлох баримтуудаар мөн шүүхэд мэтгэлцээд тогтоож нотолж чадаагүй байна. Т.Мн сонгогдох эрх нь зөрчигдөөгүй нь тодорхой байна.

 Т.Мн “Санал хураалтын дүн, нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй тооцуулах” гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Мн тус шүүхэд гаргасан  “А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулсан ажлын хэсгийн санал хураалтын дүнг, мөн А сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Г.С  А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн” тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч талаас “ А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажиллагаа 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус багийн төвд явагдсан. Уг санал хураалтын ажиллагааг төрийн албан хаагчид Д.Б, С.М нар будлиантуулсан, өөр багт харьяалагдах Ж.М, Ц.Н, Г.О нар нь санал өгсөн, Б.Н гэгч санал өгөөгүй байхад санал өгснөөр тэмдэглэсэн, Г.Т гэгч иргэнийг  санал өгсөн гэж тэмдэглэсэн боловч уг иргэн нас барсан, Д.Б, Б.Ц нар нь урд өдөр 4 дүгээр багийн Засаг даргыг сонгох ажиллагаанд оролцсон,  Б.Б , С.Н нар нь тус бүр 2 удаа санал өгсөн, тухайн багт Г нэртэй 3 хүн оршин суудаг ба Д.Г, Б.Г нар санал өгснөөр тэмдэглэгдсэн боловч өөр нэг Ганболд бас санал өгснөөр дахин тэмдэглэгдсэн, гэтэл Б.Г санал өгөөгүй, харин Д.Г нь 2 удаа санал өгсөн гэж үзэж байгаа ба  бичмэл гарын үсгийг нэг хүн зурсан байдалтай байна. Мөн багийн бага эмч Б.М, ажлын хэсгийн гишүүн А.С нар нь  санал хураалтад ирсэн хүмүүсийн халууныг хэмжин үзэж энэ талаар  гар бичмэлээр бүртгэл хөтөлсөн, уг бүртгэлд С, Ч.Б  гэгч иргэд бүртгэгдсэн байх ба тус багт тийм нэртэй хүмүүс байхгүй,  Баатар гэгч 3 хүн бүртгэгдсэн байх ба уг багт  М.Б, Н.Б оршин суудаг ба өөр Б гэгч байхгүй, дээрх  Б аль нэг нь 2 удаа санал өгсөн, Уг бүртгэлийн 364, 367, 371, 373 дах мөрөнд 4 иргэний дармал нэр бичигдэх хэсэг нь цагаан мөртлөө санал  өгсөн мэтээр бичмэл гарын үсэг зурсан, 16 иргэний нэрийг хариуцагч К.И бичсэн зөрчлүүд байна, хууль ёсны дагуу явагдаагүй, эдгээр зөрчлүүд нь санал хураалтын дүнд нөлөөлнө” гэж маргажээ.

3. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан  нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэж дараах байдлаар дүгнэлээ. Үүнд:

4. Баян-Өлгий аймгийн А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдаж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд  нь багийн Засаг даргад  нэр дэвшин өрсөлдсөн, нийт 406 иргэн санал өгсөн, үүнээс  нэхэмжлэгчид 192, гуравдагч этгээдэд  203 иргэн тус тус санал өгсөн, 11 саналын хуудас хүчингүй болсон нь хэрэгт авагдсан тухайн өдрийн хуралдааны тэмдэглэл, санал өгсөн иргэдийн нэрсийн жагсаалт, ажлын хэсгийн хурлын 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн, 2022 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн  тэмдэглэлүүд, шүүхээс  хийсэн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгчээс “... санал хураалтын хуудас болон дүнгийн бичиг баримтууд нь  ажлын хэсгийн гишүүн Х.Ө өрөөнд байсан ба дахин танилцахад гуравдагч этгээдийн төлөө 203, Т.М миний төлөө 197  санал өгсөн, хүчинтэй хуудас 400, нийт 410 саналын хуудас гарсан ба анхны тоолсон саналын хуудаснаас 5 саналын хуудас илүү байсан” гэж маргасан.

6.  Уг үйл баримтыг тогтоохын тулд гэрч Х.Ө шүүх  Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг сануулан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрүүдэд  2 удаа гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр  “ ...санал хураалтын ажиллагаа явагдаад хэд хоносны дараа Т.М  ирээд миний  өрөөнд байсан саналын хуудсыг дахин тоолж үзье гэхэд нь би ажил ихтэй, өөрөө тоолоорой гэж  зөвшөөрсөн ба нэхэмжлэгч  би өөрөө тоолж байя, миний хэлсэн тоог бичээрэй гэж өөрөө саналын хуудсыг тоолсон, би хэлсэн тоог тэмдэглэсэн, Т.Мтай цуг саналын хуудаснуудыг тоолоогүй. Дараа нь нэхэмжлэгч 410 саналын хуудас гарсан, анхны дүнгээс зөрж байна гэхээр нь тэр дороо ажлын хэсгийн ахлагч К.Иийг утсаар дуудсан, бусад гишүүдийг мөн байлцуулан дахин тоолоход 406 саналын хуудас гарсан, Т.Мн  төлөө 192, Г.С төлөө 203 санал, 11 хүчингүй саналын хуудас байсан, энэ үед  Т.М өөрөө байсан,  нэхэмжлэгч саналын хуудсыг тоолох үед тарааж хаясан учир саналын хуудаснуудыг хурааж байсан  миний зургийг авч саналын хуудсыг цуг тоолсон мэтээр тайлбарласанд гомдолтой байна” гэж мэдүүлсэн байх тул нэхэмжлэгчийн маргасан  410 саналын хуудас байсан гэх үйл баримт нь тогтоогдохгүй байна.

7.  Санал хураах ажиллагаанд А сумын 5 дугаар багийн 18-аас дээш насны санал өгөх иргэдийн нэрсийн жагсаалтыг сумын улсын бүртгэгчээс үйлдэж /компьютерээр/  гаргаж өгсөн байх ба уг жагсаалтын дагуу санал өгсөн  иргэдийг бүртгэсэн, мөн уг жагсаалтад нэр нь байхгүй боловч  иргэний үнэмлэхэд тухайн багт оршин суугчаар тэмдэглэгдсэн санал өгөхөөр ирсэн иргэдийн нэрийг гараар жагсаалт үйлдэж бүртгэсэн, үүнээс гадна  Ковид 19 өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор санал өгөхөөр ирсэн иргэдийн биеийн халууныг хэмжиж үзүүлсэн иргэдийн нэрсийг багийн бага эмч Б.М, ажлын хэсгийн гишүүн А.С нар нь гараар 9 хуудас бүхий бүртгэлийг бүртгэсэн  нь хэрэгт авагдсан  улсын бүртгэгчийн  жагсаалт болон гараар бүртгэсэн жагсаалт, иргэдийн биеийн халууныг үзэж бүртгэсэн жагсаалт  зэрэг нотлох баримтуудаар  тус тус тогтоогджээ.

8.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгасан тухайн багт харьяалалгүй гэх Д.Б, Б.Ц, Б.Э, Ж.М, Ц.Н, Г.О нараас Ж.М, Ц.Н, Г.О нар нь А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, санал хураалтын ажиллагаа явагдсан өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Х аймгийн Ж сумын 7 дугаар багийн оршин суугчаар бүртгэлтэй байсан болох нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тус шүүхэд  ирүүлсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн 228301001008, 228301001006, 228301001007 дугаартай лавлагаагаар тус тус батлагдаж байх тул энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасан “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй” гэсэнтэй нийцээгүй байна.

            9. Мөн Улсын бүртгэгчээс гаргаж өгсөн жагсаалтын 6 дугаар хуудасны 31 дэх мөрд Б.Н  санал өгснөөр бүртгэсэн байх боловч тухайн үед Б.Н нь  санал хураах үйл ажиллагаанд оролцоогүй,  Дархан хотод байсан болох нь шүүхээс гэрчээр асуусан Б.Н аав С.Б мэдүүлгээр тогтоогдсон тул Б.Н санал өгөөгүй гэж үзлээ.   

            10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “... улсын бүртгэгчээс гаргаж өгсөн жагсаалтын 2 дугаар хуудасны 10 дах мөрд Г.Б нь санал  өгснөөр гарын үсэг зурж  тэмдэглэгдсэн, гар жагсаалтын 19 дэх мөрд Б гэж нэрийг нь бичээд ар талд нь  гарын үсэг зурсан байх ба 5 дугаар багт  Г.Б өөр хүн байхгүй, Б нэртэй нэг иргэн 2 удаа санал өгсөн, мөн Г нэртэй 3 хүн тухайн багт хүн оршин суудаг боловч Б.Г санал өгөөгүй, улсын бүртгэгчийн жагсаалтын 1 дүгээр хуудасны 43 дах мөрд Д.Г, 8 дугаар хуудасны 2 дах мөрд Б.Г нар санал өгснөөр гарын үсэг зурсан, харин гараар үйлдсэн жагсаалтын 3 дугаар хуудасны 10 дах мөрд мөн Г гэгч санал өгснөөр гарын үсэг зурсан ба энэ гарын үсэг нь Д.Г гарын үсэгтэй ижил байх тул Д.Г 2 удаа санал өгсөн гэж үзэхээр байна” гэж маргасан ба харин хариуцагчаас  тухайн багт  Б нэртэй 2 иргэн байгаа талаар, мөн  Г нэртэй 3 иргэн санал өгсөн  талаар нотолж чадаагүй,  ажлын хэсэг нь гараар бүртгэл явуулахдаа  санал өгснөөр бүртгэсэн  Б болон Г-д нарын овог, регистрийн дугаарыг тодорхой бичээгүй байх тул   Б нэртэй нэг иргэн, Г нэртэй  нэг иргэн тус тус 2 удаа санал өгсөн гэж нэхэмжлэгчийн маргасан нь  үндэслэлтэй.

            11. Түүнчлэн, улсын бүртгэгчийн үйлдсэн жагсаалтын 3 дугаар хуудасны  26 дах мөрд ... регистрийн дугаартай С.Н, 8 дугаар хуудасны 11 дэх мөрд  ... регистрийн дугаартай  С.Н гэгч иргэн гарын үсэг зурж санал хураалтад оролцсон байх ба С.Н гэгч нэг  иргэн 2 удаа санал өгсөн болох нь тогтоогдож байна.

12.  Харин Д.Б, Б.Ц, Б.Э  нар нь  тухайн 5 дугаар багийн оршин суугчид мөн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн мэдээллийн сангийн 2228301001003, 228301001004, 228301001005 дугаартай лавлагаагаар батлагдсан  бөгөөд тухайн багийн иргэдийн  хувьд тэд хуралдаанд орж санал өгсөн нь  хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчээс “ Д.Б, Б.Ц нар нь өмнөх өдөр нь 4 дүгээр багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн  үйл ажиллагаанд оролцож санал өгсөн” гэх үндэслэлээр  эдгээр иргэдийн   5 дугаар багийн Засаг даргад  өгсөн саналыг нь хүчингүйд тооцох  үндэслэлгүй гэж үзлээ.

13. Мөн нэхэмжлэгчээс “... санал өгөхөөр ирсэн иргэдийн халууныг хэмжих үед гараар бүртгэсэн 9 хуудас бүхий бүртгэлийн 1 дүгээр хуудасны 43 дах мөрд Т нэртэй иргэн  гарын үсэг зурсан  байх ба тухайн 5 дугаар багт Г.Т гэгч иргэн оршин сууж байгаад нас барсан”  гэж тайлбарласан, Г.Т нь 2006 онд нас барсан болох нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар  ирүүлсэн 228301001598 дугаартай лавлагаагаар тогтоогдож байгаа боловч улсын бүртгэгчийн үйлдсэн жагсаалтын 10 хуудасны 34 дэх мөрд буюу бүртгэлийн  461-т Т.Б санал өгсөн, тэрээр шүүхэд ирүүлсэн тайлбарт “... миний бие өөрийн аав болох Төмөрбат гэсэн нэрийн ард анзааралгүй гарын үсэг зурсан, миний гарын үсэг мөн,  иргэний үнэмлэхээр бүртгэж байсан ажилтан нэрийн хуудасны нүүрэнд овог нэр бичсэн байна, үүнийг хянаж харалгүй гарын үсэг зурсан” гэсэн байх тул Т, Б гэгч 2 иргэн бус, харин Т.Б гэгч 1 иргэн санал өгсөн гэж үзэхээр байна.

14. Санал хураалтын ажиллагаанд  оролцож,  санал өгсөн 406 иргэнийг бүртгэсэн  ажлын хэсгийн бүртгэл нь маргаан бүхий үйл баримтуудыг  тогтоох  гол  нотлох баримт бөгөөд санал хураалтад ирсэн иргэдийг тухайн багийн оршин суугч мөн эсэхийг, 18 нас хүрсэн эсэхийг тус тус иргэний үнэмлэхийн дагуу шалган бүртгэж оруулсан байх тул шүүх энэ жагсаалтын хүрээнд  үнэлэлт, дүгнэлт  хийсэн болно.

15.  Харин  багийн бага эмч Б.М, ажлын хэсгийн гишүүн  А.С нарын үйлдсэн бүртгэлийг хариуцагчаас “... санал өгсөн хүмүүсийн бүртгэлтэй тохирч байгаа” гэж нотлох баримтаар ирүүлсэн боловч үүнийг санал өгсөн хүмүүсийн бүртгэл гэж шууд  дүгнэх боломжгүй, энэ бүртгэл нь  санал өгөхөөр ирсэн иргэдийн биеийн халууныг үзэх зорилготой ба иргэд нь  санал өгөхөөр ирж халуунаа хэмжүүлж бүртгүүлсэн боловч тухайн багийн оршин суугч байх, 18 нас хүрсэн байх хуульд заасан шаардлагын аль нэгийг хангаагүй үндэслэлээр саналаа өгөөгүй байх боломжтой  тул энэ  бүртгэлийн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс  шүүх хуралдаанд гаргасан  “...Тухайн бүртгэлд С, Ч.Б  гэгч иргэд бүртгэгдсэн байх ба тус багт тийм нэртэй хүмүүс байхгүй,  Б гэгч 3 хүн бүртгэгдсэн, уг багт  М.Б, н.Б оршин суудаг ба өөр Б гэгч байхгүй,  дээрх  2 Б аль нэг нь 2 удаа санал өгсөн, Уг бүртгэлийн 364, 367, 371, 373 дах мөрөнд 4 иргэний дармал нэр бичигдэх хэсэг нь цагаан мөртлөө санал  өгсөн мэтээр бичмэл гарын үсэг зурсан, 16 иргэний нэрийг хариуцагч К.И бичсэн зөрчлүүд байна, хууль ёсны дагуу явагдаагүй, эдгээр зөрчлүүд нь санал хураалтын дүнд нөлөөлнө”  гэж маргасан үндэслэл нь санал хураалтын үр дүнд нөлөөлөхгүй юм.

16. Нэхэмжлэгч талаас санал өгсөн нийт 13 иргэний санал зөрчилтэй үндэслэлээр маргасан, шүүх үндэслэл болгонд холбогдох  нотлох баримтуудыг дээрх байдлаар шинжлэн судалж, санал хураалтад оролцож санал өгсөн Ж.М, Ц.Н, Г.О, Б.Н, Б, Г, С.Н нарын өгсөн тус бүрийн нэг саналыг буюу  нийт 7 саналын хуудсыг  хүчингүйд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.  

17. Санал хураалтын үр дүнгээр гуравдагч этгээд 203 санал,  нэхэмжлэгч нь 192 санал тус тус авч,  хүчингүй 11 саналын хуудас  гарсан үйл баримт  тогтоогдсон боловч шүүхээс   7 саналын хуудсыг хүчингүйд тооцсоноор нийт хүчингүй саналын хуудас 18 байна.

18. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4-т “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж багийн иргэдийн Хурлын нийтлэг эрхийг, 48 дугаар зүйлийн  48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж,  56 дугаар зүйлийн  56.5.1-т “..., түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана” гэж,  56 дугаар зүйлийн 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, ... олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж  тус тус заажээ.

19. Хуулийн дээрх заалтуудаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар  багийн Засаг даргад  хуульд заасан шаардлагыг хангасан хүнийг нэр дэвшүүлэх, нэр дэвшсэн хүний талаар санал хураалт явуулах,  багийн иргэдийн Нийтийн Хурлаас уг санал хураалтаар олонхийн санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх  тогтоол гаргах асуудлуудыг нарийвчлан зохицуулжээ.

20.  Энэ маргааны хувьд шүүхээс хүчингүй гэж тогтоосон  дээрх 7 иргэний санал нь тухайн багийн иргэдээс багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн саналын эцсийн үр дүнд нөлөөлөхгүй, энэ зөрчлөөс болж хүчинтэйд тооцогдсон бусад иргэдийн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ” гэсэн  үндсэн эрхийн дагуу өгсөн санал нь  хүчингүй болох үндэслэлгүй гэж дүгнэлээ.  

21. Тодруулбал, тухайн багийн нийт 406  иргэн санал өгсөн, үүнээс  хүчинтэй саналын хуудас 388 /406-11-7=388/, шүүхээс хүчингүй гэж үзсэн   7 саналыг хэнд өгсөн нь тодорхойгүй боловч хэрэв гуравдагч этгээдэд өгсөн гэж үзсэн тохиолдолд  түүний авсан санал 196 /203-7=196/  болох ба энэ нь   нийт хүчинтэй 388 саналын  олонх буюу 50 хувиас дээш  байх хуулийн шаардлагыг хангасан байна. 

22. Өөрөөр хэлбэл, дээрх  тохиолдолд 194+1 саналыг  олонх буюу 50-аас дээш хувийн санал гэж үзэх ба гуравдагч этгээд нь   196 санал  авсан гэж үзсэн нөхцөлд ч  түүний  олонхийн   санал авсан үр дүн нь  хэвээр тул түүнийг  А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн  хариуцагч  А сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр “Багийн Засаг даргад нэр дэвшүүлэн өргөн мэдүүлэх тухай” тогтоол нь хууль зөрчөөгүй байна.

23. Иймд А сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдсэн багийн Засаг даргыг сонгох санал хураалтын дүнг хууль бус гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн багийн Засаг даргад нэр дэвших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  48 дугаар  зүйлийн 48.1, 56 дугаар зүйлийн 56.5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.М гаас А сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал болон А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч К.Ит холбогдуулан гаргасан “А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулсан ажлын хэсгийн санал хураалтын дүнг болон мөн А сумын 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн “Г.С А сумын 5 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн” тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 д зүйлийн 48.1-т   зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ГҮЛБАРША