Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/01185

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2017/01185

                       Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1 дүгээр баг Хөтөл 2 дугаар байр, 50 тоотод оршин суух, Бүджавын Батмөнх /РД:ТГ57010319/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ривер гарден хотхон, 308 дугаар байр, “Номин констракшн” ХХК /РД:2708884/-д холбогдох

            Орон сууцны талбайн зөрүү төлбөрт 27 473 092 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагчийн төлөөлөгч Б.Мандуул, Ц.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал  нар оролцов.

                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Батмөнх нь 2011 оны 11 дүгээр сард “Номин констракшн” ХХК-тай гэрээ байгуулж 174.1 м.кв орон сууцыг захиалж төлбөрийг бүрэн хэмжээгээр төлсөн. Гэтэл “Голдэн морган” ХХК-аар 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр уг орон сууцны талбайг хэмжүүлэхэд талбайн хэмжээ 174.1 метр квадратдаа хүрэхгүй байсан. Энэ асуудлаар хариуцагч талтай тохиролцох санал тавьсан боловч татгалзсан хариу өгсөөр байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг орон сууцны бодит талбайн хэмжээ нь 161.70 м.кв буюу 12.4 м.кв-аар дутуу байсан. Үүний дагуу нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны талбайн зөрүү 12.4 м.кв-ын үнийн дүнд илүү төлсөн 27 473 092 төгрөгийг “Номин констракшн” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

             Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: ... Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын 16 973 092 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж хариуцагч тал 10 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор нэхэмжлэгч талд шилжүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Б.Батмөнх нь хариуцагч “Номин констракшн” ХХК-аас орон сууцны талбайн зөрүү төлбөрт 27 473 092 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харъяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.

 

           Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 27 473 092 төгрөгөөс 16 973 092 төгрөгийг татгалзаж хариуцагч 10 500 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                             

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Б.Батмөнхийн нэхэмжлэлтэй хариуцагч  “Номин констракшн” ХХК-аас орон сууцны талбайн зөрүү төлбөрт 27 473 092 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын 16 973 092  төгрөгөөс татгалзаж хариуцагч нь 10 500 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 182 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295 000  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ