Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 850

 

       Б.Батмөнхийн нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/00467 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Батмөнхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Номин констракшн” ХХК-д холбогдох

Орон сууцны талбайн зөрүү төлбөрт 27 473 092 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Батмөнх 2011 оны 11 дүгээр сард “Номин констракшн” ХХК-тай гэрээ байгуулж 174.1 м.кв орон сууцыг захиалж төлбөрийг бүрэн төлсөн. Гэтэл “Голден морган” ХХК-иар 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр уг орон сууцны талбайг хэмжүүлэхэд 174.1 м.кв хүрэхгүй байсан. Энэ асуудлаар хариуцагч талтай тохиролцох санал тавьсан боловч татгалзсан хариу өгсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг орон сууцны бодит талбай 161.70 м.кв буюу 12.4 м.кв-аар дутуу байсан. Анх нэхэмжлэгч нь хариуцагч талтай ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн дагуу байгуулж 174.1 м.кв орон сууцыг захиалсан хэмжээндээ хүрэхгүй ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдээгүй, ажил үүргийн доголдолтой гэж нэхэмжлэгч үзэж байна. Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар орон сууцны талбайн зөрүү 12.4 м.кв-ын дүнд илүү төлсөн 27 473 092 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинбат шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний 3.1-т зааснаар барилгын зураг төслийн дагуу барих гол үүргээ биелүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээг барилга баригдаагүй байхад хийсэн. Хэргийн 34, 35 дугаар хуудсанд байгаа зурагт байрны талбайн 164.6, 172.2, 174.1 гэсэн нийт 3 хэмжээс байгаа. Гэрээнд нийт талбайн хэмжээ 174.1 м.кв, цэвэр талбайн хэмжээг тавиагүй орхисон. Гэрээг тухайн барилга баригдахаас өмнө зураг төсөлд тулгуурлаж хийсэн. “Голден морган” ХХК зөрүү 12.4 м.кв талбай дутуу гэж үзсэн, зураг төсөлд цэвэр талбайн хэмжээг 164.6 м.кв гэж заасан. Нийт талбайн хэмжээ 169.99 м.кв гэж шүүхээс томилсон шинжээч үзсэн. Энэ хооронд 4 м.кв-ын зөрүү гарч байгаа, энэ нь гадна ханын дотор талаар хэмжсэн байсан. Өөрөөр хэлбэл, гадна талын тагтны хэмжээ ороогүй. Гадна талын тагтны хэмжээг нэмэхээр зөрүү нь 2 м.кв болж байгаа. Энэ 2 м.кв-ын зөрүүг гэрээнд заасан барилгын норм дүрмийн дагуу тухайн барилгыг барьж байхад гадна хана тухайн хэмжээнээс бага зэрэг хэлбэлзэх тохиолдол байдаг. Тиймээс зургийн дагуу баригдсан барилга дээр талбайн зөрүү нэхэмжлэх боломжгүй. Яагаад гэвэл, батлагдсан зураг төсөлд тухайн орон сууцны бүх талбайн хэмжээ тусгагдсан. Нэхэмжлэгч 2 өөр хэмжээг хооронд нь харьцуулж ашиг олох зорилгоор нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Хананы дотор талаас хэмжсэн хэмжээг батлагдсан зураг төсөлд нийт хэмжээ гэж заасан мөн энэ хэмжээн дээр гадна талын тагтны хэмжээ орсон байгаа.

Харин цэвэр талбайн хэмжээ хананы гадна талаас хэмжсэн хэмжээс учраас хооронд нь харьцуулахад зөрүүтэй гарах нь ойлгомжтой. Хэрэгт авагдсан 2 дугаар байрны зураг төсөл дээр нийт талбайн хэмжээг 174.1 м.кв гэж, энэ талбайн хэмжээ гэрээн дээр 174.1 гэж тусгагдсан байгаа харин цэвэр талбайн хэмжээг 164.6 м.кв гэж заасан байгаа энэ хэмжээсийг гэрээн дээр өөрчлөгдөж болно гэж заасан. Гэрээний алдаа нь цэвэр талбайн хэмжээг тавилгүй орхисон асуудал юм. “Хот айл” ХХК орон сууцны нийт талбайг 169.99 м.кв гэж тогтоосон. Энэ хэмжээсэнд гадна талын тагтны хэмжээ ороогүй. Энэ хэмжээс дээр гадна талын тагтны хэмжээг нэмэхээр 171.25 м.кв болно. Энэ нь гэрээнд заасан хэмжээнээс 2.85 м.кв-ын зөрүү гарч байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр “Голден морган” ХХК тухайн орон сууцанд 2 удаа 2 өөр хэмжилт хийсэн гэдгийг шүүх анхаарах хэрэгтэй. Энэ асуудалд хамгийн гол нотлох баримт нь гэрээ юм. Тэгэхээр гэрээнд заасан зураг төслийн хэмжээ шинжээчийн дүгнэлтээр гарсан хэмжээнээс 2.85 м.кв-ын зөрүү байгааг барилгын “хүлцэх алдаа” гэж байдгийг шүүх анхаарч үзнэ үү. Бид стандартын дагуу барьсан, талбайн хэмжээ асуудалгүй. Хоёр өөр талбайг хэмжихэд зөрүү гарах нь ойлгомжтой учраас нэхэмжлэл үндэслэлгүй. Талбайн үнийн хувьд барилга барихад гадна талын тохижилтын үнэ орсон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг баримтлан хариуцагч “Номин констракшн” ХХК-иас 27 473 092 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батмөнхөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 315 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Номин констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 295 315 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Батмөнхөд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Орон сууцны батлагдсан зураг төсөлэй, энэ зураг төсөл нь бүх талбайн хэмжээ /нийт 174.1 м.кв гадна ханын дотор талаар 172.2 м.кв, цэвэр 164.6 м.кв/ тусгагдсан гэрээтэй, энэ гэрээ /1.3-ын 5-д/-нд дээрх зураг төсөлд тусгагдсан талбайн хэмжээ /174.1 м.кв/ нь тавигдсан, тавигдсан талбайн хэмжээ нь яаж тооцсон хэмжээнүүд болохыг гэрээ /гэрээний 1.4, 1.4.1, 1.4.2,/-ндээ нарийвчлан тодорхойлсон, шинжээч /Хот айл ХХК/-ийн дүгнэлтээр нийт талбай нь 169.99 м.кв /энд тагтны хэмжээг оруулж тооцоогүй болохоо дурдсан/ талбайтай болох нь тогтоогдсон, ийм нотлох баримттай, тодорхой, ойлгомжтой асуудлыг анхан шатны шүүх эсрэгээр нь буюу үндэслэлгүй шийдвэрлэлээ.Учир нь:

1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу барьж, Улсын комисс ашиглалтанд оруулсан. Батлагдсан зураг төсөл нь барилгын норматив техникийн баримт бичиг төдийгүй талуудын хооронд байгуулсан "Орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын гэрээ"-ний гол амин сүнс, бүрэлдэхүүн хэсэг, талуудын хооронд үүссэн талбайн хэмжээтэй холбогдох маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий гол нотлох баримт юм. Тэгээд ч зураг төсөл болон барилгын ажил гүйцэтгэх гэрээгүйгээр барилга барихыг хуулиар хориглодог бөгөөд зураг төсөлгүйгээр барилга орон сууц баригдах боломжгүй. Шүүх талуудын гэрээний үндэс нь болсон ийм гол нотлох баримтыг үнэлсэн ч үгүй, дурдсан ч үгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

2. Талууд батлагдсан зураг төсөлд тусгагдсан талбайн хэмжээг гэрээндээ нийт талбай 174.1 м.кв /1.3.5/ гэж тусган түүнийгээ яаж тооцсон болохыг гэрээндээ /1.4.1/ тодорхойлж өгсөн. Шүүх талбайн хэмжээтэй холбогдох асуудлыг шийдвэрлэж байж шийдвэртээ гэрээнд заасан талбайн хэмжээ, түүний тодорхойлолтуудыг огт дурдаагүй, үнэлээгүй, хийсвэрээр шийдвэрийнхээ стандарттай тэдгээр нь холбогдох эсэхийг ч анхаараагүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдал, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрх, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан гэрээг тайлбарлахдаа үгийн утгыг анхаараагүй.  

3. Шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу томилогдсон шинжээч “Хот айл” ХХК нь хэмжилт хийж уг орон сууцны цэвэр талбай 161.70 м.кв нийт талбай 169.99 м.кв болохыг тогтоосон. Энэ нь нийт талбайн хувьд гэрээнд заасан хэмжээнээс 4.2 м.кв бага хэмжээ юм. Гэхдээ шинжээч энэ талбайн хэмжээнд тагтны талбай /3.95 м.кв х о.з = 1.31 м.кв/-н хэмжээ буюу 1.31 м.кв талбай ороогүй болохыг дүгнэлтдээ дурдсан учраас дээрх талбай дээр уг тагтны талбайг нэмэхэд /169.99 м.кв + 1.31 м.кв = 171.3 м.кв/ орон сууц нь нийт 171.3 м.кв талбайтай болох нь тодорхой болсон. Нэхэмжлэгчийн орон сууцны гэрээнд заасан талбайн хэмжээ нь шинжээчийн гэрээнд заасны дагуу хэмжсэн хэмжилттэй бараг ижил, зөрүүгүй шахам байхад шүүх чухал баримт болох тэр хэмжээг анхаараагүй.

4. Гэрээнд заасан нийт талбайн хэмжээ 174.1 м.кв болон шинжээчийн дүгнэлтээр гарсан нийт талбай 171.3 м.кв гэсэн хэмжээнүүдийг харьцуулбал /174.1 м.кв-171.3 м.кв/ 2.8 м.кв талбайн хэмжээний зөрүү гарч байна. Энэ нь Барилгын норм дүрэмд зааснаар барилга барих явцад алдаж болох "хүлцэх алдаа"-ны хэмжээнд байгаа болно. Энэхүү хүлцэх алдааны талаар норматив баримт бичгээс үзэж анхааралдаа авч шийдвэртээ тусгахыг илэрхийлж байсан ч анхаарсангүй.

5. Шүүх батлагдсан зураг төсөлд болон гэрээнд дурдсан, бас тодорхойлсон "цэвэр талбайн хэмжээ" гэдэг MNS60 58:2009 стандартаар баталсан аргачлалын дагуу тооцсон хэмжээ болохыг тайлбарласан. Зураг төсөл зохиогчид зохиосон зураг төсөлдөө дээр үеэс "Цэвэр талбай" гэсэн нэр томьёо хэрэглэж ирсэн бөгөөд 2010 оны 02 дугаар сараас мөрдөгдсөн стандарт аргачлалд уг нэр томьёо байхгүй болсон ч уг стандарт аргачлалаа "Цэвэр талбай" гэсэн томьёогоор орлуулж хэрэглэсээр байна.

6. Орон сууцны нийт талбайн зөрүү зураг төсөл болон талуудын гэрээний 1.3.5-д зааж 1.4.1-т тодорхойлсон 174.1 м.кв болон стандартаар баталсан аргачлалаар тооцсон талбайн хэмжээ буюу цэвэр талбайн хэмжээ талуудын байгуулсан гэрээний 1.3.6-д зааж 1.4.2-т тодорхойлсон, зураг төслөөр 164.6 м.кв, шинжээч хэмжилтээр тогтоосон 161.70 м.кв гэсэн тус тусдаа 2 өөр орон зайг илэрхийлсэн хэмжээ зураг төсөл, гэрээнд ч, шинжээчийн дүгнэлтэд ч бий. Ийм хоёр өөр, хооронд нь харьцуулах боломжгүй, харьцуулбал зөрүү гарах нь тодорхой, шууд харьцуулж 12.4 м.кв гэсэн талбайн хэмжээний зөрүү гаргаад тэр зөрүүгээр нь төлбөр тооцон үндэслэлгүй нэхэмжилсэнийг шүүх дэмжсэнд харамсаж байна. Бид батлагдсан зураг төслөөс өөр, гэрээ, түүнд зааснаас өөр жижиг хэмжээтэй орон сууц бариагүй гэдгийг шинжээч “Хот айл” ХХК-ийн дүгнэлтээс харж болно. Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэл, нотлох баримтад анхааралтай хандаж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Б.Батмөнх нь хариуцагч “Номин констракшн” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү төлбөрт 27 473 092 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-т заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох ажиллагаа явуулна” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуульд заасан аль үндэслэл бүрдсэн гэж үзсэн нь тодорхойгүй буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаагүй атлаа шүүх хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13.30 цагт товлон явуулж, шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт мэдэгдэж, хэргийн материалтай танилцуулах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан ажиллагаа явуулсан зөрчил гаргасан гэж үзнэ /хх-60/.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гаргасны дараа хийгдэх шүүх хуралдааны бэлтгэл ажиллагааг явуулах, хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцуулах ажиллагааг зохих ёсоор хийсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Мөн шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан захирамж хэрэгт авагдаагүй байгаа тохиолдолд хэргийг хууль ёсны бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/00467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Номин констракшн” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295 315 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                         Т.ТУЯА

                                                                                                                       Д.БАЙГАЛМАА