Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2022/0380

 

                                     “МТИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч,

Хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч: “МТИ” ХХК,

Хариуцагч: НБЗД-ийн ИТХ

Хариуцагч: ХЗДХЯ

Нэхэмжлэлийн шаардлага: “БЗД-ийн ИТХ-ын -2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай 25 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, БЗД-ийн ИТХ-ын -2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох/ тухай 25 дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Э.Э, Э.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин,

Хэргийн индекс: 128/2020/0787/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “МТИ” ХХК нь НБЗД-ийн ИТХ-д холбогдуулан “БЗД-ийн ИТХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай 25 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, ХЗДХЯ -анд холбогдуулан “БЗД-ийн ИТХ-ын -2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох/ тухай 25 дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор тус тус маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасныг тус тус баримтлан НБЗД-ийн ИТХ болон ХЗДХЯ-нд тус тус холбогдуулан гаргасан “БЗД-ийн ИТХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай 25 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, “БЗД-ийн ИТХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай 25 дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч “МТИ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд БЗД-ийн ИТХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”, “Уг тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

3.2. Хариуцагч хэм хэмжээний актыг батлан гаргахдаа “ ... Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 61 дүгээр зүйлийн 61.4.3, 61.4.4, 62 дугаар зүйлийн 62.1, 62.2, 69.1 дэх заалт болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаалаар батлагдсан “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын 2.1.4, 2.1.4.4, 2.1.4.6, 2.1.4.8, 2.1.4.9, 2.1.4.11, 2.1.5, .2.3, 2.4, .3.1, .3.1.1, 3.1.2-т заасныг, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Аравнзургаадугаар зүйлийн 4, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 7, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.18, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтыг тус тус зөрчсөн” гэж маргасан.

3.3. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй хууль зүйн үндэслэлтэй холбоотой үндэслэл бүхий зөв дүгнэлтийг хийгээгүй, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

3.4. Учир нь, хариуцагч Захиргааны ерөнхий хуульд зааснаар нөлөөллийн шинжилгээг бүрэн гүйцэт хийгээгүй. Мөн хуульд зааснаар акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг буюу Богдхан уулын дархан цаазат газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг зөв тодорхойлоогүй, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, хэлэлцүүлэгт оролцсон хүн, хуулийн этгээдийн 78.4 хувь нь огт дэмжээгүй, БЗД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/55 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтад зааснаар цахим хуудсанд байршуулсан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өдөр тутмын сонингоор мэдээлэл өгөөгүй, саналыг нэгтгэн холбогдох байгууллагад танилцуулж, дүнг нийтэд мэдээлээгүй байхад хэм хэмжээний актыг баталж, улмаар бүртгэсэн.

3.5. Түүнчлэн, маргаан бүхий 25 дугаар тогтоолд Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэснийг үндэслэсэн байдаг.

3.6. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, ногоон бүсийг хамгаалах зэрэг 5 шаардлагын дагуу тооцоо судалгаа хийгдэж байж “Итгэлцүүр”-ийг тогтоох ёстой бөгөөд 0.1 хувь хүртэл бууруулж ч болох байсан.

3.7. Уг “Итгэлцүүр”-ийг батлахын тулд дээрх 5 шаардлагыг нарийн тооцож, тогтоосон байх ёстой. Ялангуяа хариуцагч итгэлцүүрийг тогтоохдоо “Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл” гэдгийн тухайд заавал тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар /шинжээчээр/ үнэлгээ, дүгнэлт гаргуулах ёстой байсан. Энэ талаарх баримтыг гаргуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд хүсэлт гаргасан, шүүх уг хүсэлтийг хангасан боловч хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгдчийн Хурал холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

3.8. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий актыг батлан гаргахдаа Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д заасан 5 шаардлагын дагуу тооцоо судалгаа хийгдсэн эсэх талаарх дүгнэлтийг огт хийгээгүй байна.

3.9. Мөн нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд “Хэрэг нэгтгүүлэх тухай” хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хянан шийдвэрлэсэн. Хэрэг нэгтгүүлэх хүсэлт нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан бөгөөд манай маргаж буй “Өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан” гэх үндэслэлтэй шууд холбоотой юм.

3.10. Учир нь, манай компанитай адилхан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээр “Эй Эй Энд Эм” ХХК, “Нью тур” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ХЗДХЯ -анд холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаас ХЗДХЯ -анд хүргүүлсэн нөлөөллийн шинжилгээ нь “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-тай нийцэж байгаа эсэх, өрсөлдөөнийг хязгаарлан эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан эсэхийг тогтоолгохоор Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимыг шинжээчээр томилсон байдаг.

3.11. Уг шинжээчийн дүгнэлт нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан юм.

3.12. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “ ... маргаан бүхий 25 дугаар тогтоолыг батлан гаргахын өмнө Баянзурх дүүргийн нийт хороодын иргэний танхимаар дамжуулан нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулсан, иргэд санал хүсэлтээ гаргасан, улмаар өөрийн байгууллагын цахим хуудас, хорооны мэдээллийн самбаруудаар нийтэл мэдээлсэн болох нь хэрэгт авагдсан нөлөөллийн шинжилгээний танилцуулга, ажлын хэсгийн тайланд хавсаргасан танхимаар болон цахимаар хийсэн хэлэлцүүлгийн тэмдэглэлүүд, саналын хуудас, хэлэлцүүлэг зохион байгуулсан илтгэх хуудсууд, ирцийн бүртгэл зэрэг болон хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан нөлөөллийн шинжилгээг хийгээгүй гэж нэхэмжлэгч маргаж байгаа нь үндэслэлгүй байна” гэжээ.

3.13. Нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсанаар “Нөлөөллийн шинжилгээ”-г бүрэн гүйцэт явуулаагүй” гэсэн нэг үндэслэлийг гарган маргасан. Шүүх хуралдааны явцад буюу нотлох баримтыг шинжлэн судлах, асуулт хариултын шатанд энэ нөхцөл байдал бүрэн тогтоогдсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар байгууллагын цахим хуудаст мэдээлэл байршуулаагүй, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өдөр тутмын сонингоор мэдээлэл өгөөгүй, саналыг нэгтгэн холбогдох байгууллагад танилцуулж, хүргүүлээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн саналыг тусгаагүй болох нь мөн нийт санал өгсөн хүн, хуулийн этгээдийн 78.4 хувь нь огт дэмжээгүй, мөн хороодод хийсэн хэлэлцүүлэгт газрын төлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй, огт өөр асуудлыг хэлэлцсэн болох нь тус тус тогтоогдсон.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

2.1. Нэхэмжлэгчээс анх БЗД-ийн ИТХ-д холбогдуулан “БЗД-ийн ИТХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай 25 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “БЗД-ийн ИТХ-ын -2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох тухай 25 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж өөрчилж, мөн нэхэмжлэлийн шаадлагаа “ХЗДХЯ -анд холбогдуулан БЗД-ийн ИТХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга түүнийг хэрэглэх зааг хязгаарыг тогтоох/ тухай 25 дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэмэгдүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ “... Нэхэмжлэгч “Манзушир тур” ХХК нь Богдхан уулын Манзуширын аманд газар эзэмшдэг ... жилийн төлбөрт жилд 1 м.кв тутамд 120 төгрөг нийт 13,200,000 төгрөгийг төлдөг ... маргаан бүхий 25 дугаар тогтоолоор 1 м.кв газрын төлбөр нь 2880 төгрөг болж өмнө төлж байсан төлбөрөөс 24 дахин өссөн ... жилдээ 50-70 сая төгрөгийн орлого олдог манай компани болон өөр олон аж ахуй нэгж ахуй нэгж, байгууллага, иргэдэд эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанд саад хориг учруулж, санхүүгийн хувьд хүнд байдал оруулж байна ... 25 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх ... шаардлагыг хангаагүй ... нөлөөллийн шинжилгээг бүрэн гүйцэт хийгээгүй ... БЗД-ийн ИТХ-ын цахим хуудсанд 30-аас доошгүй хоногийн хугацаанд байршуулж, олон нийтээс санал аваагүй ... хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өдөр тутмын сонингоор мэдээлэл өгөөгүй, саналыг нэгтгэн холбогдох байгууллагад танилцуулж, дүнг нийтэд мэдээллээгүй ... тооцоо судалгаа хийгдэж байж итгэлцүүр тогтоох ёстой ... 0.1 хувь хүртэл бууруулж ч болох байсан ... Газрын төлбөрийг тогтоох ... үндэслэл нь тухайн газрын эдийн засгийн өгөөж, зах зээлтэй харилцах байршил байдаг ... Богдхан уул нь байгаль экологийн асар том тогтолцоо бөгөөд ... “МТИ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Манзуширын ам нь ... Төв аймаг руу харсан уулын ам, хөдөө газар ... ийм газрыг Баянзүрх дүүргийн бусад хотожсон газартай адилтган газрын төлбөрийн хэмжээг тогтоож байгаа нь үндэслэлгүй ... Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон  бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно гэж заасантай огт нийцэхгүй байна ...” гэж тайлбарлажээ.

2.3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, (бүс) суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолоор Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээг шинэчлэн тогтоож баталсантай холбогдуулан Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д” заасныг тус тус үндэслэн маргаан бүхий БЗД-ийн ИТХ-ын -2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоолыг баталсан байна.

2.4. Тус маргаан бүхий хэм хэмжээний актыг боловсруулахад Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д заасны дагуу “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” БЗД-ийн ИТХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолын нөлөөллийн шинжилгээ болон 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн нөлөөллийн шинжилгээний танилцуулга зэргийг гүйцэтгэжээ.

2.5. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, 7 дугаар зүйлийн 2-т “Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” 6-д “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно”, 7-д “Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно” гэж тус тус хуульчилсан байна.

2.6. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор, Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно”, 3-т “Газрын нэгдмэл санг байгаль, нутаг дэвсгэрийн цогцолбор нөхцөлөөр хуваасан үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийг Засгийн газар тогтооно”, 7 дугаар зүйлийн 2-т “Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно”, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Газрын төлбөрийн орлогын зохих хувийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зориулан зарцуулна. Тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, газрын төлбөрөөс орох орлогыг харгалзан газар хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зориулан зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно” заасныг тус тус үндэслэн Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоосон байх бөгөөд тогтоолын 3 дугаар хавсралтаар Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл /бүс/, 1 га газрын суурь үнэлгээг баталж, худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрыг 6 дугаар бүсэд хамааруулж, нэг га газрын суурь үнэлгээг 960.0 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд тайлбарт хэсэгт худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар газар ашиглах гэдгийг “ ... амралт сувилал, аялал, жуулчлалын үйлчилгээний зориулалттай газар ...” гэж ойлгохыг заасан, энэхүү тогтоолтой хэргийн оролцогчид маргаагүй.

2.7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газар нь Засгийн газрын дээрх тогтоолоор газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн 6 дугаар бүсэд хамаарч байх тул хариуцагч БЗД-ийн ИТХ-ын -25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар, Засгийн газрын 182 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийн ашиглаж буй газрын төлбөрийн үнэлгээний бүсийн зааг, хязгаарыг 6 дугаар бүсэд хамруулан зураглаж, 1 м.кв газрын үнэлгээг 960 төгрөгөөр тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, маргаан бүхий тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

2.8. Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь ... тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.2-ын д-д “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох”, 18.2 дахь хэсэгт “Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж зааснаас үзэхэд Сум, дүүргийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, бие даан шийдвэрлэх эрхтэй байх бөгөөд орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоож хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн батлан гаргаж улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх эрхтэй ба уг эрхийнхээ хүрээнд тогтоол гарахаар хуульчилжээ.

2.9. Дээрх хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч БЗД-ийн ИТХ-нь маргаан бүхий 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолыг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан байх тул анхан шатны шүүхийн “ ... Монгол Улсын Засгийн газраас тогтоосон Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээг үндэслэн тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд 25 дугаар тогтоолыг баталсан нь хууль зөрчөөгүй ... уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

2.10. Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна”, 61.4-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ”, 61.5-д “Энэ хуулийн 61.4-т заасан нөлөөллийн шинжилгээ гэж тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагааг ойлгоно”, мөн зүйлийн 61.6-д “Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус хуульчилсан.

2.11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... маргаан бүхий 25 дугаар тогтоолыг батлан гаргахын өмнө нөлөөллийн шинжилгээг бүрэн гүйцэт хийгээгүй ... БЗД-ийн ИТХ-ын цахим хуудсанд 30-аас доошгүй хоногийн хугацаанд байршуулж, олон нийтээс санал аваагүй ... хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өдөр тутмын сонингоор мэдээлэл өгөөгүй, саналыг нэгтгэн холбогдох байгууллагад танилцуулж, дүнг нийтэд мэдээллээгүй ... хэлэлцүүлгийн талаар мэдэгдээгүй бидний оролцоог хангаагүй ...” гэж тайлбарлан маргасан хэдий ч хэрэгт авагдсан БЗД-ийн ИТХ-нь маргаан бүхий 25 дугаар тогтоолыг батлан гаргахын өмнө Баянзүрх дүүргийн нийт хороодын иргэний танхимаар дамжуулан 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж иргэд санал хүсэлтээ гаргасан байх бөгөөд өөрийн байгууллагын цахим хуудас, хорооны мэдээллийн самбаруудаар нийтэд мэдээлсэн болох нь хэрэгт авагдсан нөлөөллийн шинжилгээний танилцуулга, ажлын хэсгийн тайланд хавсаргасан танхимаар болон цахимаар хийсэн хэлэлцүүлгийн тэмдэглэлүүд, саналын хуудас, хэлэлцүүлэг зохион байгуулсан илтгэх хуудсууд, ирцийн бүртгэл зэрэг баритуудаар түүний дээрх гомдол, тайлбар үгүйсгэгдсэн байх тул анхан шатны шүүхийн “... хэлэлцүүлэгт оролцсон иргэд хэм хэмжээний актын төслийг дэмжихгүй гэж саналаа илэрхийлсэн, эсрэг саналтай иргэд гарын үсэг зурахгүй гэж тайлбар бичиж үлдээсэн нөхцөл байдлуудаас үзвэл нөлөөллийн шинжилгээ хийгээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, уулзалт, хэлэлцүүлэгт нэхэмжлэгч оролцох боломжтой, оролцох эрх нь нээлттэй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.12. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ”, 65.2-т “Энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй” гэж тус тус зааснаас үзэхэд төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхдээ тухайн хэм хэмжээний акт нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан шалгаж, хангасан тохиолдолд бүртгэж, хангаагүй бол бүртгэхээс татгалзахаар хуульчилсан байна.

2.13. БЗД-ийн ИТХ-нь маргаан бүхий 25 дугаар тогтоолыг батлан Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхдээ захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага, актын төслийг бэлтгэх үе шат, төсөлд санал авах талаар хуульд заасан шаардлагыг хангаж хүргүүлсэн, тухайн асуудлыг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэсэн тул хариуцагч ХЗДХЯ бүрэн эрхийнхээ хүрээнд уг хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснийг буруутгахааргүй байна.

2.14. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

.”