Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 316

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б , РД:, Ургийн овог Долоон тайж,

Хариуцагч: ОӨУБЕГ

Гуравдагч этгээд: “ККИБ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайз таун, 40И байрны 44 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065907 дугаартай, гэрчилгээний 000367453 дугаартай 90 м.кв талбай бүхий орон сууцны БГ15/31 тоот барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.У, С.О, гэрч Э.Э, Н.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч иргэн Б.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Б  миний бие өөрийн зөрчигдсөн эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах эрхээ сэргээлгэхээр “ККИБ” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан БГ15/31 тоот Барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Болсон үйл явдлын талаар Миний бие дээрх барьцааны гэрээнд гарын үсэг зурах болсон шалтгаан нь 2015 оны 11 дүгээр сард зээлдэгч Н.С /нөхрийн найз/ манай гэрт ирж та өөрийн нэр дээрх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайз таун, 40И байрны 44 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065907 дугаартай, гэрчилгээний 000367453 дугаартай 90 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 65.000.000 /Жаран таван сая/ төгрөгт барьцаалж өгөөч, оронд нь би циркийн хажууд байдаг өөрийн өмчлөлийн 130 м2 талбайтай 4 өрөө орон сууцны гэрчилгээг таны нэр дээр таны орон сууцыг барьцаанаас чөлөөлөх хүртэл түр шилжүүлж өгий гэж хэлсэн бөгөөд үүнийг нь тухайн үед би хүлээн зөвшөөрсөн юм.

Дараа нь Н.С 2015 оны 11 дүгээр сарын 11 -ны өдөр намайг ажлаа хийж байхад “ККИБ” ХХК дээр та хүрээд ирээч гэж дуудсан ба би нөхөр Н.Мөнх-Одын хамт очиж барьцааны гэрээнд гарын үсэг л зурж өгсөн. Тухайн үед “ККИБ” ХХК-ийн ажилтан миний иргэний үнэмлэхийг олон хувь хувилж авч байсан.

Дээрх барьцааны гэрээнд гарын үсэг зурах үед тэнд Н.С, түүний эхнэр н.Энхчимэг нар байсан. Би барьцааны гэрээнд гарын үсэг зурчихаад гарж явсан бөгөөд тухайн барьцааны гэрээний үнэн зөвийг гэрчлүүлэхээр тойргийн нотариатч болон Баянзүрх дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар тухайн өдөр өөрийн биеэр очоогүй байдаг.

Харин бидний тохиролцсоноор Н.С-гийн миний нэр дээр шилжүүлж өгөх байсан 130 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь Н.Санжаагийн нэр дээр биш байсан бөгөөд тухайн үед Н.Санжаа орон сууцны өмчлөгчөөс нь итгэмжлэл хийлгэн авсан байсан ба Н.Санжаа манай нөхөр Мөнх-Од бид гурав циркийн хажуу талын Түшиг их дэлгүүр дотор байдаг нотариат дээр очсон боловч тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх 2 хувийн татвар төлөх мөнгө байхгүй, мөн итгэмжлэлийн агуулга нь зөвхөн худалдах, худалдан авах эрх олгосон итгэмжлэл байсан тул тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авч чадалгүй Н.Санжаад хууртагдсан.

“ККИБ” ХХК нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Н.С-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг миний бие олж мэдсэн бөгөөд тухайн хэргийн хариуцагч Н.Санжаа мөн надтай утсаар ярьж энэ талаар мэдэгдсэн бөгөөд энэ үеэс эхлэн миний эд хөрөнгөнд зээлдэгч, зээлдүүлэгч нар хууль бусаар  халдах гэж байгааг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр лавлагаа авснаар олж мэдсэн.

“ККИБ” ХХК нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж эхэлснээр миний хуулиар олгогдсон хууль ёсны эд хөрөнгөө өмчлөх, захиран зарцуулах эрх ашиг хөндөгдөж эхэлсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт: “...гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ...”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг: “...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид “ипотек” гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ...”, мөн хуулийн 28.2 дэх хэсэгт “...Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараахь баримт бичгийг хавсаргана... ” гэж заасан байх бөгөөд энэ нь миний бие өөрийн биеэр 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуулийн дагуу мэдүүлэг гаргаагүй, энэ нь миний болон барьцаалуулагч нарын хүсэл зоригийн илэрхийлэл биш байхад намайг өөрөө мэдүүлэг гаргасан мэтээр хуурамч мэдээлэл, мэдүүлгийг үндэслэн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан буюу улсын бүртгэгч барьцааны гэрээг бүртгэж баталгаажуулсан үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж хууль ёсны эд хөрөнгө өмчлөх эрхэнд шууд халдаж байна. Түүнчлэн эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 312.1.6 дэх хэсэгт: “...улсын бүртгэлийн байгууллагын хуульд нийцээгүй бусад үйлдлийн талаар...” сонирхогч этгээд захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэй талаар зохицуулсан байх боловч Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тухайн байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан гомдол гаргасан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бичгээр хариуг хүлээн авсан болно.

“ККИБ” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг  хангуулахаар шаардлага гаргаснаар миний хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашиг сонирхлыг шууд  хөндөж байгаа юм.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дэх хэсэгт: “...бүртгэл үнэн зөв байх...” мөн 5.2 дэх хэсэгт: "...бүртгэл нэгдсэн байх...” гэсэн бүртгэлийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдсөн гэж үзнэ.

Түүнчлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлгийг өмчлөгч эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын бүртгэгч хүлээн авч, мэдүүлэгт хүлээн авсан тэмдэг дарж хуудсыг дугаарлан, огноо, цаг, минутыг бичиж, мэдээллийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна...” гэж заасныг зөрчиж бүртгэл хийсэн гэж үзнэ.

Мөн журмын 7 дугаар зүйлийн 7.8 дэх хэсэгт: “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасны дагуу барьцааны гэрээг бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа “мэдүүлэг гаргагч” гэсэн хэсэгт өмчлөгчийн тухай мэдээллийг бичиж, “мэдүүлэг гаргасан ” гэсэн хэсэгт барьцаалагч, барьцаалуулагч нар гарын үсгээ зурна, хуулийн этгээдийн хувьд төлөөлөгч нь гарын үсгээ зурсан байна...” гэсэн заалтууд зөрчигдсөн байхад улсын бүртгэгч бүртгэл хийсэн нь илт хууль бус байна.

Иймд Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайз таун, 40И байрны 44 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065907 дугаартай, гэрчилгээний 000367453 дугаартай 90 м.кв талбай бүхий орон сууцны БГ15/31 тоот барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгон хууль бус болохыг тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №ЗГ15/40 дугаартай энэхүү гэрээнд нэг талаас “ККИБ” ХХК , нөгөө талаас ХБ87011613 регистрийн дугаартай Н.Санжаа нар харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр гэрээг байгуулсан.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлээр ипотекийн бүртгэл хий журмыг зохицуулсан байх бөгөөд бүртгэлийг нэг бол өмчлөгчийн мэдүүлгээр эсхүл барьцаалагч болон барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр түүнчлэн мэдүүлэггүйгээр бүртгүүлэх боломжийг зохицуулсан бөгөөд эдгээр заалтууд нь бүгд нэг зүйлд /Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл хэмээх 28 дугаар зүйлд хамаарагдах хэдий ч тус тусдаа бие даасан агуулга бүхий зохицуулалт байх тул тодорхой нэг тохиолдолд аль алинийг нь хэрэглэнэ гэж ойлгохооргүй байна.

Иргэн Б.Б  нэхэмжлэлдээ 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №ЗГ15/40 тоот зээлийн гэрээ, №БГ15/31 тоот барьцааны гэрээнд гарын үсэг зурсан талаар дурддаг бөгөөд тухайн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан талаар дурддаг бөгөөд тухайн барьцааны бүртгэлийг хүлээн зөвшөөрч байсныг илэрхийлж байгаа тул бүртгэлийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлийг үгүйсгэж байна.

Зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөөгүйгээс барьцаа хөрөнгөөр шаардлагаа хангуулахаар зээлдүүлэгч нь шүүхэд хандсан байгаа тул нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр эрх, ашиг нь хөндөгдөх зээлдүүлэгч талыг оролцуулах нь зүйтэй бөгөөд мөн иргэн Н.Санжаа, н.Энхчимэг нарыг оролцуулах шаардлагатай байна...” гэжээ.

Гуравдагч этгээд “ККИБ” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ н.Санжаатай тодорхой тохиролцоо, хэлцлийн үндсэн дээр хүлээн зөвшөөрч орон сууцаа барьцаанд тавих болсноо дурдсан байна. Иргэд хоорондынч ийм төрлийн тохиролцоонд улсын байгууллага хөндлөнгөөс оролцох боломжгүй байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг бүртгэх ажиллагаа явагддаг. Тухайн бүртгэлийг судлаад үзэхэд, улсын бүртгэгч нь хууль тогтоомжийн дагуу бүртгэл хийсэн болох нь доорх нөхцөл байдлаар  тодорхойлогдоно.

“ККИБ” ХХК-аас авсан зээлийн гэрээнд Б.Б , Санжаа, Энхчимэг нарын 3 иргэн гарын үсэг зурсан, барьцааны гэрээнд иргэн Б.Б  өмчлөгчийн хувиар өөрөө гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээг бүртгүүлсэн болно. Барьцааны гэрээг нотариатч гэрчилсэн байх ба нотариатчтайгаа холбогдуулан эрх бүхий байгууллагад нь тавих эрх нь нээлттэй байгаа гэж ойлгож байна. Тус бүртгэлийг хийсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд бүртгэхээс татгалзах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно.

Барьцааны гэрээг байгуулаагүй, нотариатчаар гэрчлүүлээгүй гэдэг асуудлыг эрх бүхий газар нь  хянаагүй байхад манай байгууллага дүгнэлт өгөх боломжгүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б гаас Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан “Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайз тауны 40И байрны 44 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220406590 дугаартай, 000367453 тоот гэрчилгээтэй, 90 м.кв талбай бүхий орон сууцанд  БГ15/31 тоот Барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг[1] хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас маргааны гол үйл баримтыг “...Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн БГ15/31 тоот барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хийхэд орон сууцны өмчлөгч Б.Б  өөрийн биеэр мэдүүлэг гаргаагүй, гарын үсэг зураагүй тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус зөрчсөн ...” гэж шүүхэд хандан маргажээ.

Харин хариуцагчаас “...гэрээнд Н.С, Э.Э, Б.Б  нар гарын үсэг зурж, гэрээ байгуулагдсан учраас барьцаалуулагч гэж үзэж мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн. Түүнчлэн тус  зээлийн гэрээнд оролцсон этгээдийн нэг нь мэдүүлэг гаргаснаар бүртгэл хийх боломжтой. Бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж, гуравдагч этгээдээс ”... 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зурснаар гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах үүрэг, гэрээ байгуулсан өдрөөс эхлэн үүснэ. Барьцаалбар байхад улсын бүртгэлийн байгууллага тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хийх боломжтой... гэж тайлбарлан үгүйсгэжээ.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч Б.Б  нь  2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гуравдагч этгээд “Капитал континент инвестмент” ББСБ-тай 65.000.000 /жаран таван сая/ төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд жилийн 48 хувь /сарын 4 хувь/-н хүүтэйгээр авахаар зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна[2].

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах, төлбөрийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу хугацаанд нь хийж, гүйцэтгэх баталгаа болгон барьцаалуулагчийн буюу иргэн Б.Б гийн өмчлөлд байгаа Үл хөдлөх хөрөнгийг барьцаалах зорилгоор харилцан тохиролцож барьцааны гэрээг[3] байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б  уг гэрээнүүдийн агуулгатай танилцаж, өөрийн гарын үсгийн зурж албажуулахын сацуу Чингэлтэй дүүргийн нотариатчаар гэрчлүүлэн баталгаажуулжээ[4].

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б  “...нотариатаар гэрчлүүлэхэд өөрийн биеэр байгаагүй...” гэж тайлбар гаргаж байсан боловч хэрэгт авагдсан гэрч Г.Энхмаагийн “...гэрээг гэрчлэхэд хамтран зээлдэгч Н.С, Н.Э, хамтран зээл хариуцагч- барьцаалуулагч Б.Б  нар өөрийн биеэр ирсэн...”, гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Б.Б гийн “...итгэмжлэл хийлгэхээр нотариатад очиход...”гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдсэн.

Харин маргаан бүхий бүртгэлийн хувьд “гэрээгээр үүссэн барьцааны бүртгэл” тул /зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн бүртгэсэн бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д “Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараахь баримт бичгийг хавсаргана” 28.2.1-д “барьцааны гэрээ болон түүний хуулбар; 28.2.2-д барьцааны гэрээнд зааж хавсралт болгосон баримт бичиг; 28.2.3-д “үйлчилгээний хураамж төлсөн баримт” байна,  28.5-д “Энэ хуулийн 28.2-т заасан эрхийг барьцаалбараар[5] гэрчлэн нотолж болно” гэж заажээ.

Товчхондоо үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, тухайлбал түүнийг худалдах, худалдан авах, бэлэглэх, барьцаалах зэрэгт хэлбэрийн хувьд гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай байдаг бөгөөд бүртгэлийг хийхэд энэ хуулийн 28.2.1-28.2.3-т заасан баримт бичгийг бүрдүүлсэн тохиолдолд бүртгэлийн байгууллага бүртгэх үүрэгтэй байна.

Харин маргаан бүхий бүртгэлийг хийхэд 28 дугаар зүйлийн 28.2-ийн эхлэл хэсэгт заасан ”...барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр” гаргах шаардлагыг хангаагүй гэж маргаж буй нь үндэслэл бүхий мэт боловч энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс хуулийн 28.2.1-28.2.3-т заасан баримт бичгийг буюу холбогдох барьцааны гэрээ, барьцаалбарыг үндэслэн бүртгэл хийсэн бүртгэгчийг  буруутгаж, бүртгэлийг хүчингүй болгуулах боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч анхнаасаа зээлийн болон барьцааны гэрээний эрх,  үүрэгтэй танилцсаны үндсэн дээр гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан /энэ талаар маргаагүй/ бөгөөд уг гэрээгээ нотаритаар гэрчлүүлснээр гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх эрх зүйн үр дагаварыг бий болгосон. 

Өөрөөр хэлбэл тухайн барьцааны бүртгэлийг эрх бүхий захиргааны байгууллагаар хийлгэх нь зүй ёсны бөгөөд энэхүү үйл ажиллагааг нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан гэж дүгнэхээр байна.

Нөгөөтээгүүр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаан бүхий бүртгэлийн талаар нэхэмжлэгч мэдсэн эсэх талаар тодруулахад нэхэмжлэгч Б.Б  ”...Би өөрийн биеэр очиж бүртгүүлэх ёстой гэж бодож байсан...”[6], гэрч Н.С “...Банк бус санхүүгийн байгууллагаас гараад гэрээгээ нотариатаар гэрчлүүлж байсан учраас мэдэж байсан гэж бодож байна...” гэж мэдүүлсэн[7] болно.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайз тауны 40И байрны 44 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220406590 дугаартай, 000367453 тоот гэрчилгээтэй, 90 м.кв талбай бүхий орон сууцанд  БГ15/31 тоот Барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санрайз тауны 40И байрны 44 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-220406590 дугаартай, 000367453 тоот гэрчилгээтэй, 90 м.кв талбай бүхий орон сууцанд  БГ15/31 тоот Барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн Б.Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.БАТБААТАР


[1] Хавтас хэргийн 12-15, 37 хуудас

[2] Хавтас хэргийн 38-42 хуудас

[3] Хавтас хэргийн 43-45 хуудас

[4] Хавтас хэргийн 84 хуудас

[5] Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийг үзнэ үү.

[6] Хавтас хэргийн 167 хуудас

[7] Хавтас хэргийн 165 хуудас